2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар  2025/ШЦТ/2424

 

 

 

 

 

 

 

 

 

2025         10        22                                       2025/ШЦТ/2424

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа, 

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

хохирогч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Амгаланбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.Бад холбогдох эрүүгийн ................... дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт А.Б, регистрийн дугаар ....................

Монгол Улсын иргэн, .......................... урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...................... ажлын шинэ жилийн баярын арга хэмжээ үеэр ариун цэврийн өрөөнд хохирогч Г.Бтэй маргалдан улмаар гараараа цохиж биед зүүн далны хамрын дээд шөрмөсний хэсэгчилсэн урагдал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болсон. Шөнийн 11 цагт би ариун цэврийн өрөө орох гээд явсан чинь Б намайг дагаж яваад хэлтсийн хүмүүсээ муулж эхэлсэн тэгэхээр нь би чи яах гээд байгаа юм бэ гэсэн чинь намайг боож авсан тэр  үед нь би хойш нь түлхсэн, хохирогч халтирч унасан, цохиж гэмтээх үйлдэл хийгээгүй, тэр цус гарсан асуудлыг би мэдэхгүй байна, хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би маш их гомдолтой байгаа. Тухайн хэрэг болсны дараа ажил дээрээ очоод надаас уучлалт гуйх байх гэж бодсон ч надаас уучлалт гуйгаагүй харин би чамд энэ гэмтийг учруулаагүй гэж хэлсэн. Тэр орой Б ажлынхантайгаа хамт караоке орчхоод би Базрааг гоё цохисон гэж яриад явж байсан гэж хүмүүс надад хэлсэн. Намайг цохисны улмаас 4 шүд булгарсан шүдэндээ эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Одоо нэхэмжилж байгаа зүйл гэвэл баримтаар 3.354.000 төгрөг нэхэмжилж байгаа. Цаашдаа шүдний сувгийн эмчилгээ, хамрын хагалгаа, мөрний хагалгаанд орох шаардлагатай байгаа. Мөн шүүгдэгчээс сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байгаа” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Г.Бгийн “...2024 оны 12 дугаар 26-ны өдөр манай байгууллага Улаанбаатар зочид буудлын бага танхимд шинэ жилийн баярын үйл ажиллагаа болсон. Би И-Монгол академи байгууллагад би сүлжээний инженер хийдэг. Манай баяр 00:00 цагт дууссан. Манай байгууллагын хэлтсийн А.Б хамт нэг ширээнд сууж байсан. Нэг нэгэндээ баяр хүргээд хамт ариун цэврийн ороод цаашаа хамт гадуур цуг гарахаар болоод ариун цэврийн өрөө рүү А.Б дагуулаад орсон. Ариун цэврийн өрөөнд ороод ажлын тухай ярьж байгаад агсрах шинжтэй болоод нүүр лүү нэлээн олон удаа цохисон түүнээс шалтгаалан миний нүд харанхуйлаад тэгээд би нүүрээ хамгаалж байхад мөр тохой хэсэг рүү цохиод хамгийн сүүлд нь намайг гэдэс хэсэгт цохиод би газарт унасан. Тэгээд Б шууд яваад өгсөн. Би ам, хамарнаас цус гараад толгой эргээд зогсож байгаад цусаа цэвэрлээд гараад би Быг хайсан. Хайж байх явцад манай ажлын газрын хүмүүс намайг зогсоогоод Б явцан гэж хэлсэн. Тухайн газар би цагдаагийн байгууллагад хандах үед манай ажлын газрын хүмүүс хэрэггүй шинэ жил болж байна дээрээс Б явцан гэж хэлсэн. Тэгээд би ганцаараа такси бариад гэртээ харьсан. Яг намайг цохиулахаас өмнө Б /........../ харж байгаад гараад явсан. Намайг зодуулж байхад М /............../, Э /............../, С /......../ нар хамт байсан. Ө /............... гэх манай ажлын газрын хүн зураг дарсан байсан. Биед учирсан гэмтлүүдээс шалтгаалан 2-3 сарын хугацаанд гам барих физик эмчилгээ хийгдэх шаардлагатай байгаа физик эмчилгээ үр дүнтэй болохгүй цаашаа сунгагдах боломжтой байгаа энэ хугацаанд удаан цагаар сууж хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа. MRI зураг авахуулах шаардлагатай болсон учраас жил зүүсэн шүдний аппарат авахуулсан. Надаа их хэмжээний эрүүл мэндийн, эд хөрөнгийн хохирол гарч байгаа тул гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

Гэрч Б.М “...2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Улаанбаатар зочид буудлын Гранд В1 танхимд И-монголиа академи улсын төсөвт үйлдвэрийн газрын шинэ жилийн баярын арга хэмжээ болсон. Тухайн зодоон болохоос өмнө ажлын найз Э бид хоёр уулзаад гадагшаа гарах талаар яриад байж байхад хэлтсийн дарга Бтай таарсан. Тэгсэн чинь баруун талын хацар дээр билүү дээ шалбарсан байсан. Тэгээд Баас юу болсон талаар асуухад зүгээр зүгээр гээд ариун цэврийн өрөө рүү явчихсан. Тэгээд бид хоёр араас нь дагаад очиход бол дотор нь Б гэдэг нэртэй залуу /би нэг их сайн танихгүй/ нүүр ам нь бөөн цус болсон байдалтай нүүр ам нь хавдчихсан байж байсан. Тэгээд Э, Б даргатай үүдэнд үлдсэн бөгөөд би ариун цэврийн өрөө рүү орж Бгийн цусыг нь угааж өгөөд байж байхад Б нь Б руу хандаж “Би чамайг ална аа” гэх мэтээр орилоод байсан. Тэгээд байж байсан чинь тэндээс Э орж ирээд Бгийн хажууд ирэхэд Б нь Эд хандаж “Газрын чинь залуу зодуулчихаад байхад чи хаана байсан юм бэ” гээд байсан. Тэгээд байж байхад нь би ариун цэврийн өрөөнөөс гараад ирэхэд ариун цэврийн өрөөний гадна талд С ах Б дарга хоёр байж байсан бөгөөд “С ах Бг хаана байна уулзъя” гээд байсан. Тэгэхэд нь би С ахад хандаж “Ахаа яах юм бэ согтуу байна шүү дээ хаячих л даа” гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь Б нь ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд Б дарга руу дайраад байсан. Тэгэхэд нь би Бг тэврээд тайвшруулсан. Тэгээд гадагшаа гарч байхад Б нь надад хандаж “Даргын бөгс долоогч” гэх мэтээр намайг хэл амаар доромжилж л байсан. Гэхдээ би нэг их юм бодолгүй гараад явсан. Түүнээс цааш мэдэх юм алга. Намайг гарах үед бол Б нь өөрийн хэлтсийн хүмүүстэй хамт явж, Б дарга дээд давхарт хувцсаа сольж байсан ...Намайг ариун цэврийн өрөөнд очоод харахад бол Бгийн хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан бөгөөд энэ талаар Б дарга ярихдаа бол “Өөдөөс томроод байсан” гэхэд нь би Б даргад хандаж “Тэгээд та цохичихсон юм уу” гэхэд Б дарга надад хандаж “Би зүгээр дээрээс нь нэг удаа цохисон” гэж хэлсэн. Тэгээд намайг очоод Бгийн цусыг угаалгаж байхад бол уруул нь язарсан харагдаж байсан. Би бодохдоо шүдний аппаратандаа урсан байх гэж бодсон ... Б нь эрүүлдээ бол инээгээд л явж байдаг. Согтуудаа бол жаахан тавьтаргүй болдог юм шиг байна лээ. Даргыгаа буюу Б ахыг “Чи писта минь” гээд хэлсэн гэсэн. Б дарга бол чимээгүй л байж байдаг инээгээд л явж байдаг юм ... Хэрэглэх нь хэрэглэсэн байсан. Б бол жаахан муудсан байсан. Харин Б нь бол нилээд хэрэглэсэн байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,

Гэрч Б.Сийн “...2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Улаанбаатар зочид буудлын Гранд В1 танхимд И-монголиа академи улсын төсөвт үйлдвэрийн газрын шинэ жилийн баярын арга хэмжээ болсон. Намайг сонссоноор бол ариун цэврийн өрөөнд Б нь хүмүүстэй муудалцаж байсан. Тэгээд би Бд хандаж “Болиоч чи” гэж хэлж байснаа санаж байна. Ер нь бол би сайн санахгүй байна. Би нэлээд их архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас сайн санахгүй байна. Тэгээд тэндээсээ гараад шууд харьсан даа. Бд хандаж шинэ жилийн баяр эхлэхээс өмнө бол “Чи жаахан тавьтиргүй шүү, бага ууж идээрэй” гэж хэлж байсан ... Би тэнд болсон үйл явдлын бол сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар бол “Боль” гэж хэлж байснаа санаж байна. Харин хэнтэй муудалцаж байхыг нь одоо харснаар бол Б байсан. Би гэхдээ сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 33 дугаар тал/,

Гэрч Г.Эийн “...Тухайн өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болсон бөгөөд бид нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд нэлээд арга хэмжээ нэлээд өндөрлөх тийшээ хандаж байхад би сууж байхад манай хэлтсийн дарга Б нь нэлээд ууртай байдалтай ариун цэврийн өрөөнөөс ирсэн. Тэгэхдээ баруун талын байхаа хацар дээрээ шалбарсан байдалтай ирсэн. Тэгээд Быг юу болсон юм бол гээд би ажлынхаа хэн нэгний хамтаар ариун цэврийн өрөөнд очиход Б нь ариун цэврийн өрөөнд байсан бөгөөд “нүүр ам нь битүү цус болсон, ариун цэврийн өрөөний шалаар дүүрэн цус болсон” байсан. Тэгээд би Бг хараад “Еэ хүүрээ” гээд зогсож байсан. Ер нь бол ойлгомжтой байсан. Б дарга ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхдээ нүүр нь шалбарсан байдалтай ууртай ирэхэд нь би гадарлаад л ариун цэврийн өрөөнд очсон юм л даа. Тэгээд Бг хараад зогсож байхад Б ах надад хандаж “ах нь зодуулчихлаа” гээд орилоод байсан. Тэгэхэд бол би нэлээд муудсан буюу тасрах бараг дөхсөн байсан учраас яг сайн бүгдийг бол санахгүй байна. Тэгээд Б ахыг манай ажлынхан аваад явсан. Б ах надад хэлэхдээ бол “Б намайг дагуулаад ариун цэврийн өрөө орсон” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,

Гэрч Т.Өын “...Тухайн өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болсон бөгөөд уг арга хэмжээ 18 цагаас эхэлсэн юм. Тэгээд 22:00 цагаас 23:00 цагийн орчим дууссан. Тэгээд би 23:00 цагийн орчим гарах гээд хувцсаа авч байхад бол хэн нэгэн хүн агсам тавиад байсан. Тэгээд очоод харахад бол Б байсан бөгөөд очоод харахад бол хамар амнаас нь цус гарсан байсан. Тэгээд надад хэлэхдээ бол “Би зодуулчихлаа” гэж хэлсэн. Гэхдээ хэн нэгэн хүний нэр зааж бол хэлээгүй. Тэгээд нэлээд агсамнаж байгаад 10-20 орчим минутын дараа гайгүй болсон. Тэгээд би харж байхдаа ариун цэврийн өрөөнд ороод харахад бол ариун цэврийн өрөөний шалан дээр цус болсон байсан. Тэр цусны зургийг нь би аваад Б рүү явуулсан байгаа. Өөрөөр бол надад мэдсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1459 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.Бгийн биед зүүн далны хамрын дээд шөрмөсний хэсэгчилсэн урагдал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/,  

Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 64 дүгээр тал/,

СиДи-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 65-67 дугаар тал/,

Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 68-74 дүгээр тал/,

Шүүгдэгч А.Бын “...Миний бие 2024 оны 12 сарын 26-ны өдөр байхад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Улаанбаатар зочид буудлын Гранд танхимд манай шинэ жил болсон. Орой 23 цагийн үед би ариун цэврийн өрөө орох үед Б намайг дагаж орсон тэгээд босоо шээлтүүрийн хамгийн цаана засаж байхад Б миний хажууд ирээд хэлтсийн хоёр залуу муулах мөн намайг муулах хэл амаар доромжлоод үүний дараа чи яг юу гэх байгаад юм гэж хэлсэн. Үүний дараа Б нь намайг угаалтуур луу түлхээд намайг бариад заамдаад хана руу шахсан. Би өөрөөсөө холдуулсан. Тэгээд Б халтираад шалан дээр баруун талаар унасан. Тэгээд би зодоон болох юм байна гээд гараад явсан. Үүнээс хойш би Б рүү ойртсон зүйл байхгүй. Б нь бусад руу дайраад маргалдаж байсан. Тэгээд би эхлээд заалны арын хаалгаар гарсан. Тэгээд би буцаж орж ирээд ажлын залуу болох Гарьдмагнайтай хамт явсан. Тэгээд ариун цэврийн өрөөнөөс гарсны дараа Б гэмтэл авсан шинжгүй хөдөлгөөн хэвийн харагдаж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дугаар тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 78 дугаар тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 82 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 79 дүгээр тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 80 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар зочид буудалд ажлын шинэ жилийн баярын арга хэмжээ үеэр ариун цэврийн өрөөнд хохирогч Г.Бтэй маргалдан улмаар гараараа цохиж биед зүүн далны хамрын дээд шөрмөсний хэсэгчилсэн урагдтал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож  байна. Шүүгдэгчийн хувьд хохирогчийг ганц удаа цохисон гэдэг боловч шинжээчийн дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.  Иймд шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн талаар баримтаар хохирогч нь 3354.000 төгрөг нэхэмжилсэн энэ хохирлыг шүүгдэгчээс гаргуулах, эрүүл мэндийн даатгалын санд 202.400 төгрөг шүүгдэгчээс гаргуулах, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хувьд 2 дугаар зэрэглэлээр тогтоогдсон үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлж 4.620.000 төгрөг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид тус тус олгуулах саналтай байна ...” гэх дүгнэлтийг гаргасан бол,

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс энэ гэмт хэрэг гарах бодит нөхцөл нь  хохирогчийн буруутай үйлдлийн улмаас үүссэн гэж тайлбарлаж байна. Хохирогчийн хувьд ажлын газрын хүмүүсээ ирж муу ярьсан мөн намайг муулсан гэдэг агуулгаар тайлбарлаж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд ажлын хүмүүсийн ур чадварын талаар ярьсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ тийм зүйл ярьсны төлөө хүний биед хүндэвтэр гэмтэл учруулах эрхийг шүүгдэгч олгосон зүйл байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч, хохирогчийн байсан ариун цэврийн өрөөний шал цус болсон нь харагдаж байгаа. Шүүгдэгчийн хамар ам руу цохиогүй намайг гарахад цус  болоогүй байсан гэж мэдүүлж байгаа нь худлаа гэдэг нь харагдаж байна. Хохирол төлбөрийн хувьд миний үйлчлүүлэгч тухайн эмнэлгээс тусламж үйлчилгээ авах гэж очихдоо эмнэлгийн баримтаа авч байсан. Энэ баримтуудын хувьд гэмт хэрэг гарсны дараах цаг хугацаанд үйлдэгдэж байгаа. Тэрнээс биш бид нар өчигдрийн шинжилгээ хийсэн баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Хохирогчийн мэдүүлэг худлаа шүүгдэгчийн мэдүүлэг үнэн гэсэн хандлага гаргаад байгаа нь ойлгохгүй байна. Хохирогчид эрх үүрэг танилцуулж, хууль сануулж мэдүүлэг авч байгаа” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй гэхдээ хэргийн үйл баримтын хувьд хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтаас харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. Хохирогчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа зүй бус байдал хаанаас эхлэлтэй. Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл юу вэ гэдгийг шүүх бүрэлдэхүүн тогтоож өгнө үү. Хохирогчийн зүй бус зохимжгүй нөхцөл нь шүүхийн хэлэлцүүлэгт харагдсан. Хохирогч шүүх хуралдааны танхим дотор шаасан гэдэг үгийг 2-3 удаа хэлсэн нь хохирогчийн хувийн байдлыг тодорхой харуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд энэ камерын бичлэгийг авахдаа яагаад анхнаас нь орсон гарсан бүх бичлэгийг аваагүй. Энэ талаар прокурор хянаад мөрдөгчид даалгаагүй нөхцөл байдал байгаа. Хэрэгт байгаа баримтыг шинжлэн судлахад хохирогчид гэмтэл учирсан нь үнэн гэхдээ энэ хоёр хүний мэдүүлгээс өөрөөр хэрхэн яаж бие биедээ халдсан юм бэ гэдгийг нотолж байгаа баримт байхгүй. Хохирогчийн мэдүүлэг үнэн зөв нүүрэн тус газар нь олон удаагийн үйлчлэлээр гэмтэл учруулсан гэж буруутгаж байгаа нь зохимжгүй байна. Хохирогчийн мэдүүлгийг гэрч давхар нотолж байж энэ мэдүүлэг үнэн зөв байна. Шүүгдэгч хувьд хохирогчид булчингийн дал ясны уригдтал гэмтэл учруулсандаа маргадаггүй.  Энэ гэмтлийг шүүгдэгч түлхсэний улмаас хохирогч унах явцад авсан гэмтэл гэдэг дээр маргахгүй. Хохирогчийн биед учирсан хамар ясны гэмтлийг шүүгдэгч учруулаагүй гэдэг нь хавтаст хэрэгт шинжлэн судалсан баримт буюу хавтаст хэргийн 49 дүгээр талд авагдсан эмнэлгийн баримтаар тодорхой харагдаж байгаа. Хохирогч 12 дугаар сарын 13-ны өдөр энэ гэмтлийг авсан талаар эмчид мэдүүлсэн баримт байгаа. Хохирогчийн мэдүүлгийг бүхэлд нь үнэн зөв гэж үзэж байгаа бол энэ эмнэлгийн баримтыг үнэн зөв гэж дүгнэх хэрэгтэй. Гэтэл 13 хоног дараа хохирогчид учирсан энэ гэмтлийг шүүгдэгч учруулсан гэж дүгнээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хохирогчид булчингийн зулгаралт гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож өгнө үү. Хохирлын хувьд шүдний эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардал болон бензиний зардлыг хасаж тооцож өгнө үү. Эмнэлгийн баримт дотор яг ямар үйлчилгээ аваад байгаа нь тодорхой бус байгаа баримтыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Сэтгэл санааны хохирлын хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож өгнө үү” гэв.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр .................... ажлын шинэ жилийн баярын арга хэмжээ үеэр ариун цэврийн өрөөнд хохирогч Г.Бтэй маргалдан улмаар гараараа цохиж биед зүүн далны хамрын дээд шөрмөсний хэсэгчилсэн урагдал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Г.Бгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/, гэрч Б.М мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/, гэрч Б.Сийн мэдүүлэг / хавтаст хэргийн 33 дугаар тал/, гэрч Г.Эийн мэдүүлэг / хавтаст хэргийн 35-36 дугаар тал/, гэрч Т.Өын мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1459 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/, Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 64 дүгээр тал/, СиДи-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 65-67 дугаар тал/, Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 68-74 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт сидиг шинжлэн судалсан зэргээр нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн биед зүүн далны хамрын дээд шөрмөсний хэсэгчилсэн урагдал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1459 дугаартай шинжээчийн дүгнэлтээр давхар тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “ ... Саналгүй ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “... Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгчийн хувьд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхийн шатанд нөхөн төлсөн  гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээрээ маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд миний үйлчлүүлэгчид торгуулийн ял оногдуулж өгнө үү ...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 удүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бад оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсан болно.

Бусад асуудлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны  үед энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсныг үнэлж дүгнээд;

Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3 354 000 төгрөгийн хохирлоос шинжээчийн дүгнэлтэнд тусгагдаагүй буюу шүдтэй холбоотой хохирлыг хасч тооцох үндэслэлтэй байх тул шүдний эмчийн үзлэг 250 000 төгрөг, шүдний эмчийн үйлчилгээ 620 000 төгрөг хохирол 870 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад баримтаар тогтоогдсон хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч А.Баас 2 484 000 төгрөгийг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтооосон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 6.600.000 төгрөг, нийт 9.084.000 төгрөгийг гаргуулж хохирогчид  гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нь 9 084 000 төгрөгийг төлж барагдуулсан болно. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:, 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр заасан байх тул,

шүүгдэгч А.Баас хохирогчийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт тусламж үйлчилгээ авсан 202.780 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бад оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Баас 202.780 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 9 084 000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэлийн шаардлагаас 870 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.РЕНЧЕНХОРОЛ