| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/01311/И |
| Дугаар | 101/ШШ2023/02433 |
| Огноо | 2023-05-16 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2023/02433
| 2023 05 16 | 101/ШШ2023/02433
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г-д холбогдох,
Сургалтын гэрээний үүрэгт 25,594,643 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, Диплом гаргуулах, ээлжийн амралтын олговор, илүү цагийн ажлын хөлс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив, хариуцагчийн өмгөөлөгч Д.Болд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
******* МАК ХХК нь өөрийн компанид шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх үүднээс 10 жилээ төгссөн хүүхдүүдэд тэтгэлэг олгож, сургалтын гэрээгээр сургадаг. Үүнийг хариуцагч зөвшөөрч 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 485-1711 дугаартай гэрээ байгуулж, хариуцагч Оросын холбооны улсын Санкт Петрбург хотод маркшейдер инженер мэргэжлээр 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд суралцсан. Үүний дагуу бакалавр, магистраа хамгаалах зардал, ирж, очих замын зардал, эрүүл мэндийн даатгал, оюуны байрны хөлс зэргийг тэтгэлэгт өгсөн. Хариуцагчийг суралцах хугацаанд 21,894,180 төгрөгийг тэтгэлэг олгосон. Гэрээний дагуу хариуцагч сургуулиа амжилттай төгсөж ирээд компанид тогтвортой 10-с доошгүй ажил ажиллах үүрэгтэй байсан. Үүний дагуу 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс маркшейдр инженерээр ажиллаж эхэлсэн.
Хөдөлмөрийн гэрээг 2021 оны 6 дугаар сард дуусгавар болгосон. Тухайн үед тушаал, шийдвэр гараагүй, сургалтын гэрээний дагуу үлдэх төлбөрөө төлөөч гэсэн боловч ажил үүргээ хүлээлгэж өгөлгүй, ажлын байраа орхиж явсан. Бид ажилласан хугацааг нь бодоод сургалтын төлбөрийн 9,122,975 төгрөгт холбогдох хэсгээс чөлөөлсөн. Олгосон тэтгэлгийн үлдэх төлбөр 12,771,605 төгрөг байгаа. Гэрээний 7.3-т зааснаар хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхээс сайн дураар татгалзсан тул торгуулийг тухайн үеийн ханшаар тооцож 12,823,038 төгрөг гэж гаргасан. Ингээд хариуцагчаас нийт 25,594,943 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Илүү цагийн мөнгө хэдэн төгрөг нэхэмжилж байгаа. Ээжлийн амралтын олговорт хэдэн төгрөг авах үндэслэлтэй гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгч өөрөө тооцооллоо бодож нэхэмжлэлийн шаардлагаа гаргана. Түүнээс биш манай зүгээс нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг нь тооцооллож гаргах боломжгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас мөнгө гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас диплом гаргуулах шаардлагын хувьд манай байгууллагын хохирлыг барагдуулчихвал дипломыг буцаагаад өгөхөд татгалзах зүйл байхгүй гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. ******* ХХК нь тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2011 оны сургалтын гэрээг үндэслэл болгосон. Уг гэрээг ******* ХХК-ийг төлөөлж Ц.Пүрэвдорж, суралцагчийг төлөөлж батлан даагч н.Ганболд нар байгуулсан. Э.Галмандах гэрээг байгуулаагүй, түүний ах Э.Ганболд гэх хүн төлөөлөгчөөр оролцож гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор баталгаа болгож анзыг хэрэглэдэг. Иргэний хуулийн 458 дугаар зүйлд батлан даалттай холбоотой зохицуулалт байгаа. Уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл буюу үүрэг хүлээж буй Э.Галмандах нь уг гэрээнд оролцож гарын үсэг зураагүй, гэрээний нөхцлийг түүнд бүрэн танилцуулаагүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус гэж заасан. 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 485-1711 тоот гэрээнд Э.Галмандах гарын үсэг зураагүй.
Э.Ганболдод Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан итгэмжлэл байхгүй, тэр нь хэрэгт авагдаагүй учраас анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл. Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулсны гол үр дагавар нь өгсөн, авснаа буцаах байдаг. Зардалд 21 сая орчим төгрөгийг нэхэмжлэгч тал төлсөн гэдэгт маргадаггүй. Хариуцагч нь 4,8 жил тус компанид ажилласан. Үүнд нь тооцож сургалтын төлбөрөөс 9,122,575 төгрөгийг төлсөнд тооцож байгаа. Гэрээний 7.3 дугаар зүйлд зааснаар торгууль нэхэмжлээд байна. Хүчин төгөлдөр бус гэрээнд алданги тооцох боломжгүй. Анз нь алданги, торгуулиас бүрддэг бөгөөд торгууль нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой. Тухайн үед 20 орчим арилжааны банк үйл ажиллагаа явуулдаг байсан. Аль банкныхаар нь бодож нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Торгуулийн зорилго нь хуульд нийцээгүй байна гэв.
Сургалтын төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 12,771,605 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй байна. Харин торгууль төлөх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.
4.Хариуцагч Э.Галмандах шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Э.Галмандах нь сургуулиа төгсөж ирээд ажлаа гүйцэтгэж байгаад 2021 оны 4 дүгээр сард ажлаас гарах хүсэлтээ өгсөн. Үүнтэй холбоотой тушаал гаргаж, ажил хүлээлцэх өдрийг тогтоож, ажлыг хүлээн авах үүрэг нь хуучин Хөдөлмөрийн тухай хуулиараа захиргааны байгууллагын хүлээх үүрэг байдаг. Ажил хүлээлцэх, ээлжийн амралтын тооцоо хийх нь ажил олгогчийн үүрэг. Ажиллаж байх хугацаандаа хариуцагч илүү цагаар ажиллаад ойролцоогоор 1,800,000 орчим төгрөг болсон. Захирлын охины хуримын бэлтгэл ажилд хүртэл хариуцагчийг дайчлан ажиллуулж байсан. Ажил хүлээлцэх, тооцоо нийлэх үүрэг нь захиргааны байгууллагад байгаа бөгөөд бидний гаргасан дүн нэхэмжлэгчийнхтэй зөрж магадгүй тул үүнтэй холбоотой тооцоог нэхэмжлэгчээс гаргуулъя гээд бид тодорхой дүн тавиагүй.
Сургуулиа төгсөж ирсэний дараа байгууллага дипломыг нь авчихаад өгөөгүй. Иймд диплом гаргуулж өгнө үү. Цаашид нэхэмжлэгч байгууллагад ажиллахгүй тул бичиг баримт болох сургууль төгссөн дипломаа гаргуулж авмаар байна. 2021 онд 9 сарын хугацаанд ажилласан ээлжийн амралтын мөнгө болох 2,800,000 орчим төгрөг, 2018 оны 7 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдийн хооронд илүү цагаар ажилласан хугацааны мөнгө болох 1,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн тодорхойлолт, Монгол Алт ХХК-ийн Ерөнхийлөгчийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн А/1257 дугаар тушаал, сургалтын төлбөрийн тооцоолол, 2011 оны 9 сарын 01-ний өдрийн Сургалтын гэрээ, 2012 оны 10 сарын 04-ний өдрөөс 2018 оны 5 сарын 08-ны өдөр хүртэл хугацааны төлбөрийн даалгаварууд зэрэг бичгийн баримт,
Хариуцагчаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 сарын 18-ны өдрийн 101/ШЗ2022/12368 дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 сарын 15-ны өдрийн 01911 дугаар шийдвэр зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.
Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч Монголын Алт МАК ХХК нь хариуцагч Э.Галмандахад холбогдуулан сургалтын тэтгэлэгийн үлдэгдэл төлбөр 12,771,605 төгрөг, торгууль 12,823,038 төгрөг нийт 25,594,643 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Э.Галмандах нь диплом гаргуулах, ээлжийн амралтын олговор 2,800,000 төгрөг, илүү цагийн ажлын хөлс 1,800,000 төгрөг, нийт 4,600,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна.
2.Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд,
Нэхэмжлэгчээс 25,594,643 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2011 оны 9 сарын 01-ний өдрийн сургалтын гэрээний дагуу төлсөн тэтгэлэгийн үлдэгдэл төлбөрт 12,771,605 төгрөг, гэрээний дагуу компанид 10 жил тогтвор суурьшилтай ажиллаагүй тул торгууль 12,823,038 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.
Хэрэгт авагдсан 2011 оны 9 сарын 01-ний өдөр Сургалтын гэрээ гэх нэртэй гэрээнд нэг талаас Э.Галмандахыг төлөөлж Э.Ганболд, нөгөө талаас Монгол Алт МАК ХХК-ийг төлөөлж компанийн захирал, мэргэжилтэн нар гарын үсэг зурсан байна. /хх-ийн 9-11 дүгээр тал/
Энэхүү гэрээгээр суралцагч Э.Галмандах нь нь компанийн захиалгаар ОХУ-ын Санкт-Петербург хотын уул уурхайн сургуульд Маркшейдер мэргэжлээр 5 жил суралцах, сургалтын хугацаа дууссаны дараа компанид 10-с доошгүй жил тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллах, компани суралцах хугацаанд замын зардал, байрны хөлс, эрүүл мэндийн даатгалын төлбөр, тэтгэлэг зэрэг зардлуудыг жилд нэг удаа суралцагчид олгох үүргийг тус тус хүлээсэн байна.
Хариуцагчаас дээрх гэрээний дагуу Монголын Алт МАК ХХК-иас тэтгэлэг авч, суралцаж байсан, тодорхой хугацаанд нэхэмжлэгч байгууллагад ажиллаж байсан талаар болон одоо нэхэмжлэгчид буцаан төлөх тэтгэлэгийн хэмжээ 12,771,605 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар маргаагүй.
Харин дээр бичгийн гэрээг түүний ах Э.Ганболд байгуулсан, гэрээнд торгууль төлөхөөр тохиролцсон тохиролцооны талаар мэдээгүй тул энэ гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан сургалтын гэрээ болон талуудын тайлбараар хариуцагч Э.Галмандах нь гэрээг бичгээр байгуулах үед ОХУ-д суралцаж байсан бөгөөд гэрээнд Э.Ганболд гэх хүн гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байна.
Мөн хэрэгт авагдсан баримтаар Э.Галмандахаас иргэн Э.Ганболдод өөрийн нэрийн өмнөөс гэрээ, хэлцэл байгуулах эрх олгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрөө нотлох холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.
Иймд 2011 оны 9 сарын 01-ний өдөр байгуулагдсан сургалтын гэрээг Монголын Алт МАК ХХК болон Э.Галмандах нарын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин нэхэмжлэгч болон хариуцагч нар нь нэг талаас суралцах, нөгөө талаас суралцагчид тэтгэлэг төлөх хүсэл зориг илэрхийлэгдсэн талаар хэн аль нь тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн гэж үзэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд үүрэг хүлээсэн гэрээ амаар байгуулагдсан гэж үзэхээр байна.
Талууд хэн аль нэхэмжлэгчээс төлсөн сургалтын төлбөрийг хариуцагч буцаан төлөх үүрэг хүлээсэн талаар болон буцаан төлөх төлбөрөөс 12,771,605 төгрөг хариуцагч төлөөгүй талаар тайлбарлаж, энэ талаар маргаагүй.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т хууль буюу гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан.
Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 12,771,605 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс хариуцагчийг суралцаж ирээд байгууллагад 10 жил тогтвортой, үр дүнтэй ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний 7.3 дахь хэсэгт зааснаар торгуульд 12,823,038 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөө заагаагүй бол анзын гэрээ бичгээр хийнэ гэж, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна... гэж заасан.
2011 оны 9 сарын 01-ний өдрийн Сургалтын гэрээ нь Монгол алт МАК ХХК болон Э.Ганболд нарын хооронд байгуулагдсан байх тул энэ гэрээгээр хариуцагч Э.Галмандах нь торгууль төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар торгууль төлөх үүрэг хүлээсэн хэлцлийг бичгээр байгуулсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь торгууль шаардах эрхгүй байна.
Иймд нэхэмжлэгчээс торгуульд 12,823,038 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
3.Хариуцагчаас диплом гаргуулах, ээлжийн амралтын олговор 2,800,000 төгрөг, илүү цагаар ажилласны хөлс 1,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Зохигчид хооронд 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, хөдөлмөрлөх харилцаа үүссэн, гэрээний дагуу ажилтан Э.Галмандах нь 2017 оны 5 сарын 17-ны өдрөөс эхлэн Монголын Алт МАК ХХК-нд Маркшейдер инженер гэсэн ажил, албан тушаалт томилогдож нэг сард 1,200,000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан талаар хэн аль нь талбарлаж энэ талаар маргаагүй.
Зохигчдын хоорондох хөдөлмөрлөх харилцаа үргэлжлэхгүй байгаа талаар талууд хэн тайлбарлаж, нэхэмжлэгчээс ...2021 оны 4 дүгээр сард ажлаас гарах хүсэлт гаргасан. Сургалтын төлбөртэй холбоотой зүйлээс болоод манайхаас ажлаа хүлээн авахгүй байсан тул 30 хоног нь дуусмагц хариуцагч ажлын байраа орхиод явсан. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарч, түүнд мэдэгдсэн гэж, хариуцагчаас 2021 оны 4 дүгээр сард хүсэлтээ өгөөд, 30 хоносны дараагаас эхлээд ажилдаа очоогүй. Ажлаас гарах тушаал гарсныг мэдээгүй, гардуулж өгөөгүй гэх тайлбарыг гаргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт, Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно. гэж заасан байна.
Иймд талуудын тайлбарыг үндэслэн тэдгээрийн хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа 2021 оны 5 сард дуусгавар болсон гэж үзэхээр байх тул тэдгээрийн хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-иар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хөдөлмөрийн гэрээний харилцаанаас үүдэлтэй хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ээлжийн амралтын олговор, илүү цагийн хөлс, бичиг баримт олгох ажил олгогчийн үүргийг шаардсан маргаан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.11-д хамаарах шүүхээр шийдвэрлэх хөдөлмөрийн маргаан гэж үзнэ.
Хариуцагчаас 2021 оны ээлжийн амралтын олговор 2,800,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд илүү цагаар ажилласаны нэмэгдэл хөлс 1,800,000 төгрөг, нийт 4,600,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан.
Иймд хариуцагчийн 2021 оны ээлжийн амралтын олговор 2,800,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд илүү цагаар ажилласаны нэмэгдэл хөлс 1,800,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд шүүхэд 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гаргаж байгаа нь нэхэмжлэлийг шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.
4.Хариуцагчаас хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа дуусгавар болсонтой холбоотой өөрийн эзэмшлийн бичиг баримт болох сургууль төгссөн байдлыг тодорхойлох диплом гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 43 дугаар зүйлийн 43.3-т ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөр нь өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Монголын Алт МАК ХХК нь ажилтны хувийн бичиг баримтыг буцаан өгөх үүрэгтэй байна.
Дурдсан үндэслэлээр хариуцагчийн сургууль төгссөн диплом гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ээлжийн амралтын олговор, илүү цагийн хөлс нийт 4,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан үндсэн ажилтнаар томилох тухай тушаал, ажилд авах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. /хх-ийн 23-27 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэг т заасныг баримтлан хариуцагч Э.Галмандахаас 12,771,605 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монголын Алт МАК ХХК-нд олгож, үндсэн нэхэмжлэлээс 12,823,038 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Монголын Алт МАК ХХК-иас сургууль төгссөн диплом гаргуулж, Э.Галмандахад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,932 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Галмандахаас 219,295 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монголын Алт МАК ХХК-нд олгож, хариуцагчын улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Монголын Алт МАК ХХК-иас 70,200 төгрөг гаргуулан хариуцагч Э.Галмандахад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА