Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2023/00776

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2023/00776

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, 6-14-70 тоотод байрлах, Д овогт Д-ийн М /РД: *********, ***********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э Ү ТӨҮГ /РД: ***********/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 5/194-16 дугаартай Авто машин ашиглах тухай гэрээнд Э үйлдвэрийн статус өөрчлөгдсөнтэй уялдуулан холбогдох өөрчлөлтийг оруулахыг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.М миний бие Э Үт 1991 оноос 2020 онд өндөр насны тэтгэвэр гарах хүртлээ тасралтгүй 28 жил ажилласан. Намайг Автотээврийн цехийн даргаар ажиллаж байхад буюу 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Э Үийн зүгээс надтай бусад цехийн удирдлагуудтай нэгэн адил Автомашин ашиглах гэрээ байгуулсан. Тус гэрээнд заасны дагуу 2010 онд үйлдвэрлэсэн 0321 ОРХ дугаартай Ниссан патрол маркын автомашиныг гэрээний хугацаа дуусахад эсхүл намайг өндөр насны тэтгэвэрт гарахад Э Үийн балансаас хасаж, миний өмчлөлд шилжүүлэн өгөхөөр заасан. Уг гэрээний хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр дуусахаас өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би өндөр насны тэтгэвэрт гарсан тул гэрээний 3.5 дугаар зүйлд заасньт дагуу гухайн автомашиныг миний өмчлөлд шилжүүлж өгөхийг хүссэн. Хэдийгээр Э Ү ТӨҮГ-ын тухайн үеийн удирдлага миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө хэмээн албан бус байдлаар мэдэгдэж байсан боловч Хуулийн хэлтсийн 2020 оны 01-р сарын 24-ний өдрийн 117/116 дугаартай албан бичгээр Э Үийн статус гэрээ байгуулж байх үеийнхээс өөрчлөгдөж, үйл ажиллагаа нь Компанийн

тухай хуулиар бус Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагдах болсон тул эрх бүхий төрийн байгууллагын шийдвэргүйгээр тухайн автомашиныг миний өмчлөлд шилжүүлэх боломжгүй гэх утга бүхий хариу мэдэгдсэн. Тухайн гэрээтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан тул би уг авто машиныг өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/01271 тоот шийдвэрээр 0321 ОРХ дугаартай Ниссан патрол маркын автомашины өмчлөх эрх Д.Мт үүссэн болохыг тогтоож, тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөхийг Э Ү ТӨҮГ-т даалган шийдвэрлэсэн. Харин Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 137 тоот магадлалаар Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2022/01130 тоот тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүх болон Давж заалдах шатны шүүх тогтоол, магадлалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа ...талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалтай холбогдуулан гэрээг өөрчлөх талаар хэн аль нь тэгш эрхийн зарчмын үндсэн дээр санал хүсэлт гаргах ёстой байжээ гэж тусгасан байна. Өөрөөр хэлбэл шүүхээс Д.М намайг тухайн автомашинийг өмчлөх эрхгүй гэж огт шийдээгүй бөгөөд зөвхөн Э Үийн статус өөрчлөгдөж, эрх бүхий төрийн байгууллагын шийдвэргүйгээр тухайн автомашиныг миний өмчлөлд шилжүүлэх эрх зүйн боломжгүй болсныг тайлбарлаж, гэрээг шинэ нөхцөл байдалд тааруулж өөрчлөх санал гаргах ёстой хэмээн үзсэн. Ийнхүү хүчин төгөлдөр шүүхийн тогтоолоор талуудын хооронд байгуулагдсан Авто машин ашиглах тухай гэрээг өөрчлөн байгуулах асуудлыг нээлттэй үлдээсэн тул би 2023 оны 01 сарын 06-ны өдөр Э Ү ТӨҮГ-т гэрээнд өөрчлөл оруулах тухай дараах саналыг хүргүүлсэн. Үүнд:

Гэрээний 3.2 дугаар зүйлд Энэхүү гэрээний хугацаа дууссаны дараа Э Ү ХХК машинаа блансаас нь хасаж, эзэмшигчид шилжүүлэн өгнө гэснийг Энэхүү гэрээний хугацаа дууссаны дараа эсхүл ажилтан Д.М нъ өндөр насны тэтгэвэрт гарсан тохиолдолд Э Ү ТӨҮГ нъ авто машиныг данснаас хасаж, Д.Мын өмчлөлд шилжүүлэх асуудлаар төрийи эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх гээ/с өөрчлөх,

Мөн Гэрээний 3.5 дугаар зүйлд Хэрвээ гэрээ дуусахаас өмнө эзэмшигч ажлаас чөлөөлөгдсөн бол элэгдлийг тооцон үлдэгдэл үнийг төлнө гэснийг Гэрээний 3.2 дугаар зүйлд заасан ...авто машиныг данснаас хасаж, Д.Мын өмчлөлд шилжүүлэх асуудлаар төрийн эрх бүхий бсшгууллага шийдвэр гаргаагүй эсхүл шийдвэр гаргахаас татгалзсан тохиолдолд Д.Мт гэрээнд заасантай адил чанарын автомашиныг зах зээлийн үнээр худалдан авахад төлбөрийг олгоно гэж өөрчлөх.

Дээрх өөрчлөлт нь үндсэн гэрээний агуулгад, талуудын эрх ашиг, холбогдох хууль тогтоомжид бүрэн нийцэх ба Э Үийн өнөөгийн статуст харшлахгүй болно. Гэтэл Э Үийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 117/150 тоот албан бичгээр миний гэрээнд өөрчлөлт оруулах тухай саналд хариу өгөхдөө шүүхийн тогтоол магадлалыг буруу тайлбарлаж, саналыг судлалгүй, үндэслэлгүйгээр татгалзсан. Иймд Д.М болон Э Ү ХХК-нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 5/194-16 дугаартай Авто машин ашиглах тухай гэрээнд Э Үийн статус өөрчлөгдсөнтэй уялдуулан холбогдох өөрчлөлтийг оруулахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э Ү ТӨҮГ шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Мыг Э Ү ХХК /хуучин нэрээр/-д Авто тээврийн байгууллагын даргаар ажиллаж байх үед нь үндсэн хөрөнгө болох Япон улсад үйлдвэрлэгдсэн Ниссан патрол маркийн 03-91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 5/194-16 дугаартай Автомашин ашиглах тухай гэрээ байгуулан албан болон хувийн хэрэгцээнд ашиглуулж байсан. Тус гэрээний 4.3 дахь заалтад зааснаар талууд гэрээнд гарын үсэг зурснаас хойш 4 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар харилцан тохиролцсон. Энэхүү заалтад зааснаар гэрээний хугацаа 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дуусан гэрээ дуусгавар болсон.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт Төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж батлах, шинээр авах шийдвэр гаргах, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь үндсэн хөрөнгийг зөвхөн төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр данснаас хасах буюу борлуулах, устгах эрхтэй, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно" гэж тус тус заасан.

Дээрх заалтуудад зааснаар Д.Мтай байгуулсан автомашин ашиглах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй. Д.Маас гаргасан нэхэмжлэлд дурдсан үйл баримттай холбоотой асуудлаар Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаар магадлал, Дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2022/01130 дугаар тогтоол байгаа болно. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Маас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Д.Мын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шаны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1271 дугаар шийдвэр /хх-5-12/, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаар магадлал /хх-13-18/, Дээд шүүхийн 202 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1130 дугаартай тогтоол /хх-19-24/, Э Ү ТӨҮГ-ын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 117/150 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-25-26, 27-28/, автомашин ашиглах тухай гэрээ /хх-31-32/, өр барагдуулах алба /хх-33/, гэрээ шинэчлэн байгуулах тухай /хх-34-35/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас: хариу тайлбар /хх-44-45/, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаартай тогтоол /хх-50-54/, Э Ү ТӨҮГ-ын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 117/150 дугаартай албан бичиг /хх-5657/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Э Ү ТӨҮГ-т холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 5/194-16 дугаартай Авто машин ашиглах тухай гэрээнд Э Үийн статус өөрчлөгдсөнтэй уялдуулан холбогдох өөрчлөлтийг оруулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хүчин төгөлдөр шүүхийн тогтоолоор талуудын хооронд байгуулагдсан Авто машин ашиглах тухай гэрээг өөрчлөн байгуулах асуудлыг нээлттэй үлдээсэн . Үүний дагуу 2023 оны 01 сарын 06-ны өдөр Э Ү ТӨҮГ-т гэрээнд өөрчлөлт оруулах тухай саналыг хүргүүлсэн боловч Э Үийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 117/150 тоот албан бичгээр миний гэрээнд өөрчлөлт оруулах тухай саналд хариу өгөхдөө үндэслэлгүйгээр татгалзсан. Иймд Д.М болон Э Ү ХХК-нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 5/194-16 дугаартай Авто машин ашиглах тухай гэрээнд Э Үийн статус өөрчлөгдсөнтэй уялдуулан холбогдох өөрчлөлтийг оруулахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Д.М болон хариуцагч Э Ү ТӨҮГ-ын хооронд 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 5/194-16 дугаартай Авто машин ашиглах тухай гэрээ байгуулагджээ.

 

Нэхэмжлэгч нь Э Ү ХХК-д Авто тээврийн байгууллагын даргаар ажиллаж байх үед нь үйлдвэрийн үндсэн хөрөнгө болох Ниссан патрол маркийн 03-91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг дээрх гэрээний дагуу ашиглуулж байсан байна.

 

Энэхүү гэрээний 2.2.1-д эзэмшигч энэ машиныг албаны болон хувийн хэрэгцээнд 2 жилийн хугацааны турш ашиглах ба тогтоосон хугацааны дараа 2018 онд Э Ү ХХК-нд автомашины балансын үнэтэй тэнцэх үлдэгдэл өртгийг төлнө. 3.2-т энэхүү гэрээний хугацаа дууссаны дараа Э Ү ХХК нь машинаа балансаас хасаж,эзэмшилд шилжүүлэн өгнө. 4.3-т гэрээ нь гарын үсэг зурснаас эхлэн хүчин төгөлдөр болж , 4 жилийн хугацаанд хүчинтэй гэж зааж талууд тохиролцсон байна.

 

Энэхүү заалтад зааснаар гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болжээ.

 

Д.Мын гаргасан нэхэмжлэлд дурдсан үйл баримттай холбоотой асуудлаар Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаар магадлал,Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11-р сарын 22-ны өдрийн 001/ХТ2022/01130 дугаартай тогтоол гарсан байна.

 

Дээрх магадлал, тогтоолоор Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1,101 дүгээр зүйлийн 101.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Э Ү ТӨҮГ,Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох Ниссан Патрол маркийн 03-91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл өмчлөх эрх Д.Мт үүссэн болохыг тогтоож,тухайн хөрөнгийг Д.Мын нэр дээр шилжүүлэхийг Э Ү ТӨҮГ-т даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нь Хүчин төгөлдөр шүүхийн тогтоолоор талуудын хооронд байгуулагдсан Авто машин ашиглах тухай гэрээг өөрчлөн байгуулах асуудлыг нээлттэй үлдээсэн тул би 2023 оны 01 сарын 06-ны өдөр Э Ү ТӨҮГ-т гэрээнд өөрчлөлт оруулах тухай дараах саналыг хүргүүлсэн. Үүнд:

Гэрээний 3.2 дугаар зүйлд Энэхүү гэрээний хугацаа дууссаны дараа Э Ү ХХК машинаа блансаас нь хасаж, эзэмшигчид шилжүүлэн өгнө гэснийг Энэхүү гэрээний хугацаа дууссаны дараа эсхүл ажилтан Д.М нъ өндөр насны тэтгэвэрт гарсан тохиолдолд Э Ү ТӨҮГ нъ авто машиныг данснаас хасаж, Д.Мын өмчлөлд шилжүүлэх асуудлаар төрийи эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх гэж өөрчлөх,

мөн Гэрээний 3.5 дугаар зүйлд Хэрвээ гэрээ дуусахаас өмнө эзэмшигч ажлаас чөлөөлөгдсөн бол элэгдлийг тооцон үлдэгдэл үнийг төлнө гэснийг Гэрээний 3.2 дугаар зүйлд заасан ...авто машиныг данснаас хасаж, Д.Мын өмчлөлд шиллсүүлэх асуудлаар төрийн эрх бүхий бсшгууллага шийдвэр гаргаагүй эсхүл шийдвэр гаргахаас татгалзсан тохиолдолд Д.Мт гэрээнд заасантай адил чанарын автомашиныг зах зээлийн үнээр худалдан авахад төлбөрийг олгоно гэж өөрчлөх.

Дээрх өөрчлөлт нь үндсэн гэрээний агуулгад, талуудын эрх ашиг, холбогдох хууль тогтоомжид бүрэн нийцэх ба Э Үийн өнөөгийн статуст харшлахгүй болно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусаж нэхэмжлэгч Д.М өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа гэрээний дагуу ашиглаж байсан автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэх хүсэлт гаргахад хариуцагч нь Э Ү ХХК-ийн эрх зүйн байдал өөрчлөгдөж,Төрийн өмчит үйлдвэрийн газар болсон үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 саоын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор ТӨҮГ болон өөрчлөгдөн байгуулагдсан ба Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д Төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөнд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал,захиалгыг хянах батлах,шинээр авах шийдвэр гаргах тухай зохицуулалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамааруулсан байна .

Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар үндсэн хөрөнгийг зөвхөн төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр данснаас хасах буюу борлуулах эрхтэй,мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын,төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ,бусад хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно гэж зохицуулсан.

Маргааны зүйл болох автомашин Э Ү ТӨҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тул Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр захиран зарцуулах ба үйлдвэрийн удирдлага дур мэдэн шийдвэр гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн,ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн байдалд нийцүүлэхийг талууд шаардах эрхтэй,220.4-т гэрээг өөрлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зохицуулжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолд: Э Ү ХХК-ийг Э Ү ТӨҮГ болж ,эрх зүйн байдал нь өөрчлөгдөхийг талууд гэрээ байгуулах 2016 онд урьдчилан мэдэх боломжгүй байсан бөгөөд ийнхүү эрх зүйн байдал өөрчлөгдсний дараа нэхэмжлэгч нь гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах, эсхүл гэрээнээс татгалзах байдлаар ямар нэг шаардлага гаргасан, түүнчлэн хуулийн этгээдийн эрх зүйн байдал өөрчлөгдөж байх үед нэхэмжлэгч нь тухайн үйлдвэрт тодорхой албан тушаал эрхэлж,ажиллаж байсан,нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа бодит байдлыг мэдсээр байж хариуцагчид холбогдуулан ямар нэг хүсэлт шаардлага гаргаж байсан үйл баримт тогтоогдоогүй байна. гэсэн нь нэхэмжлэгч одоо хүсэлт шаардлага гаргаж гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах эрхтэй гэж дүгнэсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь Авто машин ашиглах тухай гэрээг өөрчлөн байгуулах асуудлыг нээлттэй үлдээсэн тул гэрээнд өөрчлөлт оруулах тухай саналыг хүргүүлсэн гэж байгаа боловч гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй,тухайн үед Э Ү ХХК-ийг Э Ү ТӨҮГ болж ,эрх зүйн байдал нь өөрчлөгдсний дараа нэхэмжлэгч нь гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах , эсхүл гэрээнээс татгалзах байдлаар ямар нэг шаардлага гаргасан ч энэ нь хэрэгжих боломжгүй байсаныг хариуцагч нар хүлээн зөвшөөрч байна.

Иймд Д.М болон Э Ү ХХК-нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 5/194-16 дугаартай Авто машин ашиглах тухай гэрээнд Э Үийн статус өөрчлөгдсөнтэй уялдуулан холбогдох өөрчлөлтийг оруулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1,101 дүгээр сарын 101.1, 220 дугаар зүйлийн 220.1,220.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Мын хариуцагч Э Ү ТӨҮГ-т холбогдуулан гаргасан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 5/194-16 дугаартай Авто машин ашиглах тухай гэрээнд Э Үийн статус өөрчлөгдсөнтэй уялдуулан холбогдох өөрчлөлтийг оруулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН