Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/01833

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Хэнтий аймгийн ... тоотод оршин суух, регистр ..., Б... овогт Э...гийн А...,

Хариуцагч:Хариуцагч:Б... дүүрэг, ... тоотод байрлах, регистр ..., О...,

Нэхэмжлэлийн шаардлага:9 657 340 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.А... нь хариуцагч ОО...д холбогдуулан 9 657 340 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Э.Л...г 2019 оны 6 дугаар сард Австрали улсад суралцуулах зорилготой О... гэдэг байгууллагын гүйцэтгэх захирал болох Н.М...тэй гэрээ хийж сургалтын төлбөр болох 9 857 340 төгрөгийг 2019 ондоо цувуулан төлсөн.Гэвч тухайн байгууллагын гүйцэтгэх захирал Н.М... нь хүүхдийн маань визийг мэдүүлээгүй байсан.Яагаад мэдүүлээгүй талаар байгууллагын ажилтан А...гаас асуухад манай байгууллага мөнгө байхгүй гүйцэтгэх захирал Н.М... гадаад яваад ирээгүй, ирээд шийднэ гэсэн.Зарим хүүхдүүдийн материалыг виз мэдүүлэхээр өгсөн гэж байсан.Манай хүүхдийн материалыг өгөөгүй гэж хэлсэн.Ажлын газарт нь хэд хэдэн удаа очиж уулздаг байсан.Сүүлдээ нүүгээд олдохоо больсон, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Н.М...тэй уулзаж, өргөдлөө өгсөн, эхний ээлжид 2 200 000 төгрөгийг 2020 оны 4 сард багтааж өгнө, үлдэгдэл мөнгийг байгууллага мөнгөтэй болохоор буцааж өгнө гэсэн.Гэвч 4 сард 200 000 төгрөг өгөөд, үлдэгдэл мөнгийг огт өгөөгүй тул 9 657 340 төгрөгийг хариуцагч ОО...гаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:ОО... Э.А...ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд түүний хүү Э.Л... манай байгууллагын тэтгэлгээр Австрали улсад суралцахаар гэрээ байгуулж, бүртгэлийн хураамж, визний төлбөр, эрүүл мэндийн даатгалын төлбөр, орчуулга, бусад үйлчилгээний төлбөрт 2019 оны 6 сарын 26-ны өдөр 1 500 000 төгрөг, 2019 оны 8 сарын 10-ны өдөр 884 000 төгрөг, 2019 оны 10 сарын 11-ний  өдөр 4 000 000 төгрөг, 2019 оны 12 сарын 11-ний  өдөр 3 473 340 төгрөг  нийт 9 857 340 төгрөг төлсөн.Дээрх төлбөрөөс бид дараах төлбөр тооцоог холбогдох байгууллагуудад шилжүүлсэн.Үүнд:2019 оны 12 сарын 4-ний өдөр сургалтын төлбөрт 4600 австрали доллар буюу тухайн өдрийн ханшаар 8 795 200 төгрөгийг Австрали улсын Астлэй Инглиш Коллежид шилжүүлсэн, гүйлгээний шимтгэлд 62 800 төгрөг төлсөн.

Мөн Э.Л...г Австрали улсад суралцуулахтай холбоотой бусад зардал 2 454 631 төгрөг, Англи хэлний танхимын 2 сарын сургалтын төлбөр 600 000 төгрөг нийт 3 054 631төгрөгийг холбогдох байгууллага, хувь хүмүүст шилжүүлсэн, ингээд нийт 11 912 631 төгрөг манай байгууллагаас гарсан байна.Манай байгууллагаас Австрали улсын А... Коллежид бичиг баримтыг шаардлагын дагуу хүргүүлж, 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Австрали улсын Боловсролын яамнаас гадаад оюутанд олгодог Суралцуулах батламжийг хүлээн авсан юм.Харамсалтай нь 2019 оны 12 сараас 2020 оны 1 сар хүртэлх хугацаанд виз мэдүүлсэн хэд хэдэн оюутны виз татгалзсан хариу авсан бөгөөд бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас ч мөн татгалзсан хариу авч байгааг хамтын ажиллагаатай сургуулийн төлөөлөгч бидэнд анхааруулсны дагуу Э.А...т мэдэгдэж, визний өндөр эрсдэл байгааг сануулсан.Үүний оронд Филиппин улсад визгүй зорчиж, хямд зардлаар Англи хэл сурах боломжтой байгааг танилцуулсан юм.Э.А... хүүхдээ Австрали улс руу суралцуулахаа больж Филиппин улс руу суралцуулах талаар гэрийнхэнтэйгээ зөвлөхөөр болсон, Э.А...т 2 257 340 төгрөгийг өгөх боломжтой, үлдсэн 7 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс:Цагдаагийн байгууллагад 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гаргасан өргөдөл, хариуцагч байгууллагад 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гаргасан өргөдөл, ОО...гийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн “Төлбөрийн буцаалт олгох тухай” баримт, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн гэрээг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ОО...гийн дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн гүйцэтгэх захирал томилох тухай 1601 дугаар шийдвэр, Хаан банкны дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Э.Л...г Австрали улсад суралцуулахаар ОО...тай 2019 оны 6 дугаар сард гэрээ байгуулж, 9 857 340 төгрөг төлсөн боловч хүүхдийн визийг мэдүүлээгүй байсан тул үлдэгдэл 9 657 340 төгрөгийг хариуцагч ОО...гаас гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн  хүү Э.Л...г манай байгууллагын тэтгэлгээр Австрали улсад суралцахаар гэрээ байгуулж, бүртгэлийн хураамж, визний төлбөр, эрүүл мэндийн даатгалын төлбөр, орчуулга, бусад үйлчилгээний төлбөрт нийт 9 857.340 төгрөг төлсөн, 2 257 340 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх боломжтой, үлдсэн 7 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Цагдаагийн байгууллагад 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гаргасан өргөдөл, хариуцагч байгууллагад 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гаргасан өргөдөл, ОО...гийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн “Төлбөрийн буцаалт олгох тухай” баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. 

Зохигч талуудын хооронд 2019 оны 6 дугаарын 24-ний өдөр зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй ба тухайн гэрээний дагуу хариуцагч байгууллагад шилжүүлсэн мөнгийг буцаан авахаар нэхэмжлэгч шаардаж байна. 

Гэрээгээр хариуцагч байгууллага нь Э.А...ийн хүү Э.Л...г   Австрали улсад хэлний бэлтгэлд суралцахад зөвлөх үйлчилгээг үзүүлэх харилцааг зохицуулна гэжээ.

Гэрээний 1.2.1-д “зөвлөх үйлчилгээ гэж суралцагчийг хэлний бэлтгэлд суралцахад шаардлагатай бичиг баримт материалыг хүлээн авч, сургуульд бүртгүүлэх, шаардлагын дагуу баримт материалыг хянах, сайжруулах, цахим болон буухиа шуудангаар хугацаанд нь илгээх, сургуулийг урилгыг хүлээн авч, виз мэдүүлэх үйл ажиллагааг хэлнэ” гэж заасан байна.

Талуудын хооронд хийгдсэн дээрх гэрээний агуулгаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна. 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт 9 857 340 төгрөгийг ОО...д төлсөн болох нь хариуцагч байгууллагын 2020 оны 4 дүгээр сарны 6-ны өдрийн төлбөрийн буцаалт олгох тухай баримтаар нотлогдож байх бөгөөд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан саналыг хүлээн авч, Э.А...т 200 000  төгрөгийг буцаан шилжүүлсэн байна./хх 9-10/

Иймд хариуцагч байгууллагаас гэрээний төлбөрийн үлдэгдэл 9 657 340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169 468 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 169 468 төгрөгийг гаргуулан Э.А...т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч ОО...гаас 9 657 340 /есөн сая зургаан зуун тавин долоон мянга гурван зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.А...т олгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169 468 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч байгууллагаас 169 468 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ДОРЖНАМЖИН