Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 123/2017/0020/З |
Дугаар | 99 |
Огноо | 2018-03-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 99
П.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Л.Атарцэцэг,
Шүүгчид: Г.Банзрагч,
Д.Мөнхтуяа,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох.
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 123/ШШ2017/0026 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2017/0833 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч П.Ц, өмгөөлөгч С.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, өмгөөлөгч А.М, Г.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 123/ШШ2017/0026 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 33 дугаар зүйлийн 33.4, 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П.Ц-ийн Зуунмод сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2017/0833 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0026 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 39 дүгээр зүйлийн 39.6-д заасныг баримтлан П.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгон, П.Ц-ийг урьд эрхэлж байсан Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл буюу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 7,711,740 /Долоон сая долоон зуун арван нэгэн мянга долоон зуун дөч/ төгрөгийг нэхэмжлэгч П.Ц-т олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. “...Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруү тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн тухайд:
4. Магадлалын хянавал хэсэгт “Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолоор дүгнэлт гаргаж сумын Засаг дарга нь жинхлэн томилжээ. Тухайн үед хэн нэгэн этгээд уг шийдвэртэй маргаагүй байна гээд тус салбар зөвлөл нь ...11 сарын дараа ... 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан журмын 14а-д заасныг зөрчсөн гэж дүгнэн 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож, Засаг даргын Тамгын газрын даргын томилгоог хууль тогтоомжид нийцүүлж ажиллахыг Зуунмод сумын Засаг даргад зөвлөжээ” гэсэн нь Төрийн албаны салбар зөвлөл тогтоолоо хүчингүй болгосон нь буруу гээд байгаа юм уу, тухайн үед хэн нэг нь гомдол гаргах ёстой байсан гээд байгаа юм уу ойлгомжгүй, давж заалдах шатны шүүх хурлын үеэр хариуцагчийн өмгөөлөгч Засаг даргын Тамгын газрын даргын томилгоо хуульд нийцэж байгаа эсэх талаар салбар зөвлөлд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 05/708 тоот албан бичиг хүргүүлсэн гэдгийг хэлсэн Салбар зөвлөл өөрийн гаргасан тогтоолоо хянаж үзээд дахин тогтоол гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “....сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэсэн, мөн хуулийн 17.3-д “...төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэсэн зохицуулалтын хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах” журмын 14а-д заасныг зөрчиж, үйлчилгээний албан тушаалтныг сонгон шалгаруулалт хийлгүй дүгнэлт гаргаж томилсон нь буруу байна гэж үзэн мөн журмын ...38, 44 дэх заалтад заасан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахтай холбоотой маргааныг зөвхөн Төрийн албаны салбар зөвлөл шийдвэрлэх эрхийн хүрээнд тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.
5. Тэгэхээр энэ тогтоолыг үндэслэн ажлаас чөлөөлсөн захирамж гарсан нь хууль зөрчөөгүй. Цаашлаад нэхэмжлэгч уг захирамжийг хүчингүй болгуулахаар Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан, салбар зөвлөлөөс захирамжийг хууль зөрчсөн шийдвэр гэж үзэхгүй байгаа талаар 2017 оны 4 дүгээр сарын 21-ний 102 дугаар албан бичгээр хариу өгсөн. Давж заалдах шатны шүүх дээрх үйл баримт, холбогдох хууль, журмыг хэрэгжүүлсэн байдалд үнэлэлт, дүгнэлт хийлгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
6. Магадлалын 2 дугаар хуудсанд П.Ц нь төрийн жинхэнэ албан хаагчийн зорилт чиг үүргийг хангаж мэдлэг боловсрол, туршлага шаардлага хангаж, ажил үүргээ хуулийн дагуу гүйцэтгэж байсан уу үгүй гэдгийг шүүхэд гаргасан тайлбарт тодорхой бичсэн. 2016 оны 11 дүгээр сард Аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгээр хангалтгүй дүгнүүлсэн нь төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, арга зүйн удирдлагаар хангаж ажиллаагүй. Тус үзлэгээр 2016 оны шилжих үлдэгдлээс 18,194,727 төгрөгөөр сумын ЗДТГазар болон багуудын хэрэгцээнд зориулж компьютер, тоног төхөөрөмж зэрэг 10 нэр төрлийн бараа худалдан авахаар тусгасан ч худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, тогтоолоор батлагдсан хөрөнгө болон үнийн дүнг дур мэдэн өөрчлөлт оруулж, 18,194,727 төгрөгөөр худалдан авалт хийх байсан ч гүйцэтгэл нь 20,916,900 төгрөгийн худалдан авалт хийж батлагдсан төлөвлөгөөнөөс 2,722,173 төгрөгийг илүү зарцуулсан. Төсвийн тухай хуулийн 6.4.1, 24.4-д заасныг зөрчсөн Төв аймаг дахь Аудитын газрын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ҮАГ-наг /2016/ 04/ НА-55-234 тоот албан шаардлага ирүүлсний дагуу төсвийн шууд захирагч П.Ц нь Шилэн дансны тухай 10.1-ийг зөрчсөн зэрэг зөрчил дутагдал гаргасан. Төрийн үйлчилгээний болон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд шударга бусаар томилогдон ажиллаж байгаа нь хууль зөрчөөгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэдэг нь нэг талыг барьсан шийдвэр гарсан байна гэж үзлээ.
7. Магадлалд “зөвлөлийн тогтоол нь ...П.Ц-ийг албан тушаалаас чөлөөлөхийг даалгаагүй байхад ...чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба тогтвортой байх зарчимд нийцээгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагч нь энэ хуулийн 25, 26.1.3-д зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халагдахгүй байх баталгааг зөрчсөн байна” гэж хянажээ. Маргааны гол үйл баримт нь Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд хууль дүрэм журмын дагуу томилогдсон уу үгүй юу гэдэгт оршиж байгаа. Хариуцагч талаас П.Ц-ийг анх томилогдоход гаргасан Төрийн албаны салбар зөвлөлийн 06 дугаар тогтоол нь хууль, журмаа зөрчсөн байна гэдгийг шалгаж тогтоон, түүнийг хүчингүй болгосон салбар зөвлөлийн 44 дүгээр тогтоол ирүүлснээр сонгон шалгаруулалтгүй хууль бусаар томилогдсон нь тогтоогдсон учраас анхнаас хууль бус тогтоолыг үндэслэн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдсон нь хууль зөрчсөн байна гэж үзэж захирамж гаргасан болохоос төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой халж байгаа асуудал биш учраас давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалтуудыг хэрэглэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
8. Магадлалд “Төрийн албаны салбар зөвлөлийн 44 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байх тул Б/02 дугаар захирамжийг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д “Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэж заасанд нийцсэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ” гэсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн ЗХШХШТХ-ийн 106.2-т нийцсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг үгүйсгэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны салбар зөвлөлийн 06 дугаар тогтоолоо хүчингүй болгосон 44 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байгаа, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д зааснаар албан тушаалтан түүнийг биелүүлэх үүрэгтэй энэ үүргээ биелүүлсэн нь яагаад нийцэхгүй гэж үзэх болов, энэ тохиолдолд хууль зөрчсөн байх үндэслэл харагдахгүй байна.
9. Мөн “...салбар зөвлөлийн тогтоолын агуулга, хууль зүйн үндэслэлийг шалгаагүй атлаа П.Ц-ийг “хуульд заасан шаардлага хангаж, албан тушаалд томилогдсон гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэн, П.Ц-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байна” гэсэн нь буруу дүгнэлт болжээ. Учир нь, нэхэмжлэгч салбар зөвлөлийн тогтоолд гомдол гаргаагүй, гаргах хугацаа нь хэтэрсэн, энэ тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байхад өөр ямар дүгнэлт гаргах юм бэ, анхнаасаа хууль зөрчиж томилогдсон тул түүний эрх ашиг сонирхол нь хөндөгдөх үү хөндөгдөөгүй гэж үзэх үндэслэл бүрэн байна.
10. Магадлалд салбар зөвлөлийн 44 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэлийг шалгасан нь уу, шалгаагүй байж “...06 дугаар дүгнэлт, хэрэгт авагдсан материалууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзвэл П.Ц нь тухайн албан тушаалын шаардлагыг хангаагүй гэж үзэхээргүй байна” гэсэн нь хүчингүй болгосон тогтоолд дүгнэлт өгсөн бололтой, цаашлаад хэрэгт авагдсан ямар материалаар, хэргийн оролцогч хэн хэний ямар тайлбараар албан тушаалын шаардлагыг хангаад байгаа гэдэг нь ойлгомжгүй үндэслэлгүй байна.
11. Магадлалд гуравдагч этгээдийн томилгооны асуудлыг дурджээ. Түүнийг хэрхэн томилсон, сонгон шалгаруулалт хийсэн нь үү үгүй юу, Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол гарсан нь уу үгүй юу гэдэг асуудал энэ гомдолд хамааралтай юу үгүй юу, давж заалдах шатны шүүх ЗХШХШТХ-ийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасан “...гомдлын хүрээнд хянан шийдвэрлэх ...үүрэгтэй” байтал гомдолд дурдагдаагүй асуудлаар “...Б.Б-ыг ...томилсон байх бөгөөд мөн дээрх журмын “...төрийн албаны нөөцөөс мөн 2-оос доошгүй хүний нэрийг ...дэвшүүлнэ” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна” гэсэн нь хууль хэрэглээний алдаатай бөгөөд дараагийн томилгооны асуудал хууль зөрчсөн гэж үзвэл хэн нэг нь гомдол гаргах эрхтэй. Гэхдээ хавтаст хэрэгт Төрийн албаны салбар зөвлөлөөс гуравдагч этгээдтэй холбоотой дүгнэлт, холбогдох материал авагдсан байтал итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шаардлага хангасан, гуравдагч этгээд сая томилогдсон нөөцөд бүртгэлтэй гэх тайлбаруудаар журмыг зөрчөөгүй гэсэн байхад эсрэгээрээ тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй алдаатай дүгнэлт болсон байна. Нэхэмжлэлийн гол шаардлага болох Б/02 дугаар захирамжтай хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасан нь хууль зөрчиж байна.
12. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2017/0833 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 123/ШШ2017/0026 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
13. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
14. Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар ...Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр тогтоолыг тус тус баримтлан, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам зөрчсөн тухай Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрийг үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Ц-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
15. Нэхэмжлэгч П.Ц нь дээрх, сумын Засаг даргын 2017 оны Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий захиргааны акт хуульд нийцээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
16. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 44 дүгээр тогтоолд “Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт “П-ын Ц нь ...төрийн жинхэнэ албан хаагч тул Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилон ажиллуулах боломжтой гэж дүгнэсүгэй” гэсэн нь ...“Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14.а дахь заалтыг зөрчиж байгаа тул уг тогтоолыг хүчингүй болсонд тооцож, Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргын томилгоог холбогдох хууль тогтоомжид нийцүүлж, Төрийн албаны тухай хууль болон дүрэм, журмыг нэг мөр хэрэгжүүлж ажиллахыг” Зуунмод сумын Засаг даргад зөвлөсөн байна.
17. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөхөөр хуульчилжээ.
18. Мөн “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14-ийн а/-д “Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, төрийн жинхэнэ албан тушаалд бэлтгэгдсэн байдал, мэргэшлийн түвшингээр нь 2-оос доошгүй хүнийг сонгон шалгаруулж, Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн албан тушаал дэвшүүлэх замаар уг орон тоог нөхөж болно” гэж заасан байна.
19. Гэтэл хариуцагчаас дээрх хууль болон журмын заалтуудыг зөрчиж, төрийн албан тушаалын сул орон тоонд төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, төрийн жинхэнэ албан тушаалд бэлтгэгдсэн байдал, мэргэшлийн түвшингээр нь 2-оос доошгүй хүнийг сонгон шалгаруулж, салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн албан тушаалд томилох байтал 2-оос доошгүй хүнээс сонгон шалгаруулалт явуулахгүйгээр аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны даргаар ажиллаж байсан П.Ц-ийг тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн “төрийн жинхэнэ албан хаагч тул Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилон ажиллуулах боломжтой” гэсэн дүгнэлтийг үндэслэн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилж хууль зөрчсөн байна.
20. Түүнчлэн хариуцагч нь Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 44 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, нэхэмжлэгч П.Ц-ийг сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар ажлаас нь чөлөөлсөн байтлаа гуравдагч этгээд Б.Б-ыг тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр, мөн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар түр, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар жинхлэн томилсон нь дээрх журмын 14-ийн б/-д заасан “энэ журмын 14-ийн “а”-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс тухайн албан тушаалд тавих шаардлагыг харгалзан 2-оос доошгүй иргэнийг сонгон шалгаруулж, Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн уг орон тоог нөхөж болно” гэснийг зөрчжээ.
21. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд Б.Б урьд нь тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2013 онд ажлаасаа чөлөөлөгдөн хувийн хэвшилд ажиллаж байсан, түүний удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй байх 2 жилийн хугацаа дуусгавар болсон, нөөцөд бүртгэлгүй болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Б.Б Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 14 дүгээр зүйлийн б/-д заасан нөөцийн жагсаалтад бүртгэлтэй байх, 2-оос доошгүй иргэнийг сонгон шалгаруулж томилох зохицуулалтыг зөрчин томилогдсон нь тогтоогджээ.
22. Иймд давж заалдах шатны шүүхийн “маргаан бүхий албан тушаалд хууль зөрчиж Б.Б-ыг томилсон нь “... шударга ёс, тэгш байдлыг хангах” төрийн албаны үндсэн зарчимд нийцээгүй” гэж дүгнэн, нэхэмжлэгч П.Ц-ийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий Засаг даргын Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
23. Цаашид хариуцагч нь Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 44 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхдээ маргаж буй ажлын байранд томилогдох этгээдийг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл болон Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамд нийцүүлэн сонгон шалгаруулж, томилоход шүүхийн энэ тогтоол саад болохгүйг тэмдэглэж байна.
24. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2017/0833 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА