Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2016/00665

 

Л.Пүрэвжавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар шийдвэртэй,

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаар магадлалтай,

Л.Пүрэвжавын нэхэмжлэлтэй

Хөвсгөл аймгийн “Хөвсгөл-Ус чандмань” ОНӨҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 1 362 420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1988 оноос Нийтийн аж ахуйн үйлчилгээнд 27 жил ажиллаад 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байранд архи уусан гэж ажлаас халагдсан. Ажлаас халсан тушаалыг 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр авч, даргаас уучлалт гуйгаад уулзахад цагаан сарын дараа ир, ажлын орон тоо байхгүй гэсэн. Би эхнэртэйгээ очиж уулзсан ч намайг ажилд авахгүй гэсэн. Би даргыг намайг ажилд авчихаасай гэж бодсон. Тэгээд 2 дугаар сард эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаж 2 сар шахуу болж, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр материалаа аваад тухайн өдрөө, мөн оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд хандахад тус тус хүлээн авахаас татгалзаж, мөн сарын 24-ний өдөр 1180 дугаартай захирамжаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хангаж, мөн сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтээ шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн. Намайг олон дахин архи уусан, сануулга өгсөн гэж байгаа ч би сануулга аваагүй бөгөөд ажлын байранд архи уусан болохоор тэгж бичсэн байх. Байгаль намайг 07, 08, 09 дүгээр сард архи уусан гэж байсан. Би 8 сард амарч байсан төдийгүй, надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хирнээ байгуулсан гэж гарын үсэг дууриалган зурсан байсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр миний гарын үсэг биш болох нь тогтоогдсон. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамтай ажлаас халагдсаны дараа танилцсан. Миний ажлын хуваарь 24 цаг ажиллаад 48 цаг амардаг, 3 ээлжээр ажилладаг. 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 9 цагт ээлжээсээ буусан, 01 дүгээр сарын 12, 13-ны өдөр амрах ёстой байсан. 01 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ амарч байтал 11 цагт цуглаарай гэж 4 дүгээр халуун усны касс Байгаль над руу ярьсан. 10 цаг өнгөрч байхад очтол бид нараар гадна, дотно цэвэрлэгээ хийлгэсэн. Цэвэрлэгээг 15 цагт дуусгаад гэртээ харихын өмнө машинист М.Баяраа, П.Нямдаваа нартай нэг шил архи хувааж уугаад харьсан. Гэтэл касс Байгаль энэ талаар удирдлагад хэлсэн байсан. Намайг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 20 дахь заалтыг үндэслэн 4 дүгээр халуун усны машинстын ажлаас чөлөөлсөн. Надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажлаас чөлөөлнө гэж заасан заалтыг зөрчсөн. Би хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэдэгт ямар зөрчлийг тооцох талаар юу бичсэнийг одоо болтол мэдээгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 20 дахь заалтыг зөрчсөн гэсэн нь ямар зөрчил гаргасан талаар тодорхойгүй байгаа учир тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн нь буруу. Надтай хөдөлмөрийн гэрээг 2014 онд жолооч байхад минь байгуулж байсан. Харин халуун усны машинстын ажилд томилохдоо гэрээ байгуулаагүй. Миний архи уусан нь буруу ч гэсэн намайг ажлаас халахаас өөр сахилгын арга хэмжээ авч болох байсан. Би байнга архи уудаггүй. Би “Хөвсгөл-Ус чандмань” ОНӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүнээр 2014 оны 03 дугаар сард сонгогдсон, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн нь болон сонгосон хамт олны нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно гэж заасан. Гэтэл хариуцагч нь намайг сонгосон хамт олны зөвшөөрөлгүйгээр захиргааны санаачилгаар ажлаас халсан нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн явдал болсон. Би хамт олонтойгоо ярилцмаар байна гэхэд хуралдаж өгөөгүй юм. Би анх шүүхэд 4 дүгээр халуун усны машинстын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1 362 420 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны 10 сар 10 хоногийн цалинтай тэнцэх олговор 5 222 720 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Пүрэвжав нь манай байгууллагын харьяа 4 дүгээр халуун усны газрын халаалтын зууханд машинистаар ажиллаж байсан. 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу халуун усны бүх ажилчид сард ажиллах болон их цэвэрлэгээ хийх батлагдсан графикийн дагуу их цэвэрлэгээ хийж байх үедээ Л.Пүрэвжав хамт ажилладаг машиннистуудтай уурын зуухны ажлын байранд архи ууж, танхайран халуун усны эрхлэгч Байгалийг хэл амаар доромжилж, шаардлага тавихад биед нь хөнгөн гэмтэл учруулж, Цагдаагийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн төдийгүй согтолтын хэмжээ 1.84 хувь байсан, хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журам зөрчсөн учир Үйлдвэрчний хорооны тэргүүлэгчийн хувьд ажлаас халах саналыг Үйлдвэрчний хорооны гишүүдээс авч олонхийн саналыг үндэслэн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б-04 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Л.Пүрэвжав нь энэ байгууллагад олон жил ажилласан нь үнэн ч намайг ажилласнаас хойш удаа дараа архи уудаг. Амьдралын хувьд олон хүүхэдтэй. Би тушаалаар ч, амаар ч архи битгий уу гэж хэлж байсан. Л.Пүрэвжав согтуу байна гэдэг, би дуудаад хэлдэг. Гэтэл Л.Пүрэвжав нь би үе үеийн дарга нарын хажууд архи уудаг байсан, уух ч болно гэж хэлсэн байдаг. Би хууль зөрчөөгүй, манай байгууллага ажилчдыг өөр ажилд томилохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Л.Пүрэвжав хөдөлмөрийн гэрээг надтай байгуулж гарын үсэг зурсан мөртлөө миний гарын үсэг биш гэдэг юм. Би хүмүүсийг аль болох хохироохгүй байхыг боддог, олон ч хүн ажилладаг учраас аль болох зохицуулдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар нэхэмжлэгч Л.Пүрэвжавын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б-04 тоот тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Пүрэвжавыг Хөвсгөл аймгийн “Хөвсгөл-Ус чандмань” ОНӨҮГ-ын харьяа 4 дүгээр халуун усны газрын халаалтын зуухны машиннстын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймгийн “Хөвсгөл-Ус чандмань” ОНӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3 642 300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Пүрэвжавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 580 420 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Пүрэвжавын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн “Хөвсгөл-Ус чандмань” ОНӨҮГ-т даалгаж шийдвэрлэжээ.

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаар магадлалаар Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...цалин хөлстэй тэнцэх олговор 3 642 300...” гэснийг “...5 611 505...” гэж өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаас “...1 580 420...” төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг хасаж, шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...106 676 төгрөг гаргуулж...” гэснийг “...122 567...” төгрөг гаргуулж, гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн “Хөвсгөл-Ус Чандмань” ОНӨҮГ-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 226 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Манайх 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б-04 тоот тушаалаар тус байгууллагын харьяа 4-р халуун усны газрын машинист ажилтай Л.Пүрэвжавыг ажлаас чөлөөлсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн байгууллагын дотоод журамын 20-р зуйлийг баримтлан ажлаас халсан бөгөөд шүүхийн шиидвэрт байгууллагын дотоод журмын аль үндэслэлийг барьж ажлаас халсан нь тодорхойгүй гэжээ. Байгууллагын дотоод журмын 20-р зүйлд хөдөлмөрийн гэрээ цуцлах холбогдох тооцоо хийх тухай заасан бөгөөд 20.2.1-д ажлын байранд буюу ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн тохиодолд ноцтой зөрчилд тооцно гэж заасан. Манайх тайлбар гаргаж, гэрчүүдийн мздэгдэл, цагдаагийн газрын согтууруулах ундаа хэрэглэсэн дүгнзлт, мөн өөрөө ажлын байран дээр архи уусанаа хүлээн зөвшөөрсөн байдал зэрэг нь ажлын байран дээрээ архи уусан ноцтой зөрчил гаргасныг нотлож байхад байгууллагын дотоод журмын аль заалтыг барьж халсан тодорхойгүй гэх мөн хөдөлмөрийн хуулийн заалт буруу ашигласан гэх зэрэг нь хуулийг буруу тайлбарлаж байна. Л.Пүрэвжав нь удаа дараалан ажлын байран дэзр архи ууж алдаа дутагдал гаргаж байсныг хамт ажилладаг Э.Байгаль, Л.Баасанцэцэг нар нотолж байсан бөгөөд үүнийг гэрчлэх кассуудын ажил хүлээлцэх дэвтэрийг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Нэхэмжлэгчид сахилгын арга хэмжээ авч байсан тухай баримтаар өгсөн. Халуун усны халаалтын зуухны машинист гэдэг бол хариуцлагатай анхаарал болгоомж их шаардсан ажил бөгөөд архи уусан хүн ажил үүргээ гүйцэтгэж байгаад бэртэж гэмтэх, түлэгдэх, нам даралтын тогоог дэлбэлэх цаашлаад амь насаа алдах магадлалтай. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг буруу ашигласан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Л.Пүрэвжав нь ажлаас халагдсан учраас 2015 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ надтай гэрээ байгуулаагүй, би хөдөлмөрийн гэрээнд байдаг ноцтой зөрчил гэж юу байдгийг мэдэхгүй гэх зэргээр зүтгэж байна. Л.Пүрэвжав нь 2014 онд мөн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд нийгмийн даатгалын төлөлт, дэвтэрийн бичилт цалингийн жагсаалт зэргээр нотлогдоно. 2014 оны хөдөлмөрийн гэрээний зүйл заалт өөрчлөгдөөгүй. Тус хөдөлмөрийн гэрээнд ажлын байранд ямар зөрчил гаргавал ноцтой зөрчилд тооцох тухай тодорхой тусгасан бөгөөд дахин сунгагдсан гэж үзэх боломжтой тухай магадлалд үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ямар ч хуульд ажлын байрандаа архи уусан ажилчныг ажиллуулах тухай заалт байхгүй тул дахин хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч “Хөвсгөл-Ус чандмань” ОНӨҮГ-т холбогдох халуун усны машинистын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах Л.Пүрэвжавын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт ажилтанд олгох олговрын хэмжээнд   зохих өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцжээ.  

2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажлын байран дээр бусадтай архи уусан Л.Пүрэвжавын үйлдлийг зөвтгөх үндэслэл байхгүй боловч ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг ажилтантай бичгээр байгуулж, гэрээг цуцлах үндэслэлд хамаарах ноцтой зөрчлийг тохироогүй явдал сахилгын шийтгэл ногдуулах боломжгүйд хүргэсэн байх тул дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б-04 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т  нийцээгүй талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Түүнчлэн тушаалд заасан Хөдөлмөрийн дотоод журам нь тушаал гарснаас хойш буюу 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр батлагджээ.

Анхан шатны шүүх ажилтны нэг сарын дундаж цалинг буруу тогтоосныг давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн яамны сайдын дундаж цалин хөлс тодорхойлох 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот журамд нийцүүлэн тогтоож, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв болжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдаа гаргаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвбаатарын хяналтын журмаар гаргасан  гомдлыг хангах боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвбаатарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА