Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллаг Н.Эрдэмбилэг,

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Алтаншагайд холбогдох эрүүгийн 1730000520039 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн харьяат, 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар , Дардан овгийн Д.А

 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Д.А нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр  Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Жюүнли” ХХК-ний хашаанд Т.Мөнхтөрийг зодож хоёр нүдний дээд зовхины болон хамрын хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 - Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Яллах дүгнэлтэнд дурдагдсан бүгд үнэн. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудтай маргахгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Т.Мөнхтөр бид хоёр эвлэрсэн. Улсын яллагчаас надад 450.000 төгрөгөөр торгох ял санал болгосныг хүлээн зөвшөөрч байна ... гэв.

 

- Хохирогч Т.Мөнхтөрийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Монгол Жюүнли” ХХК-д хамт ажилладаг түрээсийн жолооч Алтаншагай гэдэг залууг мотоциклио өгчих гэхээр нь өгөөд явуулсан юм. Тэгээд уурхайн хаалганы хажууд ирсэн юм билээ. Тэгэхээр нь би мотоциклио авахаар очсон чинь хэсэг хүмүүс архи уугаад сууж байсан. Тэгсэн тэр хүмүүс намайг яах гэж байгаа юм бэ гэхээр нь би мотоциклио авах гэж байгаа юм гэсэн. Тэр хүмүүс наашаа суучих гэхээр нь суусан. Тэгээд тэнд юм ярьж байгаад ганц нэг архинаас нь татсан юм. Тэнд харин Мөнхсайхан байсан Алтаншагай нь байхгүй байж байгаад нэг харсан чинь ирсэн байсан. Тэгээд сууж байгаад явцгаасан. Тэр үед Алтаншагай нилээн согтуу байсан болохоор машинд нь дөхүүлээд өгье гээд эхнэртэй нь дагуулаад явсан. Өөр хүн бол байгаагүй. Тэгээд машинд нь суугаад юм яриад байж байсан. Би согтуудаа эхнэрийг нь муу хэлсэн юм шиг байсан. Тэгсэн чинь эхнэр нь намайг “буу, чамд би муу хэлүүлээд байхдаа яадаг юм” гэсэн. Тэгээд тэр Алтаншагай гэдэг залуугийн эхнэр нь миний араар гараа явуулаад машины хаалга нээгээд түлхсэн. Тэгэхэд нь би газар унаад босоод ирсэн чинь нэг хүн өөдөөс ирж байснаа гэнэт л нүүр лүү цохисон. Тэгээд би юу болсон талаар санахгүй байна. ...Тэр Алтаншагай надад ярихдаа эхнэрийг нь татаж машинаас унагаасан гэж цохисон гэж байсан. Би газар унаад босох үед хэрэв эхнэр нь хамт унасан байсан бол хажууд байх ёстой гэтэл байгаагүй. Тэр Алтаншагай гэдэг залууг намайг цохиж зодох үед эхнэр нь хажууд байсан өөр хүн байгаагүй. Би зодуулчихаад өрөөндөө орохдоо ажилчидад Алтаншагай гэдэг хүн намайг зодлоо гэдгийг хэлсэн юм. Тэгээд манай найз Хишигээ мэдээд эмнэлэгт үзүүлэх гэж авчирсан юм. Миний нүүр лүү нэг удаа тас гээд л өнгөрсөн юугаар цохисон талаар мэдэхгүй. Тэр Алтаншагай өөрөө гараараа цохисон гэж байсан. Надад тэр Алтаншагай гэдэг хүнтэй ямар нэг өс хонзон байхгүй. Би урд нь муудаж байгаагүй. Одоо миний үүдэн 2 шүд хөдөлсөн. Хоёр нүд хөхөрсөн нүүрэн дээгүүр шалбарсан байна. Миний толгой өвдөөд байгаа. Ширүүн явахаар дотор эвгүй оригоод байна. Мөнхтөр намайг зодчихоод эхнэрээ аваад Бор-Өндөр рүү ачаагаа ачаад явсан. Тэр Мөнхтөр Хово маркийн машинтай юм. Түүнд нь сууж байсан юм. ...Надад гомдол гэх юу байх вэ миний үүдэн 2 шүд хөдөлсөн байгаа. Юм идэж чадахгүй байгаа түүнийгээ эмчлүүлэх шаардлагатай байна. Би тэр Мөнхсайхан гэдэг хүнийг машинаас буухдаа татаж унагасан зүйл байхгүй. Тэр хүн худлаа хэлж байна. Одоо надад гомдол санал байхгүй, тэр Д.Алтаншагай нь надад эмчилгээндээ хэрэглээрэй гээд 100.000 төгрөг өгсөн. Би тэр Д.Алтаншагайтай эвлэрсэн. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй”...гэх мэдүүлэг /хх-04-06/, 

             

  - Гэрч Ц.Мөнхсайханы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би энэ уурхайд ажиллаж байгаад ажлаасаа гарахаар болоод 2017 оны 08 дугаар сарын 10-ны орой хамт ажилладаг хүмүүстэйгээ уурхайн хаалганы тэнд ганц нэг пиво уугаад сууж байсан юм. Намайг очиход Мөнхтөр ах тэнд байсан юм. Түүнээс хойш манай нөхөр гээд байгаа Алтаншагай ирсэн юм. Тэгээд тэнд байж байгаад бүгд явсан. Харин Мөнхтөр ах манай нөхөр Алтаншагай бид гурав манай нөхрийн машинд очиж суусан юм. Мөнхтөр ах бид хоёр нэг сандал дээр хамт суугаад нөхөр жолооныхоо ард сууж байсан. Тэгээд Мөнхтөр ах болохоор намайг баян айлын охин чамайг хаяад явна дараагийнхаа нөхрийг олсон байгаа гээд байсан. Тэгэхээр нь “би яв зайл” гээд байсан чинь тэр Мөнхтөр ах машинаас буухдаа намайг татаад унагаасан. Тэгээд би машинаас унахдаа толгойгоороо унасан. Тэгээд би босох завдалгүй манай нөхөр Алтаншагай Мөнхтөр ахыг нүүрэн тус газар нь гараараа цохисон. Тэгсэн чинь Мөнхтөр нь араадаа унаад эргэж босоод зугтаасан. Тэгэхээр нь би Алтаншагайг араас нь оч гэсэн чинь тэр Мөнхтөр гүйж очоод байрнаасаа ковш машиныхаа түлхүүрийг аваад ковшоо асаагаад манай нөхрийн машиныг мөргөнө гээд ирсэн. Тэгсэн чинь байрнаас Санжаа, Отгонбаяр нар гарч ирсэн. Тэгээд тэр хэд ковшийг нь унтраагаад Мөнхтөрийг амраасан. ...Тэр Мөнхтөрийг манай нөхөр Алтаншагай намайг хово машинаас буухдаа татаж унагааснаас болж уурлаад цохисон гэж байсан. Тэр Мөнхтөр гэдэг хүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа л цохисон тэрнээс олон цохиж зодоогүй” ...гэх мэдүүлэг / хх-08 /,

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 298 дугаартай дүгнэлтэд: 1.Т.Мөнхтөрийн биед хоёр нүдний дээд зовхины болон хамрын хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл  тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ / хх-/,

 

  • Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-1 /

 

  • Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын 2017.09.04-ний өдрийн 2320 дугаартай тодорхойлолт /хх-23/

 

- Д.Алтаншагайгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/

 

- Д.Алтаншагайгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-24/

 

- Шүүгдэгч Д.Алтаншагайгийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт 2017.09.08-нд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-36 /

 

  • Хохирогч Т.Мөнхтөрийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт 2017.09.08-нд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-37/

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017.09.08-ны өдрийн 5/05 дугаартай Прокурорын тогтоол /хх- 39/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

           Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Алтаншагайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           

  Шүүгдэгч Д.Алтаншагай нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр  Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Жюүнли” ХХК-ний хашаанд Т.Мөнхтөрийг зодож хоёр нүдний дээд зовхины болон хамрын хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Алтаншагайн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Т.Мөнхтөр, гэрч Ц.Мөнхсайханы мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 298 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

                       

            Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй ба прокуророос ирүүлсэн шүүгдэгч Д.Алтаншагайд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

 Иймд шүүгдэгч Д.Алтаншагайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ.

 

Д.Алтаншагай гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн нь хохирогч Т.Мөнхтөрийн “би газар унаад босоод ирсэн чинь нэг хүн өөдөөс ирж байснаа гэнэт л нүүр лүү цохисон. Алтаншагай надад ярихдаа эхнэрийг нь татаж машинаас унагааснаас болж цохисон гэж байсан ” гэх, гэрч Ц.Мөнхсайханы “  Мөнхтөрийг манай нөхөр Алтаншагай намайг хово машинаас буухдаа татаж унагааснаас болж уурлаад цохисон гэж байсан. Тэр Мөнхтөр гэдэг хүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа л цохисон тэрнээс олон цохиж зодоогүй ” гэх мэдүүлгүүдээр нотлогдоно.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүхээс шүүгдэгч Д.Алтаншагайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч Д.Алтаншагайн үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эдийн хохирол буюу эмчилгээний зардалд 100.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлнэ.

 

            Д.Алтаншагай нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Шүүгдэгч Д.Алтаншагай нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, тэрээр хохирогчид учирсан эмчилгээний зардалд 100.000 төгрөг төлсөн, хохирогч Т.Мөнхтөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй болно.

 

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Дардан овогт Дашдоржийн Алтаншагайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Алтаншагайг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Алтаншагайн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Алтаншагайд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Ялтан Д.Алтаншагай нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Т.Мөнхтөрд учирсан эмчилгээний зардалд 100.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд тэрээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Д.Алтаншагайд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

           

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН