| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/07777/И |
| Дугаар | 101/ШШ2023/02088 |
| Огноо | 2023-04-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2023/02088
2023 04 26 101/ШШ2023/02088
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Т.Ганчимэг, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххххххххххххххх хаягт оршин суух, Ч.Н /РД: хххххххххххххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ххххххххххххх, Р СӨХ-д /Гэрчилгээний дугаар х/ холбогдох
1,611,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н,
Хариуцагч Р СӨХ-ийн гүйцэтгэх захирал Г.Баяр-Эрдэнэ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.Н миний бие хххххххххххххх тоотод оршин суудаг бөгөөд 2022 оны 06 сарын 17-ны өдөр байрны дээврээс их хэмжээний ус алдаж миний өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулсан.
Манай байр 16 давхар орон сууц бөгөөд манайх хамгийн дээд давхарт байдаг. 2022 оны 06 сарын 17-ны өдрийн 12 цагийн орчимд ус алдаж байгаа тухай дуудлагыг Р СӨХ-ийн хххххххххх дугаарын утсанд болон орон сууцны Т конторын ххххххххх дугаарт мэдэгдсэн.
Ингээд уг өдрийн 19 цагийн орчимд орон сууцны Т ХХК-ийн сантехникч үзлэг хийсэн бөгөөд тус байрны дээвэр дээрхи дундын эзэмшлийн шугамын холбох хэрэгсэл элэгдэж гэмтсэн бөгөөд уг гэмтлийн улмаас удаан хугацаанд ус шүүрсэн болохыг тогтоон байрны хэрэглээний усыг хаан засварлан дараа өдөр нь хэрэглээний усыг нээсэн.
Т ХХК-ийн ус алдсан шалтгааныг тогтоосон 2022 оны 07 сарын 06-ны өдрийн дүгнэлтээр 44/6, 44/5 дугаар байрыг хариуцдаг СӨХ-ны эзэмшлийн шугамын холбох хэрэгслээс ус алдсан, Р СӨХ нь гэмтэл гарснаас үүдэн гарсан хохирлыг хариуцан арилгах нь зүйтэй гэсэн.
Ц.Д гэдэг нь миний хүү бөгөөд манайх 2022 оны 06 сарын 27-ны өдөр Р СӨХ-д гомдол гаргасан боловч хариу өгөхгүй байсан ба 2022 оны 10 сарын 04-ний өдөр шугам хоолойн гэмтлийн засварын ажлыг СӨХ хариуцахгүй гэсэн хариу өгсөн. Манайх Улаанбаатар даатгал ХХК-тай гэрээ байгуулсан ба даатгалд хандахад хугацаа өнгөрсөн тул даатгалын байгууллага хохирлыг хариуцан барагдуулах боломжгүй гэсэн.
2022 оны 06 сарын 17-ны өдөр ус алдсаны улмаас манай нийт 4 өрөөний таазны шохой хуурч унасан, ханын цаас норсны улмаас өнгө нь хувирч хуурсан, шалны паркет усанд норж товойсон, мөн тухайн өдөр манай байрны оршин суугч иргэд хэрэглээний усгүй хоносон зэрэг их хэмжээний хохирол учирсан.
Би өөрийн өмчлөлийн байрандаа ус алдсаны улмаас учирсан хохирлыг мэргэжлийн үнэлгээний байгууллагаар тогтоолгосон ба Тэнцвэр эстимэйт ХХК нь ажлын хөлс, барилгын засвар 900,000 төгрөг, материалын зардал үйлчилгээ 511,800 төгрөг, тээврийн зардал /материал, хог/ 60,000 төгрөг, нийт 1,471,800 төгрөг гэж тогтоосон.
Иймд хариуцагч Р СӨХ-оос 2022 оны 06 сарын 17-ны өдөр ус алдсаны улмаас учирсан хохирол 1,471,800 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 1х,000 төгрөг, нийт 1,611,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Р СӨХ-ийн гүйцэтгэх захирал Г.Баяр-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
2022 оны 06 сарын 17-ны өдөр 44/6-р байрны 3-р орцны 16 давхрын 198 тоот айлаас дээврээс ус гоожоод байна гэх дуудлага ирсэн ба мөн 165 тоотын оршин суугч хэрэглээний ус хаагаад 5 цаг боллоо гэсэн гомдол гаргасан.
Ингээд дээвэр рүү гарч шалгахад уг байрны дээвэр дээр өргөтгөл хийн барьсан сэндвичэн байгууламжийн доторхи плитатай шал нойтон байсан ба тухайн үе бороотой өдрүүд байсан тул бид борооны ус дээврээс гоожсон гэж ойлгож 198 тоотын оршин суугчид хариу өгсөн.
Т ХХК-ийн сантехникч ус хааж байгаад гэмтлийг олсон ба дээвэр дээр байрлан үйл ажиллагаа явуулдаг Маршал гэх дуу бичлэгийн студийн дотор байрладаг манай шугамд гэмтэл гарсан болох нь тогтоогдсон байсан.
Энэ нь зөвшөөрөлгүй, зураггүйгээр байшин дээр байшин нэмж барьж системийг дур мэдэн өөрчилснөөс болсон гэж үзэж байгаа ба Маршал студи уг байрыг Тэдмэнт компаниас худалдан авсан гэдэг.
Би Р СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар 2020 оны 09 сарын 01-ний өдрөөс ажиллаж байгаа ба тус студи нь СӨХ-ийн төлбөр огт төлдөггүй бөгөөд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байгаа.
Сууц өмчлөгчдийн холбоо нь оршн суугчдын дундын эд хөрөнгөд цэвэрлэгээ, харуул хамгаалалт, орчны тохижилт, үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээдийн эрхгүй, гишүүнчлэлтэй байгууллага бөгөөд энэ үйлчилгээнд зарцуулагдах мөнгийг хэн нэгний төлбөрт өгөхийг оршин суугчид зөвшөөрөхгүй бөгөөд хохирлыг төл гэвэл иргэдийг хуралдуулж энэ талаар мэдэгдэж байж шийдвэрлэнэ.
Сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугч иргэний адил конторт дуудлага өгч зохицуулалт хийх үүрэгтэй болохоос биш хэзээ, хаана ямар далд шугам хоолой задарч ус алдахыг мэдэх боломж байхгүй, мэргэжлийн байгууллагад хандахаас өөр аргагүй. Иймд нэхэмжлэгч Ч.Нгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Ч.Н нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хохирол үнэлгээний Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 11 сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, ус алдсан байдлыг харуулсан гэрэл зургууд, үнэлгээний ажлын хөлс 1х,000 төгрөг төлсөн баримт,
Р СӨХ-д 2022 оны 06 сарын 27-ны өдөр гаргасан гомдол болон Р СӨХ-ны 2022 оны 10 сарын 04-ний өдрийн хариу, орон сууцанд ус алдсан гэмтлийн шалтгаан нөхцлийг тогтоосон Т ХХК-ийн 2022 оны 07 сарын 06-ны өдрийн дүгнэлт,
Баянзүрх дүүргийн 4-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 44/6-р байрны 198 тоотын 152.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгч Ч.Н тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Ч.Нгийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч Р СӨХ нь хариу тайлбар, СӨХ-ны гэрчилгээ, ус алдсан гэх шугам хоолойн гэрэл зургууд, СӨХ-ийн жижүүрийн рапортын дэвтэр зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч Р сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан гэм хорын хохирол 1,611,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
/Ус алдсаны улмаас орон сууцанд учирсан хохирол 1,471,800 төгрөг,
Үнэлгээний ажлын хөлс 1х, 000 төгрөг/
Нэхэмжлэгч Ч.Нгийн өмчлөлийн хххххххххххххх тоотын 152.4 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххххх дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцны дээврээс 2022 оны 06 сарын 17-ны өдөр ус алдсан гэх ба уг 44/6-р байр нь 16 давхар орон сууц талаар талууд тайлбарлалаа.
/ХХ-ийн 116 дугаар тал/
хххххххххххххх тоот орон сууцны дээврээс 2022 оны 06 сарын 17-ны өдрийн 12 цагийн орчимд ус алдан оршин суугч энэ талаар орон сууцны Т ХХК-д дуудлага өгсний дагуу ус алдсан шалтгаан нөхцлийг тогтоох зорилгоор тухайн байрны хэрэглээний усыг 2022 оны 06 сарын 17-ны өдрийн 13 цагаас 2022 оны 06 сарын 18-ны өдрийн 13 цаг хүртэл хаасан тухайд талууд мөн хэн аль нь тайлбарлаж байна.
ххххххххххххххххххх тоот орон сууцанд ус алдса шалтгаан нөхцлийг тогтоосон Т ХХК-ийн 2022 оны 07 сарын 06-ны өдрийнм 22/04 тоот дүгнэлтэд:
-44/5, 44/6 дугаар байрыг хариуцдаг СӨХ-ийн эзэмшлийн шугамыг холбох хэрэгслээс ус алдсан,
-Ус алдсан холбох хэрэгслүүдийг шинээр сольсон бөгөөд Р СӨР нь уг гэмтэл гарснаас үүдэн гарсан хохирлыг арилгах нь зүйтэй гэж дүгнэжээ.
/ХХ-ийн 19 дүгээр тал/
Хариуцагч Р СӨХ-ийн гүйцэтгэх захирал Г.Баяр-Эрдэнэ нь дээрх дүгнэлттэй холбоотой маргаагүй ба 44/6 дугаар байрны дээвэр дээр өргөтгөл хийн барьсан Маршал студи-ын дотор талд байдаг тус байрны шугам хоолойнд гэмтэл гарснаас ус алдсан нь СӨХ-д хамааралгүй гэж тайлбарлаж байна.
198 тоот орон сууцны оршин суугч 2022 оны 06 сарын 27-ны өдөр Р СӨХ-д хандан ус алдсантай холбоотой гомдол гаргахад 2022 оны 10 сарын 04-ний өдрийн В/22 тоот албан бичгээр ... 44/6-р байрны 17 давхарт байрлах байгууллагын дотор талд тус байрны шугам хоолой дамждаг ба уг хоолойнд гэмтэл гарснаас ус алдсан байна. ... Шугам хоолойн гэмтэл засварын ажил СӨХ-д хамаардаггүй. ... гэх хариуг өгсөн ба нэхэмжлэгч Ч.Н уг хариу өгсөн хугацаанаас үүдэн даатгалын байгууллагад хандах эрхээ алдсан гэж тайлбарлалаа.
/ХХ-ийн 18 дугаар тал/
хххххххххххххх тоотын орон сууцны дээврээс ус алдсаны улмаас учирсан хохирлыг тогтоосон хөрөнгө, хохирлын үнэлгээний Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 11 сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:
1. Материалы зардал
-Хар, цагаан замаск, хэмжих нэгж кг, хэмжээ 180, нэг бүрийн үнэ 425 төгрөг, нийт үнэлгээ 76,500 төгрөг,
-Эмульс, хэмжих нэгж сав, хэмжээ 5, нэг бүрийнэ үнэ 20,000 төгрөг, нийт үнэлгээ 100,000 төгрөг,
-Зүлгүүр, 20 ширхэг, нэг бүрийн үнэ 800 төгрөг, нийт үнэлгээ 16,000 төгрөг,
-Багс том, жижиг, 2 ширхэг, нэг бүрийн үнэ 1,000 төгрөг, нийт үнэлгээ 2,000 төгрөг,
-Шпатель, 6 ширхэг, нэг бүрийн үнэ 800 төгрөг, нийт үнэлгээ 4,800 төгрөг,
-Өнхрүүш, 5 ширхэг, нэг бүрийн үнэ 2,500 төгрөг, нийт үнэлгээ 12,500 төгрөг,
-Ханын цаас, 20 ширхэг, нэг бүрийн үнэ 15,000 төгрөг, нийт үнэлгээ 300,000 төгрөг,
Нийт 511,800 төгрөг,
2. Ажлын хөлсний зардал:
-Хар, цагаан замаск татах хөлс, хэмжих нэгж м.кв, ажлын хэмжээ 108, нэгжийн үнэлгээ 6,000 төгрөг, нийт ажлын хөлс 648,000 төгрөг,
-Ханын цаас наах хөлс, хэмжих нэгж м.кв, ажлын хэмжээ 42, нэгжийн үнэлгээ 6,000 төгрөг, нийт ажлын хөлс 252,000 төгрөг, НИЙТ 900,000 төгрөг,
3. Нийт зардал:
-Ажлын хөлсний зардал 900,000 төгрөг,
-Материалын зардал, үйлчилгээ 511,800 төгрөг,
-Тээврийн зардал /материал, хог/ 60,000 төгрөг,
БҮГД ДҮН 1,471,800 төгрөг гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Ч.Н нь үнэлгээний ажлын хөлсөнд 1х,000 төгрөг төлсөн байна.
/ХХ-ийн 4-16 дугаар тал/
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна,
15.1.1-т орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө хамаарна гэж заажээ.
Хариуцагч Р СӨХ-ийн гүйцэтгэх захирал Г.Баяр-Эрдэнэ нь тус 44/6 дугаар байрны шугам хоолой уг байрны дээвэр дээр баригдсан өргөтгөлийн дотор талд байрладаг талаар тайлбарлаж байх ба уг ус алдсан шугам хоолой нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг болох нь тогтоогдлоо.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид холбоо гэх/-г байгуулна гэж заажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Р СӨХ нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй ба хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 11 сарын 08-ний өдрийн 16 дугаар бүхий хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаар маргаагүй, уг тайланг эсэргүүцсэн баримт ирүүлээгүй.
Р СӨХ-ийн жижүүрийн дэвтэрт 2022.06.17-ны өдөр ... н.Лутчимэг усгүй 5 цаг боллоо гэв. ... Студи орно гээд н.Лутчимэг 198 тоот хамт явлаа ... гэж тэмдэглэгдсэн байна.
/ХХ-ийн 98 дугаар хуудасны ар тал/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.
Хариуцагч Р СӨХ нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг шугам хоолойноос ус алдсаны улмаас бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Р СӨХ-оос 1,611,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Нд олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж заасан ба томилогдсон иргэдийн төлөөлөгч ирээгүй тул талуудын хүсэлтийг үндэслэн иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Р СӨХ-оос 1,611,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Нгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн х,739 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р СӨХ-оос х,738.х төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ
Д.ЯНЖИНДУЛАМ