Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 0278

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч Х.Батхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Батхүүд холбогдох эрүүгийн 201614000138 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн нөхөн сэргээлтийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 23-5 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Хашхүүгийн Батхүү, /регистерийн дугаар ФБ91092814/,

 

Шүүгдэгч Х.Батхүү нь 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багт үйл ажиллагаа явуулдаг “100 айл” барилгын материалын төвийн түрээслэгч Б.Бүжидмаагаас “Мон Турк” сургуулиас явж байна нэхэмжлэлээ бичүүлж авч яваад тооцоогоо хийнэ гэж хууран мэхлэж 873.000 төгрөгийн бараа материал залилсан, 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Авто центр” төвийн түрээслэгч Г.Мөнхцэцэгээс “Сонор хайрхан” төвийн 405 тоотод суудаг “Уул уурхайн элсний үйлдвэр”-ийн захирал ажилтай гэж итгүүлэн хууран мэхлэж 535.000 төгрөгийн бараа материал залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Х.Батхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бүжидмаа, Мөнхцэцэг хоёрыг залилсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирлоо бүрэн төлсөн. Гэмт хэрэг үйлдээд хохирлоо төлөх боломжгүй байсан тул Бүгд Найрамдах Казкастан улсад ажиллахаар явсан. Ажиллаад мөнгөтэй болоод хохирлоо төлөөд өвчтэй ээжийгээ аваад Казкастан явах зорилготой Монголдоо ирсэн. Хилийн хорио тавигдсан байгаа учир хилийн хоригийг цуцлаж өгнө үү. Хавтаст хэргийн 20 хуудсанд гэрлэлтийн баталагаа байгаа, цаашдаа эхнэртэйгээ Казкастанд амьдрана гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Бүжидмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өөрийн түрээслэн ажилуулдаг “100 айл” барилгын материалын төвийн лангуун дээрээ байж байсан. Тэр залуу өөрийгөө “Мон Турк” сургуулиас явж байгаа гадна өргөтгөл, хашаа хийх гэж байгаа гэж байсан. Өнөөдөр нэхэмжлэхээ бичүүлж авч яваад захиралдаа танилцуулна. Кабель утасны мөнгийг 1 дэх өдөр шийдэж өгнө гэж байсан. ...Тэгээд тэр залуу надаар зарлагын падаан, нэхэмжлэл бичүүлж аваад доорхи утаснуудыг авч явсан юм гэсэн мэдүүлэг /хх 24 ху/,

-Хохирогч Г.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Өдрийн 14 цагийн үед санагдаж байна гаднаас дээгүүрээ хар өнгийн цув өмсчихсөн залуу орж ирээд 100А-тай аккумлятор 2 ширхэг, тосол 20 литр, моторын масло 30 литрийг авъя гэсэн юм. Тэгэхээр нь би түүнд эдгээр зүйлсийг гаргаж өгөхөөр бэлдэж байхад тэрээр эгчээ нэг ярих юм байна, би хөдөө Ковш, Хово машинаар газар шорооны ажил хийж байгаа гэнэт аккумлятор, тос маслогүй болчихлоо гэж байсан. Тэгээд цаад компани маань 2 хоногийн дараа мөнгийг нь шийдэж өгнө би 2 хоногийн дараа таньд мөнгийг нь найдвартай авчираад өгнө гэж байсан. Тэгэхээр нь би зээлээр өгөхгүй чи Ковш, Хово машиныхаа бичиг баримтыг үлдээ гэсэн юм. Тэгсэн чинь бичиг баримт нь хөдөө байгаа би таньтай худалдах, худалдан авах гэрээ хийгээд авчихъя гээд байсан юм. Тэгснээ би өөрөө Сонор хайрхан төвийн 406 тоот өрөөнд суудаг юм. Манай оффис тэнд байдаг би ажил руугаа яваад тамга тэмдгээ аваад гэрээгээ хийчихээд ирье гээд явсан юм. Тэгээд 20 минутын дараа нэг гэрээний бланк цаас барьчихсан ирсэн юм. Тэгээд хоёр талаасаа гэрээ хийсэн юм. Тэгээд тамгаа дарах болсон чинь тамга нь байхгүй байсан, эгчээ би тамгаа аваад ирье гээд буцаад гараад явсан юм. Тэгээд 10 минутын дараа гүйж орж ирснээ эгчээ би тамгаа олдоггүй хурууныхаа хээгээр дарчих уу гээд дарсан юм. Тэгснээ би маргааш Ковш, Хово машиныхаа бичиг баримтыг авчираад өгнө гээд гаднаас жолоочоо дуудаад ирье гэж гараад нэг намхан нуруутай залууг дуудан оруулж ирсэн юм гэсэн /хх 26 ху/

-Иргэний нэхэмжлэгч Ц.Дуламжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэр залуу 1 метрийг нь 1000 төгрөгөөр өгнө гэж байсан. Тэгээд 150.000 төгрөгөөр тохирсон юм. Мөн дамартай шар өнгийн уртасгагч байсан түүнийг нь аваагүй гэсэн мэдүүлэг /хх 41 ху/,

-Гэрч Д.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгээд намайг тэр эмэгтэйгээс 2 боодол кабель утас, нэг уртасгагч зэргийг машиндаа ачилцаад өгөөч гэж байсан. ...Настайвтар эрэгтэй хүн гарч ирээд үзээд тэр хоёр кабель утаснуудыг нь хоёуланг нь 150.000 төгрөгөнд авсан юм. Тэгээд нэг шар уртасгагчийг үлдээсэн юм. ...Тэгээд 100 айл дээр очиж нөгөө эмэгтэйгээс мөн хоёр ширхэг боодолтой кабель утас аваад гарсан юм. ...Тэгээд би түүнийг “Эврика” төвийн доторхи хойшоо харсан лангуун дээрх нүдний шилтэй эмэгтэйд сүүлд авсан хоёр боодол кабель утсаа шар өнгийн уртасгагчтайгаа өгч байхыг харсан гэсэн мэдүүлэг /хх 31-32 ху/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Саранзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгэхэд оруулаад ирье гээд 2 боодолтой утас, нэг шар өнгийн уртасгагч оруулж ирсэн юм. Хэдээр өгөх юм бэ гэсэн чинь бүгдийг нь 80.000 төгрөгөөр өгнө гэж байсан. Тийм кабель утаснууд нь бараг нэг нь боодлоороо 100 метртэй нь 70.000 төгрөг байдаг болохоор 2 боодол кабель утас нэг уртасгагчийг нь нийтэд нь 80.000 төгрөгөөр авсан юм гэсэн мэдүүлэг /хх 42 ху/,

-Гэрч Х.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Итгээд 2 аккумлторыг нийтэд нь 200.000 төгрөгийн хэрэг болоод байна гэхээр нь 200.000 төгрөгөөр худалдаж авсан юм. ...100 ампертай Атлас аккумлятор 1 ширхэгийг, 90 ампертай Сеlкоr аккумлятор 1 ширхэгийг хоёуланг нь 200.000 төгрөгөөр авсан гэсэн мэдүүлэг /хх 43 ху/,

-Гэрч З.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...6 литртэй дизель моторын тос 5 ширхэг, 10 литртэй Алеска тосол 1 ширхэг, 5 литртэй Алеска тосол 2 ширхэг байсан юм. Өөр зүйл байгаагүй, өөр зүйл аваагүй. Тэгээд дээрх тос, тосолыг нийтэд нь 150.000 төгрөгөөр авсан юм гэсэн мэдүүлэг /хх 44 ху/,

 

-Хохирлын үнэлгээ /хх 9, 19 ху/

-Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх 11-12 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60, 61 ху/

-Х.Батхүүг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтэнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 22-26, 166-171 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт / хх 101, 143 ху/зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Х.Батхүү нь 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багт үйл ажиллагаа явуулдаг “100 айл” барилгын материалын төвийн түрээслэгч Б.Бүжидмаагаас “Мон Турк” сургуулиас явж байна нэхэмжлэлээ бичүүлж авч яваад тооцоогоо хийнэ гэж хууран мэхлэж 873.000 төгрөгийн бараа материал залилсан, 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Авто центр” төвийн түрээслэгч Г.Мөнхцэцэгээс “Сонор хайрхан” төвийн 405 тоотод суудаг “Уул уурхайн элсний үйлдвэр”-ийн захирал ажилтай гэж итгүүлэн хууран мэхлэж 535.000 төгрөгийн бараа материал залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Бүжидмаагийн “Тэр залуу өөрийгөө “Мон Турк” сургуулиас явж байгаа гадна өргөтгөл, хашаа хийх гэж байгаа гэж байсан. Өнөөдөр нэхэмжлэхээ бичүүлж авч яваад захиралдаа танилцуулна. Кабель утасны мөнгийг 1 дэх өдөр шийдэж өгнө гэж байсан. ...Тэгээд тэр залуу надаар зарлагын падаан, нэхэмжлэл бичүүлж аваад доорхи утаснуудыг авч явсан юм” гэсэн мэдүүлэг /хх 24 ху/, хохирогч Г.Мөнхцэцэгийн “Өдрийн 14 цагийн үед санагдаж байна гаднаас дээгүүрээ хар өнгийн цув өмсчихсөн залуу оорж ирээд 100А-тай аккумлятор ширхэг, тосол 20 литр, моторын масло 30 литрийг авъя гэсэн юм” гэсэн мэдүүлэг /хх 26 ху/, мөн иргэний нэхэмжлэгч Ц.Дуламжав /хх 41 ху/, Б.Саранзаяа /хх 42 ху/, гэрч Д.Баярсайхан / хх 31-32 ху/, Х.Эрдэнэбаяр /хх 43 ху/, З.Оюунчимэг /хх 44 ху/, нарын мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Батхүүгийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч Х.Батхүү нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2.д ...баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасна гэсэн заалтын баримтлан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Бүжидмаад 873.000, Г.Мөнгөнцэцэгт 535.000, иргэний нэхэмжлэгч Ц.Дуламжавд 150.000, Б.Саранзаяад 80.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд дээрхи хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 32 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Х.Батхүүг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Х.Батхүүгийн цагдан хоригдсон 32 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас 480,000 төгрөгийг хасч, торгох ялыг 520.000 /таван зуун хорин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Х.Батхүүд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Х.Батхүү нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Батхүү нь 32 хоног цагдан хоригдсоныг дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Батхүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Батхүүд авсан хилийн хоригийг хэвээр үлдээсүгэй.

 

9. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ