Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2023/02179

 

 

 

 

 

 

 

                               2023        05          01

                   101/ШШ2023/02179

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “Т” ХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Д.Н /рд:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 21,075,466 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “Т” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Н нь Ттай 2017оны 08 дугаар сарын 08-ны өдөр ,,, тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 12,800,000 /арван хоёр сая/ төгрөгийн зээл мөн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ,,, тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж нэмэлтээр 3,000,000 /гурван сая/ төгрөгийг авч 14,915,657.12 /арван дөрвөн сая есөн зуун арван таван мянга зургаан зуун тавин долоон төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийн барьцаат зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Зээлийн барьцаанд дараах хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан болно. Үүнд:

1.         Ханатай гэр,

2.         40 инч зурагт,

3.         Хөргөгч,

4.         Угаалгын машин,

5.         Цалин

Зээлдэгч Д.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ,,, тоот барьцаат зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлдэгч нь 2019 оны 5 дугаар сарын 1 -ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн. Банкнаас удаа дараа утсаар холбогдож, уулзалт хийж зээлийн төлбөрийг төлөхийг мэдэгдэж байсан боловч гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, банканд хохирол учруулаад байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 4,464,249.52 төгрөг, хүүгээс 4,408,907.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 0 төгрөг, нийт 8,873,157.01 төгрөг төлсөн байна.

2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 11,335,750.48 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 8,850,643.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 889,071.66 төгрөг, нийт 21,075,466.00 төгрөг болж хуримтлагдсан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалт, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3 дах заалт, 24 дүгээр зүйлийн 24.3 дах заалт, Банк болон зээлдэгч нарын хооронд байгуулсан 18/183 тоот зээлийн гэрээг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, үндсэн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдэгч Д.Нгээс гаргуулахаар нэхэмжилж байна.

-           Үндсэн зээлд 11,335,750.48 төгрөг,

-           Үндсэн хүүгийн төлбөрт 8,850,643.86 төгрөг,

-           Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 889,071.66 төгрөг, нийт 21,075,466.00 төгрөг болно гэжээ.

 

2.         Хариуцагчийн төлөөлөгч Д.Л нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017.08.08-ны өдөр 12,800,000 төгрөг, 2018.01.18-ны өдөр 3,000,000 зээлж авсан үнэн болно. Зээл авснаас хойш 4,464,249.52 төгрөг, 4,408,907.49 төгрөг тус тус төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрөө төлнө. Үндсэн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 9,739,715.52 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2а. Зээл авсан нь үнэн. Үндсэн зээл 11 335 759.48 төгрөг, хүү 8 850 643.86 төгрөг тус тус зөвшөөрнө. Харин нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Төлсөн төлбөрийг хэрхэн тооцсон тодорхойгүй байна. Нэмэгдүүлсэн хүүг яаж тооцож байгаа нь ойлгомжгүй байгаа тул зөвшөөрөхгүй. Тооцсон баримтгүй байна гэв.

 

3.         Зохигчид шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх7-9/, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх10-12/, зээлийн хүү тооцооллын хүснэгт /хх13-14/, Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 171 дүгээр тодорхойлолт /хх15/, зээлийн үүрэг биелүүлэх мэдэгдлүүд /хх16-19/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                   ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 21,075,466 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “Т” ХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,335,750.48 төгрөг, хүү 8,850,643.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 889,071.66 төгрөг, нийт 21,075,466 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч буюу хариуцагчийн төлөөлөгч Д.Л нь шүүхэд гаргасан тайлбартаа үндсэн зээлийг зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс татгалзсан бол шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хүү төлөхийг зөвшөөрч, харин нэмэгдүүлсэн хүү шаардсан үндэслэл тодорхойгүй гэж маргасан.

 

4.         Зохигчид 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ,,, дугаар, 12,800,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хх7-8/

4а. Зээлийн гэрээний дагуу 12,800,000 төгрөг олгосон талаарх баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд ирүүлээгүй боловч хариуцагч мөнгөн хөрөнгө хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй, зөвшөөрсөн тул зээл олгогдож, гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

4б. Үүний дараа зохигчид 2018 оны 01 дүгээр сарын18-ны өдөр өмнөх зээлийн гэрээтэй ижил дугаараар 11,915,657.12 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 2.1.1-д нэмэлт зээлийн хэмжээ 3,000,000 төгрөг гэжээ. /хх10-11/

Энэхүү байдал болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд хоёр дахь зээлийн гэрээг байгуулахдаа өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоод дараагийн зээлийн гэрээгээр олгож буй 3,000,000 төгрөг дээр нэмж тооцсон байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл өмнөх гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож зээлийн хэмжээг гаргаж байгаа нь дээрх хуульд нийцэхгүй. Тодруулбал, зээлийн гэрээ гэдэг нь мөнгөн хөрөнгийг хариу төлбөртэйгөөр ашиглуулахыг хэлэх бөгөөд харин өмнөх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь ашиглуулах мөнгөн хөрөнгө биш юм.

4в. Гэвч энэ нь нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралтай бөгөөд харин хариуцагчийн зөвшөөрөх эрхийг хязгаарлахгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах тул зохигчдын маргаагүй зүйлийг шүүх нотлох шаардлагагүй.

Иймд хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үндсэн зээл 11,335,759.48 төгрөг, хүү 8,850,643.86 төгрөг, нийт 20,186,403.34 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул хангах үндэслэлтэй.

 

5.         Эхний зээлийн гэрээг 50 сарын хугацаатай, дараагийн зээлийн гэрээг мөн адил 50 сарын хугацаатай байгуулсан бөгөөд эдгээр гэрээгээр зээлийг үргэлжилсэн үйлдлээр олгож байх тул гэрээний хугацаа 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон гэж үзлээ.

 

6.         Дээрх зээлийн гэрээнүүдийн 2.1.4-т зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор заасан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар гэрээний хугацаа дуусгавар болсон нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

6а. Улмаар хариуцагчийн төлөөлөгчийн зөвшөөрсөн зээлийн хүү болох 8,850,643.86 төгрөгөөс 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцвол 1,770,128.77 төгрөг боловч нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүд 889.071.66 төгрөг шаардсан тул шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

7.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлэх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,327.33 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 263,327.33 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

           ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Д.Нгээс 21,075,466 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХК-д олгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,327.33 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 263,327.33 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД