Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 142/шш2023/00769

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2023/00769

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О аймаг, Б-Ө сум, Хг 4-24-4 тоотод оршин суух, Х б овогт Ж-ийн Ө/РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Б-Ө сум, И, б 11-4 тоотод оршин суух, Х овогт П-ын Э /РД:**************/,

 

Хариуцагч: Орхон аймаг, Б-Ө сум, И, б 11-4 тоотод оршин суух, Боржигон овогт Ц-ийн Б /РД:*************** /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Э

Хариуцагч П.Э,

Хариуцагч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Ө нь өөрийн сайн танил Эрдэнэхандтай хамт Турк улс руу бараанд явдаг байсан бөгөөд түүний ах эгч нар болох Ц.Б, П.Э нартай танилцсан. Би өөрөө Төгөл дэлгүүрт Турк бэлэн хувцасны лангуу ажиллуулдаг ба бараа материал Туркээс захиалж авахуулах зорилгоор тухайн үед Турк улсад ажиллаж амьдарч байгаад Монгол руу буцлаа гэхээр нь хариуцагч нарын охин Б.Элбэгзаяагийн дансанд 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч Ц.Б захисан барааг тань аваад каргонд өгсөн гэх боловч надад нэг ч барааны зураг явуулаагүй, ямар дэлгүүрээс бараа авсан баримт илгээгээгүй, удахгүй 8 сараас өмнө бараа чинь очно гэсэн боловч ирээгүй, асуухаар газрын каргонд өгсөн удахгүй очно гэсэн боловч 2 жил 5 сар өнгөрсөн. Бараа аваад үлдсэн долларын мөнгө гэж 450,000 төгрөгийг буцааж миний данс руу жилийн өмнө хийсэн. Эдгээр хариуцагч нар нь миний мөнгийг луйвардсан гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд бараа аваад зарж эргэлтэнд оруулж байсан бол багадаа 1,500,000 төгрөгөөр нэмэгдэх байсан. Сүүлдээ авч каргонд өгч явуулсан гэх бараа нь ирэхгүй нь тодорхой болоход мөнгө төгрөгийг минь өгөхгүй цааргалж байсан. Турк улсад ажиллаж байгаад Монгол руугаа ирэх боллоо бараа захивал найдвартай авч өгнө гэж дүү Эрдэнэханд нь надад хэлсэн учраас би итгэж 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд бараа ч үгүй, мөнгө ч үгүй үлдсэн. Иймд хариуцагч Ц.Б эхнэр П.Э нараас үлдэгдэл 2,550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Б, П.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Ж.Өгөөс 3,000,000 төгрөгийг охин Элбэгзаяагийн дансаар дамжуулж авсан нь үнэн болно. Энэхүү мөнгө нь иргэн Өлзийгөөс надад дэлгүүрийнхээ барааг захиж өгсөн мөнгө юм. Энэ мөнгөөр барааг нь авахдаа өөртэй нь /видео call/ харилцан ярилцаж хүссэн барааг нь авч өгсөн. Үүний дараа авсан бараагаа газар, агаар хоёрын алинд өгөх вэ гэж асуухад газрын каргонд өг гэж хэлсэн. Ингээд уг ачааг /монголтаун/ гэдэг каргоонд хариуцуулж өгсөн. Ингээд иргэн Өлзийд үйлчилж буй миний хариуцаж хийсэн ажил дуусгавар болж хариуцлага каргоонд шилжсэн. Уг ачааны баримтыг барааны дунд хавчуулж явуулсан болно. Яг энэ үед каргооны асуудлаас болж бараа нь ирээгүй юм. Энэ асуудлаар миний бие уг каргооны эзэнтэй өдийг хүртэл нэхэмжлээд авч чадахгүй байгаа. Бараа алга болсон. Мөнгөн буцаалт хийнэ гээд одоог хүртэл өгөхгүй байгаа. Монголын цагдаа гомдол хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд каргоны эзэн Ч.Батзаяат миний хохирлыг барагдуулсан үед иргэн Өлзийгийн нэхэмжилж буй 2,550,000 төгрөгийг өгөх боломж бүрдэнэ. Уг нь барааны эзэн иргэн Өлзий өөрөө хүлээж авах үлдсэн учир уг каргооны эзнээс нэхэмжлэл гаргаасай гэж хүсмээр байна. Өлзий нь бараагаа авахдаа тэр дэлгүүр рүү ордоо гэж дэлгүүрүүдийн нэр хэлж оруулж видео дуудлага хийж харж зааж өгч бараагаа авахуулчихаад одоо болохоор барааны зураг хараагүй, ямар дэлгүүрээс авсан юм гэж сонин, сонин юм бичсэнд гомдолтой байна. Миний бие ямар нэгэн луйвар, залилан хийгээгүй болно. Бараа ганц Өлзийгөөр тогтохгүй хэд хэдэн хүнээс нийт 14,000,000 төгрөгийн бараа байгаа болно. Бусад 16 ширхэг баримтыг хавсралтаар оруулсан. Миний бие Гадаад хэргийн яаманд өргөдөл гаргаж өгсөн байгаа гэв.

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, итгэмжлэл /хх-3/, Ж.Өгийн депозит дансны хуулга /хх-4/, мессенжер чатаар харилцан яриа /хх-5-7/,

Хариуцагчаас: хариу тайлбар /хх-14/, чатаар харилцсан яриа /хх-15-30/

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ө нь хариуцагч Ц.Б, П.Э нарт холбогдуулан 2,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Б, П.Э нарыг Турк улсаас Буцах үед хариуцагч нарын охин Б.Элбэгзаяагийн дансанд 3,000,000 төгрөг шилжүүлж бараа захисан, газрын каргонд өгсөн удахгүй очно гэсэн боловч 2 жил 5 сар болсон, бараа ч үгүй, мөнгө ч үгүй үлдсэн тул хариуцагч нараас үлдэгдэл 2,550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг шаардаж байна.

Хариуцагч нар нэхэмжлэгч дэлгүүрийн бараа захиж 3.000.000 төгрөгийг охин Элбэгзаяагийн дансаар шилжүүлсэн нь үнэн, энэ мөнгөөр барааг нь авахдаа өөртэй нь видео call-аар харилцан ярилцаж хүссэн барааг нь авч өгсөн. Үүний дараа авсан бараагаа газар, агаар 2-ын алинд нь өгөх бэ гэж асуухад газрын каргонд өг гэж хэлсэн. Ингээд уг ачааг Монгол таун гэдэг каргонд хариуцуулж өгснөөр нэхэмжлэгч Өлзийд үйлчилж буй миний хариуцаж хийсэн ажил дуусгавар болсон, каргоны асуудлаас болж бараа нь ирээгүй. Энэ асуудлаар каргоны эзэнд хандаад одоо хүртэл авч чадахгүй байна, каргоны эзэн хохирлыг барагдуулсан үед мөнгийг төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч нарын хүүхдийн ХААН банкин дахь 5753743512 дугаартай данс руу 3,000,000 төгрөг шилжүүлж, Турк улсаас бараа авчруулахаар захисан талаар талууд маргахгүй байна.

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийн ачааг Монгол таун гэдэг каргонд ачуулсан, каргоны эзэнд хандаад одоо хүртэл бараагаа авч чадахгүй байна, каргоны эзэн хохирлыг барагдуулсан үед хохирлыг барагдуулна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотлож, нэхэмжлэлийн шаардлагыг няцааж чадахгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу шаардах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Б, П.Э нараас 2,550,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Өд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Өгөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 55,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Өд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН