Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/12

 

Б.Б-Э-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

прокурор Д.Хорлоо /цахимаар/

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Э /цахимаар/

нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.   

 

         Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 81 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.БЭд холбогдох эрүүгийн 2030002040331 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2021 оны  03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... онд Сүхбаатар аймгийн У суманд төрсөн,  ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр .... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн БУ сумын .... дугаар баг, ................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б.Б-Э /РД:............./,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.БЭ нь 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 17.40 цагийн орчимд Сүхбаатар аймгийн БУ сумын .... дугаар багийн нутагт байрлах “Д” хүнсний дэлгүүрийн хойд талын засмал зам дээр Прусс-20 маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас 6 настай хохирогч Д.Э-г зам хөндлөн гарч явахад нь мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоо нь шүүгдэгч Б.Б-Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 81 дүгээр шүүгчийн захирамжаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.БЭ-д холбогдох эрүүгийн 2030002040331 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.БЭ-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хяналтын прокурор Д.Хорлоо эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамжид хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасан хязгаарлаж эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчлийг арилгах шаардлагатай гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөрдөгчийн магадлагаа бол 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргасан байдаг. Оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзсэн бол хавтаст хэргийн материалыг хаах санал гаргасныг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргахдаа оролцогч нарт танилцуулж мэдэгдсэн байдаг. Мөн яллах дүгнэлт үйлдэх саналтайгаар хэргийг прокурорт ирүүлэхдээ хүртэл хэргийн материалыг оролцогч нарт мэдэгдэж танилцуулсан. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж хэргийг хэлэлцэж шүүх бүхэлд нь хэргийг хянасны эцэст гэм буруугийн асуудлыг хэлэлцэхээр шүүхэд шилжүүлсэн. Тухайн үед шүүгдэгч Б.Б-Э-н өмгөөлөгч  Х.Э нь 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хууль зүйн туслалцааг Б.БЭ-д үзүүлж өмгөөлөгчөөр ажилласан. Энэ хугацаанд 3 удаа хэргийн материалтай танилцсан. Мөн яллагдагч болон түүний өмгөөлөгч нараас магадлагааг хүлээн зөвшөөрөхгүй дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон прокурорын хяналтын шатанд санал, хүсэлт, гомдол гаргаагүй нь хавтаст хэрэгт тусгагдсан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “шүүгч нь хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн бол мөн хуулийн 34.1-д заасан “анхан шатны журмаар  хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, буруугүй бол цагаатгах асуудлыг хянан  шийдвэрлэнэ”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна” гэж заасан заалт зөрчигдсөн байна. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.14-д заасан “хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол” гарсан тохиолдолд тус зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар хэлэлцэж шийдвэрлэх, боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд хэргийг прокурорт буцаах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байсан байна. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 81 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурорын дүгнэлт: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.БЭ-д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт мөрдөгчийн магадлагаа болон мөрдөн шалгах ажиллагаа дуусмагц хэргийн материалыг танилцуулаагүй нь  хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзээд шүүгдэгч Б.БЭ-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дуусмагц оролцогчдод  хавтаст хэргийн материалтай танилцах талаар мэдэгдсэн боловч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-н хүүхдийн эрүүл мэндийн байдал,  коронавирусын /covid-19/ халдварт цар тахал  өвчин илэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын саналыг үндэслэн Монгол улсын Засгийн газраас улсын хэмжээнд хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм тогтоосон зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцогчид хавтаст хэргийн материалтай танилцах боломжгүй байжээ.

Мөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А түүний  өмгөөлөгч О.Б нар нь мөрдөгчийн магадлагаа болон хэргийн материалтай  танилцсан тухай хүсэлт ирүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Э нь давж заалдах шатны шүүх хуралдаанд цахимаар оролцохдоо анхан шатны шүүх дээр хэргийн материалтай танилцсан гэх тайлбарыг өгсөн зэргээс үзэхэд хэргийн оролцогчид мөрдөгчийн магадлагаа болон хэргийн материалтай танилцсан байх тул шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь ач холбогдолгүй болов.

Шүүгдэгч Б.БЭ-д холбогдох эрүүгийн хэрэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Б-н хүсэлтээр шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг хийсний эцэст яллагдагчийг шүүхэд шилжүүлэн шүүх хуралдааны хэлэлцүүлэг хийж, гэм буруугийн талаар шийдвэр гаргана гэж завсарласан атлаа хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт  “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх,  эсхүл цагаатгах хэлбэртэй байна” гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

Иймээс прокурорын энэ талаар бичсэн эсэргүүцлийг хангаж, шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгон шүүгдэгч Б.БЭ-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 81 дүгээр шүүгчийн захирмжийг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Б.БЭ-д холбогдох эрүүгийн 2030002040331 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

Хоёр. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн, 56 секунтын бичлэгтэй компакт дискийг хэргийн хамт хүргүүлсүгэй.

Гурав. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Б.БЭ-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Дөрөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               О.БААТАРСҮХ                   

 

                        ШҮҮГЧИД                                     С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                   Д.БАЙГАЛМАА