| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 197/2025/0382/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/2376 |
| Огноо | 2025-10-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2376
2025 10 14 2025/ШЦТ/2376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч М.Бамбадорж,
шүүгдэгч, хохирогч Г.Г, Г.Т /өөрийгөө өмгөөлөх хүсэлт тус тус бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г Г, Б овогт Г Т нарт холбогдох эрүүгийн ........................ дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ....................... урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Б овогт Г Г, регистрийн дугаар ..................,
2. Монгол Улсын иргэн, ............................ урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Б овогт Г Т, регистрийн дугаар ...........................,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 22 цагийн орчимд ....................... талд машины зогсоол дээр хохирогч Г.Ттай маргалдан харилцан зодолдож түүний биед үүдэн 1, 2-р шүд, зүүн дээд 1-р шүдний сулрал, хамар ясны хугарал, баруун нүдний дээд зовхи, дээд, доод урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,
Шүүгдэгч Г.Т нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 22 цагийн орчимд ......................... гадна талд автомашины зогсоол дээр хохирогч Г.Гтэй маргалдан харилцан зодолдож түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, баруун, зүүн завьжинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүд, зүүн нүдний зовхинд цус хуралт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зулгаралт, 3 шүдний сулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.
Шүүгдэгч Г.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Г.Тын “...2024 оны 12 дугаар сарын 14-ний орой би Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо Шинэ-Амгалан 2 хотхонд гэртээ байж байтал манай эхнэр Б.Бямбацэрэн орой 22 цагийн үед байрны гадаа ирээд машинаа байрлуулах гээд чадахгүй байна гээд намайг дуудсан тэгээд би гэрээсээ гараад очтол манай эхнэр машин дотроо суучихсан байж байгаад машинаас буугаад ирсэн. Тэгээд би машинаа байрлуулах гээд машиндаа суутал 1 залуу гадаа манай эхнэр лүү “янхан минь би чамайг зөндөө хүлээлээ зайл” гээд орилж байсан. Тэгтэл эхнэр “байрлуулж чаддаг хүн ирчихлээ одоохон” гэж хэлээд би машинаа хөдөлгөх гэтэл машины цонх нөгөө залуу тогшоод “наад төмрөө аваад зайлаач би чамайг өчнөөн хүлээлээ” гэхээр нь “би одоохон байрлуулчихъя” гээд цонхоо хаасан. Машинаа ухраагаад байрлуулах гэсэн чинь нөгөө залуу машины ард эхнэртэй зогсож байгаад хальт харахад эхнэрийг цохичих шиг болохоор нь би буугаад очиход нөгөө залуу эхнэр лүү орилж хашгичиж байхаар нь би нөгөө залууг тэвэрч аваад заамдаад хойшоо суулгасан. Тэр залууд би “чи эмэгтэй хүнийг ингэж болдог юм уу” гэж хэлтэл нөгөө залуу “чи муу намайг унагадаг хэн бэ” гээд над руу дайрсан. Уг нь би тэр залууг унагаагаагүй заамдаад байж байсан. Тэгтэл өөдөөс тэр залуу “чи намайг барьж авдаг хэн бэ” гээд “чи намайг яаж ч чадахгүй үсрээд л 100,000 төгрөгөөр торгуулна, чи харж байгаарай гээд миний хамар луу 1 удаа цохиод дараа нь шүд рүү гараараа 2 удаа цохисон. Тэгтэл нөгөө нь залуугийн эхнэр нь тэр залууг “хайраа болиоч ээ” гээд болиулсан чинь болихгүй байсан. Тэгээд миний хамар амнаас цус гарчих нөгөө залуутай зууралдаж байхад манай эхнэр цагдаа дуудаж байсан. Би залуугаас салаад хамар амнаас гарсан цусаа цэвэрлэх гээд тонгойгоод шүдээ үзэхэд миний үүдэн 2 шүд хөдлөөд 1 нь тагнаатай наалдчихсан байсан. Тэгээд би шүдээ янзалж байхад нөгөө залуу араас татаж аваад миний бөгс рүү өшиглөхөөр нь би эргэж хараад суусан чинь миний толгойн баруун шанаа хэсэг рүү өшиглөсөн. Тухайн үед 2 чих янгинаад хэсэг хугацаанд манарсан. Тэгтэл нэг эмэгтэй хүн “хайраа болиоч ээ” наадах чинь эмэгтэй хүн байна гэж орилж байгаа нь сонсогдохоор нь эхнэр рүүгээ хартал тэр залуу манай эхнэрийг үсдээд дарчихсан өшиглөж байсан. Тэгээд би гүйж очоод нөгөө залууг таттал тэр залуу эхнэртээ тээглээд урд унаад ороод ирэхээр чи эмэгтэй хүн зодлоо боль гээд дух хэсэгт 2 удаа гараа цохисон. Тэгээд тэр залуу хүмүүс дуудаад байхаар нь эхнэр бид 2 нуугдаад байж байхад цагдаа ирсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,
Хохирогч Г.Г “ ...Би 2024 оны 12 сарын 14-ний өдөр эхнэр О.Маралмаа болон өөрийн хүүхдүүдийн хамтаар Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо Шинэ-Амгалан-2 хотхон 516-62 тоот болох өөрийн гэртээ орохоор явж байсан. Байрны гадна зогсоолд 22 цагийн орчимд ирээд машинаа байршуулах гээд зогсоол хайж байтал урд нэг сул зогсоол байсан. Тэр тээврийн хэрэгслийн жолооч тухайн сул зогсоолд машинаа байршуулах гээд нилээн удаан оролдсон. Тэгээд багтахгүй зай байхаар нь би машинаасаа бууж очоод “танай машин том жийп энэ зайд багтахгүй юм байна” гэтэл тэр тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэй “Тэр ямар хамаатай юм. Би нөхрөө дуудчихсан. Одоо гарч ирээд байршуулаад өгчихнө” гээд машинаасаа бууж ирээд надтай маргаан эхлүүлсэн. Тэгээд маргалдаж байхад нөхөр нь гарч ирээд машиныг нь байршуулах гээд байж байтал манай машины урд тэр эмэгтэй очиж зогсоод явуулахгүй байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйн нөхөр машинаа байршуулах гэж байхад нь мөн адил машиных нь ард очоод зогссон. Тэгтэл тэр эмэгтэй надтай дахин хэрүүл маргаан хийж байхад нөхөр нь машинаасаа бууж ирээд намайг хавсарч газар унагасан. Би унаж босож ирээд тухайн залуутай барьцалдаж аваад нүүр тус газар нь 1 удаа зүүн гараараа цохисон. Тэгтэл эхнэр нь хажуугаас ирээд “чи яахаараа манай нөхрийг цохидог гөлөг вэ” гээд орилоод намайг цохиж нүдээд байсан. Тэгээд хажуугаас эхнэр нь намайг цохиод байхаар нь тухайн эмэгтэйг түлхтэл нөхөр нь намайг эмэгтэй хүн зодлоо гээд миний араас татаж газарт унагаад дээрээс 4-5 удаа цохисон. Тэгээд цааш нь юу болсныг санахгүй байна. Би цагдаагийн байгууллагад ирээд ухаан орсон. Цагдаагийн байгууллагын үүдэнд намайг зодсон хүн эхнэр болон эхнэрийнхээ ахтай хамт ирээд “Чамаар маргааш гэхэд гутлын улаа долоолгоно харж байгаарай” гэх зэргээр намайг дахин доромжилсонд маш их гомдолтой байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,
Гэрч О.М “... би өнөөдөр нөхөр Г болон 1,5-6 настай 2 охин болон хадам ээжийн хамт өглөө айлд оччихоод Баянзүрх 38 дугаар хороо Шинэ амгалан хотхон 516 дугаар байр 62 тоот гэртээ машинтайгаа ирээд зогсоол дээр машинаа тавих гээд байж байтал урд нэг хар өнгийн жийп машин зам хөндөлсөөд зогсоол руу орох гээд орж чадахгүй байгаад 10-д минут болсон. Гэтэл нөхөр Гэтэл нөхөр Г нь би буугаад багтахгүй гэдгийг нь хэлчихээд ирье гээд буусан. Тэгээд эхнэр нөхөр 2-той муудалцаад байсан. Тэгээд манай нөхрийг тухайн эрэгтэй хүн хавирч унагаагаад дээр гараад нүдээд байсан. Юугаар хэдэн удаа цохисоныг нь мэдэхгүй байна. Манай нөхрийн толгойноос цус гараад байсан тэнд байсан хүмүүс цагдаа дуудсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 897 дугаартай дүгнэлтэнд: “Г.Г биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, баруун, зүүн завьжинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүд, зүүн нүдний зовхинд цус хуралт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зулгаралт, 3 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо ...” гэжээ /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 917 дугаартай дүгнэлтэнд: “Г.Тын биед үүдэн дээд баруун 1,2-р шүд зүүн дээд 1-р шүдний сулрал, хамар ясны хугарал, баруун нүдний дээд зовхи, дээд, доод урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Бусадтай тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдсонгүй. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо ...” гэжээ /хавтаст хэргийн 34-36 дугаар тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар тал/,
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7 дугаар тал/,
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 96, 86 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 83-84 дүгээр тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 22 цагийн орчимд ........................ хохирогч Г.Ттай маргалдан харилцан зодолдож түүний биед үүдэн 1, 2-р шүд, зүүн дээд 1-р шүдний сулрал, хамар ясны хугарал, баруун нүдний дээд зовхи, дээд, доод урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,
Шүүгдэгч Г.Т нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 22 цагийн орчимд ........................ хохирогч Г.Гтэй маргалдан харилцан зодолдож түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, баруун, зүүн завьжинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүд, зүүн нүдний зовхинд цус хуралт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зулгаралт, 3 шүдний сулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Г.Тын мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/, хохирогч Г.Г мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/, гэрч О.М мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 897 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 917 дугаартай дүгнэлт хэргийн 34-36 дугаар тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар тал/, Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй тул шүүх хэргийн талаар няцаалт хийх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.Г, Г.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Г нь хохирогчийн биед үүдэн дээд баруун 1,2-р шүд зүүн дээд 1-р шүдний сулрал, хамар ясны хугарал, баруун нүдний дээд зовхи, дээд, доод урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 917 дугаартай дүгнэлтээр,
Шүүгдэгч Г.Т нь хохирогчийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, баруун, зүүн завьжинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүд, зүүн нүдний зовхинд цус хуралт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зулгаралт, 3 шүдний сулрал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 897 дугаартай дүгнэлтүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Г, Г.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Г.Г, Г.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Тыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Г.Т нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Г.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нар нь өөрсдөд учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгч нараас нэхэмжлээгүй ба хохирогч Г.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлтдээ “...одоо миний эрүүл мэндэд болон сэтгэл санаанд хохирол байхгүй. Сэтгэл санаанд учирсан хохирлын зэрэг шинжээчээр тогтоолгох шаардлагагүй ...” /хх 124х/ , хохирогч Г.Таас “... эрүүл мэнд болон сэтгэл санаанд хохирол байхгүй. Сэтгэцэд учирсан хохирлын зэрэг шинжээчээр тогтоолгох шаардлагагүй ...” /хх 125х/ гэсэн;
мөн шүүгдэгч Г.Г нь хохирогч Г.Тын эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээ авсан 247.082 төгрөгийг, шүүгдэгч Г.Т нь хохирогч Г.Г эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээ авсан 246300 төгрөгийг тус тус Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаар дансанд тус тус тушаасан болох нь Төрийн, Хаан банкны мөнгөн шилжүүлэг /хх 122-123/-ээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г Т, Б овогт Г Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, Г.Г нарт тус тус оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, Г.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Т, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ