| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/02327/И |
| Дугаар | 101/ШШ2023/02169 |
| Огноо | 2023-05-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2023/02169
| 2023 05 01 | 101/ШШ2023/02169 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Ж /рд:/-д холбогдох,
Зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 11,992,155.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Г, хариуцагч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Н.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1. Д овогтой Ж нь 2018 оны 04 сарын 09-ний өдөр Дугаар ,,, тоот зээлийн гэрээ байгуулан 2,000,000 /Хоёр сая/ төгрөгийг жилийн 22,8%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан.
,,,, тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд:
• Үндсэн зээлийн төлбөрт 1,807,249.01 төгрөг
• Үндсэн хүүгийн төлбөрт 1,817,602.11 төгрөг
• Нэмэгдүүлсэн хүү 192,891.19 төгрөг
• Нийт зээлд 3,817,742.31 төгрөг
2. Д овогтой Ж нь 2018 оны 04 сарын 23-ний өдөр Дугаар ,,,, тоот зээлийн гэрээ байгуулан 1,500,000 /Нэг сая таван зуун мянга/ төгрөгийг жилийн 22,8%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан.
,,,, тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд:
• Үндсэн зээлийн төлбөрт 1,476,872.47 төгрөг
• Үндсэн хүүгийн төлбөрт 1,526,585.90 төгрөг
• Нэмэгдүүлсэн хүү 161,759.15 төгрөг
• Нийт зээлд 3,165,217.52 төгрөг
3. Д овогтой Ж 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Гтай ,,,, тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг хийж 1,600,000 (Нэг сая зургаан зуун мянга) төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 (Гурав аравны тав) хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 (Хоёр) хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 (Хоёр) хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 (Нэг) хувийн хүүтэй, 24 (Хорин дөрөв) сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно.
Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны лагуу төлөхгүй 59 сар хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2023 оны 03-р сарын 14-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд:
• Зээлийн үндсэн төлбөрт нийт 1,625,423.58 төгрөг
- Шимтгэл 35,000 төгрөг
- Бэлэн гүйлгээ 1,100,000 төгрөг
- Бэлэн бус гүйлгээ 490,423.58 төгрөг
• Зээлийн хүүгийн төлбөр 2,819.810.25 төгрөг
- Бэлэн гүйлгээний хүү 2,295,570.41 төгрөг
- Бэлэн бус гүйлгээний хүү 524,239.84 төгрөг
• Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 5,087,234.04
- Зээлийн эрх хэтрүүлсний хүү 2,465,105.77 төгрөг
- Хугацаа хэтрүүлсний хүү 2,622,128.27 төгрөг
• Нийт төлбөр 9,532,467.87 төгрөг
Нэмэлт тайлбар:
• Хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү нь Зээлийн гэрээний 3.6-д заасан сар бүрийн 15-ны дотор эргэн төлөлтийн доод дүнгээр төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс 1 хувиар хугацаа хэтрүүлсний хүү тооцно гэсэн нөхцөлийн дагуу 2018.05.15-с эхлэн 59 сард 2,622,128.27 төгрөг,
• Зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү нь 3.5-д заасан зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувиар тооцно гэсэн нөхцөлийн дагуу 2019.03.01-ний өдрөөс эхлэн зээлийн эрх 641,680.23 төгрөгөөр хэтэрч эхэлсэн тул 2019.04.01-с эхлэн 48 сард 2,465,105.77 төгрөг тус тус тооцсон болно.
• Зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нийт хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү болох
• Эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2,465,105.77-г 100% хөнгөлж
• Хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2,622,128.27 хүүгээс 2,058,166.22 төгрөг хөнгөлж, нийт 4,523,271.99 (Дөрвөн сая таван зуун хорин гурван мянга хоёр зуун далан нэгэн төгрөг ерэн есөн мөнгө) төгрөгийг хөнгөлж байна.
Иймд Д овогтой Жы кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд:
• Зээлийн үндсэн төлбөр нийт 1,625,423.58 төгрөг
о Шимтгэл 35,000.00 төгрөг
о Бэлэн гүйлгээ 1,100,000.00 төгрөг
о Бэлэн бус гүйлгээ 490,423.58 төгрөг
• Зээлийн хүүгийн төлбөр төлбөр 2,819,810.25 төгрөг
о Бэлэн гүйлгээний хүү 2,295,570.41 төгрөг
о Бэлэн бус гүйлгээний хүү 524,239.84 төгрөг
• Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 563,962.05 төгрөг
о Зээлийн эрх хэтрүүлсний хүү 0.00 төгрөг
о Хугацаа хэтрүүлсний хүү 563,962.05 төгрөг
• Нийт төлбөрт 5,009,195.88 төгрөг
Нэхэмжлэлийн шаардлага:
Д овогтой Ж-с нийт зээл болон кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд:
ЗГ/,,, зээлд нийт 3,817,742.31 төгрөг
ЗГ/,,, зээлд нийт 3,165,217.52 төгрөг
ЗГ/363759587 тоот кредит карт нийт 5,009,195.88 төгрөг
Нийт 11,992,155.71 (Арван нэгэн сая есөн зуун ерэн хоёр мянга нэг зуун тавин таван төгрөг далан нэгэн мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн гаргуулж Ганд олгуулж өгнө үү.
1а. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж 2 сая төгрөг авсан. Мөн дахин зээлийн гэрээ байгуулж 1,5 саяыг зээлсэн. Улмаар дахин зээлийн картын гэрээ байгуулсан. Энэ гэрээнүүдийн дагуу зээл авсан. Иймд хариуцагчаас эхний гэрээний дагуу 3,817,742.31 төгрөг, дараагийн гэрээгээр 3,165,217.52 төгрөг, сүүлийн гэрээгээр 5,009,195.88 төгрөг, нийт 11,992,155.71 төгрөг шаардаж байна. 2 дахь 1,5 саяыг санахгүй гээд байгаа боловч хэрэгт энэ талаар баримт байгаа юм. Зээлдээ анхнаасаа их хариуцлагагүй хандсан. Нэгээс хоёр төлөлт хийгээд өөрөөр төлбөрөө төлөөгүй. 2 дахь зээлийг санахгүй байна гэх боловч бид зээл олгосон гэв.
2. Хариуцагч Д.Ж нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017.02 сард “А” ХХК-д зохион байгуулагчаар ажилд орсон. Тус компани Гаар цалин авдаг байсан. Гнаас ажилчид ирж бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сурталчлах хурал зохион байгуулдаг байсан. Энэ үеэр миний бие эхний удаа 1,200,000 төгрөгийн зээл авч дараа нь 800,000 төгрөгийн зээл нийт 2,000,000 төгрөгийн зээл авсан. 3 дахь зээл кредит картын зээлийг цувуулан авсан. Зээл авсан өдрөөс графикийн дагуу зээлийн хүүг төлж байсан. 2018 оны 07 сараас миний нөхцөл байдал хүндэрч, ажиллаж байсан компанийн салбар татан буугдсанаас хойш бүтэн жил гаруйн хугацаанд тогтсон ажилгүй үнэндээ хэцүү байсан. Би өөрөө өрх толгойлсон эмэгтэй, 3 хүүхэдтэй, том хүү аавынхаа өвөө эмээ дээр байдаг. Би 2 ихэр охидуудтайгаа нийтийн байранд амьдарч байгаад сүүлдээ төлбөрийг нь дийлэхгүй, хамаатан саднууд, ээжийндээ амьдрах болсон. Саран бууз цайны газарт угаагчийн ажлыг 6 сар хийсэн, зах дээр 2 охины хамт хоол зарж амьдралаа залгуулж байсан. Энэ хугацаанд байнга зээл бодогдож, заримдаа яагаад банкнаас надтай нэг ч удаа утасдаж уулзахгүй байгаа юм болоо, удахаар хүү нь нэмэгддэг юм болов уу гэж ч бодож үзсэн. Харин очиж уулзах зүрх хүрэхгүй байсан, төлөх мөнгө байхгүй санаа зовоод. Ийм байдалтай явж байгаад 2020.01.30-д Сод монгол группэд ажилд ороод одоо л нэг зээлж авсан мөнгөө бага багаар ч болов төлнө дөө гэсэн бодолтой байсан. Гэвч энэ маань талаар болсон. Зээл авсан Гны төв дээр очиж тухайн үедээ зээл авсан эдийн засагч Стой болон банкныхантай уулзаж зээлийн талаар болон өөрийн нөхцөл байдлын талаар ярилцах санаатай очсон боловч тухай өдөртөө уулзаж чадаагүй. Дараа өдөр нь дахин очиж нэг теллертэй уулзаж хэлсэн. Одоо нэрийг нь санахгүй байна. Таны зээл 3,500,000 төгрөг байна, одоо ажилтай болсон юм бол зээлээ дариухан төлөөрэй, С өөр салбар уруу шилжсэн гэж хэлсэн. Тухайн үед надад зээлийн дансны хуулга өгөөгүй, нэг цаасан дээр нийт төлөх ёстой дүнг бодож өгсөн. Би тэр цаасыг хадгалж байгаад сүүлд нүүдэл хийх үеэр алга болгосон. Ажилд ороод сарын дараа короно вирусийн хоригт орж ажил зогссон. БЗД-ийн 20-р хороо Гачууртад хамаатныхаа бранк нийтийн байранд 2 охины хамт гуйж амьдарч байна. Харин одоо гэв гэнэт ийм их хэмжээний үнийн дүнтэй нэхэмжлэл банкнаас гаргаж байгаа нь сонин байна. Эхлээд ядахдаа сануулж, бичгээр мэдэгдэх, уулзах гм урьдчилсан аргах хэмжээ авч болно доо. Чив чимээгүй байж байгаад гэнэт нэхэмжилж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байна. Шүүхэд өгсөн баримт дээр намайг эрэн сурвалжилсан олдохгүй байсан мэтээр бичсэн нь сонин байна. Яагаад гэвэл 2020.02.05 өдөр ,,, тоот данс нээлгэж байсан материал дээр миний гурван жил барьсан утасны дугаар /,,,/ байхад банкнаас дугаар уруу залгаж байгаагүй. Би бөөрний архаг дутагдалтай гэсэн оноштой, зүрх ховдол хоорондын цоорхойтой эмнэлгийн хяналтад байдаг. Сүүлийн үед байнга даралт ихсээд сайн бууж өгөхгүйгээс болж зүрх томорсон оноштой 1 сард БЗД эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Одоогийн байдлаар 2 охин маань хичээлийнхээ хажуугаар хагас бүтэн сайн өдрүүдэд ажил хийж тав арван төгрөг олдог. Тэр мөнгөөр амьдарч байна. Авсан зээлээ төлнө, хүүг төлөх боломжгүй байна. Дээрх нөхцөл байдлыг минь харгалзан үзнэ гэдэгт итгэж байна. Нэхэмжлэлд дурдсан 2 дахь зээл 1,500,000 төгрөгийн зээл авснаа санахгүй байгаа тул тухайн үеийн банкны гүйлгээний баримтаа хармаар байна.
2а. 2018 онд зохион байгуулагчаар ажиллаж байсан. Цалингаа Голомтоос харилцаж авдаг байсан. Нийт 2 саяын зээл авсан. Дараагийн 1,5 саяыг санахгүй байгаа юм. Дараа нь зээлийн карт авсан. Зээл авсаар байгаад 1,5 сая болсон байна. Би сайн мэдэхгүй хянахгүй байсаар ийм болжээ. Миний ажиллаж байсан газар татан буугдсанаар ажилгүй болсон. Би байнга санаа зовж байсан. 2019.12.30-нд өргөө 2-т ажилд орсон. Ингээд зээлээ төлье гэж бодоод очиж уулзсан. Эхний өдөр теллертэй уулзаж чадаагүй ба 2 дахь өдөр нь уулзсан. Тэгэхэд ажилтай болсон юм чинь зээлээ бага багаар төлөөрэй гэсэн. Ингээд 2020.2 сард уулзсан ба ковид гарсан. Тэгээд Булганы Тэшиг уруу явсан. Малчны туслах хийхээр явсан. Жил гаруй байж байгаад ирсэн. Ковид гарсан тул ажил төрөлгүй байсан. Тэгээд 2023 оны 3 сард намайг дуудаж уулзсан. Гэнэт ийм их мөнгө нэхэхээр нь гайхсан. Би зээл болох нийт 5 сая төгрөг цувуулж төлөх саналтай байгаа юм. Зээлээ авсан тул төлнө гэж бодож байгаа юм. Надад хугацаа хэрэгтэй байгаа юм. Бүхэлд нь төлөх боломжгүй. 1,5 саяын зээлийг банкны гүйлгээ хийсэн баримтыг хармаар байна. Мөнгө авсан гэсэн миний гарын үсэгтэй бичиг хармаар байна. Эхний болон картын зээлийн гэрээ байгуулсан болон хүү тооцооллын талаар маргаангүй гэв.
3. Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3а. Нэхэмжлэгчээс 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн зээл болон барьцааны гэрээний хуулбар /хх6-10/, хүү тооцооллын хүснэгт /хх11/, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн зээл болон барьцааны гэрээний хуулбар /хх12-16/, хүү тооцооллын хүснэгт /хх17/, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн карт эзэмшигчтэй байгуулах гэрээний хуулбар /хх18-22/, тооцооллын хүснэгт /хх23-24/, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 28к1-3/678 дугаар албан тоот /хх25/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02341 дүгээр шийдвэрийн хуулбар /хх26-27/, хариуцагчийн ,,, дугаар зээлийн дансны хуулга /хх36-41/, ,,, дүгээр зээлийн дансны хуулга /хх42-44/
3б. Хариуцагчаас Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 289 дүгээр тодорхойлолт /хх48/, Г дахь өөрийн ,,, дугаар дансны хуулга /хх49/, ,,, дүгээр зээлийн дансны хуулга /хх50-51/, ,,, дугаар зээлийн дансны хуулга /хх52-54/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 11,992,155.71 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Г” ХХК нь 3 зээлийн гэрээний үүрэгт нийт 11,992,155.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Д.Ж нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 2,000,000 төгрөгийн зээл болон зээлийн картаар олгогдсон үндсэн зээлийг авсан талаар маргаагүй боловч 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1,500,000 төгрөгийн зээлийг санахгүй байна гэж тайлбарласан. Улмаар нийт 5,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх санхүүгийн боломжгүй гэж маргаж байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.
5. Зохигчид 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр ЗГ,,, дугаар, 2,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хх6-10/
Нэхэмжлэгч нь энэ зээлийн гэрээний үүргийн талаар хүү тооцооллын хүснэгтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд үүнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 3,817,742.31 төгрөг гэжээ. /хх11/
Хариуцагч нь энэхүү зээл олгогдсон эсэх болон хүү тооцооллын хүснэгтийн талаар маргахгүй байх тул энэ шаардлагыг хангах үндэслэлтэй.
6. Зохигчид 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ,,, дугаар, 1,500,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хх12-16/
Хариуцагч нь энэхүү зээлийг авсан талаар санахгүй байгаа тухай тайлбарлаж, улмаар гэрээнд зурагдсан гарын үсгийг минийх биш гэж маргасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд энэ талаар шинжээч томилох тухай хүсэлт гаргаагүй. Улмаар энэхүү гэрээ нь нотариатаар гэрчлэгдсэн байх тул гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь энэ зээлийн гэрээний үүргийн талаар хүү тооцооллын хүснэгтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд үүнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 3,165,217.52 төгрөг гэжээ. /хх17/
Зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон гэж дүгнэгдсэн, хариуцагч нь хүү тооцооллын хүснэгтийн талаар маргахгүй байх тул энэ шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
7. Зохигчид 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулах гэсэн нэртэй зээлийн гэрээ байгуулсан байна. /хх18-22/
7а. Энэхүү гэрээгээр 1,600,000 төгрөгийн зээлийн эрх олгосон бөгөөд нэхэмжлэгч нь ашигласан хугацаанд олгогдсон зээл болон тооцогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг гаргаж шүүхэд ирүүлсэн. Хариуцагч нь энэхүү тооцооллын талаар маргаагүй. /хх23-24/
Зээлийн гэрээгээр жилийн хураамж болон гүйлгээний шимтгэлийн талаар тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д нийцнэ. Харин гэрээний 2.1-д эрх хэтрүүлсэн хүүг 2 хувиар тооцохоор заасан нь хууль нийцэхгүй. Учир нь Иргэний хууль болон холбогдох хуульд эрх бүхий этгээдээс олгож буй зээлд эрх хэтрүүлсэн хүү тооцох тухай зохицуулалт байхгүй юм.
Мөн зээлийн картаар олгох зээлийн хязгаарыг зээлдүүлэгч хянах бөгөөд дээрх тооцооллын хүснэгтээс үзэхэд бэлэн болон бэлэн бус гүйлгээгээр тухайн тодорхой цаг хугацаанд гэрээнд заасан эрхээс хэтрүүлж зээл олгосон бичилт хийгдээгүй байна. Харин зээлийн хүү нэмэгдэж бичилт хийгдсэнээр эрх хэтрүүлсэн мэт харагдах боловч үүнийг зээлийн эрх хэтрүүлсэн гэж үзэхгүй. Учир нь зээл гэдэг нь мөнгөн хөрөнгийг хариу төлбөртэйгөөр ашиглуулахыг ойлгох бөгөөд харин тооцогдсон хүү нь ашиглуулж байгаа мөнгөн хөрөнгө биш юм.
7б. Хэдийгээр нэхэмжлэлд эрх хэтрүүлсэн хүүгийн тооцооллын талаар дурдсан боловч энэ талаар шаардлага гаргаагүй. Иймд нэхэмжлэгч нь картаар олгосон зээлд үндсэн зээл 1,625,423.58 төгрөг, хүү 2,819,810.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 563,962.05 төгрөг, нийт 5,009,195.88 төгрөг шаардсан байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
8. Хариуцагч нь ажилгүй байсан бөгөөд өрх толгойлсон эмэгтэй тул хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх боломжгүй гэж маргасан боловч энэхүү байдал нь хууль зүйн хувьд зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй байна.
8а. Мөн гэрээний хугацааны хувьд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч нь картын зээлийн хувьд нэмэгдүүлсэн хүүгээс 2,058,166.22 төгрөгт холбогдох хэсгийг чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлэхтэй холбоотойг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,824.49 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 206,824.49 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Д.Жаас зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 11,992,155.71 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,824.49 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 206,824.49 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД