Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2023/01407

 

 

 

 

 

 

 

                               2023        03          20

                   101/ШШ2023/01407

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “Х” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б. Д /рд:/,

Хариуцагч:  “Д” ХХК /рд:/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 116,386,936.1 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.О, З.Б, хариуцагч нарын төлөөлөгч Ю.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч О.О, З.Б нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч “Д” ХХК //, Л ургийн овогт Б Д // нар нь “Х” ХХК-ийн Номин юнайтед тооцооны төвтэй 2019-05-21- ний өдрийн №317201944486714 тоот Зээлийн гэрээ, №,,, тоот барьцааны гэрээ тус тус байгуулж 85,000,000 /наян таван сая/ төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд 2 ширхэг суудлын автомашинууд болон тоног төхөөрөмж, бараа материалын үлдэгдлийг барьцаалуулсан. Үүнээс хойш шинэ төрлийн корона вирус өвчний улмаас үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан төрийн байгууллагуудаас гаргасан шийдвэрүүд болон зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 2020-04-30-ны өдрийн №,,, тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Мөн 2020-07-31-ний өдрийн №,,, тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулан өмнөх зээлийн гэрээнүүдэд өөрчлөлт оруулан зээлийн гэрээний хугацааг 2022-11-02-ны өдөр хүртэл 3 сараар сунгаж, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн ба №,,,-1 тоот барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулан холбогдох өөрчлөлтүүдийг тусган оруулсан. Зээлдэгчид 2022-11-04-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 15,521,153.4 төгрөг, зээлийн хүүд 16,359,476.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 58,733.3 төгрөг, нийт 31,939,362.8 төгрөг төлсөн байх ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлж дуусгаагүй байгаа болно. Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Монгол улсын Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.1, 242.3, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24-р зүйлийн 24.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч “Д” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Бы Д нарт холбогдуулан Хамтран хариуцуулахаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2019-05-21-ний өдрийн зээлийн гэрээ, 2020-04-30-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2020-07-31-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнүүдийн үүрэгт 2022-11-04-ний өдрийн байдлаар

А/ Үндсэн зээлийн үлдэгдэл 69,478,846.6   төгрөг

Б/ Зээлийн хүүгийн төлбөр  44,184,519.8   төгрөг

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,723,569.7 төгрөг

Нийт 116,386,936.1 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

1а. Хариуцагчийн гаргасан тайлбартай холбогдуулан дансны хуулгыг гаргаж байна. Нэмж гаргасан баримттай танилцаад тайлбаргүй.

Нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан 2019.5.21-ны зээлийн гэрээ, 2020.4.30-нд өөрчлөлт оруулах гэрээ, 2020.7.31-нд өөрчлөлт оруулах гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 85 сая төгрөг авсан. Барьцаанд хөдлөх хөрөнгө барьцаалсан. Цар тахалтай холбоотойгоор нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Улмаар зээлийн гэрээний хугацааг сунгасан ба барьцааны гэрээнд өөрчлөлт оруулсан. Хариуцагч нар нь нийт 31 939 362.08 төгрөг төлсөн. Мөн эргэн төлөлтийн хуваарь хэтрүүлсэн тул хариуцагч нараас үндсэн зээл 69 478 846.06 төгрөг, хүү 44 184 519.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 723 569.07 төгрөг, нийт 116 386 936.01 төгрөг гаргуулна. Хариуцагч нь зээл авснаа зөвшөөрдөг. Хүндрэлтэй байдал үүссэн талаар нэхэмжлэгчид хүсэлт гаргаж өгсөн зүйл байхгүй. Зээл төлөх боломжгүй гэдгээ баримтаар нотлоогүй. Зээлийн гэрээний 4.2.1-д зээл хэрхэн төлөх талаар харилцах дансанд төвлөрүүлэхээр заасан байгаа юм.

Хариуцагчийн төлсөн төлбөр нь зөвхөн зарлага тал дээрээ л харагдана. Зарлага талд байгаа дүнгээр төлбөр төлсөн эсэх нь депозит дансаар байгаа юм гэв.

 

2.         Хариуцагч “Д” ХХК нь шүүхэд, хариуцагч нарын төлөөлөгч Ю.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Х” ХХК-аас 2019 оны 05 сарын 21-ны өдөр ,,, дугаартай зээлийн гэрээ байгуулан 85.000.000 \наян таван сая\ төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, ,,, дугаартай барьцааны гэрээ байгуулан 325480000 /Гурван зуун хорин таван сая дөрвөн зуун наян мянга/- н төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг суудлын, 1 ширхэг туулах чадвар сайтай дунд оврын жийп нийт 2 авто машин, тоног төхөөрөмжүүд, бараа материалын үлдэгдлийг барьцаалан зээл авсан.

Тус зээлийг графикийн дагуу:

2019.07.02      - 9.412 .00 төгрөг Зээлийн хүү

2019.07.02      - 2.103.245.54 Зээлийн хүү

2019.07.02      -1.288.342.46 Зээл

2019.08.02      -26.312.00 Зээлийн хүү

2019.08.29      - 6.484.66 нэмэгдүүлсэн хүү

2019.08.29      - 3.171.909.27 Зээлийн хүү

2019.08.29      -221.606.07 Зээл

2019.09.02        - 17.800.00 Зээлийн хүү

2019.11.30        - 50.624.90 Нэмэгдүүлсэн хүү

2019.11.30        - 5.087.673.83 Зээлийн хүү

2019.11.30         -5.079.346.27 Зээл

2019.11.30          -10.217.645.00 Зээл

2019.12.02          - 103.115.45 Зээлийн хүү

2019.12.02          -2.673.239.55 Зээл

2019.12.02          -625.000.00 Зээл

2020.01.02          - 1.531.059.57 зээлийн хүү

2020.01.02       -1.868.937.99 зээл

2020.02.02           - 44.302.44 зээлийн үү

2020.02.03          - 501.84 нэмэгдүүлсэн хүү

2020.02.04          - 1.544.981.78 зээлийн хүү

2020.02.04.       - 1.811.715.78 зээл

2020.03.06.         -1.121.93 нэмэгдүүлсэн хүү

2020.03.06.         - 1.315.234.14 зээлийн хүү

2020.03.06.         - 1.944.965.26 зээл

2020.04.02.- 238.302.44 зээлийн хүү

2020.04.30      - 995.327.0. згбөо

2020.06.15         - 30.000.00 зээл

2020.07.31          -5.123.115.36 згбөо

2021.01.02     - 8.000.00 зээл -д төлсөн байгаа бөгөөд үндсэн зээлд 46576811 дөчин зургаан таван зуун далан зургаан мянга найман зуун арван нэг/-н төгрөг төлсөн.

Манай байгууллага нь 2019 оны 2 дугаар сараас эхлэн БНХАУ-ын Бэйжинг Шинжхау Райлвау группд дулааны аргаар боловсруулсан хонь ямааны махыг нийлүүлэх гэрээний дагуу мах бэлтгэн нийлүүлж байсан бөгөөд уг гэрээний үүргийг биелүүлэхийн тулд уг зээлийг авч захиалагчийн урьдчилгаа, бизнесийн урьд бий болсон орлого дээрээ нэмж Завхан, Говь-Алтай, Дундговь, Архангай аймгуудаас бэлтгэсэн мал бэлтгэлийн үнэ, мах хадгалах зоорины үнэнд хэрэглэсэн. Бид тус оны 11 сар хүртэл зээлийг хэвийн төлж байсан хэдий ч 11 дүгээр сараас эхлэн БНХАУ-д Ковид 19 цар тахал дэгдэж нөхцөл байдал хүндэрсэн. Үүнээ хойш манай улс 2 ч удаа хатуу хөл хорио тогтоосон ч цөөн тонн ачааг салбар яамны зөвшөөрлөөр экспортолсон ч төлбөрийн 85 хувийг татаж авч чадаагүй, мөн үлдэгдэл боловсруулсан махаа захиалагчдаа нийлүүлж чадаагүй хөргүүртэй агуулахад хадгалсаар өдөр тутам зардал гарсаар 3 жил болж байна. Ковид-19 короно вирус халдварт цар тахлын улмаас олон улсын хил хаагдсан тул бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогсонги байдалд орсон. Иймээс зээлээ төлж чадахгүйд хүрсэн тул банканд хүсэлт гарган зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгасан боловч зах зээлийн үнийн ханш муудаж олон тонн махаа хилээр гаргаж чадаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл хил нээгдээгүй байна. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссан тул 2019 оны 05 сарын 21-ны өдөр ,,, дугаартай зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцож өгнө үү.

 

2а. Шинээр гаргасан баримттай холбоотой тайлбаргүй. Манайх 2 хуудас баримт гаргаж байна. Хнаас зээлийн гэрээ байгуулан 85 саяыг 36 сарын хугацаагаар зээлсэн. Барьцааны гэрээ байгуулсан. 325 480 000 төгрөгийн үнэ бүхий 2 машин, тоног төхөөрөмж барьцаалсан. Уг зээлийн гэрээний дагуу 2019.7.2-нд зээлийг төлж эхэлсэн. Тайлбар дэрээ төлсөн төлбөрүүдээ бичсэн байгаа юм. Нийт үндсэн зээлд 46 576 811 төгрөг төлсөн. “Д” ХХК нь хятад улс уруу мах экспортолж нийлүүлэх гэрээний дагуу зээл авсан. Зээлийн дагуу махаа бэлтгээд 2019 оноос цар тахал болж хил хааснаас бизнесийн хүндрэл учирсан. Энэ талаар хэлж гэрээг 3 сараар сунгасан. Гэтэл саяхан хил нээсэн тул бэлтгэсэн махыг экспортлох боломжгүй болсон тул зээлийг төлөх боломжгүй болсон. Иймд хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаад үлдэх хэсгийг төлнө гэдэг. Үндсэн зээлийг төлнө. Хүүг цар тахалтай холбоотойгоор хүүг хасаж тооцож өгнө үү. Зээлийн гэрээний хугацаа 2019 онд дуусгавар болсон юм. Анх зээлийг 2019.5 сард аваад хилийн хорио тавьсан тул гэрээг сунгах хүсэлтийг банканд гаргаж гэрээг сунгаж байсан тул тухайн үеийн нөхцөл байдлаар хандаж хүсэлт өгч байсан байдаг. Компанийг төлөөлөх этгээд нь Д тул иргэнээр нэхэмжлэл гаргаж байгаа нь хувь хүн давхар өрөнд орж ирж байна. Иймд Дг чөлөөлж өгнө үү. Зээлийн дансны зарлагын үлдэгдэл нь 69 сая төгрөг байдаг. Үүнийг аваагүй байгаа юм. Үндсэн зээлд 48 066 478 төгрөг, хүүд 16 сая төгрөг, нийт 64 066 478 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэв.

 

3.         Нэхэмжлэгч нь шүүхэд: 2019 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн ,, дугаар зээлийн гэрээний хуулбар /хх11-13/, мөн өдрийн барьцааны гэрээний хуулбар /хх14-15/, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ,,, дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар /хх16/, 2020 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн ,,, дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар /хх17/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх18/, 2020 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар /хх19/, зээл хүссэн өргөдлийн хуулбар /хх20/, хамтран үүрэг гүйцэтгэгчийн зээл хүссэн өргөдлийн хуулбар /хх21/, “Д” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн В/148 дугаар албан тоотын хуулбар /хх22/, зээл хүсэгчийн анкетын хуулбар /хх23, 24/, “Д” ХХК-ийн улсын бүртгэлийг гэрчилгээ болон дүрмийн хуулбар /хх25-29/, Б.Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх30/, Хны гүйлгээний баримтын хуулбар /хх31/, зээл бүртгэлийн карт /хх32/, Х дахь “Д” ХХК, Б.Д нарын зээлийн дансны хуулга /хх33-34/, Х дахь Б.Дгийн депозит дансны хуулга /хх68-69/, Х дахь “Д” ХХК-ийн депозит дансны хуулга /хх70/, Х дахь “Д” ХХК, Б.Д нарын зээлийн дансны хуулга /хх66-67/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 69,478,846.62 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “Х” ХХК нь зээлийн болон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг үндэслэж үндсэн зээлд 69,478,846.60 төгрөг, хүүд 44,184,519.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,723,569.70 төгрөг, нийт 116,386,936.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч “Д” ХХК, Б.Д нар нь зээлийн гэрээ байгуулагдаж зээл олгосон талаар маргаагүй боловч тодорхой хэмжээний зээлийг буцаан төлсөн, цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаанд саад учирсан ба зээлийн гэрээнд өөрчлөлт, тохируулга хийсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан гэж маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 64,066,478 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.

 

4.         Зохигчид 2019 оны 05 дугаар сарын 21-ны өдөр ,,, дугаартай 85,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ,,, дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, мөн оны 07 дугаар сарын 31-ны өдөр ,,,, дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулжээ. /хх11-13, 16, 17-18/

4а. Улмаар ,,,, дугаар зээлийн гэрээний дагуу 85,000,000 төгрөг олгогдож, гэрээ хүчин төгөлдөр болсон нь Х дахь хариуцагч нарын хамтран эзэмшдэг ,,, дугаартай зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх66-67/

 

5.         Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй бөгөөд харин зээлийн эргэн төлөлт, улмаар зээлийн үлдэгдэл үүрэг болон зээлийн гэрээний хугацаа дууссанаар үүрэг дуусгавар болох эсэх, хариуцагч Б.Д үүрэг хүлээх эсэх  талаар маргажээ.

 

6.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий зээлдэгч нь үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагч “Д” ХХК-ийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэх тайлбар үндэслэлгүй.

6а. Дээрх зээлийн болон нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнд хариуцагч нар хамтран зээлдэгч, өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Д нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байх тул хуулийн этгээдийн авсан зээлд хувь хүн хамааралгүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

7.         Зохигчид хэн аль нь шүүхэд зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгыг ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь уг хуулганд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү бүртгэгдсэн гэж тайлбарласныг хариуцагч нарын төлөөлөгч үгүйсгэж маргаагүй. /хх33-34, 66-67/

7а. Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулганаас үзэхэд 2 удаа ЗГБӨО буюу зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах гэсэн утгатай гүйлгээ хийгджээ. Энэхүү гүйлгээг нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тухайн үед гэрээнд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор хуримтлагдсан бөгөөд төлөгдөөгүй хүүг түр хасаад, үлдэх үүрэгт 1 сарын хүүг тооцож, уг хүү дээр өмнөх төлөгдөөгүй бөгөөд тохируулга хийж хассан хуримтлагдсан хүүг нэмж дараа өдөр нь орлого гэж бүртгэгдсэн талаар тайлбарлаж байна. Иймд төлөгдөлгүй хуримтлагдаж, хасалт хийгдсэн хүүг буцаан орлого талд нэмж тооцогдсон хүүгийн хамт бүртгэсэн байх тул мөнгөн дүнгийн хувьд зөрүү гарахгүй юм.

7б. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулганы орлого талд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, харин зарлага талд зээлийн эргэн төлөлт бүртгэгдсэн гэж тайлбарласан.

Түүнчлэн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга гэдэг нь зээлдэгчид үүссэн үүрэг, буцаан төлж, биелэгдсэн үүргийг бүртгэх санхүүгийн үндсэн нотлох баримт юм.

 

8.         Нэхэмжлэгч тал гэрээний 4.2.1-т зааснаар хариуцагч нар өөрийн харилцах дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, улмаар зээлийг буцаан төлөх үүрэгтэй гэж тайлбарласан. Гэвч гэрээний дээрх заалтад энэ талаар заасан байх боловч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлдэгч зээлийг буцаан төлөх үүргийн хувьд заавал нэг дансанд төвлөрүүлэх, өөрөөр хэлбэл, бусад эх үүсвэрээс зээлийн буцаан төлөх боломжийг хязгаалахгүй.

 

9.         Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 31,939,362.08 төгрөг, хариуцагч нь нийт 46,576,811 буцаан төлсөн гэж маргасан боловч хэн аль нь өөрийн тайлбарыг санхүүгийн анхан шатны баримтаар нотлоогүй бөгөөд эдгээр мөнгөн дүн нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулганд бичигдсэнээс зөрүүтэй байна.

9а. Иймд зохигч хэн алины шүүхэд гаргасан зээлийн дансны дэлгэрэнгүй хуулганаас үзэхэд зээлийн гэрээний дагуу хариуцагчид нийт 118,655,007.31 төгрөг төлөх үүрэг үүсэж, үүнээс 37,062,478.19 төлбөр төлөгдсөн, үлдэх үүрэг нь 69,478,846.62 төгрөг гэж бүртгэгдсэн байна.

9б. Энэхүү зээлийн дансны дэлгэрэнгүй хуулганд бүртгэгдсэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоолол, эргэн төлөлтийн мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

 

10.       Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагчаас 69,478,846.62 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46,908,089.48 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 739,884.68 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 505,344.23 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

          ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч “Д” ХХК, Б.Д нараас 69,478,846.62 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46,908,089.48 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 739,884.68 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 505,344.23 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД