Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/11

 

 

Д.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа,  О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв. 

 

Шүүх хуралдаанд:

                        прокурор Д.Хорлоо /онлайнаар/,

                        шүүгдэгч Д.Д /онлайнаар/,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.С /онлайнаар/,

                        нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч С.С нарын давж заалдах гомдлоор тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Д холбогдох эрүүгийн 2030000500105 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19...  онд Ө аймгийн “ГУ” суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ...дугаар анги төгссөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн С сумын ....... баг, “БО” гэх газарт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Д.Д /РД: ............./,

 

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 08 дугаар сард Сүхбаатар аймгийн  С сумын .... дугаар багийн нутаг дэвсгэр “ТХ” гэх газраас хохирогч Г.Г-н 1 адуу, 7 ямаа, 3 хонийг хулгайлж, бусдад 1620000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоо нь түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Д.Д-г мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Д.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тооцож, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 50000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Линзийн өгөөж” ХХК-д олгож, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Г.Г-т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгч Д.Д давж заалдах гомдолдоо: Миний бие Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авсан 1 жилийн хорих ялаа хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.С давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн 2021 оны 20 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

1/. Шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлтээ 2021 оны 1 сарын 28-нд анхан шатны шүүхэд явуулахад 13, 14, 15 дугаар хуудас нь дутуу тэмдэглэлийг 2 сарын 5-нд ирүүлж, бүрэн танилцах боломжоор хангаагүй.

2/. Хэргийг бүрэн гүйцэд шалгуулахын тулд өмгөөлөгчийн зүгээс прокурорт хүсэлт гаргахад нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч мөрдөгч дутуу шалгаж, хэргийг хэт нэг талыг барьж шалгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

3/. Хэрэгт авагдсан 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэрч Г.Г-н болон 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хохирогч Г.Г-н мэдүүлэгт “цагдаагийн газрын мэдүүлгийн өрөөнд” гэж бичихийг “цагдаагийн хэсгийн мэдүүлэг авах өрөөнд” гэж бичсэн нь эргэлзээ төрүүлж, мэдүүлгийг нөхөж хийсэн байх үндэслэлтэй байна. Мөн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр  Д.Д-с өмгөөлөгчгүйгээр гэрчийн мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 4, 9.6 дүгээр зүйлийн 6 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. /1-р хх 7-11/

4/. Хохирогч Г.Г-н мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, үнэн эсэхэд эргэлзэх үндэслэл гарч байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсгийг зөрчсөн,

5/. Мөн гэрч Б.ЭА шүүх хуралдаан дээр урьд өгсөн мэдүүлгээсээ өөрөөр мэдүүлж байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсгийг зөрчсөн,

6/. Яллагдагч Д.Д-н хоттой малд түүний эхнэрийн төрсөн эх Ц-н мал байдаг. Ц-н бог мал нь Г-н малын имтэй адилхан тул үзлэг хийж, баталгаажуулах,

7/. Хохирогч Г нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Би алдсан 1 тооны адуу буюу нар, саран тамгатай нас гүйцсэн хонгор гүүгээ 2 хоногийн өмнө олсон учраас цагдаад мэдэгдэх гэж ирлээ” гэснээс үзэхэд адуу нь алдагдаагүй байна гэж үзэж байна. Энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. /1-р хх 9/

8/. Д, гэрч А-н хамт 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр малчин М-н гэдэг айлд очиход Г-н имтэй адилхан имтэй 6 улаан ямааны нэг байсныг тогтоож, зургийг нь авч, шүүх хуралдаан дээр хохирогчид үзүүлж, “танай ямаа мөн үү” гэж асуухад “мөн” гэсэн тул энэ асуудлыг шалгаж өгнө үү. Шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хяналтын прокурор Д.Хорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Энэ хэргийг давж заалдах шатны шүүх хянаад анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхээр буцааж байсан. Д.Д-н хувьд хохирогч Г.Г-н 1 адуу, 7 ямаа, 3 хонийг хулгайлж, 1620000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгч учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Д.Д нь гэрч ЭА руу утсаар залгаж, “Зарах хонь, ямаа байна. Авах хүн байна уу” гэж асуусан байдаг. Гэрч ЭА ““Хэний ямар имтэй хонь, ямаа байна” гэхэд “ганзага, ухам имтэй” гэж хэлсэн. Дараа нь сонсоход Д.Д нь хохирогч Г.Г-н хонь, ямааг төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг өгсөн. Д.Д-н өмгөөлөгч С.С-н хүсэлтээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж шалгасан. Мөрдөн байцаалтын бүх ажиллагаа хийгдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч С.С нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Д.Д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

 

          Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 08 дугаар сард Сүхбаатар аймгийн  Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “ТХ” гэх газраас хохирогч Г.Г-н 1 адуу, 7 ямаа, 3 хонийг хулгайлж, 1620000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байна. Тухайлбал:

         

          Яллагдагч Д.Д-н “Би Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутагт мал маллаж амьдардаг юм. 2019 оны 08 дугаар сард манай хонь саахалт айлын Г-н малтай нийлсэн байсныг мэдсэн. Тухайн үед би Г-тод хонь нийлсэн талаар хэлээгүй бөгөөд манай малд тэдний 7 ямаа, 3 хонь үлдсэн. Тэгээд би түүний малыг БУсумын зүүн талд байх бойнд өгсөн юм. Банкны зээл төлөх гээд мөнгөний хэрэг гарсан учраас Г-н  малыг бойнд өгсөн... 2019 оны 10 дугаар сарын эхээр Г-т нь манай гэрт ирээд “адуугаа төлүүлнэ, төлөхгүй бол цагдаад хэлнэ” гэж сүрдүүлээд байхаар нь өөрийнхөө адуунаас нас гүйцсэн хар морийг Г-н гэрт хүргэж өгсөн. Тухайн үед Г-д эр ямаа 2, шүдлэн ямаа 2, хязаалан эр ямаа 2, эр төлөг 2, бүдүүн эм хонь 2 ширхгийг тус тус өгсөн.” гэх /1-р хх 41-42, 190-191/

          Хохирогч Г.Г-н “Би С сумын .... дугаар багийн нутаг “ТХ” гэх газарт мал маллаж, амьдардаг. 2019 оны 07 дугаар сарын дундуур малаасаа 1 адуу, 7 ямаа, 3 хонь алдаад олохгүй байсан. Малаа хайж байгаад Д гэх залуу нь миний 7 ямаа, 3 хонийг авч, зарсан болохыг мэдээд очиж, уулзахад тэрээр хүлээн зөвшөөрч миний хонь, ямааг өөрийнхөө малаас буцааж төлсөн. Манай хоёр гэр хоорондоо 3-4 км хол зайтай байдаг. Малын бэлчээр нэг байдаг байсан... Д-тай хотод байхад нь утсаар ярьж, “Миний дүү ахынхаа малыг авсан байна. Энэ талаар гэрчлэх хүн байгаа” гэж хэлэхэд “Дүү нь хэд хоногоос очно. Очиж байгаад тохиръё. Та хүнд битгий хэлээрэй” гэж надад хэлсэн. 11 дүгээр сарын үед хүргэнтэйгээ хамт гэрт нь очсон. Тэгээд авсан малаа ахынх руугаа хүргүүлсэн. Д-г хэрэгт холбогдсон гэхээр нь хонгор гүүгээ олсон гэж цагдаад мэдүүлэг өгсөн. Д-тай  уулзахад “Ахаа би таны 7 ямаа, 3 хонийг үрчихсэн. Миний буруу би тэрийг чинь өөрийнхөө хониноос төлье” гэхээр нь “би тэр хониноос гадна соёолон насны хонгор зүсмийн бүдүүн гүү алдаад олдохгүй байгаа тэрийг мөн авсан юм уу” гэхэд “Таны гүүг үгүй хийсэн. Би ямар ч байсан орных нь малыг өгье” гэхээр нь би “Хохирлоо барагдуулчихвал надад гомдол санал байхгүй, цагдаа сэргийлэх гэж явахгүй” гэж тухайн үед хэлсэн юм. Дараа нь Д, эхнэртэйгээ хамт өөрийнхөө цэнхэр өнгийн портер машинаар 7 ямаа, 5 хонь болон миний гүүний оронд нас бие гүйцсэн бүдүүн адууг авчирч өгсөн. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх /1-р хх 7-10, 97-99/

          Гэрч Б.ЭА-н “Д.Д нь 2019 оны 08 дугаар сард над руу утсаар залгаад “Зарах хонь, ямаа байна авах хүн байна уу” гэхээр нь “чи найдвартай юм уу янз бүрийн хулгайн юм авчраад намайг дараа нь асуудалд оруулав, хэний, ямар имтэй юм” гэж намайг асуухад “ухам, ганзагатай” гэж хэлж байсан. 2019 оны 09 дүгээр сард Гт нь “Ах нь буруу талын чих ухам, зөв талын чих ганзага имтэй 7 ямаа, 3 хонио эрээд олохгүй байна чи мэдэж байгаарай” гэж надад хэлсэн. Тэгээд Г-т ахад “Д.Д нь таны имтэй адилхан хонь, ямаа зарна гээд надаас асууж байсан” талаар хэлсэн. Сүүлд сонсоход Д хэргээ хүлээж, Г-н хонь, ямааг төлсөн гэж би сонссон” гэх /1-р хх 104/

          Гэрч З.Р-н “Би “Өндөр хамар” хоршооны нягтлан бодогч юм. Би тус хоршоонд мал өгсөн хүмүүсийг бүртгэж, овог, нэр, регистрийн дугаар, дансыг бичиж, захирал Батзоригийн дансаар мөнгөө шилжүүлдэг. Бүртгэлээ шүүж үзэхэд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Д нь хонь 3, ямаа 7 өгсөн байдаг.  А гэх хүний дансанд “10 богийн мөнгө” гэж 954000 төгрөг хийлгэсэн.” гэх /1-р хх 101/,

          Гэрч Ц.Э-н “2019 оны 09 дүгээр сард манай нөхөр Г-т 7 ямаа, 3 хонио ойролцоох айлаар эрээд олоогүй. Тэгээд хөдөө гэртээ ирээд Д.Д гэх хүн рүү залгаад “Чи миний 7 ямаа, 3 хонийг авсан байна. Би цагдаад хандана” гэхэд Д.Д нь “Ахаа би цагдаа дээр хэрэгтэй байгаа, та битгий цагдаад хэлээч, би танай хонийг буцаагаад өгье, би одоохондоо Улаанбаатарт байна.” гэж ярьсан. Сүүлд Д орных нь хонь, ямааг авчирч өгсөн.” гэх /1-р хх 103/,

          Гэрч Г.Г-н “2019 оны 10 дугаар сард Г-н мал манай малтай цуг байсан бөгөөд Г-т нь Д-тай цуг манай гэрт ирсэн. Д нь цэнхэр өнгийн портер маркийн машинаас хар саарал зүсмийн адуу, 7 ямаа, 5 хонь буулгаж, Г-н хонинд нийлүүлсэн. Тухайн үед би Д-г Г-н хониноос хулгайлсан хонь, ямааныхаа орны малыг авчирч өгч байна гэж бодсон. Учир нь Г-т 2019 оны 08 дугаар сарын сүүлээр 7 ямаа, 3 хонь байхгүй байна гээд манайхаар эрээд явж байсан.” гэх /1-р хх 105/,

          Гэрч С.А-н “Д бид хоёр 2019 оны 08 дугаар сарын эхээр хөдөө гэртээ ирсэн. Хадам ээж А нь айлын хэдэн ямаа нийлсэн талаар хэлсэн. Улаан зүсмийн 6 ямаа байсан. 2019 оны 10 дугаар сард Д бид хоёрыг Улаанбаатарт байхад Г-т гэх хүн залгаад ямаа сурагласан. 2019 оны 11 дүгээр сард манайхыг “М” гэх газарт байхад Г-т нь нэг хүнтэй ирээд “ахынх нь 6 ямаа танай хоньтой нийлсэн байна” гэж ярьсан. Д “манай хоньтой нийлчхээд ямаа тастаад байхаар нь хөөсөн” гэж хэлсэн. Тэгээд Г-т нь адуугаа алдсан төлж өгөхгүй бол цагдаад хэлнэ гэж сүрдүүлээд байхаар нь нас гүйцсэн хар морь, 5 хонь, 3 ямаа машиндаа ачиж, аваачиж өгсөн. 2019 оны 09 дүгээр сард БУсуманд байх бойнд 7 ямаа, 3 хонь өгсөн. 900 гаруй мянган төгрөг миний данс руу орсон. 700000 төгрөгийг хүнд өрөндөө өгсөн, үлдсэнийг нь өөрсдөө хэрэглэсэн.” гэх /1-р хх 164-165/,

          Гэрч Ж.А-н “Миний бие хүү Д-тайгаа амьдардаг юм. 2019 оны 08 дугаар сард манай хонинд айлын 6 ямаа нийлсэн. Д нь тухайн 6 ямааг тастаад хөөсөн. Тухайн ямаа хаачсаныг мэдэхгүй. 2019 оны 10 дугаар сард шиг санаж байна манай хөдөө гэрт Г-т нь нэг залуутай ирээд Дгаас хонь, ямаа нийлсэн 8 бог, хар морь зэргийг авсан. 2019 оны 09 дүгээр сарын эхээр Д-н 7 ямаа, 3 хонь, миний өөрийн 6 хонь, нийт 16 тооны бог малыг БУ сумын бойнд өгсөн.” гэх /1-р хх 166/

          2019.09.06-ны өдөр Д-с 7 ямаа, 3 хонь бойнд хүлээн авсан бүртгэл /1-р хх 95-96/,

          Яллагдагч Д.Д-н бог малд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 91-93/

          Хохирогч Г.Г-н бог малд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 88-90/,

          Хэргийн газрын схем зураг /1-р хх 54/,

          Хохирлын үнэлгээ /1-р хх 30/,

          Г.Г-н мал тооллогын баримт /1-р хх 106-118/,

          С.А-н дансны хуулга /1-р хх 125/ зэрэг баримтуудаас үзэхэд Д.Д нь Г.Г-н 1 адууг хулгайлсан, мөн өөрийн хонинд нийлсэн түүний 7 ямаа, 3 хонийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бойнд тушааж, мөнгийг нь эхнэрийнхээ дансанд хийлгэж, ашигласан, 2019 оны 10 дугаар сард Г.Г-н малын оронд өөрийн 1 адуу, 7 ямаа, 5 хонийг аваачиж өгсөн үйл баримт хөдөлбөргүйгээр тогтоогдож байна.

         

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Д.Д-г 2019 оны 08 дугаар сард 10 бог, 1 бод мал хулгайлах үед хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсний дагуу анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Учир нь Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар шүүгдэгчийн энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу  “олон тооны мал хулгайлах” гэмт хэрэгт хамааруулж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах тул энэ хуулийг буцаан хэрэглэхгүй юм. 

 

          Шүүгдэгч Д.Д гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг нь харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

 

          Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байх бөгөөд “яллагдагч бичиг үсэг мэдэхгүй байхад түүнээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” гэх үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна “яллагдагч Д.Д бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ авч,  ерөнхий боловсролын дунд сургуулийн 9 дүгээр ангид дэвшин суралцаж байсан” гэх мэдүүлгээр няцаагдаж байна.  

 

          Мөн мөрдөгч яллагдагч Д.Д-с 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өмгөөлөгч А.Э-г, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өмгөөлөгч С.С-г тус тус байлцуулан эрх, үүргийг нь тайлбарлан өгч, мэдүүлэг авсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэж байх тул эдгээр мэдүүлэг болон дээр дурдсан бусад нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй байна. /1-р хх 41-42, 190-191/

         

          Шүүгдэгч, хохирогч, гэрч нарын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд нь тэдний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдэд эргэлзэх үндэслэл болохгүй байхаас гадна энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн учраас шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн “шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хүссэн”  хүсэлтийг хангахаас татгалзав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          Нэг. Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч С.С нарын  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

          Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-н цагдан хоригдсон 64 /жаран дөрвөн/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

          Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч С.С нарын “шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хүссэн”  хүсэлтийг хангахаас татгалзсугай.

 

          Дөрөв. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                     Д.БАЙГАЛМАА

 

                                                                        О.БААТАРСҮХ