Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/10

 

Г.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Прокурор Г.Лхагвасүрэн /цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Т /цахимаар/

нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.   

 

         Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч М.Т нарын давж заалдах гомдлоор  тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Хэд холбогдох эрүүгийн 2030002570289 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2021 оны  03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... онд Сүхбаатар аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, СҮ ИТХ ажилтай, ам бүл .., эхнэр ... хүүхдийн хамт С сумын ... дугаар багийн ... айлын орон сууцны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Г.Х /РД:............./,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Х нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж заасныг зөрчиж, 2019 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн А/86 дугаартай захирамжаар “тус сумын боловсрол, эрүүл мэндийн сангаас 9761000 төгрөгийг нийгмийн эрүүл мэндэд иргэн бүрийн оролцоо чуулга уулзалтыг зохион байгуулах нэрийдлээр төсвөөс гарган авч сумын Эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойд зориулсан хүлээн авалт, бэлэг дурсгалын зүйл худалдан авч, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан”  гэмт хэрэгт холбогджээ.

 

 Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэн нь шүүгдэгч Г.Х-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Г.Х-г төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Х нь 5400000 төгрөгийн торгох ялыг 2 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.Х нь 2 жил хүртэл хугацаанд дээрх торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шатанд шүүгдэгч Г.Х-д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г.Х-с 9761000 төгрөгийг гаргуулан Сүхбаатар сумын  Боловсрол, Эрүүл мэндийн  санд оруулахаар тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Х давж заалдах гомдолдоо: Миний бие төсвийн мөнгийг төсвийн байгууллагад хууль тогтоомжийн дагуу захирамж гаргаж хуваарилсан. Гэтэл 9761000 төгрөгийг намайг захиран зарцуулсанд тооцож, гаргуулахаар шийдсэнд гомдолтой байна. Уг мөнгийг гаргаж өгөхдөө нэгдүгээр гарын үсгийг өөрөө, хоёрдугаар гарын үсгийг ерөнхий нягтлан бодогч БЭ зурсан. Хариуцлага хүлээх бол хоёулаа хүлээх ёстой. Гэтэл БЭ-с энэ талаар огт асууж тодруулаагүй, байцаалт аваагүй нь мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэж үзэж байна. Учир нь хоёрдугаар гарын үсэг зурсан хүн удирдах албан тушаалтан, төсөв захиран зарцуулагч байгаа. Мөн Г.С нь уг мөнгийг хуурамч бичиг баримт бүрдүүлж 9761000 төгрөгийг захиран зарцуулсан байхад эрүүгийн хэрэг үүсгэж шалгаагүй нь мөрдөн шалгах ажиллагаа нь илт нэг талыг барьж, дутуу хийгдсэнийг харуулж байна. Иймд хуурамч бичиг баримт бүрдүүлж, төсвийн мөнгийг захиран зарцуулсан Г.С-д эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулах, мөн хоёрдугаар гарын үсэг зурсан БЭ-г гэрчээр асуулгах шаардлагатай байна. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулж, хэлэлцүүлэхээр нэмэлт мөрдөн байцаалтад прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Т давж заалдах гомдолдоо: Миний үйлчлүүлэгч Г.Х төсөв ерөнхийлөн захирагчийн хувьд сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.С-н төлөвлөж ирсэн төсвийн төслийг холбогдох хууль тогтоомжид тусгагдсан бүрэн эрхийн хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 27-ны  өдрийн А/86 дугаар захирамжаар эрүүл мэнд, боловсрол сангаас сумын эрүүл мэндийн төвд 9761000 төгрөг хуваарилах шийдвэр гаргасан нь эрүүгийн хуульд заасан санаатай болон болгоомжгүй гэмт хэргийн шинжгүй. Учир нь сумын эрүүл мэндийн төвийн дарга Г.С тус төвд төсөвлөгдөн ирсэн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй. Эрүүл мэндийн төвийн дарга хуваарилагдсан төсвийг хууль бус зарцуулсан бол тэр нь санхүүгийн болон аудитын тайлан, мөн дотоод хяналт, түүнчлэн татварын хяналтын явцад илрэх болохоос биш сумын ЗД тус сумын бусад байгууллагын санхүүгийн өдөр тутмын гүйлгээний зөв бурууг хянах боломжгүй. Эрүүл мэндийн төвийн дарга нь “С сумын нийгмийн эрүүл мэндийн төвийн иргэн бүрийн оролцоо” чуулга уулзалтын үйл ажиллагааны тайлан, холбогдох нотлох баримтуудыг хуурамчаар бүрдүүлж, сумын төсвөөс 9761000 төгрөгийг гаргуулан хувьдаа завшсаныг сумын ЗД мэдээгүй байсан учир хариуцан төлөх үндэслэлгүй юм. Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д зааснаар “нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох” үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж Г.С 9761000 төгрөгийг завшсан эсэх, түүнийг хариуцан төлөх эсэх асуудлыг сайтар шалган тогтоох ёстой. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.1.2, 20.1.3-д зааснаар нягтлан бодогч аж ахуй нэгж,  байгууллагын хөрөнгийн орлого, санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурахаас гадна нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрхтэй. Гэтэл энэ байдлыг тодруулаагүй нь хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүйг илтгэж байна. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулж, хэлэлцүүлэхээр нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 

Прокурорын дүгнэлт: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх   шүүгдэгч Г.Х, түүний  өмгөөлөгч М.Т нарын давж заалдах гомдлын дагуу эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Н.Б-н: “...  Сүхбаатар сумын санхүүгийн тайланд аудитор А.М хяналт шалгалт хийсэн. Энэ шалгалтаар тус сумын боловсрол, эрүүл мэндийн сангаас 9761000 төгрөгийг “Нийгмийн эрүүл мэндэд иргэн бүрийн оролцоо” нэртэй чуулга уулзалтыг зохион байгуулах нэрийдлээр гарган авч, эмнэлгийн ойн арга хэмжээний гарын бэлэг, цайллага зэрэгт зарцуулсан байсан. Иймээс Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтын “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”  гэснийг зөрчсөн гэж үзэж гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна” гэх /хх-59х/,

Гэрч Г.С-н: “... сумын ЗД Х эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойг сумын 95 жилийн ойтой хамт тэмдэглэ гэж хэлсэн юм. Мөнгө байхгүй байтал ТС-н үүрэг гүйцэтгэгч Ш.Г эрүүл мэнд, боловсрол сангаас сургалт зохион байгуулсан гэж материал бүрдүүлээд авч болно гэж анх санааг гаргасан. Энэ талаар ЗД-тай өрөөнд нь зөвшилцөөд захирамж гаргуулсан. Нийгмийн ажилтан Б.Г материал бүрдүүлсэн. Ойн арга хэмжээ  2019 оны 07 дугаар сарын 03-аас мөн оны 07 дугаар сарын  06-ыг хүртэл хугацаанд явагдаж, зочид төлөөлөгчдийг хүлээн авах, үдэж өгөх, хүндэтгэлийн арга хэмжээ, гарын бэлэг зэрэгт 9761000 төгрөгийг зарцуулсан” гэх /хх-20-21х/,

Гэрч Б.Г-н: “... 2019 оны 07 дугаар сарын эхээр эмнэлгийн эрхлэгч С өрөөндөө дуудаад эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойг сумын ойтой хамт тэмдэглэхээр боллоо. Боловсрол, эрүүл мэндийн сангаас мөнгө авна, энэ гар нооргийг авч яваад төлөвлөгөө боловсруулаад ир гэсний дагуу компьютерт шивж 9 сая гаруй төгрөгийн төлөвлөгөө гаргасан” гэх /хх-22-23х/,

Гэрч Ш.Г-н: “... Эрүүл мэндийн төвийн эрхлэгч  ой тэмдэглэх мөнгөгүй гэхээр нь ЗД, бид гурав  боловсрол, эрүүл мэндийн сангаас сургалт зохион байгуулсан гэж баримт бүрдүүлээд мөнгө гаргаж болох талаар  ярилцаад шийдвэрлэсэн” гэх /хх-25х/,

Яллагдагч Г.Х-н: “... эрүүл мэндийн төвийн эрхлэгч С ой тэмдэглэх мөнгөгүй гэхээр нь санхүү албаны дарга Г бид гурав ярилцаад боловсрол, эрүүл мэндийн сангаас 9761000 төгрөг гаргаж, эрүүл мэндэд иргэн бүрийн оролцоо сургалт зохион байгуулсан гэж материал бүрдүүлж мөнгө гаргасан” гэх /хх-24,80х/,

Сүхбаатар сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/86 дугаар захирамж /хх-84х/,

 Тус сумын ЗД-с 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдөр баталсан “Нийгмийн эрүүл мэндэд иргэн бүрийн оролцоо” сэдэвт чуулганы удирдамж, хөтөлбөр, төсөв /хх-88-91х/,

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Н   ХХК-д 2011000 төгрөг, Б хоймор ХХК-д  7750000 төгрөг тус тус шилжүүлсэн төлбөрийн хүсэлт /хх-32, 42, 85х/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-66х/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд  шүүгдэгч Г. Х  нь төсвийн шууд захирагч буюу Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ЗД-р ажиллаж байхдаа 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/86 дугаар захирамжаар төсвийн хөрөнгө болох боловсрол, эрүүл мэндийн сангаас 9761000 төгрөгийг “Нийгмийн эрүүл мэндэд иргэн бүрийн оролцоо” чуулга уулзалтыг зохион байгуулах нэрийдлээр гарган авч, тус сумын Эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойд  ирж байгаа зочид төлөөлөгчдийг  хүлээн авах, үдэх, хүндэтгэлийн арга хэмжээ, бэлэг дурсгалын зүйл өгөх зэрэгт  зарцуулан Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-т “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж заасныг зөрчсөн үйл баримт тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Г.Х-н үйлдэл нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулснаас завшиж хохирол учруулсан шинжгүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчлэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлснийг хянан шийдвэрлэж  шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулан эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,  энэ хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэж тус тус зааснаар аливаа гэмт хэргийн ойлголт, шинж нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэм хэмжээгээр тодорхойлогдоно.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, хөрөнгө завшсанаас хохирол учруулсан” гэж гэмт хэргийн объектив талын шинжийг хуульчлан тодорхойлжээ.

Төсвийн хөрөнгө завших гэх ойлголтыг хууль зүйн шинжлэх ухаанд төсөв захирагч  нь төрийн өмч, төсвийн хөрөнгийг хувьдаа хэрэглэх, үнэ төлбөргүй ашиглах,  худалдах, бэлэглэх, бусдад өгөх, шилжүүлэх, гуравдагч этгээдэд шилжүүлэх, үрэгдүүлж  алга болгох, өр барагдуулах, түрээслүүлэх зэрэг хэлбэрээр үнэт зүйл, материаллаг ашиг олох гэсэн шунахай сэдэлт, санаа зорилгыг агуулна гэж үздэг.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Х-г төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулснаас завшиж хохирол учруулсан гэх үйлдэл нь нотлогдохгүй байх тул анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Г.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Төрийн аудитор нь төсөв захирагчийг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж заасныг зөрчсөн гэж үзвэл хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор акт тавих эрхтэй юм.

Мөн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаатай холбогдуулан шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч М.Т нарын давж заалдах гомдолд дурдсан  “Эрүүл мэндийн төвийн дарга Г.С-г санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлэн 9761000 төгрөг завшсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулах, Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын ерөнхий нягтлан бодогч С.БЭ-г гэрчээр асуух” зэрэг ажиллагааг хийлгэхээр  нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй юм. 

          Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,  энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн 2030002570289 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Х-г цагаатгасугай.

Хоёр: Шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч М.Т нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

  Гурав: Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Дөрөв: Шүүгдэгч Г.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

Тав:  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  О.БААТАРСҮХ                   

 

                        ШҮҮГЧИД                                       С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                    Д.БАЙГАЛМАА