Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 114/ШШ2023/0003

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                            Хэргийн индекс: 114/2023/0003/З

          Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхболдыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: *******

           Хариуцагч: *******

           Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” ******* дугаартай захирамжийг хүчингүй болгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд:

          Нэхэмжлэгч:*******          Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч Э.Мөнхдаваа /онлайн/

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, Г.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

          Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

          2.1. Нэхэмжлэгч ******* нь анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад  шилжүүлэх тухай” 153 дугаартай захирамж түүний хавсралтаар Дархан сумын 14-р багт байршилтай  ******* м.кв талбай бүхий ******* *******/ нэгж талбарын дугаар бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар 1 жилийн хугацаагаар эзэмшихээр иргэн А. шилжүүлэн авснаар тус газрыг эзэмших эрхтэй болж 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ авсан байна.

          2.2. Хариуцагч ******* 2012 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн” Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” 306 дугаар захирамжаар дээрхи газрын газар эзэмших эрхийг 1 жилийн хугацаагаар, 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/89 дүгээр захирамжаар 2 жилийн хугацаагаар сунгаж байсан ба сүүлд  2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн А/188 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар сунгаж  иргэн *******тай 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дугаартай гэрээ байгуулан, дугаартай гэрчилгээ олгожээ.

          2.3. ******* 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр маргаж буй  “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” ******* дугаартай захирамжийг гаргаж иргэн *******ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1,Газар эзэмшүүлэх гэрээний 3.1, 4.3 дахь заалтуудыг үндэслэл болгосон.

          2.4. Нэхэмжлэгчийн зүгээс ”... Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022.11.18-ны өдрийн ******* дугаар захирамж хууль бус, учир нь  анх маргаан бүхий газар болох Дархан сумын 14-р  багийн нутагт байрлах ******* м.кв газрыг 2010.04.23-ны өдөр 19 сая төгрөг төлж хувь иргэнээс худалдаж авсан, газраа зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэл ажлаа хийж барилгын эскиз зураг, хөрсний шинжилгээ хийлгэсэн, дулааны шугам татахаар төлбөр тооцоо хийсэн /хажуу талын барилгаас /, одоогоор анхны зураг зурагдах шатандаа явж байна, дуудлага худалдааны анхны үнийг 2015.03.16-ны өдөр 15.300.000 төгрөг улсад тушааж худалдан авсан, 2017.05.05-ны өдрийн А/188-р захирамжаар  15 жилийн хугацаатай авч, 2017.05.17-ны өдөр дугаартай гэрчилгээ авч,гэрээг байгуулсан газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу өнөөдрийг хүртэл төлж байгаа бөгөөд 2019-2022 оны эцэс хүртэл хил хаагдсан, барилгын материалын үнэ өссөн гэх мэт нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж барилгын ажил удаашралтай байгаа...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

          2.5. Хариуцагчийн зүгээс “...Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 41/14 тоот “Зөрчил арилгуулах тухай" албан шаардлагад ******* нь "Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” байна гэсний дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас *******т 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 352 дугаар албан бичгээр “Сонсох ажиллагааны мэдэгдэл”-хүргүүлсэн 2010 оноос 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх 12 жилийн хугацаанд ******* нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй, харин сонсох ажиллагааны  мэдэгдэх хуудас өгсний дараа 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хариу тайлбар, холбогдох баримтууд болох Дуудлага худалдааны анхны үнэ 15.300.00 (арван таван сая гурван зуун мянга) төгрөг тушаасан баримт, орон сууц үйлчилгээний барилгын инженер –геологийн судалгааны 2012 оны дүгнэлт, 2013 оны иргэн  *******ын үйлчилгээ, зочид буудлын барилгын эскиз зураг зэргийг ирүүлсэн болно...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

          Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

          3.1. Нэхэмжлэгч ******* түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэгд маргаан бүхий захиргааны акт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэж гарсан тул энэ заалт дээр бид өнөөдөр ач холбогдол өгч мэтгэлцэнэ гэж ойлгож байна. Улсын Дээд шүүх 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан тайлбар одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Энэ тогтоолын 1.10 дээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэж байгаа энд бүх нийтийг хамарсан Ковид цар тахал орно . Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал дахин нотлохгүй гэж заасан.

          2019 оны 09 дүгээр сараас 2,3 жил нийтийг хамарсан хол хорио үргэлжилснийг бид бүгд мэдэж байгаа. Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаартай бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тогтоол мөн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах тухай зэрэг 2020-2022 онд нийлээд олон удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байдаг. Цар тахлын дараах эдийн засгийн хямралаас шалтгаалж барилгын материал түүхий эдийн үнэ нэмэгдэх, импортоор орж ирэх бүтээгдэхүүний үнэ өсөх, хилийн хязгаарлалт зэргээс барилгын материалын үнэ 2-2,8 дахин өссөн. Өнөөдөр Ковид цар тахлын улмаас барилгын салбар ерөнхийдөө зогсонги байгааг бид бүгд мэднэ. Сая энэ оны 2 сараас хил нээгдсэн. 2019 оны 09 дүгээр сараас 2022 оны 10 сар хүртэл давагдашгүй хүчин зүйлийн нөлөө байсан. Хариуцагч тайлбартаа газрыг 2010 онд олгосон одоо хүртэл 12 жил барилга, байгууламж бариагүй гэдэг. 2010 онд анх А. шилжүүлж аваад 2015 онд 2 жил, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 15 жилийн хугацаатай олгосон шийдвэр гарсан. 2010 оноос тоолохгүй 2017 онд шинэ захиргааны акт гарснаас хойш тоолно. 2019-2022 он тэр чигтэй давагдашгүй хүчин зүйл байсан. Барилга бариагүй гэж яриад байхын энэ газар үйлчилгээний зориулалттай болохоос заавал барилга барь гэсэн юм байхгүй. 2013 онд үйлчилгээний зочид буудлын барилгын эскиз зураг тухайн үед хийлгэж батлуулсан байдаг.

          Сая нэг дэх өдөр шүүхэд маш чухал баримт өгсөн энэ бол бүжгийн барилгын шинэ зураг. Хариуцагч иргэний эрх ашгийг хамгаалах тал дээр анхаарч шударга шийдвэр гаргах хэрэгтэй. Ямар ч иргэн, хуулийн этгээд үнэгүй газар авдаг. Харин ******* 13 жилийн өмнө 19 сая төгрөг асар их мөнгөөр хувь хүнээс худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлснийг хариуцагч 2 иргэний хоорондох асуудал гэж шударга бус тайлбар гаргаж болохгүй. Захиргаа хүний эрхийг харгалзаж шийдвэр гаргах ёстой. Дуудлага худалдаанд нэг ч хүн өрсөлдөөгүй, ******* 2015 онд 15,3 сая төгрөгөөр улсаас худалдан авсан 2022 онд эскиз зураг хийлгэсэн, газрын төлбөрөө төлөөд явж байгаа. Төлбөрөө төлөөгүй, газраа зориулалтын бусаар ашигласан бол өөр хэрэг. 2 жил ашиглаагүй гэдгээр 2022 онд эскиз зураг нь батлагдсан байхад цуцлах нь хууль бус байна. ******* 2022 оны эскиз зургаа тухайн үед өгөхийн хооронд эзэмших эрхийг нь цуцалсан. эскиз зураг батлагдсан байхад зориулалтын дагуу ашиглаагүй гэж цуцлах нь үндэслэлгүй. Яагаад гэвэл барилга гэдэг хашаа хатгах, гэр барих асуудал биш. Энэ хүн үйлчилгээний зориулалттай гээд түц тавьсан ч болох байсан гэтэл зориулалтын дагуу шударгаар ашиглахын тулд аятайхан барилга барих гээд зээлээ хөөцөлдөөд, эскиз зургаа батлах гээд явж байтал хөл хорио таарч сүүлийн 3,4 жил барилгын салбар бүхэлдээ зогссон энэ нөхцөл байдлыг захиргаа мэдэж байсан бөгөөд ямар ашиг сонирхлоор авах гээд байгаа юм вэ. ******* тухайн үед одоо нөхцөл байдал арай дээрдэж байна ядаж 2024 он хүртэл хараад өгөөч гээд хүсэлтээ өгсөн байгаа.

       Дуудлага худалдаанд орсон 2022 онд эскиз зураг батлагдсан байхад цуцалсан нь хууль бус юм. Захиргааны байгууллагын шийдвэр бодит нөхцөл байдалд нийцээгүй яагаад гэвэл эскиз зургаа хийлгэсэн үүний дараа хөрсний шинжилгээ дулаан, усны гээд ажлууд, архитектур төлөвлөлтийн даалгавар яригдана ингээд барилгыг 15 жилийн хугацаандаа багтааж барина. 2017 онд олгосон газраа цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн байсаар байтал он гарахаас сарын өмнө сонсох ажиллагаа ч бүрэн хийгээгүй цуцалсан нь үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хуульд шинээр 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт хууль ёсны итгэлийг хамгаалах гэж байгаа. Захиргаа үнэ хэлээд л зарсан, өөр хүнд өгөх гээд байгаа юм уу ямар эрх ашиг байгаа вэ, өөр хүнд өгөх гээд байгаа юм уу, өөрсдөө авах гээд байгаа юм уу би хардаж байна. Барилга барихад бэлтгэл ажил асар их байдаг. 15 жилийн хугацаандаа барилгаа барьж чадахгүй бол улс хураагаад л авна. ******* энэ газартай холбоотой бараг 100 гаран сая төгрөгийн зардал гаргасан байгаа. Анх шийдвэр гаргасан нөхцөл байдал одоогийн нөхцөл байдал хоёр тэс өөр болсон тул энэ хүний эрх ашгийг хамгаалж үндэслэлгүй шийдвэр болох маргаан бүхий  акт нь хууль бус байх тул Засаг даргын 2022.11.18-ны өдрийн 01А/323 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

          3.2. Хариуцагч *******ас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Аймгийн засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 153 тоот захирамжаар *******т газар эзэмших эрх шилжиж очсон. Уг захирамжийн дагуу 2022.11.18 хүртэл энэ хүн дээр эзэмших эрх байсан. Сая хүчингүй болгосон Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01А/323 тоот захирамж гартал энэ хүний нэр дээр байсан. Хугацаа дуусах бүрд 2010, 2012, 2015, 2017 онуудад хүсэлтүүдийг нь хүлээн авч тухай бүр сунгаж явсан. 19 саяар авсан гэдэг нь тухайн хүмүүсийн хоорондын асуудал болохоос манайд төлсөн, манайтай холбоотой асуудал биш. 2015 оны дуудлага худалдааны анхны үнэ болох 15.3 сая төгрөг гэдэг бол тухайн үед дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүй олгосон гээд хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр тухайн үед гарч байсан дарга нарын шийдвэрээр дуудлага худалдааны анхны үнийг төлөх боломжоор хангаж хуульд нийцүүлж төлүүлэн хугацаа сунгасан.

          Дуудлага худалдаанд оролцоод ялагч болсон асуудал биш. 12 жил орчим энэ хүн дээр байхад барилга барих боломжтой байсан бүтэн 12 жил зураг төсөл боловсруулаад явна гэж байхгүй хамгийн ихдээ 1 жилийн хугацаа л орно. Иймд энэ бол тухайн газрыг цуцлахад хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй. Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 тоот тогтоолын 1.10 дахь хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчин зүйл эсвэл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмших гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга байгууламж, зам, талбай бариагүй тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан. 2019 оноос Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас *******т газраа 2 жил дараалан ашиглаагүй бол эзэмших эрхийг цуцлах талаар урьдчилж мэдэгдсэн. ******* газрын төлбөрийг тухай бүр төлж байсан гэж нэхэмжлэлдээ дурдсан байдаг.

          Газар эзэмшүүлэх гэрээний 3.5 дахь хэсэгт газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамаарч хугацаанд нь төлөх гэж гэрээнд зааснаар гэрээний үүргийн дагуу төлбөрөө төлж байсан нь гэрээ цуцлахгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Ковид цар тахлын нөхцөл байдал 2019 оны 12 дугаар сараас 2021 оныг хүртэлх хугацаа байсан гэтэл 12 гаран жилийн хугацаанд бүх нөхцөлийг төрөөс хангаж өгч байхад барилга байшингаа бариагүй учир Засаг даргын Газрын тухай хууль болон гэрээний холбогдох заалтыг үндэслэн гаргасан 2022 оны ******* тоот захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, аймгийн Засаг даргын 2022 оны 11дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.                                                                                                             

ҮНДЭСЛЭХ нь:

 

        Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

          1.Хариуцагч ******* нь маргаж буй ******* дугаартай захирамжийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр гаргасан байх байх бөгөөд тус захирамжаар иргэн *******ын Дархан сумын 14 дүгээр баг, Дархан их дэлгүүрийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай ******* м.кв талбай бүхий нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийн  гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Газар эзэмших гэрээний 3.1, 4.3 дэх заалтуудыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /хх-105 х/

          2.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл,сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.6 дахь заалтад  ”хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил  дараалан ашиглаагүй” гэжээ.

         3.Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоолын 1.10 дахь заалтад "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ”... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”

        4. Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно ” гэж тайлбарлажээ.

          5.Дээрх тайлбараас авч үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх /ашиглуулах/ гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардаж байна.

          6. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч *******т  газар эзэмших эрхийг “үйлчилгээний” зориулалтаар олгосон байх боловч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай гэрээ хийгдсэн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацааг тоолоход 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дотор буюу хариуцагчаас маргаан бүхий актыг гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж, зам талбай бариагүй, уг газар нь атраараа байгаа нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургууд  Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 41/14 дугаартай албан шаардлага, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбаруудаар нотлогдож байгаа болно.

          7. Нэхэмжлэгчийн зүгээс 2012 онд “Орон сууц, үйлчилгээний барилгын талбайн  инженер-геологийн судалгааны дүгнэлт” гаргуулсан, 2013 онд “Үйлчилгээ, зочид буудлын эскиз зураг” зуруулан газраа зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэл ажлаа хийж байтал 2019 оны 9 сараас ковид цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил удаашралтай байгаа нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөө байсан гэж тайлбарлах боловч газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан гэж үзэхээргүй, газраа ашиглаж эхлээгүй, бодитоор хөрөнгө оруулалт хийсэн, бүтээн байгуулалт хийсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлаас хамаарахгүйгээр газрыг үйлчилгээний зориулалтаар  ашиглаж, төлөвлөсөн объектоо барьж байгуулах боломжтой байсан байна гэж шүүх үзлээ.

          8. ******* 2022 оны эскиз зургаа тухайн үед өгөхийн хооронд эзэмших эрхийг нь цуцалсан эскиз зураг батлагдсан байхад зориулалтын дагуу ашиглаагүй гэж цуцлах нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар нь маргаан бүхий акт гарснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн иргэн *******ын үйлчилгээ, бүжгийн ордны барилгын зураг, *******ын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр “2023 онд сүүлд нэг зураг хийлгэсэн хотоос өнөөдөр ирнэ” гэх тайлбараар үгүйсгэгдэж байна.

          9. Маргаан бүхий газрыг анх 2010 онд иргэнээс 19.000.000 төгрөгөөр худалдаж авсан, 2015 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахын тулд  дуудлага худалдааны анхны үнэ 15.300.000 төгрөг төлснийг харгалзан үзэлгүй хүчингүй болгосон гэх үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  гэдэгт хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

          10. Нэхэмжлэгч нь Газрын харилцаа барилга, хот байгуулалтын  газрын 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 356 дугаартай “Сонсох ажиллагааны мэдэгдэл”-д 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хариу тайлбар гарган 2012 оны Орон сууц, үйлчилгээний барилгын талбайн  инженер-геологийн судалгааны дүгнэлт /хх87-96х/, 2013 оны үйлчилгээ, зочид буудлын скиз зургуудыг /хх97-103 х/, хариуцагчид хүргүүлсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан сонсох ажиллагаа хийгээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

          11. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “ Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасны дагуу маргаж буй ******* дугаар захирамжийн 2 дахь заалтаар гэрээ, гэрчилгээг хүчингүй болгосон талаар иргэн *******т  мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч нь шүүхэд маргасан байх тул хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан  ажиллагааг хуульд зааснаар явуулсан  байна.

          12. Нэхэмжлэгч  иргэн ******* нь  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зөрчил гаргасан нь тогтоогдож байх тул хариуцагчийн зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр маргаан бүхий ******* дугаартай захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил  дараалан ашиглаагүй” гэж  буруутгасан нь үндэслэлтэй байх бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, хууль бус болох нь тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.       

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 43 дугаар зүйлийн 43.1,

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг баримтлан  нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, 51 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

          4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах,  гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНЧИМЭГ