Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/09

 

Г.А-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, О.Баатарсүх, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв. 

 

Шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

                        шүүгдэгч Г.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ц,  

                        нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов.         

 

         Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Г.А-н давж заалдах гомдлоор тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.А-т холбогдох эрүүгийн 2030000000290 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2021 оны  03 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... онд Сүхбаатар аймгийн М суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .., эхнэр, .... хүүхэдтэй, Сүхбаатар аймгийн Т сумын 1 дүгээр багийн ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.А /РД:............./

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Т сумын 1 дүгээр багийн ............... тоотод өөрийн төрсөн эцэг Ч.Г-н нүүрэн тус газарт гараараа цохиж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэн нь шүүгдэгч Г.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Г.А-г хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Г.А-н цагдан хоригдсон 82 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цэнхэр өнгийн биеийн тамирын цамц, 7 ширхэг архины шилийг устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.А давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Би мөрдөн байцаалтын шатнаас эхэлж 2020 оны 10 дугаар сарын 21-ний орой аав Г-г архи уулаа гэж гарынхаа араар зүүн нүдний орчимд цохисон гэдгээ хэлсэн. Өөр бол цохиж зодсон зүйл байхгүй. Харин 2020 оны 10 дугаар сарын 22-нд аавыг орноосоо газар ойчсон гэдгийг манай дүү ярьдаг. Шинжээч эмчийн дүгнэлтээр миний цохилтоос болж аавыг нас барсан гэж дүгнэлт гарсан байгаад үнэхээр харамсаж байна. Манай гэр бүл аав, ээж хоёрыг асарч, авч явдаг байсан. Ээж маань хөл муутай, өндөр настай болж байна. Миний амьдралын хувьд эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг. Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж гомдол гаргаж байна гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ц шүүх хуралдаанд хэлсэн тайлбар, саналдаа: А шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, өөрийнхөө цохисны улмаас аавыгаа нас барсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т “гэм буруутай этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна” гэж заасан. Хохирогч нар мөн адил хөнгөн ял оногдуулах хүсэлт гаргасан байгаа. Хувийн байдлын хувьд ам бүл олуулаа, таван хүүхэдтэй. Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Прокурор Г.Лхагвасүрэн шүүх хуралдаанд хэлсэн тайлбар, дүгнэлтдээ: 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч аавыгаа архи уулаа, битгий архи уугаач гэж нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон байдаг. Харин Г нь 10 дугаар сарын 23-ны өдөр нас барсан. Задлан шинжилгээ хийгдэж нас барсан цагийг тодорхойлсон. Шүүгдэгч тохиолдлын шинжтэй гэж ярьдаг. Мэдүүлэг авахдаа Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийг сануулж мэдүүлэг авсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-н давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Г.А нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Т сумын 1 дүгээр багийн ............... тоотод өөрийн эцэг Ч.Г-н нүүрэн тус газарт гараараа цохиж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зөв байна.

 

          Тодруулбал, яллагдагч Г.А-н “2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гадуур найз А болон өөр бусад хүмүүстэй хамт архи ууж байгаад орой гэгээ тасрахын өмнөхөн аавындаа очсон. Тэгэхэд аав, ээж хоёр нэг шил архи задалчихсан уугаад сууж байхаар нь “Хөгшин настай байж битгий архи уугаад байлдаа” гэж аавд хэлсэн чинь “Өөрийнхөө юмыг ууж байхад чамд ямар хамаатай юм” гэсэн. Тэгэхээр нь баруун гараа сарвайтал аавын зүүн нүдийг цохичихсон. Тэгээд л би удалгүй гараад явсан.” гэх /хх 64-65, 95-98/

          Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-н “Хэрэг гарах үед би хөдөө гэртээ байсан. Талийгаач Ч.Г нь миний төрсөн аав, Г.А нь миний төрсөн дүү юм. Аав маань 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нас барсан. Г.А-с нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Энэ хэргийг хөнгөн талаас нь шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэх /хх 12-15/,

          Гэрч Г.О-н “Ч.Г нь манай нөхөр, А, Б, Т нар нь миний төрсөн хүүхдүүд юм. Манай нөхөр талийгаач Г нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс бие нь ядраад байна гээд хэвтээд байсан. Тэгээд л маргааш нь буюу 23-ны өглөө босохгүй хэвтээд байхаар нь өвгөн босъё гэхэд юу ч дуугарахгүй хэвтээд байсан. Манай бага хүү Б гаднаас орж ирээд:  Аавын бие муу байна.Түргэн дуудаж үзүүлье гэж гараад сумын эмч Оюунбилэгийг дагуулж ирэхэд үзээд нас барсан байна гэсэн. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр талийгаач бид хоёрыг архи уугаад гэртээ байж байхад манай хүү А гаднаас халамцуу орж ирээд бид хоёрыг архи уулаа гэж загнаад аавынхаа нүд рүү гараараа цохичихсон юм.” гэх /хх 16-17/,

          Гэрч Г.Б-н “Ч.Г, Г.О нар нь манай төрсөн аав, ээж нар юм. Намайг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 10 цаг 40 минутын үед аавындаа очиход манай аав орон дээрээ хэвтчихээд ямар ч яриа хөөрөө байхгүй царай зүс нь цонхийчхоод эвгүй байхаар нь ээжээс асуухад: “Харин тийм ээ. Эвгүй болчхоод байна.” гэхээр нь би эмнэлэг рүү явж, түргэний машиныг иртэл нь хүлээж сууж байгаад 12 цаг өнгөрөөгөөд эмч дагуулаад аавынд очиход аав маань өнгөрчихсөн байсан. Намайг 2020 оны 10 дугаар сарын 21-ний орой халамцуу байдалтай аавынд очиход аав, ээж хоёр орондоо орчихсон. Аавын зүүн нүд нь хөхөрсөн байдалтай харагдахаар нь асуухад ээж хажуугаас нь “Аавыг чинь А ах чинь гараараа савчихсан.” гэж хэлсэн.” гэх /хх18-19/,

          Гэрч Г.Т-н “2020 оны 10 дугаар сарын 21-ний өглөө намайг 09 цаг өнгөрөөгөөд гадуур архи ууж байгаад орой ирэхэд аав, ээж хоёр хоёулаа орондоо орчихсон аавын зүүн нүд нь хөхөрсөн байхаар нь асуухад ээж: “А ах чинь агсан тавихдаа цохичихсон” гэж хэлсэн. Аав Г, ээж О, ах А болон би өөрөө 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш архи тасралтгүй уусан.” гэх /хх 20-21/,

          Гэрч Б.Б-н “Ч.Г, Г.О нар нь манай ээж Г-н төрсөн эцэг, эх, миний өвөө, эмээ юм. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 12 цаг 25 минутын үед Б ах над руу залгаад: Өвөө чинь өнгөрчихлөө. Хүрээд ир гэж хэлэхээр нь яваад очиход өвөө нас барсан байдалтай хэвтэж байсан. Өвөөгийн зүүн нүд нь хөхөрсөн байхаар нь яасан юм гээд Б ахаас асуусан чинь  А ах нь 2 хоногийн өмнө цохичихсон гэж хэлсэн. Манай өвөө, эмээ, ах Т нар бүгдээрээ л архи их уудаг.” гэх /хх 22-23/,

          Гэрч У.С-н “Ч.Г, Г.О нар нь манай байрны зүүн хаалганд байдаг. 2020 оны 10 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед намайг гэр рүүгээ орох гээд явж байхад А нь аавынхаасаа гараад явж байгаа харагдсан.” гэх /хх 24-25/,

          Гэрч Д.А-н “Талийгаач Ч.Г нь манай ээж Ч.Т-н өргөмөл дүү нь байсан юм. Намайг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 12 цаг 30 минутын үед ажил дээрээ байж байхад манай дүү А над руу утсаар яриад ах чинь нас барсан байна гэж хэлэхээр нь шууд гэрт нь яваад очиход цагдаагийн хамгаалалтад авсан гээд цоожилж байсан. Тэр үед талийгаачийн гэрийн гадна А, Б, Т нар согтуу байдалтай байсан. Б-г харахад хамар нь цохигдсон байдалтай байхаар нь: Та нар чинь юу болсон юм бэ? гэж асуусан чинь: А ах уржигдар аавыг зодсон. Би зодоогүй. Намайг хүртэл ингэчхээд байгаа биз дээ.” гээд хамраа үзүүлэхэд хамар нь хөндлөн зүсэгдсэн юм шиг болсон байсан. О-оо эгчийн даралт нь ихсээд эмнэлэг рүү явсан гэж хэлэхээр нь эмнэлэг рүү очиход: Ах чинь өнгөрчихсөн. Хөгшөөн гэсэн чинь дуугарахгүй, өнгөрчихсөн гэж хэлсэн. Тэгэхэд Ооо эгч согтуу байдалтай байх шиг байхаар нь би дургүй хүрээд гараад явсан.” гэх /хх 26-27/,

          Гэрч Д.Б-н “Г.А-нх манайхтай 7, 8 жил хөрш амьдарч байгаа юм. Г.А нь эхнэр, 5 хүүхэдтэй. Хоёр том хүү нь тусдаа гарсан байх. Элдэв муу зан авиргүй. Хааяа архи уудаг. Архи уусан үедээ хүнтэй маргалдаж, муудаж байгаа харагддаггүй.” гэх /хх 29/,

          Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 116 дугаартай “Г.А-н биеэс авсан гэх цусанд 1.5 промиль спиртийн агууламж илэрлээ. Согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 49-50/,

          Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 64 дугаартай “Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдалт, тархины орой зулай чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, зүүн хацар, баруун бугалга, шуу, сарвуу, баруун гуя, өвдөг, цээж, өвчүү, зүүн шуу сарвуу, зүүн гуянд цус хуралт, дух, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амьдад нь үүссэн гэмтлүүд байна. Талийгаач нь тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины орой зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалтын улмаас тархи дарагдаж, хавагнаж нас барсан байна. Талийгаачид шууд үхэлд хүргэсэн өвчин байхгүй байна.” гэх дүгнэлт /хх 115-122/,

 

          Шинжээч эмч А.БЭ-н анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “Талийгаачид үүссэн гэмтэл 24 цагаас дээш хугацааны өмнө үүссэн. Тархины зүүн зулай чамархай хэрэгт тархины хатуу хальсны доор 150 мл орчим хэмжээтэй хэлбэржсэн, зөөлөн гадаргуу нь гялалзсан, эд хальснаас хялбар хуурах улаан хүрэн өнгийн цусан хураа буюу хэлбэршсэн гэмтэл байгаа. Шинэ гэмтэл байсан бол дөнгөж эхэлж байгаа цусан бүлэн байх ёстой. Цусан бүлэнгийнхээ шинж чанараас хамаарч хугацаа нарийн тогтоогдоно. Тийм учраас тархинд цусан хуралт үүссэн байгаа. Гэмтэл авснаас хойш ухамсарт үйлдэл хийгээд яваад байж болдог. Талийгаачийн хувьд тархины зөөлөн бүрхүүл доогуурх цус хуралт нь аажим аажмаар томорсон байсан. Тухайн цусан бүрхүүл нь том талбайд хүрэх хүртлээ ухамсарт үйлдэл хийгээд явдаг. Тэгээд тархиа дарах хэмжээнд цусан хураа бүрэлдээд нас бардаг.” гэх тайлбар /хх 202-205/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч Г.А-н цохисон үйлдлийн улмаас хохирогч нас барсан болох нь тогтоогдсон талаарх дүгнэлт үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны 2 хүүхэдтэй, үйлдсэн хэргийнхээ талаар шударгаар хүлээн зөвшөөрч мэдүүлдэг зэрэг хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хөнгөн ял оногдуулах тухай хүсэлт, гэмт хэрэг үйлдэгдсэн болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн “Ял хөнгөрүүлэх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          Нэг.  Шүүгдэгч Г.А-н давж заалдах гомдлыг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А 8 /найман жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй/” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-г 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “8 /найман/ жилийн” гэснийг “6 /зургаан/ жилийн” гэж тус тус өөрчилсүгэй.

 

          Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-н цагдан хоригдсон 57 / тавин долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

          Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                     Д.БАЙГАЛМАА

 

                                                                        О.БААТАРСҮХ