Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2023/0222

 

2023 03 14 128/ШШ2023/0222

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М******* ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д*******

Маргааны төрөл: Ашигт малтмал

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч М******* ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн (хуучин нэршлээр) даргын 2010 оны 11 сарын 02-ны өдрийн 1158 дугаар шийдвэрийн манай М******* ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус акт болохыг тогтоолгох, ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах-аар маргаж байна.

1.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага тодруулах, хариуцагчийг солихоор шүүхэд хандсан бөгөөд хариуцагчийг зөвтгөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс гэж, нэхэмжлэлийн шаардлагаа:

Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ одоогийн нэршлээр Ашигт малтмал, газрын тосны газрын/ 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1158 дугаар шийдвэрийн манай М******* ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус акт болохыг тогтоолгох/106.3.2/,

Ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрөл сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах гэж тус тус тодруулсан.

1.2.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед нэхэмжлэлийн Ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан.

2.Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын/хуучин нэрээр/ 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 1158 дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байх ба тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуйн нэгжийн жагсаалтын 6-д М******* ХХК ийн хайгуулын 8204 дугаартай тусгай зөвшөөрөл багтсан байна.

3.Нэхэмжлэгч М******* ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 22/21 дугаартай албан бичгээр хандсан байх ба Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1/3952 тоот албан бичгээр ... Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дуусгавар болсон, цуцлагдсан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудас, холбогдох төрийн захиргааны байгууллагуудад мэдээллэж ажилласан болно.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. гэж зааснаар дээрх тусгай зөвшөөрлүүдийн талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул танай гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье. гэх хариу авсан бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: М******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч удаа дараа өөрчлөгдөж, одоо 1 гишүүнтэй болсон бөгөөд цар тахлын нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор компани үйл ажиллагаа явуулахаар эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талаар тус байгууллагаас лавлахад манай хэд хэдэн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын шийдвэрээр цуцалсныг олж мэдлээ.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15-д ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг ... цуцлах ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа үйл баримтад тусгай зөвшөөрөл эзэмшигчийг буруутгах, шүүхэд мэдүүлэх эрхийг хөндөх үндэслэл биш гэж үзэж байна.

Захиргааны байгууллага манай компанийн Завхан аймгийн А*******, Яруу сумдын нутагт орших Ц******* нэртэй талбайд хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийг 2004 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эзэмших зөвшөөрөлтэй байсан боловч дараах байдлаар хууль зөрчиж цуцалсан байна. Үүнд:

Нэг.Захиргааны байгууллага хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн эсхүл зөрчсөн шийдвэрийг гаргасан бол тухайн хуулийн этгээдэд заавал мэдэгдсэн байх ёстой. Тухайн шийдвэрийг мэдсэнээр хуулийн этгээд хуулиар олгогдсон гомдол гаргах эрхээ эдлэх боломжийг эдэлдэг. Захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасан журмыг зөрчсөн.

Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газар нь М******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш 5 хоногийн дотор мэдэгдэл өгөх ёстой байсан. Гэтэл тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдэл компанийн архивд байхгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг болон мөн хуулийн 56.3 дахь хэсэг, 56.4, 56.5 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Хоёр.Манай компани захиргааны байгууллагад гомдол гаргаж Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1/3952 тоот хариуг авсан ба уг албан тоотоос компанийн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Ц******* нэртэй талбайд хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийг хэзээ, ямар үндэслэлээр цуцалсан талаар олж мэдлээ.

Гэвч одоог хүртэл захиргааны байгууллага холбогдох шийдвэрийг М******* ХХК-д гардуулаагүй нь тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна.

Гурав.Компанийн зүгээс мэргэжлийн хүнд хандан шалгуулж, тодруулахад компанийн эзэмшиж буй Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Ц******* нэртэй талбайд хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор баталсан талбайн солбицолтой давхардсан хэсэг байхгүй болохыг бидэнд тайлбарласан.

Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1158 дугаар шийдвэрийг бидэнд холбогдох хууль тогтоомжид заасан арга хэрэгслээр мэдэгдээгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандахад давхцалтай байна гэсэн ганц өгүүлбэрээс өөр ямар ч бүрэн дүүрэн мэдээлэлгүй байлгаж буй нь манай компанийн тусгай зөвшөөрлөөр олгогдсон үйл ажиллагаа хэрэгжүүлэх улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйл болон бусад холбогдох заалтаар олгосон Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эдлэх эрх, Зөвшөөрлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 1-т заасан Зөвшөөрөл эзэмшигчийн эрх, Компанийн тухай хуулийн 3.1-т Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ. хэмээн заасан үндсэн зорилгоо, холбогдох хууль тогтоомжоор олгосон бүхий л эрхээ хэрэгжүүлэх боломжгүйгээр эрх ашиг ноцтой зөрчигдөөд байна.

Дөрөв.Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тэргүүн ээлжинд авах эрх-ийг мөн хөндөж болзошгүй байна. Мөн захиргааны байгууллага ямар шалтгааны улмаас зөрүүтэй мэдээлэл өгөөд байгаа, захиргааны актыг яагаад одоог хүртэл гаргаж өгөөгүй, бодитоор захиргааны акт гаргасан эсэх зэргийг шүүхэд хандан холбогдох нотлох баримт цуглуулах, үзлэг хийлгэх байдлаар тодруулах, улмаар зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалах эрхээ эдлэх боломжтой байна.

Иймд Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1158 дугаар шийдвэрийн манай М******* ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус акт болохыг тогтоолгох, ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү. гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М******* ХХК нь 2004 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан. Хайгуулын тусгай зөвшөөрлийн жил жилийн төлбөрийг төлөөд 2010 оны эхэн үе хүртэл ямар нэгэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй. 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдөр М******* ХХК-ийн зүгээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн. Тухайн төрийн байгууллагын зүгээс 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хүртэл тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан тухай шийдвэр гаргасан. Ашигт малтмал, газрын тосны газрын зүгээс тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдөөгүй гэдэг зүйл ярьдаг. 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 06/7390 дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдөөгүй байх тул тусгай зөвшөөрөл цуцлахыг мэдэгдсэн агуулгатай албан бичгийг ирүүлсэн. Тухайн мэдэгдлийг хүргүүлэхдээ нэхэмжлэгч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуульд заасан мэдэгдэх ажиллагааг хийгээгүй байна. Мэдэгдэл ирээгүй учраас 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1158 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр нь хууль бус байна. Хариуцагч байгууллагаас тусгай зөвшөөрөл цуцалсан тухай мэдэгдээгүй буюу зохих ёсны арга хэмжээ авах боломжит хугацааг нэхэмжлэгч талд олгоогүй учраас хууль бус захиргааны акт байх шинжийг хангаж байна. Хуульд заасан заалтыг хэрэглэх хууль зүйн урьдчилсан нөхцөл байдал бүрдээгүй байхад тус хуулийг хэрэглэсэн нь илт хууль бус захиргааны акт гэдгийг нотолж байна. Иймд 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрийг 6 дахь хэсэг буюу Монгол цамхаг ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлээгүй гэдэг нь шүүхийн ажиллагааны явцад үзлэгээр тогтоогдсон тул мэдэгдэл хүргүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн дараа жилийн төлбөрийг урьдчилан төлнө гэж заасан байдаг. Энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэхийн тулд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд сунгуулснаар дараа жилийн төлбөрийг урьдчилан төлөх үүрэг үүснэ. Тусгай зөвшөөрөл сунгуулахтай холбоотой ажиллагаа явагдаж байх хугацаанд хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан. Нэгэнт сунгагдаагүй хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болоогүй хугацааны төлбөрийг төлөөгүй үүргийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч хүлээхгүй. Иймд тусгай зөвшөөрөл сунгагдсан тохиолдолд төлбөрийг төлөх үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хүлээнэ. Хариуцагч байгууллагаас энэ тухай үүргийг магадлан шалгаж тогтоогоогүй байна. Нэгэнт хугацаа сунгагдаагүй тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх үүргийг М******* ХХК хүлээхгүй. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд захиргааны байгууллагаас гаргасан актыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх ёстой бөгөөд мэдэгдэх үүргийг хүлээнэ. Тусгай зөвшөөрөл цуцалсан тухай мэдэгдлийг хариуцагч тал хүргүүлсэн гэж тайлбар хэлсэн. Гэвч тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Маргаан бүхий захиргааны актыг мэдэгдсэн тухай мэдэгдэл нь нэхэмжлэгч М******* ХХК-ийн албан ёсны хаягаар хүргэгдсэн эсэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч төрийн захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй байх ёстой бөгөөд эс үйлдэхүй хууль бус болох тогтоогдсон тохиолдолд даалгах шаардлага хууль зүйн боломжтой. Хариуцагчаас мэдэгдэл гаргаагүй, захиргааны акт нь илт хууль бус байх бөгөөд энэ тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрийн хүрээнд нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Тусгай зөвшөөрөл сэргээсэн тохиолдолд нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэж хуульд заасан бусад үүргүүдийг хэрэгжүүлнэ. Эдгээр нөхцөл байдлуудыг шүүх харгалзаж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

6.Хариуцагч шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: М******* ХХК-ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэршлээр/ даргын 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1158 дугаартай шийдвэрийн манай М******* ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус акт болохыг тогтоолгох, ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг.Төрийн захиргааны байгууллага Завхан аймгийн А*******, Яруу сумдын нутагт байрлах Ц******* нэртэй 6213.69 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2004 оны 08 дугаар сарын 20-ны өдөр М******* ХХК-д олгосон байна.

М******* ХХК өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасны дагуу төлбөрөө төлөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1158 дугаартай шийдвэрээр цуцалжээ.

Хоёр.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тус компанийн эзэмшиж байсан хэд хэдэн тусгай зөвшөөрлийг цар тахлын дараа мэдсэн хэмээн дурджээ.

М******* ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан тул 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй ... гэж заасан хуулийн шаардлагыг биелүүлж, мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасныг үндэслэн жил бүр тайлан төлөвлөгөөгөө төрийн захиргааны байгууллагад ирүүлж ажиллах үүрэгтэй байсан.

Өөрөөр хэлбэл "М*******" ХХК өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1158 дугаартай шийдвэрээр цуцлагдсан болохыг 12 жилийн дараа буюу 2022 онд биш 2011 онд мэдэх боломжтой юм.

"М*******" ХХК нь эзэмшиж байсан Завхан аймгийн А*******, Яруу сумдын нутагт байрлах Ц******* нэртэй 6213.69 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор батлагдсан сонгон шалгаруулалтын талбайтай 5918.95 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай байна.

Гурав.Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолд ... мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж заасан байна.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6-7390 тоот албан бичгээр "М*******" ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг тус компанийн албан ёсны хаягаар хүргүүлсэн байна.

Дөрөв."М*******" ХХК-ийн нэхэмжлэлд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн хуулийн зохицуулалтыг дурджээ.

"М*******" ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад тодорхой заасан байна.

Тав.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна.

Иймд "М*******" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт энэ хуулийн 14.1, 14.4 дэх хэсэгт заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Учир нь энэ маргаан бүхий акт нь 2010 онд гарсан бөгөөд тухайн захиргааны актыг тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө мэдэх боломжтой байсан. Хоёрдугаарт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх үүрэгтэй бөгөөд 2010 болон 2011 онуудад төлбөрөө төлсөн байсан бол асуудал өөрөөр шийдэгдэх боломжтой байсан. Гуравдугаарт М******* ХХК-ийн эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөлгүй орхигдуулсан бөгөөд М******* ХХК-ийг шилжүүлж авсан н.Г******* гэдэг хүн 2021 онд шилжүүлж аваад 2022 онд тусгай зөвшөөрөл сэргээлгэх хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хариуцагчаас нэхэмжлэгч талд хуульд заасны дагуу мэдэгдэх ажиллагааг хийсэн. Мэдэгдэл хүргүүлнэ гэдэг нь Монгол Улсын дээд шүүхийн 9 дүгээр тогтоолд дурдсанаар албан ёсны хаягаар шуудангаар хүргүүлснийг мэдэгдэл хүргүүлсэнд тооцно гэж тайлбарласан байдаг. Иймд төрийн захиргааны байгууллага хууль бус үйл ажиллагаа явуулаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө. Мөн тусгай зөвшөөрөл сунгах ажиллагааны явцад цуцалсан гэдэг тайлбарыг нэхэмжлэгч тал өгч байна. Үүнд тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар сунгасан тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн. Мэдэгдлийг тухайн үед компанид ажиллаж байсан эрх бүхий этгээд хүлээж авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Мэдэгдэл хүргүүлсэн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч нар хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Эс үйлдэхүйн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан байдаг. М******* ХХК-аас төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн өргөдөл гомдолд төрийн захиргааны байгууллагаас хариу өгч байсан тул ямар нэгэн эс үйлдэхүй байхгүй. Захиргааны актыг илт хууль бус тайлбарын тухайд төрийн захиргааны байгууллага хуульд заасан үүргээ биелүүлж гаргасан захиргааны актыг хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөл сунгуулах тухай өргөдлөө өгөөд тусгай зөвшөөрөл 3 жилээр сунгасан тухай мэдэгдлийг авч байх үедээ тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх үүрэгтэй гэдгийг мэдэж байсан. Нэхэмжлэгч тал тусгай зөвшөөрөл цуцлахаас өмнө төлбөр төлсөн баримт ирүүлээгүй бөгөөд хариуцагч төрийн захиргааны байгууллагаас хуульд заасан мэдэх боломжтой байсан цаг хугацааг хөөн хэлэлцэх хугацаагаар тооцсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч "М*******" ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн (хуучин нэршлээр) даргын 2010 оны 11 сарын 02-ны өдрийн 1158 дугаар шийдвэрийн манай М******* ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус акт болохыг тогтоолгох, ашигт малтмалын хайгуулын ХV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1.Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн (хуучин нэршлээр) даргын 2010 оны 11 сарын 02-ны өдрийн 1158 дугаар шийдвэрийн М******* ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус акт болохыг тогтоолгох, 2.Ашигт малтмалын хайгуулын ХV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрөл сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

1.2.Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд 1.Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн (хуучин нэршлээр) даргын 2010 оны 11 сарын 02-ны өдрийн 1158 дугаар шийдвэрийн М******* ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус акт болохыг тогтоолгох, 2.Ашигт малтмалын хайгуулын ХV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хайгуулын тусгай зөвшөөрөл сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан, Ашигт малтмалын хайгуулын ХV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана. гэж заасны дагуу баталж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

2.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3.Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 1158 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсны дотор М******* ХХК-ийн XV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл/хүснэгтийн 6-д/ багтаж байна.

3.1.Улмаар дээрх тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрийг М******* ХХК-д хүргүүлсэн 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6-7390 дугаартай Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг болон Ашигт малтмалын газрын Баримт бичиг хүлээлцэх дэвтэрт уг албан бичиг 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр буцаалт төлөвтэй тэмдэглэгдсэн болох нь тус тус хэрэгт авагджээ.

4.Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн (хуучин нэршлээр) даргын 2010 оны 11 сарын 02-ны өдрийн 1158 дугаар шийдвэрийн манай М******* ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус акт болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

4.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 06/7390 дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдөөгүй байх тул тусгай зөвшөөрөл цуцлахыг мэдэгдсэн агуулгатай албан бичгийг ирүүлсэн. Тухайн мэдэгдлийг хүргүүлэхдээ нэхэмжлэгч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуульд заасан мэдэгдэх ажиллагааг хийгээгүй байна. Мэдэгдэл ирээгүй учраас 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1158 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр нь хууль бус байна. Хариуцагч байгууллагаас тусгай зөвшөөрөл цуцалсан тухай мэдэгдээгүй буюу зохих ёсны арга хэмжээ авах боломжит хугацааг нэхэмжлэгч талд олгоогүй учраас хууль бус захиргааны акт байх шинжийг хангаж байна. Хуульд заасан заалтыг хэрэглэх хууль зүйн урьдчилсан нөхцөл байдал бүрдээгүй байхад тус хуулийг хэрэглэсэн нь илт хууль бус захиргааны акт гэдгийг нотолж байна.

... Тусгай зөвшөөрөл сунгуулахтай холбоотой ажиллагаа явагдаж байх хугацаанд хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан. Нэгэнт сунгагдаагүй хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болоогүй хугацааны төлбөрийг төлөх үүргийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч хүлээхгүй. Иймд тусгай зөвшөөрөл сунгагдсан тохиолдолд төлбөрийг төлөх үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хүлээнэ. Хариуцагч байгууллагаас энэ тухай үүргийг магадлан шалгаж тогтоогоогүй байна. Нэгэнт хугацаа сунгагдаагүй тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх үүргийг М******* ХХК хүлээхгүй. гэж тайлбарлан маргаж байна.

4.2.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай Б-5685 дугаартай албан бичгээр ГУУКХ-ийн даргын 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 856 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс тооцож, 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийснийг мэдэгдье, мөн XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад Тусгай зөвшөөрлийг 2013.08.20 өдөр хүртэл сунгав. ГУУКХ-ийн даргын 2010.08.11-ний өдрийн 856 тоот шийдвэр гэх тэмдэглэгээг 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хийсэн зэргээс тус тус үзвэл цаг хугацааны хувьд тусгай зөвшөөрлийг сунгасны дараа буюу 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тусгай зөвшөөрөл цуцалсан байхад ... сунгагдаагүй тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх үүрэг үүсэхгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй.

4.3.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө., 56 дугаар зүйлийн 56.1.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална:56.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй; гэж тус тус заасан ба хариуцагч захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан атал хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй нэхэмжлэгч М******* ХХК-ийг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуулийн 56.1.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй гэж маргах боловч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна., 34.7.Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. гэсэн зохицуулалтууд нь 2014 онд нэмэгдсэн, харин хэргийн маргаан бүхий үйл баримт 2010 онд хамаарч байх тул тухайн үед байгаагүй хуулийн заалтыг хэрэглэхгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

4.5.Нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; гэж заасныг хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтанд маргаан бүхий захиргааны актыг гаргах хуулийн үндэслэл байхгүй нөхцөл байдлыг ойлгоно. Гэтэл дээр дурдсанчлан Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг зааж өгсөн бөгөөд үүний дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэх үндэслэл байхад Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн (хуучин нэршлээр) даргын 2010 оны 11 сарын 02-ны өдрийн 1158 дугаар шийдвэрийн М******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

4.6.Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2009 оны 08 дугаар сарын 20-нд тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөр төлснөөс хойш тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн болон төлж байсан баримт байхгүй учир нэхэмжлэгчийн XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох үндэслэл мөн адил тогтоогдсонгүй.

5.Ашигт малтмалын хайгуулын ХV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хайгуулын тусгай зөвшөөрөл сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах шаардлагын тухайд:

5.1.Ашигт малтмалын хайгуулын ХV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бие даасан шаардлага гэж үзээгүй, тодруулбал энэ шаардлага нь тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрч маргаж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдийн нэг байна. Хэдийгээр бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй.

5.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ ... Манай компани захиргааны байгууллагад гомдол гаргаж Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1/3952 тоот хариуг авсан ба уг албан тоотоос компанийн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Ц******* нэртэй талбайд хайгуулын ХV-0******* тоот тусгай зөвшөөрлийг хэзээ, ямар үндэслэлээр цуцалсан талаар олж мэдлээ.

Гэвч одоог хүртэл захиргааны байгууллага холбогдох шийдвэрийг М******* ХХК-д гардуулаагүй нь тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна. гэж, баримт бичиг хүлээлцэх дэвтрээс үзвэл маргаан бүхий актын талаар мэдэгдсэн албан бичгийг буцаасан тул үүнийг мэдэгдсэн гэж үзэхгүй хэмээн хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж маргаж байна.

5.3.Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 5[1] өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана. гэсний дагуу хариуцагч нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6-7390 тоот албан бичгээр М******* ХХК-ийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг нэхэмжлэгч компанийн албан ёсны хаягаар хүргүүлсэн байх ба Улсын Дээд шүүхийн тогтоолд тайлбарласанчлан ... албан бичгийг гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно. гэсний дагуу мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

5.4.Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч компани нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болохын хувьд хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлдэг, өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх, мөн хуулийн 48 дугаар зүйлд зааснаар жил бүр тайлан, төлөвлөгөөгөө төрийн захиргааны байгууллагад ирүүлж ажиллах үүрэгтэй байсан буюу ийнхүү үүргээ биелүүлж байсан бол 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1158 дугаартай маргаан бүхий шийдвэрийг 12 жилийн дараа буюу 2022 онд биш 2011 онд мэдэх боломжтой юм гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

5.5.Дээрх үндэслэлүүдээр хариуцагч байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа илт хууль бус болох нь тогтоогдоогүй, эс үйлдэхүй гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, зөрчсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул даалгах нэхэмжлэлийн шаардлага буюу тусгай зөвшөөрөл сэргээх шаардлагыг хангах боломжгүй юм.

6.Хэдийгээр нэхэмжлэгч М******* ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч түүний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасан захиргааны актыг хүчингүй болгоход хамаарч байсан болохыг[2], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт энэ хуулийн 14.1, 14.4 дэх хэсэгт заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. хэмээн шүүх хуралдаанд тайлбарласныг тус тус дурдах нь зүйтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлтэй, нэхэмжлэгч хуулийн этгээд хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд хамаарахгүй шаардлагын төрөл болох илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан гэж үзэхээр байна.

7.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ашигт малтмалын хайгуулын ХV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1158 дугаар шийдвэрийн М******* ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус акт болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрөл сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2, 31.1, 32.1, 34.2, 56.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1158 дугаар шийдвэрийн М******* ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус акт болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрөл сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ашигт малтмалын хайгуулын ХV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасныг баримтлан татгалзал баталсан шийдвэрийн холбогдох заалтад гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА