| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 194/2025/2098/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2426 |
| Огноо | 2025-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2426
2025 10 22 2025/ШЦТ/2426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч М.Ариунцэцэг /цахимаар/,
шүүгдэгч Б.Ц /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,
хохирогч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б Цт холбогдох эрүүгийн .................... дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, .........................../, хэрэг хариуцах чадвартай,
Х овогт Б Ц /РД:................................./,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х овогт Б Ц нь 2025 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн орчимд ............................ хохирогч Г.Мтай хэрүүл маргаан хийж улмаар түүний толгой хэсэгт нь цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь толгой орой хуйханд няцарсан шарх, зүүн хацар, уруул, баруун шуу, зүүн гарын 1 дүгээр хуруу, баруун өвдөг, шилбэ, зүүн гуянд зулгаралт, зүүн зулайд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.
Хохирогч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ гэмт хэргийн улмаас 20 хоног ажил хийгээгүй хохирлоо гаргуулж авмаар байна. Өдрийн 90.000 төгрөгөөр ажилладаг 20 хоног ажилгүй байсан 1.800.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Г.Мын “...2025 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны эцэс Си Юу сүлжээ дэлгүүр орох гээд явж байтал танихгүй 40-өөд насны эр намайг гомо писда минь гэж доромжлоод хэрүүл маргаан үүссэн. Намайг татаж мөргөөд араас толгойны дагзны дээр үл мэдэгдэх юмаар 3-4 удаа цохисон. Би эргэн тойронд байсан хүмүүсээс гуйгаад авраач гээд зугатааж байхдаа баригдаад цээж рүүгээ өшиглүүлсэн ... миний толгойны цус тогтохгүй толгой эргээд байсан манай эхнэр Цагдаагийн байгууллагад хандсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №ЕГ0725/9515 дугаартай дүгнэлтэнд “Г.Мын биед толгой орой хуйханд няцарсан шарх, зүүн хацар, уруул, баруун шуу, зүүн гарын 1 дүгээр хуруу, баруун өвдөг, шилбэ, зүүн гуянд зулгаралт зүүн зулайд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” гэжээ /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар тал/,
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,
Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хавтаст хэрэгт тусгай тухай Мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,
Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дугаар тал/,
Хохирогч Г.Маас гаргасан баримтууд /хавтаст хэргийн 13-15 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Цын “...Тухайн өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хадны эцэс дээр байдаг CU дэлгүүрийн гадна согтуу зогсож байсан чинь цээж нүцгэн залуу биеэ чангалаад явж байхаар нь би гомо чинь яаж яваад байгаа юм бэ гээд хэлчихсэн чинь эргэж хараад юу гэнээ чи пизда минь гээд над руу тулж ирээд тэгээд би босож ирээд сонссон зүйлийг чинь хэллээ гээд бид хоёр барьцалдаж авсан. Би яг тэр хүний хаашаа нь цохисон гэдгээ сайн санахгүй байна, ямар ч байсан нүүр лүү нь цохисон байх гэж бодож байна. Над руу чулуу, гар утсаа шидээд байхаар нь би очоод гэдсээр нь тэвэрч байгаад хойшоо саваад газарт унагаасан. Тэгээд тэр залуу босож ирээд ойролцоо байсан хүмүүсээс энэ залууг бариад ав гээд байсан, тэгээд надтай гар бариад бид хоёр ярилцаад гэрт нь хүргэж өгөөд би эхнэрээс нь болон өөрөөс нь уучлалт гуйсан ... Нүүрэнд нь ил харагдах гэмтэл шарх учраагүй байсан, харин хойшоо унагаагаад босож ирэхэд толгойных нь арын дагз хэсгээс цус гараад байсан ... “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 41-44, 45-49, 50-56, 57-63 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Х овогт Б Ц нь 2025 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн орчимд ............................ хохирогч Г.Мтай хэрүүл маргаан хийж улмаар түүний толгой хэсэгт нь цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь толгой орой хуйханд няцарсан шарх, зүүн хацар, уруул, баруун шуу, зүүн гарын 1 дүгээр хуруу, баруун өвдөг, шилбэ, зүүн гуянд зулгаралт, зүүн зулайд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Г.Мын мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №ЕГ0725/9515 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар тал/, Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 9 дүгээр тал/, Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хавтаст хэрэгт тусгай тухай Мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 11 дүгээр тал/, Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дугаар тал/, Хохирогч Г.Маас гаргасан баримтууд /хавтаст хэргийн 13-15 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй бөгөөд шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй, хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ц нь хохирогчийн биед толгой орой хуйханд няцарсан шарх, зүүн хацар, уруул, баруун шуу, зүүн гарын 1 дүгээр хуруу, баруун өвдөг, шилбэ, зүүн гуянд зулгаралт зүүн зулайд зөөлөн эдийн гэмтлийг үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №ЕГ0725/9515 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Х овогт Б Ц нь 2025 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн орчимд .......................... Г.Мтай хэрүүл маргаан хийж улмаар түүний толгой хэсэгт нь цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь толгой орой хуйханд няцарсан шарх, зүүн хацар, уруул, баруун шуу, зүүн гарын 1 дүгээр хуруу, баруун өвдөг, шилбэ, зүүн гуянд зулгаралт, зүүн зулайд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Б.Цыг гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Б.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирлын 101.900 төгрөгийн баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан ба шүүгдэгч нь 200.000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэлээр нотлогдож байна.
Хохирогч Г.М нь ажилгүй байсан хугацааны талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:, 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр заасан байх тул,
шүүгдэгч Б.Цоос хохирогчийн тусламж үйлчилгээ авсан 142.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Цоос 142.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулсугай.
5. Хохирогч Г.М нь ажилгүй байсан хугацааны талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ