Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 207

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

            шүүгдэгч С.Баярбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Содномцэрэнгийн Баярбаатарт холбогдох эрүүгийн 201719000410 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Зуумнод сумын Энхжин хотхон 6-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Содномцэрэнгийн Баярбаатар /РД:нэ79032713 / гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч С.Баярбаатар нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Энхжин хотхоны 6-1 тоотод 2017 оны 6 сарын 8-ны өдөр иргэн Х.Солонго нь бусдад зодуулж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                         

                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч С.Баярбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн.

Эрүүгийн 201719000410 дугаартай хэргээс:

Хэрэг бүртгэлтэд хохирогч Х.Солонго мэдүүлсэн: 2017 оны 06 сарын 07-08-ны өдөр орой 23 цаг өнгөрч байхад манай нөхөр хүүгээ хүргэж ирсэн. Тэгэхээр нь би чи хүүхэд авч байгаа байж архи уусан юм уу? гээд өөр зүйл яриагүй. Тэгтэл С.Баярбаатар уурлаад миний өмнөөс чи ер нь яах гээд байгаа юм бэ? янхан минь чамайг ална шүү гэж хэлэх хэлэхгүй үгээр  намайг доромжилж байгаад гараа далайгаад миний өмнөөс дайрч баруун талын мөр, зүүн талын нүд хэсэгт 3-4 удаа цохисон. Манай нөхөр намайг 2017 он гарснаас хойш анх удаа зодож байна. Ер нь бол намайг олон удаа зодож байгаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/

 

Хэрэг бүртгэлтэд сэжигтнээр С.Баярбаатар мэдүүлсэн: 2017 оны 05 дугаар сараас эхлэн би эхнэр Х.Солонготой маргалдаж таарж нийлэхгүй болж бид хоёр талдаа тусдаа амьдарч байгаа. Ингээд 2017 оны 06 сарын 07-08-нд шилжих шөнө би гэртээ хүүгээ аваад орсон. Тэгтэл манай эхнэр Х.Солонго намайг архи уулаа хүүхэд харж байгаа байж гэж хэлэхээр нь би, чи ер нь яагаад байгаа, би яг яах ёстой юм бэ? гэж хэлж уурласан. Тэр уурандаа цохисон байна. Миний буруу учир хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Би эхнэрээ гараараа цохисон харин өөр зүйлээр бол цохиогүй. Би урьд нь өмнө эхнэрээ цохиж зодож байсан асуудал бол гаргаж байгаагүй. Сая 5 сард бид хоёр нилээн маргалдаж тусдаа байгаагаас ийм асуудал боллоо. Уг нь би тэр шөнө учраа олох санаатай хүүгээ авч гэртээ ороод ийм асуудал болсон. Миний буруу, эхнэрээсээ уучлалт гуйсан. Дахин ийм асуудал гаргахгүй. Би гэртээ ороод эхнэртэйгээ маргалдаад нүүр, гар хэсэгт нь 3-4 удаа гараараа цохисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/

 

- Төв аймаг дахь Засаг даргын дэргэдэх Шүүх шинжилгээний албаны 2017 оны 06  сарын 14-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №332 тоот актад:

1. Х.Солонгын биед зүүн хөмсгөнд, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн зовхи, баруун бугалганд, баруун зүүн сарвуунд, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /хх-15 тал/,

 

-Шүүгдэгч С.Баярбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад: Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 01 сарын 19-ний өдөр 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж шийдвэрлэсэн гэх лавлагаа /хх-24-28/,

-Шүүгдэгч С.Баярбаатарыг 2017 оны 06 сарын 22-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-20-21 тал/, 2017 оны 06 сарын 26-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-22-23 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.Баярбаатар нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Энхжин хотхоны 6-1 тоотод 2017 оны 6 сарын 8-ны өдөр иргэн Х.Солонгыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Солонгын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №332 тоот акт, гэрч шүүгдэгч С.Баярбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч С.Баярбаатарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

-Хохирогч Х.Солонго нь шүүгдэгч С.Баярбаатартай сайн дураараа “Эвлэрсэн” тухай баримт ирүүлсэн.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч С.Баярбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт “Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэх, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, ялын төрөл, хэмжээ, хорих ял эдлүүлэх дэглэмийн болон бусад асуудлын талаарх дүгнэлтээ шүүхэд гаргана”  зааснаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хохирогч Х.Солонго, шүүгдэгч С.Баярбаатар нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч Х.Солонго нь гомдол саналгүй, хохирол төлбөргүй гэсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Х.Солонго, шүүгдэгч С.Баярбаатар нар нь сайн дураараа эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

            

             Шүүгдэгч С.Баярбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний баримт бичиг болон эд мөрийн баримтаар хураагдан шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Содномцэрэнгийн Баярбаатарыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Солонго нь шүүгдэгтэй сайн дураараа эвлэрсэн байх тул шүүгдэгч С.Баярбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. С.Баярбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. С.Баярбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Баярбаатар авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  •                                     , ШҮҮГЧ                                  С.ОРОЛМАА