| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/01035/И |
| Дугаар | 102/ШШ2023/01607 |
| Огноо | 2023-04-25 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2023/01607
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, ......................тоотод оршин суух хаягтай, Х ургийн овогтой С.Ц-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүрэг, ................. тоотод оршин суух хаягтай, Б ургийн овогтой С.М
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, .............тоотод оршин суух хаягтай, Б ургийн овогтой Д.Г нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,167,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.Ц,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Д.Г , С.М нарт холбогдуулан 1,167,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: Би 2022 оны 7 дугаар сарын 26-нд хоёр өөрөө байрандаа их засвар хийж, Д.Г болон С.М нарт байраа хүлээлгэн өгөхдөө угаалгын өрөөнд нэг булан нүх үлдлээ гүйцээж бөглөөрэй гэхэд бид нар өөрөө бөглөчихнө гэж хэлсэн. Тухайн нүхийг бөглөөгүй тул өөрсдийнхөн хайхрамжгүй байдлаас болж хажуу айлаас жоом орж ирсэн байна. 9 дүгээр сард түрээслэгч жоомтой болчихлоо гэхэд би С.М очиж уулзаад жоомтой байранд суухгүй гэвэл одоо байраа суллаад үлдсэн мөнгөө буцааж аваарай, үгүй гэвэл өөрсдөө жоомоо устгаад надад дахиж жоом ярих хэрэггүй шүү, он гарвал орон сууц хөлслөх улирал алдагдуулсан гэж барьцааг буцааж өгддөггүй гэж хэлсэн. С.М зөвшөөрч байна, дахиж жоом ярихгүй, бид өөрсдөө хариуцна гэж тохирсон. 12 дугаар сараас түрээс өнөө маргаашгүй төлнө гэсээр байгаад үнэгүй суугаад байх санаатай гэдэг нь нотлогдсон. Би хорооны цагдаагаас зөвлөгөө авч, 1 дүгээр сарын 5-нд очиж гарахыг шаардаж хэрүүл маргаан үүсгэсэн. 1 дүгээр сарын 6-нд хариуцагч нар явсан байсан. Хойноос нь хөөцөлдөж, эмнэлэг дээр очиж байрны түлхүүрээ авсан. Дахин засвар хийж 1 дүгээр сарын 25-нд өөр айлд түрээсэлсэн. Улирлын сезон алдсан тул 200,000 төгрөгөөр хямдруулж хүн олж оруулсан. Засвар хийсний дараа нүх сүвийг нь бөглөөд хайхрамжтай байвал жоомгүй байж болно гэдгийг одоо байгаа айл маань харуулж байгаа юм. Д.Г гийн хариу тайлбар үндэслэлгүй. Анх алдагдсан боломж гэдгээр барьцааг буцаахгүй. Засвар шаардлагатай болсны зардал, түрээс төлөөгүй хойшилсон хоногийн зардал, хөдөөгөөс дахин, дахин орж ирж шүүх цагдаагаар явсны зардал гарсан. Гэрээний дагуу сар бүр төлөх ашиглалтын зардал 597,000 төгрөг болсон. Д.Г С.М нар төлж дуусах хүртэл хуримтлагдах байсан банкны алданги, мөн доод айлын тааз шарлуулсан, хажуу айлын гомдол гэх мэт алдагдсан зардал юм. Эцэст нь хэлэхэд жоомтой эсэх дээр маргалдаагүй, хэрэв жоомтой болгосон бол өөрсдийнхөн буруу 9 дүгээр сард жоом ярихгүй гэж манай нөхөр тохиролцсоныг би мэдээгүй гэдэг хоорондын зөрчлөө миний нэхэмжлэлд хамааруулах гэвэл гэрээнд хоёулаа гарын үсэг зурсны хэрэг байхгүй. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-т заасан заалтыг зөрчсөн учир барьцаа 500,000 төгрөг буцааж өгөхгүй. Иймд 1,167,000 төгрөг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Үүнд 597,000 төгрөг ашиглалтын зардал, 12 дагуур сарын 26-аас 1 дүгээр сарын 6 хүртэл 11 хоногийн түрээс 330,000 төгрөг, вааны хөл 50,00 төгрөг, цохны гэмтэл 20,000 төгрөг, обой хуулж хаясан зардал 100,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжилсан 70,200 төгрөг нийт 1,167,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч нараас нэхэмжлэлд гаргасан тайлбар: Хариуцагч нар орон сууц хөлсөх гэрээний дагуу Баянгол дүүргийн 7 дугаар хороо, орон сууцыг хөлсөлсөн. Орон сууц хөлсөх гэрээ байгуулж, сарын төлбөр 900,000 төгрөг, барьцаа 500,000 төгрөг өгсөн. Нэхэмжлэгч ашиглалтын зардал гэж мөнгө нэхэмжилж байна. Үүнийг гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй гэж үзэж байна. Гэхдээ зуу хувь гэрээг зөрчсөн асуудал байхгүй. Иймд барьцаа мөнгийг ашиглалтын зардалд тооцуулах боломжтой гэж үзэж байна. Сарын 900,000 төгрөгийн түрээсийг 30 хоногт хувааж үзээд мөнгийг тооцох боломжтой. Хариуцагч нар 1 дүгээр сарын 4-ний өдөр байрнаас гарсан. Тэгэхээр 10 хоногоор тооцож төлбөр төлж болж байна. ашиглалтын зардлыг зөвшөөрч байгаа. Бусад мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэжээ.
4.Хэрэгт нэхэмжлэгчээс 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн итгэмжлэл /хх-ийн 4/, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ /хх-ийн 5/, төлбөрийн дэлгэрэнгүй /хх-ийн 7/, С.М, Д.Г нарын иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 8/, Д.Г гийн тайлбар /хх-ийн 9/, Д.Б-с гаргасан тайлбар /хх-ийн 21/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн .................дугаар захирамж /хх-ийн 22/, Д.С-ээс гаргасан тайлбар /хх-ийн 35/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
1.1.Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Д.Г, С.М нарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1,167,200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Би 2022 оны 7 дугаар сарын 26-нд хоёр өөрөө байрандаа их засвар хийж, Д.Г болон С.М нарт байраа хөлслүүлэхээр хүлээлгэн өгсөн. Угаалгын өрөөний булан нүх үлдлээ гүйцээж бөглөөрэй гэхэд бөглөчихнө гэж хэлсэн. Тухайн нүхийг бөглөөгүйгээс хажуу айлаас жоом орж ирсэн байна. ...Би С.М-тай очиж уулзаад жоомтой байранд суухгүй гэвэл одоо байраа суллаад үлдсэн мөнгөө буцааж аваарай, үгүй гэвэл өөрсдөө жоомоо устгаад надад дахиж жоом ярих хэрэггүй шүү, он гарвал орон сууц хөлслөх улирал алдагдуулсан гэж барьцааг буцааж өгддөггүй гэж хэлсэн. С.М зөвшөөрсөн. 12 дугаар сараас түрээс өнөө төлөхгүй үнэгүй суугаад байх санаатай гэдгийг нотлогдсон. Би хорооны цагдаагаас зөвлөгөө авч, 1 дүгээр сарын 5-нд очиж гарахыг шаардаж хэрүүл маргаан үүсгэсэн. 1 дүгээр сарын 6-нд хариуцагч нар явсан байсан. Хойноос нь хөөцөлдөж, эмнэлэг дээр очиж байрны түлхүүрээ авсан. Дахин засвар хийж 1 дүгээр сарын 25-нд өөр айлд түрээсэлсэн. Улирлын сезон алдсан тул 200,000 төгрөгөөр хямдруулж хүн олж оруулсан. ...Гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-т заасан заалтыг зөрчсөн учир барьцаа 500,000 төгрөгийг буцааж өгөхгүй. Хариуцагч нараас 597,000 төгрөг ашиглалтын зардал, 12 дагуур сарын 26-аас 1 дүгээр сарын 6 хүртэл 11 хоногийн түрээс 330,000 төгрөг, вааны хөл 50,00 төгрөг, цохны гэмтэл 20,000 төгрөг, обой хуулж хаясан зардал 100,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжилсан 70,200 төгрөг нийт 1,167,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. гэж тайлбарласан.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа ...Хариуцагч Д.Г орон сууц хөлсөх гэрээний дагуу Баянгол дүүргийн 7 дугаар хороо, орон сууцыг хөлсөлсөн. Орон сууц хөлсөх гэрээ байгуулж, сарын төлбөр 900,000 төгрөг, барьцаа 500,000 төгрөг өгсөн. ...Барьцаа мөнгийг ашиглалтын зардалд тооцуулна. ... Хариуцагч нар 1 дүгээр сарын 4-ний өдөр байрнаас гарсан. Зургаан хоног суусан учир 10 хоног тооцож болж байна. Ашиглалтын зардал 597,000 төгрөг төлөөгүй учир зөвшөөрч байгаа. Бусад мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэж тайлбарлажээ.
4.Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Д.Г , С.М нартай 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр, эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай, Баягол дүүрэг, .............. тоот 43кв.м талбайтай орон сууцыг 12 сарын хугацаатай, сарын төлбөр 900,000 төгрөгөөр хөлслүүлэхээр Орон сууц хөлслөх гэрээ-г байгуулсан байна.
5.Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д заасан орон сууц хөлслөх гэрээний зохицуулалтад хамаарч байх ба гэрээгээр хөлслүүлэгч тал нь нэхэмжлэгч С.Ц , хөлслөгч нь Д.Г , С.М нар байна. Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
6.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.
7.Хариуцагч орон сууцны хөлс төлөх хугацааг хэтрүүлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, хариуцагч нар ашиглалтын зардал 597,000 төгрөг төлөөгүй, орон сууц хөлсөх гэрээ байгуулагдахад барьцаа 500,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн талаар зохигч талууд маргаангүй байна.
8.Хариуцагч С.М нь орон сууц хөлслөх гэрээний үүрэг хамааралгүй, хариуцах этгээд биш гэж тайлбарласан боловч гэрээг зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хэлцлийн дагуу үүсэх үүргээс чөлөөлөгдөхгүй.
9.Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч нар орон сууцыг чөлөөлсөн хугацаа, нэхэмжлэгчид вааны хөл 50,00 төгрөг, цохны гэмтэл 20,000 төгрөг, обой хуулсан 100,000 төгрөгийн хохирол учирсан, хариуцагчийг эрэн сурвалжилсан 70,200 төгрөгийн зардал гарсан нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч нотлох баримтаар нотолж чадаагүй.
10.Харин хариуцагч 2023 оны 01 сарын 04-ний өдөр орон сууц чөлөөлж өгсөн гэх тайлбар гаргасан учир 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 01 сарын 04-ний өдөр хүртэл 10 хонго орон сууцны хөлс 300,000 төгрөгийг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасны дагуу нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
10.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.
11.Талууд орон сууц хөлслөх гэрээний 2.7-д барьцаа мөнгийг гэрээ зөрчсөн тохиолдолд буцааж олгохгүй байхаар тусгасан ч хуульд зааснаар барьцаа нь үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжид шаардлага хангуулах зохицуулалттай. Гэрээ нь хууль нийцсэн байх шаардлагатай бөгөөд нийцээгүй хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
12.Хариуцагч Д.Г , С.М нар нэхэмжлэгч С.Ц т ашиглалтын зардал 597,000 төгрөг, 10 хоногийн орон сууцны хөлс 300,000 төгрөг нийт 897,000 төгрөг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байна. Уг төлбөрөөс барьцаа 500,000 төгрөгийг тооцуулж хасуулах эрхтэй.
13.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Д.Г , С.М нараас 397,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ц т олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх 770,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
14.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,563 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 10,908 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г, С.М нараас 397,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ц т олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх 770,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ц ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,563 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г , С.М нараас 10,908 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР