Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 221/MA2017/0224

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 22 өдөр             Дугаар 221/МА2017/0224              Улаанбаатар хот

Д.Лүндэгдоржийн нэхэмжлэлтэй                                                                                          захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Азжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Батзаяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 78 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Д.Лүндэгдоржийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 78 дугаар шийдвэрээр:  Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д. Лүндэгдоржийн Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/114 дүгээр захирамжийн Ц.Юмжирдуламд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан эзэмшлийн орц, гарцыг чөлөөлүүлж, чөлөөтэй нэвтрэх боломжтой болгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий давж заалдах гомдолдоо: “Иргэн Д.Лүндэгдоржийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 78 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Тус шийдвэрт нэхэмжлэгч Д.Лүндэгдоржийн эзэмшил бүхий газартай иргэн Ц.Юмжирдуламд эзэмшүүлсэн газар нь давхцаагүй буюу Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг хангасан байхад тус газрыг олгох эсэх асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж маргах үндэслэлгүй..." гэх хэт явцуу дүгнэлт хийж хуулиар хамгаалагдсан эрхээ сэргээлгэх гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг ойлголгүй дээрх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийг буруу тайлбарлаж, үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс хзд хэдэн үндэслэлийг гаргаж нэхэмжлэлээ дэмжин тайлбарладаг ба газар давхцсан талаар маргаагүй байхад давхцаагүй байгаа тул эрх тань хөндөгдөхгүй гэх дүгнэлт хийж байгаа нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх маргаж буй  асуудлын үндэслэлд  нь дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх зарчмыг баримтлаагүй байна. Уг шийдвэрээс үзэхэд зөвхөн газар нь давхцсан хүн л шүүхэд эрх зөрчигдсөн талаар маргах ёстой түүнээс бусад тохиолдолд маргавал эрх нь зөрчигдсөн гэж үзэхээргүй тийм дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Газар эзэмших эрх нь зөвхөн бусдын эзэмшил газартай давхцалгүй байснаараа бүрэн хэрэгжих боломжтой тийм эрх биш ба энэхүү эрхээ хэрэгжүүлэх, газраа чөлөөтэйгээр бусдын адил зориулалтынх нь дагуу ашиглах бусад эрхүүдийг /орц гарцыг чөлөөтэй нэвтрүүлэх, барилга байгууламжийн цонх, үүдийг хаахгүй байх, зориулалтын дагуу ашиглахад саад болохгүй байх/ бүрдүүлсний үндсэн дээр бодит байдал дээр хэрэгжих эрх юм. Нэхэмжлэгчийн хувьд граж, авто зогсоолын зориулалттай газар эзэмшдэг ба газраа хоёр хэсэг байдлаар төлөвлөн урд хэсэгт нь жижиг оврын авто машины дулаан гражийг, хойд хэсэгт нь хүнд даацын авто машины зогсоолыг барьж зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулдаг ба тус тусад нь орц, гарцыг нь төлөвлөн барьсан байдаг ба зайлшгүй шаардлагын улмаас хүнд даацын авто машины зогсоолын орц гарцыг 90 см-ээр хойд талруу нь сунгасан. Гэтэл хариуцагчаас иргэн Ц.Юмжирдуламд газар эзэмшүүлэхдээ зөвхөн тус иргэнд маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд "дуудлага худалдааны зарчмаар" олгох ёстой газрыг уг журмыг хэрэглэлгүйгээр шууд олгож, хээрийн болон суурийн судалгаа хийлгүйгээр нэхэмжлэгч иргэн өөрийн газраа ашиглах үүднээс хаалгаа сунган барьсан асуудлыг газар дээр нь очиж судалж шийдвэрлээгүйгээс болж гуравдагч этгээд нэхэмжлэгчийн орц гарцын хаалгыг онгойлгох боломжгүйгээр хашааг барьсаар өнөөдрийг хүртэл маргаан үргэлжилж байгаа нь хариуцагч байгууллагын хариуцлагагүй хууль зөрчсөн үйлдлээс шууд хамааралтай шийдвэр болсон гэж үзэж байна. Хариуцагч байгууллагын гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэрийг гаргахтай холбоотой нотлох баримтуудыг харахад илт хуулийг зөрчиж, хууль бусаар газар эзэмшүүлсэн нь нотлогдож байхад үүнийг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй, газартай чинь давхцаагүй л бол хууль ёсоор эсхүл хууль бусаар газар эзэмшсэн эсэхээс үл хамаарч эрх тань зөрчигдөхгүй гэх дүгнэлтийг хийж байгаа нь хариуцагч байгууллагын хууль бус шийдвэрийг хамгаалсан, хуулийн өмнө эрх тэгш байх, шүүхээр эрхээ хамгаалуулах, газраа зориулалтын дагуу ашиглах тэрхүү эрхүүдийг алдагдуулж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс иргэн Ц.Юмжирдулам гадаад улсад байхдаа газар эзэмших хүсэлтийг яаж гаргасан, үнэхээр эзэмших хүсэлтэй байсан эсэх нь ойлгомжгүй, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд "худалдаа үйлчилгээний зориулалтаар дуудлага худалдааны журмаар" гэсэн байхад үүнийг хэрхэн хэний шийдвэрээр өөрчилж гэр бүлийн хэрэгцээнд, дуудлага худалдааны бус журмаар олгосон байдал, Инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоо төлөвлөгдсөн газарт Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх эрхтэй хуулийн зохицуулалт болон мэргэжпийн байгууллагын дүгнэлтээ тогтоогдсон эрх олгоогүй байхад өөрийн бүрэн эрхэд хуулиар олгогдоогүй шийдвэрийг гаргасан байдал, Газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, гэрээ байгуулан гэрчилгээ олгохдоо баримтлах ёстой хээрийн болон суурийн судалгаа хийх ажиллагаа хийгдээгүй байдал, Хууль зөрчсөн байдлыг нь тогтоосон мэргэжлийн байгууллагын шийдвэрийг нэр төдий биелүүлэх байдлаар бусдын эрхийг зөрчиж газар эзэмшүүлсэн байдал, Тухайн газрын ойр хавь нь бүгд үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдсөн тухайн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлээгүй байдлыг тус тус анхаараагүй, нэхэмжлэгчээс эдгээр үндэслэлүүдийг гарган тайлбарлаж байхад алинд нь ч дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хянан үзэхэд  анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж хуулийг зөв тайлбарлан нэхэмжлэлийн эхний шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх боловч “...хаалгыг сунгасан талаар нэхэмжлэгч зөвшөөрсөн ... сунгасан хэсэг нь ... маргаж байгаа хэсэгт хамаарч байхад ...” гэж дүгнэсэн атлаа “орц гарцаар чөлөөтэй нэврэх боломжтой болгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэлийн “Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/114 дүгээр захирамжийн Ц.Юмжирдуламд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх “...Ц.Юмжирдуламын эзэмших хүсэлт гаргасан газар нэхэмжлэгч Д.Лүндэгдоржийн эзэмшлийн газартай давхцаагүй байхад тус газрыг олгох эсэхийг шийдвэрлэхтэй холбоотой захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж маргах үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 316 дугаар захирамжийн Ц.Юмжирдуламд холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй...” гэж дүгнэж нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх эрхтэй, ... эрх олгогдоогүй байхад дүүргийн Засаг дарга олгосон нь хууль бус...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж аливаа захиргааны актыг хүчингүй болгох хоёр урьдчилсан нөхцлийг заасан буюу тухайн захиргааны акт хууль бус буюу  гаргасан захиргааны байгууллагын хууль бус, хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа тогтоогдох, тухайн маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг эн тэнцүү нөхцөл болгожээ.

Иймд захиргааны хэргийн шүүх нь захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянахаас гадна тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль  ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг шалгаж тогтоон, хэрэв нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй, түүнчлэн тус актыг хүчингүй болгосноор сэргэх эрх, ашиг сонирхол нь тодорхойгүй бол маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй юм.

Хавтаст хэрэгт авагдсан Налайх дүүргийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийг шинэчлэн баталгаажуулах, шилжүүлэх эрх олгох тухай” 136 дугаар захирамж[1], уг захирамжийг үндэслэн гарсан 2004 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 0001603 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ[2] зэрэг нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Лүндэгдоржид Налайх дүүргийн 2 дугаар хороо 48 дугаар байрнаас 22 м зайд байрлах талбайг граж, автомашины зогсоолын зориулалтаар эзэмшүүлсэн шийдвэрт газрын хэмжээ нь 560 м.кв гэж заасан байх боловч эзэмших эрхийн гэрчилгээнд эзэмших газрын хэмжээг нэмэгдүүлж 1514.04 м.кв талбай бүхий газар эзэмшихээр заасан байна.

Нэхэмжлэгч болон хариуцагчаас хэрхэн ямар шалтгааны улмаас газрын хэмжээг ийнхүү нэмэгдүүлж эзэмшүүлэх болсон талаар тайлбарлаагүй, холбогдох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

Гэвч хэргийн оролцогчид эзэмшил газрын давхацлын талаар маргаагүй буюу гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн энэхүү газар эзэмших эрхтэй нь холбогдуулан бие даасан шаардлага гаргаж маргаагүй  байх тул энэ талаар шалгаж тодруулаагүй, дүгнээгүй гэж шүүхийг буруутгах үндэсгүй юм.

Хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/114 дүгээр захирамжаар Налайх дүүргийн 2 дугаар хороо, Жаргалант 2-30 тоот хаягт байрлах 330 м.кв талбайг гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан Ц.Юмжирдуламд эзэмшүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийг зөрчөөгүй, тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байна. Тодруулбал,

Газрын тухай хуулийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.2-д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” 20.2-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-д  “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэж тус тус хуульчилжээ.

Дээрх хуулийн заалтуудаас үзвэл дүүргийн Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд “Иргэн, хуулийн этгээдэд тухайн жилд эзэмшүүлэх газрын хэмжээ, зориулалт”-ыг зааж баталсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн дагуу иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 0,07 га-гаас илүүгүй талбайг эзэмшүүлэх эрхтэй байна.  

Хавтаст хэрэгт Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “...2-р хороо, 48 дугаар байрны хажууд, амины орон сууцны зориулалтаар иргэн Юмжирдуламд 0.033 га талбай...” гэж тэмдэглэгдсэн “Налайх дүүргийн газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөө батлах тухай” 13/60 дугаар тогтоол[3], Ц.Юмжирдуламын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн  Газар эзэмшихийг хүссэн өргөдөл[4], Ц.Юмжирдуламын эзэмшил газрын байршлын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн кадастрын зураг[5], Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “...2 дугаар хороо, Жаргалант 2-30 тоот хаягт байрлах 330 м.кв талбайг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар Ц.Юмжирдуламд эзэмшүүлсэн “Газар эзэмших эрх олгох тухай” А/114 дүгээр захирамж[6], Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “...иргэн Д.Лүндэгдорж, ... иргэн Ц.Юмжирдуламын эзэмшлийн газрын кадастрын зургийн солбицлууд ... хоёр нэгж талбар ... хоорондоо давхцалгүй ...” гэх 2/1665 дугаар албан бичиг[7] зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга нь Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2016 оны дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/114 дүгээр захирамжаар иргэн Ц.Юмжирдуламд 0,07 га-гаас илүүгүй талбайг буюу 0.033 га газрыг эзэмшүүлж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцуулаагүй, хариуцагч Газрын тухай хууль зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй, тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул “эзэмшил газартаа чөлөөтэй нэвтрэх боломжгүй болсон...” гэх үндэслэлээр гуравдагч этгээд Ц.Юмжирдуламын газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн “...орц, гарцыг чөлөөлүүлж, чөлөөтэй нэвтрэх боломжтой болгохыг хариуцагчид даалгах” шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх “...хаагдсан гэх том оврын ачааны машин орох зориулалттай хаалга нь нийт 5.7 м хэмжээтэй, үүнээс 90 см нь Ц.Юмжирдуламын эзэмшлийн газрын хашааны ард орсон байрлалтай байна. Уг хаалгыг сунгасан талаар нэхэмжлэгч тал зөвшөөрсөн бөгөөд сунгасан хэсэг нь хаагдсан гэж маргаж байгаа хэсэгт хамаарч байхад Ц.Юмжирдуламд газар эзэмшүүлсний улмаас эрх нь зөрчигдсөн гэж маргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд эзэмшлийн газартаа чөлөөтэй нэвтрэх эрхийг хязгаарласан гэх тайлбар үндэслэлгүй байна...” гэж бодит байдлын талаар дүгнэлт хийсэн атлаа хариуцагч Налайх дүүргийн Засаг даргад энэ талаар даалгах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийлгүй “...нийтийн эрх зүйн маргаанд үл хамаарч байх тул ... захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус ...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн тус шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Анхан шатны шүүхийн “...тус сунгасан тал нь одоо талуудын маргаж буюу хаагдсан хэсэгт хамаарч байгаа...” гэх дүгнэлт нь хэрэгт авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “...хоёр нэгж талбарыг давхцуулж үзэхэд хоорондоо давхцалгүй байгаа болно...” гэх 2/1665 дугаар албан бичиг[8], тус албан бичгийн хавсралт Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2015 оны “...давхцалгүй...” гэж тэмдэглэгдсэн архивын зураг[9], шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэх үзлэг[10], шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй”, 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Лүндэгдорж нь эзэмшил газраа автомашины зогсоолын үйл ажиллагаа явуулах, гуравдагч этгээд нь эзэмшил газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж, ашиглах эрхийг тус тус эдлэх эрхтэй.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь  тэдгээрийн  эзэмшил газрын хиллэсэн хэсэгт орц гарц байрлаж байгаа талаар, түүнчлэн нэхэмжлэгч анх байсан хэмжээнээс хаалгыг сунгасан, сунгасан хэсэг нь нэхэмжлэгчийн эзэмшил газрын 90 см хэсэгт орж хаагдсан гэсэнтэй маргаагүй байна. Харин нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газрын орц гарцыг сунгасан хэсэгт гуравдагч этгээд хашаа барьсны улмаас нэхэмжлэгч ямар ч орц гарцгүй болсон, орж гарах боломжгүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан нөхцөл байдал бий болсон нь тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн орц гарцыг чөлөөлүүлэх тухай өргөдөл, хүсэлтэд хариуцагч хуульд заасан хугацаанд ямар нэгэн хариу өгөөгүй, өргөдлийг шийдвэрлэх талаар аливаа үйлдэл, үйл ажиллагаа хийгээгүй “эс үйлдэхүй” гаргасан гэх нөхцөл байдал бий болоогүй буюу нэхэмжлэгч Д.Лүндэгдоржийн эзэмшил газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрх нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “эзэмшлийн орц, гарцыг чөлөөлүүлж, чөлөөтэй нэвтрэх боломжтой болгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 78 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Лүндэгдоржийн “эзэмшлийн орц, гарцыг чөлөөлүүлж, чөлөөтэй нэвтрэх боломжтой болгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                             

                                        ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

       ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

       ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ

       ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ