Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/01606

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ..................тоотод байрлах, О ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ........................ тоотод оршин суух, Ө ургийн овогтой Э Т д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 04/02 дугаартай гэрээг цуцалж, Баянгол дүүрэг, ......................... тоот 68.94 м.кв талбай бүхий орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,

Хариуцагч Э.Т , хариуцагчийн өмгөөлөгч Т.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Э.Т д холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 04/02 дугаартай гэрээг цуцалж, Баянгол дүүрэг, ......................... тоот 68.94 м.кв талбай бүхий орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын тайлбартаа: О ХХК-аас Э.Т тай 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тухайн гэрээнд 151,668,000 төгрөгийн үнэ бүхий Баянгол дүүргийн ................ тоот 68,94м.кв 3 өрөө орон сууц худалдахаар тохирсон. Гэрээний үүрэгт хариуцагч 90,000,000 төгрөгийг төлсөн ч үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасанд хугацаанд төлж барагдуулахгүй гурван жил болж байна. Иймд гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар гэрээг цуцалсан. Гэрээг цуцалсантай холбоотой гэрээний зүйл болох манай компанид төлсөн 105,000,000 төгрөгийг маргалгүй буцааж өгөөд байраа буцааж чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

1.2.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: О ХХК нь маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулж байсан юм. Тухайн барилгыг А ХХК барьсан. А ХХК-ийн охин компани О ХХК юм шиг байна. О ХХК-ийн борлуулах эрхийн дагуу захилгын гэрээ хийсэн. Тухайн захилгын гэрээ хийхдээ эхлээд Д.Мтай тохироод Д.Маас Э.Т руу шилжүүлж өгөхдөө төлбөр тооцооны талаар маргаан байхгүй гэдгээ гэрээнд тусгасан. 105,000,000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч маргаангүй бол 46,000,000 төгрөг төлөөд байраа авах боломжтой. Гэтэл энэ асуудлаар өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Гэтэл Э.Т Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулахыг даалгахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасныг О ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа мөн тухайн байрыг Э.Т-ны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргаж байсан. Энэ шаардлага 2022 оны 1 дүгээр сарын 11-ны өдрийн 237 дугаартай Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болсон шаардлага юм. Энэ шаардлагыг Давж заалдах шатын шүүх хэрэглэсэн хуулийн заалтыг хуульд нийцүүлж шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Э.Т тай гэрээ байгуулах замаар гуравдагч этгээдэд мөнгө шилжүүлж О ХХК-тай гэрээ байгуулах замаар худалдаж аваад өөрөө эзэмшилдээ байлгаж байгаа асуудал хууль бус эзэмшил биш байна. Хууль бус эзэмшил гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Д.Мтай холбоотой асуудлыг шийдэх хүртэл энэ асуудал цааш үргэлжлэх боломжгүй Давж заалдах шатны шүүх шийдсэнийг Улсын дээд шүүх хэвээр үлдээсэн. Дахин шүүх шийдвэрлэхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна.

 

2.Хэрэгт нэхэмжлэгчээс О ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 3/, О ХХК-ийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 4/, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 6-11/, Э.Т гийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 12/, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл /хх-ийн 13/, О ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 8/8-1 тоот мэдэгдэл /хх-ийн 114/, О ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 8/17-1 тоот мэдэгдэл /хх-ийн 115/, хариуцагчаас Э.Х гийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлтийн хуулбар /хх-ийн 26/, Э.Х гийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хүсэлтийн хуулбар /хх-ийн 27/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ........ дугаар тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 28-37/, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хуулбар /хх-ийн 38,39/, 2021 ны 10 дугаар сарын 05-ны өдрийн Д.Г ийн хүсэлтийн хуулбар /хх-ийн 40/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн .......... хуулбар /хх-ийн 41-43/, Н.Мгийн гэрчийн мэдүүлгийн хуулбар /хх-ийн 44,45/, Э.Х гийн гэрчийн мэдүүлгийн хуулбар /хх-ийн 46,47/, Д.Мын гэрчийн мэдүүлгийн хуулбар /хх-ийн 48,49/, О ХХК-ийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 50/, О ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийн хуулбар /хх-ийн 51,52/ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ......... дугаар шийдвэрийн хуулбар /хх-ийн 53-56/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 612 дугаар тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 57-59/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ................. дугаар магадлалын хуулбар /хх-ийн 60-67/, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 892 дугаар тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 68-70/, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ..................... дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 71-75/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

           1.Шүүх нэхэмжлэгчийг бүхэлд нь нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Э.Т д холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 04/02 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г цуцалж, Баянгол дүүрэг, ......................... тоот 68.94 м.кв талбай бүхий орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.           

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...О ХХК болон Э.Т нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр Баянгол дүүргийн .................. тоот 68,94м.кв 3 өрөө орон сууцыг 151,668,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Гэрээний үүрэгт хариуцагч 90,000,000 төгрөгийг төлсөн ч үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасанд хугацаанд төлж барагдуулахгүй гурван жил болж байна. Иймд гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар гэрээг цуцалж, гэрээний зүйл болох байраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байна гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...Гэрээний дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд энэ талаар гэрээний 2.2-т захиалагч нь гэрээ байгуулсан өдөр үнийн дүнг 100 хувь төлсөн гэж заасан. ...Орон сууцны үнийг 97,000,000 төгрөгөөр худалдан авахаар Д.М гэх хүнтэй тохиролцсон, Д.М нь Э.Х гэх хүнээс авлагатай, Э.Х нь нэхэмжлэгч О ХХК-аас авлагадаа маргааны зүйл болох орон сууцыг бартераар авч, зөрүү мөнгийг төлөх байсан. Гэрээг байгуулах үед эдгээр нөхцөлийг тохиролцсон учир гэрээнд 151,668,000 төгрөгийг бүрэн төлсөн гэж тусгасан. Нэхэмжлэгч 105,000,000 төгрөг төлөгдсөн гэдгийг зөвшөөрч байгаа бол үлдэх 46,668,000 төгрөгийг төлөх боломжтой. Өмнө нь энэ асуудлаар шүүхийн шийдвэр гарч, Э.Т тай гэрээ байгуулах замаар гуравдагч этгээдэд мөнгө шилжүүлж О ХХК-тай гэрээ байгуулах замаар худалдаж аваад өөрөө эзэмшилдээ байлгаж байгаа асуудал нь хууль бус эзэмшил биш байна. Хууль бус эзэмшил гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Д.Мтай холбоотой асуудлыг шийдэх хүртэл энэ асуудал цааш үргэлжлэх боломжгүй. Дахин шүүх шийдвэрлэхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна. хэмээн тайлбарлажээ.

 

5.Нэхэмжлэлийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчийг орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан байна.

 

6.Нэхэмжлэгч О ХХК , хариуцагч Э.Т нар нь 2020 оны 05 сарын 28-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороонд байрлах барилгын 68,94 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьж, ашиглалтад оруулан хариуцагчид хүлээлгэн өгч өмчлөлийг шилжүүлэх, хариуцагч нь байрны үнэ 151,668,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 6-9/

7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх..., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, 258 дугаар зүйлийн 258.2-т Худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх, зохих зардлыг нөхөн төлөх хүртэл худалдагч эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

 

8.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 11-ний өдрийн ............... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 сарын 01-ний өдрийн .................дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 24-ий өдрийн.................. дугаар тогтоолоор Хариуцагч О ХХК-д холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн ...................... тоотод орших 68,94 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Т д гаргуулахыг О ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэгч Э.Т гийн нэхэмжлэлийг, Баянгол дүүргийн ................................ хаягт байршилтай, 68.94 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг Э.Т гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч О ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна.

 

9.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн үндэслэлд ...17. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр хариуцагч компаниас авлага, өр төлбөрийн тооцоо бүхий этгээдүүдийн тодорхой мөнгөн хөрөнгө төлөх, мөнгөн хөрөнгийн үүргийг тооцуулах нөхцөлтэйгөөр орон сууцны эзэмшлийг өөртөө олж авсан нь тогтоогджээ. 18.Иймд шүүхүүдийн, хариуцагч О ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Х , гэрч Д.М нарын хоорондын өр төлбөрийн асуудал шийдвэрлэгдээгүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч Э.Т гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж гэрээнээс татгалзах, түүнийг хууль бус эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн, Баянгол дүүргийн :......................... тоот хаягт байршилтай, 68.94 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Э.Т гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. гэж дүгнэжээ.

 

10.Нэхэмжлэгч О ХХК нь шүүх хуралдаанд О ХХК, Э.Х , Д.М нарын хоорондын өр төлбөрийн асуудлыг эрүүгийн журмаар шалгаж дуусаагүй боловч хариуцагчаас 105,000,000 төгрөг төлөгдсөн болохыг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэгчийн тус тайлбартай холбоотойгоор үлдэх 46,668,000 төгрөгийг төлөх боломжтой талаар тайлбар гаргасан.

 

11.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

12.Шүүхийн шийдвэрээр О ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Х , гэрч Д.М нарын хоорондын өр төлбөрийн асуудал шийдвэрлэгдээгүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч Э.Т гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж гэрээнээс татгалзах, түүнийг хууль бус эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нөхцөл байдал нэхэмжлэл гаргаж, хэргийг шийдвэрлэгдэх хүртэл өөрчлөгдөөгүй тул хариуцагч Э.Т г гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

13.Иймд хариуцагч Э.Т д холбогдох Орон сууц захиалгын гэрээ-г цуцалж, Баянгол дүүргийн ................................ хаягт байршилтай, 68.94 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Э.Т гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

14.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч О ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 990,200 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 920,000 төгрөг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Э.Т д холбогдох 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 04/02 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г цуцалж, Баянгол дүүргийн ................................ хаягт байршилтай, 68.94 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг Э.Т гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч О ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 990,200 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 920,000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР