Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2023/02039

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн... байранд байрлах, З... Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, эрэгтэй, РД:..., Ө... овогт М....ын Д...,

Нэхэмжлэлийн шаардлага:Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 764 393 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Б...,  хариуцагч М.Д..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхзул нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З... Сууц Өмчлөгчдийн Холбоо нь хариуцагч М.Д...д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 764 393 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийн дүнгээс хариуцагч 571 000 төгрөгийг төлчихсөн тул үлдсэн гэх 298 859 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:М.Д... нь 2020 оны 11 дүгээр сараас хойших хугацааны  СӨХ-ны төлбөр төлөлгүй 764 393 төгрөгийн өр төлбөртэй байсан.Би СӨХ-ны төлбөр 298 859 төгрөг тушаахдаа гүйлгээний утган дээр нь андуураад М.Д...гийн дугаарыг биччихсэн байсан, гэтэл М.Д... үүнийг би төлсөн гээд үлдэгдэл мөнгө 571,000 төгрөгийг төлчихсөн.Одоо тэр миний андуурч шилжүүлсэн 298 859 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Би СӨХ-ны төлбөрөө сүүлийн жилүүдэд төлөөгүй, надад 3 удаа 3 өөр дүнтэй нэхэмжлэл өгсөн.Тэгээд би Төрийн банк дээр очиж хуулгаа аваад 5 дугаар сарын 15 хүртэлх хугацааны бүх төлбөр болох 494 596 төгрөгийг төлсөн, одоо төлбөрийн үлдэгдэлгүй байгаа.Гэтэл надаас илүү мөнгө нэхэмжилж байгаа төлөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс:З... СӨХ-ны гэрчилгээ, Төрийн банкны нэхэмжлэх,  хариуцагчийн төлөлт хийсэн баримт, нэхэмжлэгч байгууллагын Төрийн банкин дах дансны хуулгыг шүүхэд өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: М.Д... 2020 оны 11 дүгээр сараас хойших хугацааны төлбөр 764 393 төгрөгийн төлбөртэй байсан боловч 571,000 төгрөгийг төлчихсөн, одоо үлдэгдэл 298 859 төгрөгийг гаргуулна, би өөр хүний 298 859  төгрөгийг тушаахдаа гүйлгээний утган дээр нь андуураад М.Д...гийн дугаарыг биччихсэн байсан гэв.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Би Төрийн банканд очоод СӨХ-ны үлдэгдэл төлбөрийг бүгдийг нь төлсөн, одоо үлдэгдэл байхгүй гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Төрийн банкны нэхэмжлэх,  хариуцагчийн төлөлт хийсэн баримт, нэхэмжлэгч байгууллагын Төрийн банкин дах дансны хуулга, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох” гэж заасан байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан байна.

Энэхүү дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчийн тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй байх бөгөөд хариуцагч М.Д...гийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын үлдэгдэл төлбөргүй болох нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь өөр хүний СӨХ-ны төлбөрийг банканд тушаахдаа М.Д...гийн дугаарыг андуурч бичсэн гэж маргаж байх боловч энэхүү 298 859 төгрөгийг М.Д...гээс аваагүй, өөр хүний мөнгө байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Иймд М.Д...гээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 298 859 төгрөг гаргуулахыг хүссэн З... Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 895 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан үндэслэлгүй байх тул М.Д...гээс 298 859 /хоёр зуун ерэн найман мянга найман зуун тавин ес/ төгрөг гаргуулахыг хүссэн З... Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 895 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН