| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2023/00344/И |
| Дугаар | 130/ШШ2023/00450 |
| Огноо | 2023-05-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 130/ШШ2023/00450
| 2023 5 12 | 130/ШШ2023/00450 |
| ||
|
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н . Хаяг:Б аймаг, Ө сум 11 дүгээр багт оршин суух,
Хариуцагч: Б аймгийн Засаг даргын Тамгын газар Хаяг: Б аймаг, Ө сум 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М ,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н нь анх шүүхэд хариуцагч Б аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан тус газрын жолоочоор үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед шаардлагаа тодруулж тус газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч Н нь Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 00 дүгээр тушаалаар Ө сумын Засаг даргын Тамгын газрын жолоочоор томилогдон 2022 оны 02 дугаар сар хүртэл тухайн орон тоонд ажилласан ба 2022 оны 02 дугаар сар эрүүл мэндийн шалтгааны улмаас 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө хүссэн тул Ө сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаар тушаалаар түүнд 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цалингүй чөлөө олгосон.
1.2 Тэрээр 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өмнө нь ажиллаж байсан жолоочийн орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулахыг хүсэж хүсэлт гаргасан боловч түүний өргөдөлд өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажилтан чөлөөтэй байх хугацаанд чөлөөтэй байгаа ажилтны ажлын байр орон тоо хэвээр хадгалагдахаар зохицуулагдсан байх ба нэхэмжлэгч ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байна.
1.3 Нэхэмжлэгч Н ыг Ө сумын Засаг даргын Тамгын газрын жолоочоор ажиллуулахгүй байгаа тухай гомдлоо нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан бөгөөд хорооноос түүнийг ажилд үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй тухай шийдвэр гаргасан боловч хариуцагч нь хууль бусаар нэхэмжлэгчийг өмнө нь ажиллаж байсан Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргын жолоочийн орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байна.
1.4 Хариуцагчийн нэхэмжлэгчийг Ө сумын Засаг даргын Тамгын газрын жолоочоор үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй нь түүнийг ажлаас чөлөөлсөнтэй нэгэн адил учраас анх шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Н ыг Б аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн томилох тухай болгон тодруулж байгааг шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
2.Хариуцагч Б аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б , тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С нарын хариу тайлбар, татгалзал:
2.1 Нэхэмжлэгч Н нь Ө сумын Засаг даргын жолооч ажилтай байсан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг байсан ба 2022 онд албаны машиныг согтуугаар жолоодож байгаад жолоодох эрхээ хасуулсан.
2.2 Тухайн үед Ө сумын Засаг даргын Тамгын газрын дарга нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзээд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан боловч Н нь Ө сумын Засаг даргаас нэг удаа уучлалт үзүүлж өгөхийг удаа дараа гуйсан тул Засаг дарга түүний аж амьдралыг нь бодолцож уучлалт үзүүлж, эрүүл мэндийн шалтгаантай гэсэн үндэслэлээр нэг жилийн хугацаатай цалингүй чөлөө олгохыг Засаг даргын Тамгын газарт зөвшөөрсөн юм.
2.3 Нэг жилийн цалингүй чөлөө олгогдох явцад Засаг дарга Н д таны чөлөөний хугацаа дуусаад ажилд орох үед би Засаг даргын жолоочоор томилохгүй өөр бусад ажил өгнө гэдгээ аман хэлбэрээр хэлсэн байна.
2.4 Н ы нэг жилийн цалингүй чөлөө авсан хугацаа нь дуусаж ажилд орох үед Ө сумын Засаг даргын Тамгын газрын дарга Хот тохижуулах албанд жолоочоор ажиллах тухай санал болгосон боловч өөрөө тухайн ажлыг хүлээж аваагүй. Харин Засаг даргын жолоочоор томилох гэхэд Засаг дарга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүнээр машин жолоодуулахгүй гээд татгалзаад байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Б аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “цалингүй чөлөө олгох тухай” 0 дугаар тушаал, мөн даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Н ыг ажилд томилох тухай” 0 дугаар тушаал зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Н аас М т олгосон итгэмжлэл, Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тэмдэглэл, тус хороонд нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, 2023.05.11-ний өдөр Төрийн мэдээллийн сангаас Н ы жолоодох эрхийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Хариуцагч Б аймгийн Ө сумын засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, тус газрын даргаас 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 0 дугаар албан бичгээр тус газрын Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн С т олгосон итгэмжлэл, Б аймгийн Цагдаагийн газрын замын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г ын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 0 дугаартай албан бичиг, Л100 маркийн 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Б аймгийн Ө сумын ЗДТГазрын даргын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “сахилгын шийтгэл ногдуулах тухай” 0 дугаар тушаал зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 02 дугаар сар эрүүл мэндийн шалтгааны улмаас 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө хүссэнээр ажил олгогчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 00 дугаар тушаалаар нэг жилийн цалингийн чөлөө олгосон. Уг хугацаа өнгөрч ажилдаа эргэж орох гэхэд Ө сумын Засаг даргын Тамгын газрын жолоочоор үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа тул шүүхэд хандсан гэжээ.
7.Хариуцагч Б аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Н нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг байсан ба 2022 онд албаны машиныг согтуугаар жолоодож байгаад жолоодох эрхээ хасуулсан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан боловч Н нь Ө сумын Засаг даргаас нэг удаа уучлалт үзүүлж өгөхийг удаа дараа гуйсан тул Засаг дарга түүний аж амьдралыг нь бодолцож уучлалт үзүүлж эрүүл мэндийн шалтгаантай гэсэн үндэслэлээр нэг жилийн хугацаатай цалингүй чөлөө олгосон. Харин нэг жилийн чөлөөний хугацаа дуусаж Засаг даргын жолоочоор томилох гэхэд Засаг дарга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүнээр машин жолоодуулахгүй гээд татгалзаад байна. Хот тохижуулах албанд жолоочоор ажиллах тухай санал болгосон боловч өөрөө тухайн ажлыг хүлээж аваагүй гэж маргажээ.
8.Хавтаст хэрэгт авагдсан ажил олгогч Б аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 00 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н ыг Б аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд томилсон ба улмаар мөн даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 00 дугаартай тушаалаар эрүүл мэндийн байдлын улмаас 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2023 оны 3 дугаар сарын 01-ний хүртэл жилийн чөлөө олгосон болох нь тушаалуудаар тогтоогдсон.
9.Гэтэл нэхэмжлэгч Н нь чөлөөний хугацаа дуусаж, урьд ажиллаж байсан Б аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд ажиллах гэхэд ажил олгогчоос татгалзаж, Ө сумын Хот тохижуулах албанд жолоочоор ажиллах тухай санал болгосныг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс шүүхэд гомдол гаргасан байжээ.
10.Хариуцагч Б аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргаас нэхэмжлэгч Н архи ууж яваад эрх нь хасагдсан тул ажил олгогчийн хувьд ажлаас чөлөөлөх тушаал гаргасан боловч Ө сумын Засаг даргаас удаа дараа уучлалт гуйснаар Засаг дарга уучлалт үзүүлж тухайн тушаалыг эрүүл мэндийн байдлын улмаас гэсэн үндэслэлээр цалингүй нэг жилийн чөлөө олгож, чөлөөний хугацаа дуусаж орж ирэхдээ Ө сумын ЗДТГазрын жолоочоор томилохгүй өөр бусад ажил өгнө гэдгээ амаар хэлсэн, нөгөө талаас Ө сумын Засаг даргаас татгалзсан гэж Б аймгийн Цагдаагийн газрын замын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г ын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 000 дугаартай албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгчээ.
11.Уг Б аймгийн Цагдаагийн газрын замын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г ын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 000 дугаартай албан бичгээр Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед Л маркийн 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1-т зааснаар 400 нэгжээр торгож, 1 жилээр эрх хасах шийтгэл оногдуулсан тухай бичигдсэн боловч Н хэдэн онд согтууруулах ундааны зүйл хэрэглэж яваад эрхээ хасуулсан эсэх нь тодорхой бус тул тухайн бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.
12.Мөн хариуцагчаас Н нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг байсан ба 2022 онд албаны машиныг согтуугаар жолоодож байгаад жолоодох эрхээ хасуулсан гэж тайлбарладаг боловч тайлбарын үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй.
13.Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт ажилтын ажлын байрыг хэвээр хадгалах 13 үндэслэл заасны 60.1.12 дахь заалтад “ хувийн чөлөөтэй байх хугацаанд” ажлын байрыг хэвээр хадгалахаар мөн 60.4 дэх заалтад “Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна” гэж тус тус хуульчилсан байна.
14.Хариуцагч Б аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 00 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Н д эрүүл мэндийн байдлын улмаас 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2023 оны 3 дугаар сарын 01-ний хүртэл жилийн чөлөө олгосон болох нь тогтоогдож байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн 60.1.12 дахь заалтаар Н ыг урьд эрхэлж байсан Б аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд нь ажил олгогчоос ажиллуулах үүрэгтэй байна.
15.Иймд ажил олгогчоос жилийн чөлөөний хугацаа дууссан ажилтан Н ыг урьд эрхэлж байсан ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулахгүй Ө сумын Засаг даргын Тамгын газрын Хот тохижуулах албаны жолоочоор ажиллах тухай санал гаргаж байгаа үйлдэл нь өөрөө ажлаас халсантай адилхан тул нэхэмжлэгч Н ыг урьд эрхэлж байсан Б аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
16.Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “сахилгын шийтгэл ногдуулах тухай” 00 дугаар тушаалыг нотлох баримтаар ирүүлсэн боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, ач холбогдолгүй нотлох баримт байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
17.Нэхэмжлэгч Н нь ажил олгогчоос чөлөөний хугацаа дууссаны дараа урьд эрхэлж байсан Ө сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд томилохгүй байгаа эс үйлдэлтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийг 158.2.2 дахь заалтаар хариуцагч Б аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.
18.Нэхэмжлэгч Н нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар хариуцагч Б аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Н ыг Б аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Б аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.Ж