| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/07243/И |
| Дугаар | 101/ШШ2023/01439 |
| Огноо | 2023-03-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2023/01439
2023 03 21 101/ШШ2023/01439
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П/регистрийн дугаар: 000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т регистрийн дугаар: 00000000-д холбогдох,
1,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.П, хариуцагч Ш.Т, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр амаар тохирч нэг хул морийг 1,000,000 төгрөг, нэг хүрэн халзан морийг 900,000 төгрөгөөр, нийт 1,900,000 төгрөгөөр худалдсан. Гэвч хариуцагч 800,000 төгрөгийг төлсөн ч үлдэгдэл 1,100,000 төгрөгийг төлөөгүй. Төлбөрийг төлж барагдуулна хэмээн тохирсон ярианы бичлэг байгаа болно. Иймд хариуцагчаас 1,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.П нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 15-16 цагийн үед манай зуслангийн гэрт ирээд мах хямдхан болохоор бойнд орох гэж буй 2 үрээ авсан чинь маллаж чадахгүй байна. Танай адуунд тавья эсвэл зарчихмаар байна хэмээн ирсэн. Бид хоёр аман гэрээ хийж, би худалдан авахаар тохиролцсон. Ш.П найз нь бойноос нэгийг нь 700,000 төгрөгөөр, нөгөөг нь 800,000 төгрөгөөр авсан. Ойролцоо ханшаар зарна хэмээн яриад, тухайн үеийн ханшаар худалдан авахаар тохиролцоод манайд 2 үрээгээ үлдээгээд явсан. Хул зүсмийн хязаалан үрээ (4 настай), зээрд халзан зүсмийн шүдлэн үрээ (3 настай) үрээнүүдийг тухайн үеийн махны ханшаар буюу буюу хул үрээг 800,000 төгрөг 9 дүгээр сард бэлэн мөнгөөр авах, зээрд халзан, шүдлэн үрээний оронд 11 сард идшинд идэх адуу авъя хэмээн тохиролцсон. Гэтэл 9 дүгээр сард өгөх ёстой 800,000 төгрөгөө өгсөн чинь 900,000 төгрөг авна, 11 сард идшинд авна гэсэн үрээний оронд бэлэн мөнгө буюу 1,000,000 төгрөг авна хэмээн уурлаж, ойлголцохгүй болохоор нь цагдаагийн газар очиж учраа олъё хэмээн дагуулж Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст очсон боловч хүлээн авахгүй, шүүхэд ханд гэснээр бид салсан.
Ш.П одоо ярихдаа нас гүйцсэн бүдүүн адууны үнэ нэхээд, худлаа ярьж, наймаа хийсэн өдрийг худлаа бичиж, над руу нэг ч удаа залгаагүй байж утсыг авахаа байсан хэмээн худлаа мэдүүлэг өгсөн байна. Бид хоёр намар зөндөө ярьсан. Адууг нь адуугаар нь өгнө, ирээд аваарай гэж хэлсэн боловч ирээгүй. Бэлэн мөнгийг авна гэж уурлахаар нь намар самарт 2 морь авч явсны хөлс 240,000 төгрөгийг өгвөл би бэлэн мөнгийг нь өгье гэж хэлсэн. Түүнээс хойш хэсэг алга болсон. Нэг ч залгаагүй. Миний болон манай эхнэрийн утас 24 цаг нээлттэй байдаг. Би өөрөө ажил хийдэггүй, малаа хардаг учраас бэлэн мөнгө өгөх боломжгүй. Нэг морины мөнгө өгсөн, үлдсэн адууг нь насны адуугаар нь өгөхөд бэлэн байна. Одоо ч адуугаа хураагаад өгч чадна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ш.Пийн иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлээгүй/, Ш.Пийн эзэмшдэг гэх 00000 дугаартай, Хаан банк дахь дансны хуулга /банкны баталгаажилт хийгдээгүй хуулбар/, Н.Тд холбогдох нэхэмжлэлийн хариуцагч нь Ш.Т мөн болохыг тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбар, Ш.П, Ш.Т болон түүний эхнэр гэх эрэгтэй, эмэгтэй хүмүүс утсаар ярьж буй бичлэг (нэхэмжлэлд дурьдсан адууны үнэ төлөх тухай бус, зохисгүй үгээр биесээ хэлж буй) бүхий си ди;
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.П нь хариуцагч Б.Тад холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 1,100,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч талууд маргаж байна.
2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
3. Зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс үзэхэд, өөрөө мал маллах боломжгүй гэх Ш.П нь 2 тооны адууг Б.Тын адуунд тавихаар ирж, хэлэлцэн тохиролцож, улмаар 2 ширхэг адууг түүнд худалдсан, Б.Т уг 2 адууг авсан байх ба тодорхой хугацааны дараа үнийг төлөхөөр тохиролцсон үйл баримт яригдаж байна. Гэвч адуу тус бүрийн нас, үнэ тодорхой бус, талууд хэн аль нь адууны нас, үнийг харилцан адилгүй тайлбарлаж, нэхэмжлэгч нь нэг хул морийг 1,000,000 төгрөг, нэг хүрэн халзан морийг 900,000 төгрөгөөр, нийт 1,900,000 төгрөгөөр худалдсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй.
3.1. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй хариуцагчийн татгалзлын үндэслэл болох нэхэмжлэгч өөрөө адуугаа маллаж чадахгүйгээ хэлж, манай адуунд тавихаар ирж, бойноос анх худалдан авсан үнээрээ зарахаар болсон, тухайн үеийн махны ханшаар буюу буюу хул үрээг 800,000 төгрөг 9 дүгээр сард бэлэн мөнгөөр авах, зээрд халзан, шүдлэн үрээний оронд 11 дүгээр сард идшинд идэх адуу авъя хэмээн тохиролцсон..., адууг нь адуугаар өгөхөд бэлэн. гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4. Иргэний хуулийн 195 дугаар зүйлд, Гэрээ байгуулах саналын талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 195.1.-д Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ.,
195.2.-т Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна.
195.3.-т Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл ... гэж зохицуулсан.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д зааснаар, эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно гэж хуульчлан зохицуулсан.
4.1. Нэхэмжлэгч Ш.П нь адуу зарах санал гаргаж, хариуцагч Ш.Т саналыг хүлээн зөвшөөрч, 2 тооны адууг шилжүүлсэн үйл баримт дээр дурьдсанаар тогтоогдож байх боловч гэрээний зүйл болох адууны үнийг хэрхэн тохиролцсон үйл баримт тодорхойгүй байна.
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд гэрээний зүйлийн үнийг талууд хэлэлцэн тохиролцсон байх шаардлагатай.
6. Хариуцагч нь адуу худалдан авахдаа, тодорхой хугацааны дараа үнийг төлөх буюу идэшний цагаар 11 дүгээр сард өөр адуу өгөхөөр тохиролцсон тул түүнийгээ өгнө хэмээн тайлбарласныг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь худалдсан адууны үнийг хэдэн төгрөгөөр тохиролцсоноо нотлоогүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д тухайлан зааснаар, худалдах-худалдан авах гэрээний зүйл болох адууны үнийг мөнгөөр гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
7. Нэхэмжлэгч нь шүүхэд хандахдаа, овог тодорхойгүй Н.Т гэх хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүхэд дуудан ирүүлсэн Ш.Тыг энэхүү нэхэмжлэлийн хариуцагч мөн болохыг зөвшөөрч байх тул Н.Тд холбогдуулан үүсгэсэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг залруулах буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тухайлан зааснаар хариуцагчийг солих ажиллагаа хийх шаардлагагүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ш.Таас 1,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Пийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА