2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2378

 

 

 

 

 

 

 

  2025       10         14                                      2025/ШЦТ/2378

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа, 

улсын яллагч Б.Цэцэгмаа /цахимаар/,

  шүүгдэгч А.Б-О /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,

  хохирогч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.Бт холбогдох эрүүгийн ................. дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ..............................

Б овогт А.Б /РД:....................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б ургийн А.Б /РД:..................../-нь 2024 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө ..................... үйл ажиллагаа явуулах “Тэнгэр плаза” худалдааны төвийн зогсоол дээр Үст бор ургийн С А /РД:................/-тай “зогсоолын мөнгө төлөөгүй байна” гэсэн шалтгаанаар маргалдан, зодож, түүний биед зүүн доод 1 дүгээр шүд, дээд 2 дугаар шүдний булгарал, доод уруулын шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Б-О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... 2024 оны 10  дугаар сарын 03-04-нд шилжих шөнө би хөдөөнөөс Тэнгэр плаза руу орж ирээд зогсоолын 5000 төгрөг өгчихөөд харуулын хажууд машинаа зогсоолд тавьж байсан чинь хохирогч гарч ирээд муу гуйлгачин минь чи мөнгөө өгсөн үү гэж хэлсэн тэгээд та юу гэнээ гэсэн чинь дагаад яв гээд харуулын байр руу цуг орсон. Тэгээд би заамдсан чинь хиймэл шүд нь унасан энэ хохирогч ер нь байнга согтууруулах ундааны зүйл хэрэглээд хүн бүрийг гуйлгачнаар дуудаад харуул хийгээд байж байдаг. Тухайн үедээ цагдаа нар хохирогчийг үлээлгэж үзээд  та биеэ авч чадахгүй байна гэж хэлж байсан. Хохирогчийн хиймэл шүд нь унасан байсан ...” гэв.

Хохирогч С.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь үнэн тухайн үед би хиймэл шүдтэй байсан нь үнэн. Гэхдээ энэ хүний гэмтээсэн шүд нь хиймэл шүд биш байгаа. Шүднийхээ хохирлыг авчихвал өөр гомдол санал байхгүй ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч С.Аын “... 2024 оны 10 дугаар сарын 01-ээс 2024 оны 10 дугаар сарын 02-нд шилжих шөнийн 01 цаг 20 минутын орчимд Тэнгэр плаза ХХК-ний хашаан дотор харуулын байрны үүдэнд ............... ДОР улсын дугаартай Приус-20 загварын мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг харуулын хашааны үүдэнд тулгаж байрлуулсан байхаар би тэр тээврийн хэрэгслийн жолоочоос /А.Б-О/ тээврийн хэрэгсэл хашаанд байрлуулсан хөлс тооцоо хийсэн юм уу гээд асуухад, хийсэн би чамтай хийхгүй хаалган дээр чинь тооцоо хийдэг гээд хэлсэн юм. Тэгээд би тэр залуутай маргалдаж эхлээд би хаалган дээр байсан Буянт гэж дуудаад байдаг мөнгө хурааж ажилладаг хүн дээр очиж энэ залуу мөнгө өгсөн юм уу гээд асуухад мөнгө өгсөн гээд Буянт надад хэлсэн юм. Тэгээд байж байтал тэр залуу /А.Б-О мөнгө өгсөн байгаа биз дээ гэж хэлээд миний ам хэсэг рүү гараараа цохиж авахад миний шүд унахаар нь би тэр залууд чм миний шүд цохиж унагаачихлаа гээд хэлтэл чи муу хиймэл шүдтэй биз дээ гэж хэлээд дахиад цохиод авсан юм. Тэгээд тэр залуу цагдаагаа дууд гээд хэлэхээр нь би цагдаад дуудлага мэдээлэл өгсөн юм. Би тэр хүнийг таньж мэдэхгүй Дорнод аймаг Улаанбаатар хотын хооронд хүн, ачаа тээвэрт явдаг хүн гэдгээр нь мэднэ. Тухайн үед мөнгө хурааж ажиллаж байсан Буянт гээд залуу байсан юм. Би тухайн үед 2.500 граммын хуванцар савтай айраг уусан, хоёр жижиг аягаар Монгол нэрмэл архи уусан байсан юм" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

Гэрч Б.Б “...Харуулууд Тэнгэр плаза төвийн хашаа талбай дээр байрлаж хонож байгаа тээврийн хэрэгслийн мөнгө авч цааш нь тушааж ажилладаг юм. Тэгээд харуул С.А нэр усын мэдэхгүй ах хоёр хоорондоо маргалдаж байхад нэр усын мэдэхгүй ............. ДОР гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан ах харуул С.Аыг шууд цохиод авахад шүд нь унаж амнаас нь цус гарсан юм. Тэгээд нөгөө ах /А.Б-О/ машин дээрээ очиж жаахан байж байгаад буцаж ирээд хэрүүл маргаан хийгээд байж байхад цагдаа нар ирсэн юм. Харуул А .............. ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч, бид гурав байсан, харуул Билгээ гэж дуудаад байдаг сүүлд ирсэн юм. Харуулууд Тэнгэр плаза төвийн хашаа талбай дээр байрлаж хонож байгаа тээврийн хэрэгслийн мөнгө авч цааш нь тушааж ажилладаг юм. Тэгээд харуул С.А нэр усын мэдэхгүй ах хоёр хоорондоо маргалдаж байхад нэр усын мэдэхгүй .................. ДОР гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан ах харуул С.Аыг шууд цохиод авахад шүд нь унаж амнаас нь цус гарсан юм. Тэгээд нөгөө ах /А.Б-О/ машин дээрээ очиж жаахан байж байгаад буцаж ирээд хэрүүл маргаан хийгээд байж байхад цагдаа нар ирсэн юм. Харуул А ............... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч, бид гурав байсан, харуул Билгээ гэж дуудаад байдаг сүүлд ирсэн юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №13072 дугаартай дүгнэлтэнд “...С.Аын биед зүүн доод 1-р шүд, дээд 2-р шүдний булгарал, доод уруулын шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Цаашид зүүн доод 1-р шүд, дээд 2-р шүдний булгарал гэмтлүүд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэжээ /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 49-50 дугаар тал/, 

Шүүгдэгч А.Б-Оын “...Би 2024 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумаас Улаанбаатар хотод орж ирсэн, тэгээд Тэнгэр плаза төвийн үүдний постон дээр зогсоолын мөнгө өгсөн, мөнгө өгөхдөө ах нь хонох талаар хэлсэн. Тэгээд байж байтал А гэдэг Тэнгэр плаза төвийн харуул энэ гуйлгачин мөнгө өгсөн юмуу гээд үүдний мөнгө хурааж авдаг хүнээс асуусан. Тэгтэл мөнгө өгсөн гээд хэлэхээр нь би мөнгө өгсөн гэж байгаа биз дээ гээд хэлтэл харуул А над руу шүлсээ үсэргэж дайраад байхаар нь би гараараа нэг удаа гараа зангидахгүй, алгадсан байдалтай цохиж авсан юм. Тэгээд цагдаа дээр ирсэн юм. Би урьд сэжигтнээр өгсөн мэдүүлгээр үнэн зөв мэдүүлсэн. Харуул А тухайн үед хиймэл шүдтэй байсан, эрүүл шүднээс унасан шүд байхгүй. А өөрөө шүдээ авсан байх гэж миний зүгээс үзэж байна ... би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34  дүгээр тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 70 дугаар тал, шийтгэх тогтоол, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 73-85 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б ургийн А.Б /РД:.............../-нь 2024 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө ................. төвийн зогсоол дээр Үст бор ургийн С А /РД:................../-тай “зогсоолын мөнгө төлөөгүй байна” гэсэн шалтгаанаар маргалдан, зодож, түүний биед зүүн доод 1 дүгээр шүд, дээд 2 дугаар шүдний булгарал, доод уруулын шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч С.Аын мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/, гэрч Б.Б мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №13072 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар тал/, Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 11 дүгээр тал/, Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 49-50 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй бөгөөд шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй, хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.Б-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Б-О нь хохирогчийн биед зүүн доод 1-р шүд, дээд 2-р шүдний булгарал, доод уруулын шарх бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №13072 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-Оыг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоох саналтай байна ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүх шүүгдэгч А.Б-Оыг гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүх шүүгдэгч А.Б-От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-О нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирлын 85.000 төгрөг /хх 53-54/-ийн баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан ба тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан хүсэлтдээ “...сэтгэцэд учрах хор уршгийн зэрэглэл тогтоолгох шинжээч томилуулахгүй ...” /хх 44/ гэсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 85.000 төгрөгийг, мөн түүний эрүүл мэндийн даатгалаар авсан тусламж үйлчилгээний төлбөр болох 120,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулахаар тус тус шийдвэрлэсэн.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нь хохирол, хор уршиг 85,000  төгрөгийг хохирогчид болон хохирогчийн эрүүл мэндийн даатгалаар авсан тусламж үйлчилгээний төлбөр 120,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд тус тус төлөх талаар хүсэлт гаргасан.

Шүүхээс, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар санал, хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг “бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх” үндэслэлээр завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нь хохирогчид 85,000 төгрөгийг, 120,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд төлсөн болох нь бэлнээр бусад банк руу шилжүүлэг хийсэн Мемориалын баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, харин хохирогч нь шүдтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-Оыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-О нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

4. Хохирогч нь шүдтэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ