| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/01397/И |
| Дугаар | 101/ШШ2023/01299 |
| Огноо | 2023-03-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2023/01299
| 2023 03 15 | 101/ШШ2023/01299 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Т /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Х” ТБАГУТҮГ /РД:/-т холбогдох
28,455,995 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие химич мэргэжил эзэмшин Хд эрдэм шинжилгээний ажилтнаар 1984 оны 07 дугаар сарын 25-аас эхлэн захирлын 63 тоот тушаалаар ажиллаж эхэлсэн болно. Үүнээс хойш 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өндөр настны тэтгэвэр тогтоолгох хүртэл тасралтгүй ажилласан болно. Миний зүгээс ТҮШУ-3-5 ангилалд хамаарах бөгөөд төрийн албанаас өндөр настны тэтгэвэр тогтоолгож ажлаас чөлөөлөгдөх хүртэл тус байгууллагад 35 жил 10 сарын хугацаанд тогтвортой ажилласан болго. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу өндөр настны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн бол 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлнэ хэмээн заасны дагуу нийт 33.755.995 төгрөг олгохоор захирлын тушаал гарсан болно. Гэвч үүнээс хойш надад уг мөнгөний 5.300.000 төгрөгийг олгосон ч үлдэх хэсгийг одоог хүртэл олгоогүй байна. Иймд хариуцагчаас 28.455.995 төгрөгийг гаргуулж надад олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х нь шүүхэд, түүний төлөөлөгч Л.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Тийн нэхэмжлэлтэй, Шйн Хд холбогдох иргэний хэргийн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Тус хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан Ж.Т нь Хгийн захирлын 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаар тушаалаар “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 3.1-д заасан нийтдээ 20-с доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар хортой нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагыг хангасан гэсэн үндэслэлээр өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарсан.
Өндөр насны тэтгэврээ тогтоолгосноос хойш 2020 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл тус хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад хүрээлэнгийн захирлын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/30 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тушаалд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан нэг удаагийн тэтгэмжид “33,755,995 төгрөг олгох” талаар заагаагүй болно.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтанд олгох нэг удаагийн тэтгэмжид шаардагдах зардал нь төсвийн төвлөрүүлэн захирагч болох Шйн төсөвт суусан байдаг учраас тухайн үед Ж.Тт тэтгэмжийг Шйн Ерөнхийлөгчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар олгож, түүний Төрийн банкин дахь дансанд 5,267,388 төгрөгийг 2020 оны 7 сарын 10-ны өдөр шилжүүлсэн байна.
Иймд Ж.Тт өндөр насны тэтгэвэрт тогтоолгосны нэг удаагийн тэтгэмжийг тус хүрээлэнгээс тооцож олгоогүй тул хариуцагч нь Х биш болно.
2. “Шинжлэх ухаан, технологийн тухай” хуулийн 21.1.3-д “энэ хуулийн 11.2-т заасан байгууллагад тасралтгүй 25 ба түүнээс дээш жил эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил эрхэлсэн эрдэм шинжилгээний болон инженер-техникийн ажилтан, лаборант өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол ажиллаж байгаа байгууллагаас нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох” гэж заасны дагуу Ж.Тийн үндсэн цалинг өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 2012 оны оны 1 дүгээр сарын шинжлэх ухааны байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээний ТУШҮ 3-5 зэрэглэлийн 438,949 төгрөгөөр тооцож, 12 сарын үндсэн цалинтай тэнцэх 5,267,388 төгрөгийг ШУА-аас олгосон байна Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан "... төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна” гэсэн заалт нь уг хууль мөрдөгдөж эхэлсэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш өндөр насны тэтгэвэрт гарсан хүнд хамаарна.
Ж.Т нь 2012 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул 35 жил 10 сар ажилласан хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж авах нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.Тийн “хариуцагчаас 28,455,995 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлье. Нэхэмжлэгч нь 2012.1.13-нд хортой нөхцөл гэдгээр тэтгэвэрт гарсан. Үүнээс хойш 2020 он хүртэл ажиллаж байсан. Тэтгэмж нь төсвийн төвлөрүүлэн захирагч дээр тавигддаг. Академи төвлөрүүлэн захирагч юм. Улмаар академи 5 300 000 төгрөг олгосон байдаг. Иймд хариуцагч нь манайх биш юм. Мөн 2019.1.1-нд төрийн албаны хууль хүчин төгөлдөр болсон. Энэ хуулийн 60.1-д тэтгэвэрт гарсан бол 36 сарын олговор олгох заалттай. Өмнө нь төрийн албаны хуулиар ТҮ-д энэ заалт хамаарахгүй байдаг байсан юм. Шинжлэх ухаан технологийн хуулиар тооцож олговрыг олгосон байгаа юм. Иймд нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгт байгаа тэтгэмжийн тооцоо нь тухайн үед бидний бодсон санал болохоос үүнийг авч очоод тэтгэмж олгох этгээд нь бодоод зохих ёсоор өгсөн байдаг. Бид хууль зүйн мэдлэг дутуугаас буруу санал өгсөн байна лээ гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: Төрийн байгууллагад ажилласны тодорхойлолт /хх6/, өөрийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх7-16/, цалингийн тодорхойлолт /хх17/, тэтгэмжийн тооцоо /хх18/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагч нь шүүхэд: Хгийн захирлын 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн Б/30 дугаар тушаалын хуулбар /хх35/, 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаар тушаалын хуулбар /хх36/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Т нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан 36 сарын цалинтай тэнцэх буцалтгүй тусламжийн зөрүү 28,455,995 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Х нь бид хариуцагч биш, түүнчлэн тухайн цаг хугацаанд ногдох буцалтгүй тусламжид 5,267,388 төгрөг олгосон тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
1. Зохигчид нэхэмжлэгч Ж.Тийг хариуцагч Хд ажиллаж байсан үйл баримтын талаар маргаагүй.
2. Хариуцагч Х нь хэдийгээр Шйн удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг боловч уг байгууллага нь бие даасан Төрийн байгууллага, албан газар буюу улсын төсөвт үйлдвэрийн газар болох нь улсын бүртгэлийн ,,,, дугаар гэрчилгээний хуулбар, тус хүрээлэнгийн захирлын 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн Б/30 болон 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаар тушаалын хуулбараар тус тус тогтоогдсон. /хх25, 35, 36/
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 5.3-т зааснаар төрийн албан хаагч нь ажил олгогчид холбогдох өргөдлийг гаргаснаар нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
Иймд хариуцагч Хгийн бид хариуцагч биш, энэ асуудлыг Ш хариуцна гэх тайлбар үндэслэлгүй.
3. Нэхэмжлэгч Ж.Т нь Хгийн захирлын 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх хангагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. /хх36/
Улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон боловч үргэлжлүүлэн ажиллаж тус хүрээлэнгийн захирлын 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгджээ. /хх35/
Энэхүү үргэлжлүүлэн ажилласан үйл баримтын талаар маргаагүй.
Цаашлаад, нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгч нь 5,300,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж авсан байна. Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар төрийн албан хаагчид тэтгэвэр, тэтгэмж олгох журмыг хуулиар зохицуулахаар заасан бөгөөд Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т зааснаар эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж буй төрийн албан хаагч тэтгэвэр тогтоолгох бол ажиллаж байсан байгууллагаас нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор зохицуулсан.
Зохигчид нэхэмжлэгчийг ТҮШУ-3-5 ангилалд хамаарах албан тушаалд ажиллаж байсан талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх хангагдсан үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийн шинэчлэн тогтоох тухай 239 дүгээр тогтоолд зааснаар ТҮШУ-3-5 ангилалд хамаарах төрийн албан хаагчийн сарын үндсэн цалин нь 438,949 төгрөг байсан байна.
Үүнээс үзэхэд нэг сарын цалинг 12 сараар тооцвол 5,267,388 төгрөг болно.
Энэхүү нэг удаагийн тэтгэмж олгосон талаарх хэрэгт байгаа санхүүгийн анхан шатны баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй боловч олгосон үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Иймд нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотойгоор нэг удаагийн тэтгэмж олгогдсон байна.
Цаашлаад Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын 5.3-т зааснаар тэтгэвэр тогтоолгосны дараа төрийн албанд үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол нэг удаагийн буцалтгүй тусламж дахин олгохгүй юм.
Тодруулбал, төрийн албан хаагч тэтгэвэр тогтоолгохтой холбоотойгоор олгох буцалтгүй тусламж нь нэг удаагийн шинжтэй байна.
Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т зааснаар хариуцагч Хд холбогдох 28,455,995 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД