| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/06708/И |
| Дугаар | 101/ШШ2023/01999 |
| Огноо | 2023-04-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2023/01999
2023 04 19 101/ШШ2023/01999
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ....................... тоот хаягт оршин суух, Ч.Бын /РД: ............/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ххххххххххххххххх тоот хаягт оршин суух, Б.Эд /РД: УВ70061406/ холбогдох
23,250,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Должинсүрэн,
Хариуцагч Б.Э,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Должинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.Б нь Да Хүрээ техникийн зах дээр машин зардаг бөгөөд 2022 оны 02 сарын 16-ны өдөр Б.Э нь орон сууц барьцаалан киа бонго маркийн авто машин зээлээр худалдан авья, мөнгийг нь удаахгүй төлнө гэсэн хүсэлт тавьсан тул түүнтэй гэрээ байгуулсан.
Ингээд Б.Эд 2005 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн, 2019 оны 09 сарын 09-ний өдөр Монгол улсад орж ирсэн, нннннннннннннннн арлын дугаартай, ягаан өнгийн киа бонго маркийн авто машиныг 16,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч, 500,000 төгрөгийг гэрээ байгуулахдаа авч, үлдэх 15,500,000 төгрөгийг 2020 оны 03 сарын 10-ны өдөр шилжүүлэхээр тохирч тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар З.Цы өмчлөлийн хххххххххххххххх тоотын 34,61 м.кв талбайтай орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Гэрээ байгуулсан өдрөө Б.Эын нэр дээр машинаа шилжүүлэн, хүлээлгэн өгсөн. Б.Э гэрээгээр тохирсон хугацаандаа мөнгөө өгөөгүй ба нэхэхээр тендерийн мөнгө удахгүй орж ирнэ, найдвартай өгнө гэх мэт шалтгаан хэлэн хойшлуулсаар сүүлдээ утсаа авахаа больсон.
Ч.Б нь Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан боловч мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 07 сарын 10-ны өдрийн 3167 тоот тогтоолоор иргэд хоорондын маргаан гэж дүгнэн хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан. Ковид 19 цар тахлын улмаас хөл хорио тавигдан хөөцөлдөх боломж муу байсан.
Худалдах, худалдан авах гэрээн дээрх хаягийн дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Ч.Б нь өөрийн оршин суугаа газрын шүүх болох Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Эыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гарган мөн шүүхийн 2022 оны 07 сарын 05-ны өдрийн 2273 дугаар шийдвэрээр Б.Эыг эрэн сурвалжилсан.
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс Б.Эыг эрэн сурвалжлах ажиллагаа явуулан 2022 оны 10 сарын 12-ны өдрийн албан тоотоор түүний оршин суугаа хаягийг тогтоож өгсөн.
Иймд Б.Эаас 2020 оны 02 сарын 16-ны өдрийн худалдах, худалдах авах гэрээний үндсэн төлбөр 15,500,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэний алданги 7,750,000 төгрөг, нийт 23,250,000 төгрөгийг гаргуулан, хариуцагч Б.Э гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө хххххххххххххххх тоотын 34,61 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Э миний бие Ч.Бтай 2020 онй 02 сарын 16-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан киа бонго маркийн авто машиныг 16,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон.
Гэрээ байгуулсан өдрөө 500,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 15,500,000 төгрөгийг 2020 оны 03 сарын 10-ны өдөр багтаан төлөхөөр тохирсон. Би гуравдагч этгээд З.Цы хүргэн С.Эрхэмбаяраас нилээн хэмжээний авлагатай бөгөөд уг мөнгийг тэр төлөх ёстой байсан.
Ковид 19 цар тахлаас болоод барилгын ажил зогссон бөгөөд миний ажил одоо л хэвэндээ орж байна. Үлдэгдэл 15,500,000 төгрөгийг 2023 оны 06 сардаа багтаан төлнө гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Ц шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би хүргэн С.Эрхэмбаярын хүсэлтийн дагуу Б.Эд итгэмжлэл өгч хххххххххххххххх тоотын 34,61 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалуулсан.
Б.Э хүргэнтэй маань бизнесийн харилцаатай байсан ба найдвартай, цаг хугацаанд нь шийдэж өгнө гэж бодсон. Манай хүргэн энэ хоёрын хооронд өр, авлагын асуудал байгаа юм билээ.
Б.Э миний байрыг барьцаанаас чөлөөлж өгөөгүйн улмаас манай гэр бүлийн амгалан тайван байдлыг удаа дараа алдагдуулснаас зүрх муутай байсан нөхөр маань нас барж надад болоод хүүхдүүдэд маань асар их уй гашуу бий болгосонд би маш их харамсаж явдаг гэв.
Нэхэмжлэгч Ч.Б нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2020 оны 02 сарын 16-ны өдрийн тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, З.Цаас Б.Эд олгосон 2020 оны 02 сарын 16-ны өдрийн итгэмжлэл,
Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, орон сууцны гэрэл зургууд, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 07 сарын 10-ны өдрийн 3167 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 9629 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 05-ны өдрийн 2273 дугаар бүхий Б.Эыг эрэн сурвалжилсан шийдвэр, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2022 оны 10 сарын 12-ны өдрийн Б.Эын хаягийг олж тогтоосон тухай албан бичиг зэрэг баримтыг ирүүлжээ.
Хариуцагч Б.Э нь хариу тайлбарыг баримтаар ирүүлсэн байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Ц нь гадаад паспортын хуулга, нислэгтийн тийзийн хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/ болон хариу тайлбараа ирүүлжээ.
Шүүхийн журмаар:
Тус шүүхийн 2022 оны 12 сарын 06-ны өдрийн 28553 дугаар захирамжаар ххххххххххххх тоотын 34,61 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд үүрэг ногдуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй эсэх талаарх лавлагааг,
2023 оны 02 сарын 15-ны өдрийн 4811 дугаар захирамжаар З.Цы Монгол улсын хилээр гарсан болон орсон эсэх талаарх лавлагааг тус тус нотлох баримтаар гаргуулжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Б.Эд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23,250,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
/Үндсэн төлбөр 16,000,000 төгрөг-500,000 төгрөг /төлсөн/=15,500,000 төгрөг
Алданги 7,750,000 төгрөг/
Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Б.Этай 2020 оны 02 сарын 16-ны өдөр Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан нннннннннннннннн арлын дугаартай, киа бонго 3 маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2019 оны 09 сарын 09-ний өдөр импортлогдсон, ачааны зориулалттай, гаалийн мэдүүлгийн хххххххххххххххххххххх дугаар бүхий авто машиныг 16,000,000 төгрөгөөр худалдахаар,
худалдан авагч Б.Э нь гэрээ байгуулсан өдөр 500,000 төгрөг төлж, авто машины үнэ үлдэх төлбөр 15,500,000 төгрөгийг 2020 оны 03 сарын 10-ны өдөрт багтаан төлөхөөр харилцан тохирчээ.
Талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Мөн худалдагч буюу нэхэмжлэгч Б.Б, худалдан авагч буюу хариуцагч Б.Э нар нь 2020 оны 02 сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан дээрх худалдах, худалдан авах гэрээний үүрэгт З.Цы өмчлөлийн ххххххххххххх тоотын 34,61 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй, орон сууцыг барьцаалсан нь 2020 оны 02 сарын 16-ны өдрийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбар, хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдов.
Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2020 оны 02 сарын 16-ны өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 2020 оны 02 сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.
/ХХ-ийн 4-10, 58-66 дугаар тал/
ххххххххххххх тоотын 34,61 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй орон сууц нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Цы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, бүртгэлийн байгууллагын лавлагаагаар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 6-7, 9, 58, 63-66 дугаар тал /
ххххххххххххх тоотын 34,61 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгч З.Ц нь хариуцагч Б.Эд 2020 оны 02 сарын 16-ны өдөр 3 сарын хугацаатай итгэмжлэл олгон өөрийн өмчлөлийн дээр дурдсан орон сууцыг зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэл хангуулах үйлдэл хийх бүрэн эрхийг олгосны дагуу Б.Э уг орон сууцыг Ч.Бтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт барьцаалсан нь бүртгэлийн байгууллагын лавлагаа, барьцааны гэрээ, итгэмжлэл зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Хариуцагч Б.Э нь тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 16,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл худалдан авч 500,000 төгрөг төлөн 15,500,000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байгаа талаараа маргаагүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэгэж заасны дагуу худалдан авагч буюу хариуцагч Б.Э худалдан авсан авто машины үнийг төлөх үүрэгтэй.
Талуудын хооронд байгуулсан 2020 оны 02 сарын 16-ны өдрийн гэрээний 3.1-т Тээврийн хэрэгслийг худалдагч тал худалдаг авагч талд 16,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов,
3.2-т Урьдчилгаа төлбөрийн хэмжээ 500,000 төгрөг, 2020.02.16-ны өдөр урьдчилгаа төлбөр бэлнээр хүлээлгэн өгсөн,
Хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ 15,500,000 төгрөг 2020.03.10-ны өдөр багтаан төлнө,
3.6-т Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө,
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т ... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,
232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасны дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй хариуцагч Б.Э алданги төлөх үүрэгтэй.
Алданги нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцож буй хариуцлага бөгөөд аливаа иргэн бусадтай гэрээ байгуулж буй тохиолдолд түүнээс үүдэн гарах үр дагавар болон хариуцлагыг хүлээх учиртай тул худалдан авагч тал болох Б.Э гэрээний хариуцлага хүлээнэ.
Хариуцагч Б.Эын гүйцэтгэх үүрэг:
-Үндсэн төлбөр 15,500,000 төгрөг,
-Алданги 7,750,000 төгрөг, /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/
Нийт 23,250,000 төгрөг.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Эаас 23,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгон,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Э худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Цы өмчлөлийн ххххххххххххх тоотын 34,61 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийг албадан худалдан борлуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Б.Э нь иргэн С.Эрхэмбаяр түүнд өр төлбөртэй хэмээн тайлбарласан ба тэрээр түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй.
Иргэн Ч.Б нь Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт Б.Эд холбогдуулан 2020.02.16-ны өдөр Да хүрээ зах дээр Б.Эаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ барьцаанд авч киа бонго 3 маркийн тээврийн хэрэгслийг зээлээр худалдсан ч төлбөрөө төлөхгүй, залилсан гэх гомдол гаргасныг иргэд хоорондын маргаан хэмээн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 07 сарын 10-ны өдрийн 3167 дугаар бүхий тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан шийдвэрлэж, тогтоол хүчин төгөлдөр болжээ.
/ХХ-ийн 11 дүгээр тал/
Ч.Б нь Б.Эд холбогдуулан 23,250,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 04 сарын 20-ны өдөр гаргахад 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 9629 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Ч.Б нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гарган мөн шүүхийн 2022 оны 07 сарын 05-ны өдрийн 2273 дугаар шийдвэрээр Б.Эыг эрэн сурвалжлан хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагад даалгасан ба Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газар 2022 оны 10 сарын 12-ны өдөр Б.Эын хаягийг тодруулан, эрэн сурвалжлах ажилагааг зогсоож байжээ.
/ХХ-ийн 12-15 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Эаас 23,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Э худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Цы өмчлөлийн ххххххххххххх тоотын 34,61 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийг албадан худалдан борлуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 344,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас 344,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН