Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/01831

 

          

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Б.Азбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:С.... дүүрэг, .... тоот хаягт оршин суух, регистр ...., Б.... овогт Н.....н А...,

Хариуцагч:Б.... дүүрэг, .... тоотод оршин суух, регистр ..., Н... . овогт П....ын Ө...,

Нэхэмжлэлийн шаардлага:Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тул олон нийтийн хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О..., өмгөөлөгч Э.Б..., хариуцагч П.Ө..., өмгөөлөгч З.Б...., Ё.Т...., иргэдийн төлөөлөгч Б.Б...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.А... нь хариуцагч П.Ө...д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тул олон нийтийн хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:

П.Ө... 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдсан Х... банктай холбогдох “Ө...” хэлэлцүүлгийн үеэр үг хэлэхдээ “...За тэгээд бид нар өнөөдөр зовлонгийнхоо шалтгааныг олохгүй, ингээд нөгөө зовлон дээрээ л бужигнаад байна л даа.Тэгээд зовлонгийн шалтгаан болбол тэр 2012 онд зохион байгуулсан хүн нь өнөөдөр өөрөө ирээгүй байх шиг байна.Тэрийг бас яагаад ирээгүй юм бол гэж бас асуумаар байна. 2012 онд анхны зээл авсан, тэгээд зээл авчхаад манай тухайн үеийн ... тэр үеийн засгийн газар биш шүү, Засгийн газар гээд л ингээд нэг эзэн биегүй юман дээр тохчхоод байгаа юм..., ...Тэгээд юу гэсэн бэ гэвэл анхныхаа зээлийг авчхаад Монгол улсын бүхэл бүтэн орчин цагийн ... юу гэж хэлсэн бэ гэх дээр бид нар зээлээ авчихлаа одоо юунд зарцуулахаа төлөвлөе өө гэж хэлсэн.Эдийн засагч хүний хувьд бол чихнээс цус гоожмоор үг байхгүй юу.Өнөөдөр тэр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд сууж байгаа нэг Должин эмээ болбол зээл авахдаа ядаж нарны элемент авъя гээд ингээд төлөвлөчихсөн зээл авдаг.Тэгэхэд бүхэл бүтэн Монгол улс ямар ч төлөвлөгөөгүй зээл авчхаад нөгөөдөх нь тэр банканд хэвтээд байдаг хүү нь гүйгээд байдаг.Сандарсандаа зам руу, Х... банк руу оруулж, ингээд зорилгогүй зээлүүдийг тараасан.Зориулалтын бус зээлүүд их тараасан.За энэ болбол бидний зовлонгийн шалтгаан, зовлонгийн шалтгаан нь бол шулуухан хэлэхэд А... гэж хүн 2012-2012 оны хооронд дэлхийд байхгүй банк санхүүгийн эдийн засгийн хэрэгсэл ашиглаад ингээд засгийн газрын тогтоол гаргаад, Улсын их хурлаас ерөөсөө зөвшөөрөл аваагүй, Засгийн газрын тогтоол аваад нөгөө хамаатан садан, найз нөхдөө тараагаад дуусгасан байхгүй юу, намын нөхдүүдээ төлөвлөгөөгүй зээл, түүний зарцуулалт болбол одоо бид нарын, одоо тэр зовлонгийн шалтгаанаар үүдэлтэй илэрч гарч байгаа илэрц нь гарч байгаа.Энэ бол зориуд хийсэн том луйвар...”,

Мөн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан Улсын Их Хурлын Ерөнхий хяналтын сонсгол дээр хэлсэн үг ...Бонд гаргах тухай Улсын их хурлын 52 дугаар тогтоол 2012 оны 10 сард батлагдсан байдаг.Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, төрийн гурван өндөрлөг байгаа.Энэ маань үнэт цаасны талаар авах арга хэмжээг бас 12 сард гаргасан.Бондын зөвлөл 12 сарын 15-нд байгуулагдсан тухайн оных.Тэгээд бондын зөвлөл нь яадаг вэ гэхээр одоо ингэж байгаа юм.Манай тухайн үеийн бүх энэ институцийг хэн удирддаг вэ гэвэл тухайн үеийн эрх баригч намын дарга А....Би түрүүчийн хурал дээр хэлсэн.Энэ хүн бүгдийг нь найруулсан, хамгийн буруутан нь бол энэ хүн.Тэгээд энэ бүх институцээ намын бодлогоороо ч тэр, төрийн бодлогоор ч тэр уяж байгаа шүү дээ.Улсын их хурлаа ч базаж байгаа.Тэгээд бондын зөвлөл гэж юм байгуулсан юм.Үнэндээ энэ Х... банкны чинь зээл гаргалт бүх юмыг нь үндэсний  аюулгүй байдлын зөвлөмжид биелэлтийг хангах нэрээр бондоос санхүүжих зээл, зээлдэгчдийн шалгуурыг бол бондын зөвлөл нь шийдэж байсан байгаа шүү дээ.Тэгээд одоо өнөөдөр А... гуай зарим юмнууд дээр ярьж байна лээ.Төрийн банкны удирдлага гээд нөгөө хэдэн томилсон залуучууд руугаа.Одоо түрүүний слайд дээр Х... банкнаас үзүүлэв үү, хаанаас үзүүлсэн.Аль захирлын үед хамгийн их чанаргүй зээл олгогдсон бэ гэсэн пароболынх нь орой дээр нь А... гишүүний одоогийн, тухайн үеийн А... ... томилсон хүн л байж байгаа.Тэгээд энэ талаар бид нар ерөөсөө ярихгүй юм.Нөгөө зовлонгийн шалтгааныг нь ерөөсөө олохгүй байна...” гэж худал, үндэслэлгүй мэдээ мэдээлэл олон нийтэд удаа дараа тарааж Н.А... миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг улс төрийн зорилготойгоор гутаасан.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, 21.9-д “Энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана”, 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 511.1-т “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ”, 511.2-д “Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно” гэж тус тус заажээ.

Иймд 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдсан Х... банктай холбогдох “Ө...” хэлэлцүүлэг болон 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Улсын Их Хурлын Ерөнхий хяналтын сонсгол дээр тус тус үг хэлэхдээ миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг удаа дараа гутаасан худал, үндэслэлгүй мэдээ мэдээлэл тараасан П.Ө...д уг мэдээллийг тараасан олон нийтийн хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болох Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т тодорхойлсон нэр, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд нь тусдаа агуулга бүхий ойлголтууд бөгөөд хариуцагч алийг нь ямар үндэслэлээр зөрчсөн гэж тодорхойлж буй нь ойлгомжгүй байна.Мөн нэхэмжлэлд дурдсан 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн “Ө...” хэлэлцүүлэг, 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Улсын Их Хурлын хяналтын сонсгол" дээрх тус тус хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгийг бичсэн байх ба үүнээс аль хэсэг нь нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нь ойлгомжгүй байна.Мөн 2012 оны 8 сараас 2014 оны 10 сарын хугацаанд Н.А... нь Монгол Улсын ... албыг хашиж байсан бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Монгол Улсын ... нь нийтийн албан тушаалтан бөгөөд улс төрд нөлөө бүхий этгээд байх хувьдаа түүний шийдвэр, үйл ажиллагааны талаар олон нийт хэлэлцүүлэг хийх, хэлэлцэх, шүүмжлэх нь гарцаагүй.Би Н.А... гэх хувь иргэний хувийн шинж байдал, гадаад байдал, зан чанар зэргийн талаар огт дурдаагүй, яриагүй бөгөөд зөвхөн 2012 онд ... албан тушаалыг хашиж байх үеийн гаргасан шийдвэр, үйл ажиллагааны талаар улс төрийн шүүмж өгсөн бөгөөд энэ нь тухайн албан тушаалтны нэр төр, алдар хүндийг гутаасан гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байх тул үүнээс дэлгэрэнгүй хариу тайлбар өгөх боломжгүй байна.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч нь хариуцагч гэм буруугүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Нэхэмжлэгчээс нэг ширхэг CD-г шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас баримт шүүхэд өгөөгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр CD-д үзлэг хийсэн тэмдэглэл, Улсын их хурлын тамгын газраас авсан баримтууд, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг шүүх бүрдүүлсэн./хх 16-19, 27-155, 167-169/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал, үндэслэлгүй мэдээ, мэдээлэл тараасан гэх үндэслэлээр уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгах өгөхийг хүсэж байна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Би Н.А... гэх иргэний хувийн шинж байдал, гадаад байдал, зан чанар зэргийн талаар огт яриагүй, зөвхөн 2012 онд ... албан тушаалыг хашиж байхдаа гаргасан шийдвэр, үйл ажиллагааны талаар улс төрийн шүүмж өгсөн, энэ нь тухайн албан тушаалтны нэр төр, алдар хүндийг гутаасан гэж үзэхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн CD-д үзлэг хийсэн тэмдэглэл, Улсын их хурлын тамгын газраас ирүүлсэн баримтууд, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

П.Ө... нь 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдсан Х... банктай холбогдох “Ө...” хэлэлцүүлэг дээр “...За тэгээд бид нар өнөөдөр зовлонгийнхоо шалтгааныг олохгүй, ингээд нөгөө зовлон дээрээ л бужигнаад байна л даа.Тэгээд зовлонгийн шалтгаан болбол тэр 2012 онд зохион байгуулсан хүн нь өнөөдөр өөрөө ирээгүй байх шиг байна.Тэрийг бас яагаад ирээгүй юм бол гэж бас асуумаар байна.2012 онд анхны зээл авсан, тэгээд зээл авчхаад манай тухайн үеийн ... тэр үеийн засгийн газар биш шүү, Засгийн газар гээд л ингээд нэг эзэн биегүй юман дээр тохчхоод байгаа юм..., ...Тэгээд юу гэсэн бэ гэвэл анхныхаа зээлийг авчхаад Монгол улсын бүхэл бүтэн орчин цагийн ... юу гэж хэлсэн бэ гэх дээр бид нар зээлээ авчихлаа одоо юунд зарцуулахаа төлөвлөе өө гэж хэлсэн.Эдийн засагч хүний хувьд бол чихнээс цус гоожмоор үг байхгүй юу.Өнөөдөр тэр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд сууж байгаа нэг Должин эмээ болбол зээл авахдаа ядаж нарны элемент авъя гээд ингээд төлөвлөчихсөн зээл авдаг.Тэгэхэд бүхэл бүтэн Монгол улс ямар ч төлөвлөгөөгүй зээл авчхаад нөгөөдөх нь тэр банканд хэвтээд байдаг хүү нь гүйгээд байдаг.Сандарсандаа зам руу, Х... банк руу оруулж, ингээд зорилгогүй зээлүүдийг тараасан.Зориулалтын бус зээлүүд их тараасан.За энэ болбол бидний зовлонгийн шалтгаан, зовлонгийн шалтгаан нь бол шулуухан хэлэхэд А... гэж хүн 2012-2012 оны хооронд дэлхийд байхгүй банк санхүүгийн эдийн засгийн хэрэгсэл ашиглаад ингээд засгийн газрын тогтоол гаргаад, Улсын их хурлаас ерөөсөө зөвшөөрөл аваагүй, Засгийн газрын тогтоол аваад нөгөө хамаатан садан, найз нөхдөө тараагаад дуусгасан байхгүй юу, намын нөхдүүддээ төлөвлөгөөгүй зээл, түүний зарцуулалт болбол одоо бид нарын, одоо тэр зовлонгийн шалтгаанаар үүдэлтэй илэрч гарч байгаа илэрц нь гарч байгаа.Энэ бол зориуд хийсэн том луйвар...”,

Мөн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан Улсын Их Хурлын Ерөнхий хяналтын сонсгол дээр “...Бонд гаргах тухай Улсын их хурлын 52 дугаар тогтоол 2012 оны 10 сард батлагдсан байдаг.Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, төрийн гурван өндөрлөг байгаа.Энэ маань үнэт цаасны талаар авах арга хэмжээг бас 12 сард гаргасан.Бондын зөвлөл 12 сарын 15-нд байгуулагдсан тухайн оных.Тэгээд бондын зөвлөл нь яадаг вэ гэхээр одоо ингэж байгаа юм.Манай тухайн үеийн бүх энэ институцийг хэн удирддаг вэ гэвэл тухайн үеийн эрх баригч намын дарга А....Би түрүүчийн хурал дээр хэлсэн.Энэ хүн бүгдийг нь найруулсан, хамгийн буруутан нь бол энэ хүн.Тэгээд энэ бүх институци намын бодлогоороо ч тэр, төрийн бодлогоор ч тэр уяж байгаа шүү дээ.Улсын их хурлаа ч базаж байгаа.Тэгээд бондын зөвлөл гэж юм байгуулсан юм.Үнэндээ энэ Х... банкны чинь зээл гаргалт бүх юмыг нь үндэсний  аюулгүй байдлын зөвлөмжид биелэлтийг хангах нэрээр бондоос санхүүжих зээл, зээлдэгчдийн шалгуурыг бол бондын зөвлөл нь шийдэж байсан байгаа шүү дээ.Тэгээд одоо өнөөдөр А... гуай зарим юмнууд дээр ярьж байна лээ.Төрийн банкны удирдлага гээд нөгөө хэдэн томилсон залуучууд руугаа.Одоо түрүүний слайд дээр Х... банкнаас үзүүлэв үү, хаанаас үзүүлсэн.Аль захирлын үед хамгийн их чанаргүй зээл олгогдсон бэ гэсэн пароболынх нь орой дээр нь А... гишүүний одоогийн, тухайн үеийн А... ... томилсон хүн л байж байгаа.Тэгээд энэ талаар бид нар ерөөсөө ярихгүй юм.Нөгөө зовлонгийн шалтгааныг нь ерөөсөө олохгүй байна...” гэж тус тус хэлсэн байна.

П.Ө... нь 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Ө... хэлэлцүүлэг, 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хяналтын сонсголд оролцож, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй боловч хариуцагч нь өөрийн үзэл бодол, улс төрийн шүүмжийг бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгаар илэрхийлж болохгүй бөгөөд дээрх мэдээ, мэдээллээр нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 511 дүгээр зүйлийн 511.1-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, “бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ”, “бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж заасан байна.

Хариуцагч П.Ө...гийн дээрх хэлэлцүүлэг, сонсголд ярьсан өөрийн үзэл бодол, улс төрийн шүүмж нь үнэн зөв, бодит байдалд нийцсэн болохыг нотолсон баримтгүй байх бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан Улсын Их Хурлын Ерөнхий хяналтын сонсголын талаар 15 телевизээр түгээсэн, уг сонсголыг 8 цагийн турш Parliament MN фейсбүүк хуудсаар шууд дамжуулсан болох нь Монгол улсын Их хурлын тамгын газраас ирүүлсэн баримтаар нотлогдож байна./хх 143-144/

Иргэдийн төлөөлөгчийн хариуцагч гэм буруугүй гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Н.А...ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, уг мэдээ тараагдсан хэлбэрээр буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч П.Ө...д даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ө...гаас 70 200 төгрөг гаргуулан Н.А...т олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А...ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, уг мэдээ тараагдсан хэлбэрээр буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч П.Ө...д даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж Н.А...т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН

 

                    ШҮҮГЧИД                                             Б.АЗБАЯР

 

                                                                                  Т.ГАНДИЙМАА