Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/01807

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ................тоотод оршин суух, Т овогтой Т Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Баянгол дүүрэг, ................ тоотод байрлах Э ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 4,820,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хохирол 17,319,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, Д.Н, Д.,

Гэрч: Ц.О ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.Г ын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга: Нэхэмжлэгч Т.Г , хариуцагч Э ХХК-ийн хооронд 2021оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээгээр Б дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 давхар барилга угсралтын 1, 2 давхрын мужааны ажил хийх гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Барилгын мужааны ажлыг 336 м.кв гэж тохирсон бөгөөд 1 м.кв талбайг 40,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр, нийт ажлын хөлсийг 15,120,000 төгрөгөөр тохиролцсон. Нийт 233 м.кв талбайн 9,320,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Мөн бетон арчилгааны ажлын хөлс 1,000,000 төгрөг нийт 10,320,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна. Үүнээс 5,500,000 төгрөгийн ажлын хөлсийг авсан. Үлдэгдэл 4,820,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангахгүй байна. Нэхэмжлэгч хариуцагч нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бетон зуурмаг нийт 1,840,000 төгрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч тал бараа материалаа хангасан. Энэ бараа материалтай холбоотой шинжээчийн дүгнэлт дээр бетон зуурмаг захиалагчийн үүрэг учир хохиролд тооцохгүй гэж дүгнэсэн. 9 өдөр 11 хүн тус бүр 70,000 төгрөгөөр нийт 6,930,000 цалин ажлын хөлсөнд зарцуулсан гэж байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр Т.Г  Эм ди констракшнд ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлуудыг 9 өдөр 11 хүн тус бүр 70,000 төгрөгөөр нийт 6,930,000 цалин ажлын хөлс төлсөн баримт байхгүй байна. Г ын дутуу гүйцэтгэсэн ажлыг засаж залруулж хийсэн юм уу, эсвэл 2 давхрын ажлыг хийж гүйцэтгээд нийт гүйцэтгэсэн ажлын цалин олгосон юм уу гэдэг нь тодорхойгүй. Дутуу хаясан ажлын нүхийг бөглөхөд 540,000 төгрөг гэдэг мөн баримтаар тогтоогдохгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээ болон шинжээчийн дүгнэлт дээр арматур зангидах барилгын зураг төслийн ажлыг захиалагч өрөө хариуцна гэж заасан. Мөн шинжээчийн дүгнэлт дээр дурдагдсан байсан. Арматур зангидахдаа хоёр нүх үлдээсэн байсан. Угаасаа хоёр нүх үлдээсэн байсан учир цутгал авахдаа хоёр нүх үлдэх юм байна гэж зургийн дагуу хийсэн. Сүүлд нь нэг нүх байх ёстой гэж шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн 4 дүгээр шаардлага н.Бын бригадад ажил давхар гүйцэтгүүлсэн ажлын цалин 4,501,800 төгрөг гэж шаардаад байна. Б гэдэг хүнд ямар ажил хийж гүйцэтгүүлсэн үүнтэй холбоотой баримт байхгүй. Хоёр удаа ажлын хөлс олгоод байгаа юм шиг харагддаг. Иймд үүнийг хүлээж зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн 5 дах шаардлагыг мөн зөвшөөрөхгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээ хэрэгт авагдсан гэрээний хугацаа бол 11 дүгээр сарын 22-оос гэрээ байгуулж 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүртэл ажил хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гэтэл хэв хашмал эвдэлсэн гэдэг тайлбартаа холбоотой хэрэгт хариуцагч талаас баримт өгсөн байна. Суутгал хийдсэн баримт нь 2021 оны баримт биш 2022 оны 2 дугаар сарын баримт байна. Иймд 12 дугаар сарын 8-нд ажил дууссанаас хойш хэв хашмалыг дараагийн ажил гүйцэтгэсэн хүмүүс эвдсэн, Г ын бригад тухайн хэв хашмал эвдсэн эсэх нөхцөл байдал тодорхойгүй. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлох үүрэгтэй. Нотлох баримтуудаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Хариуцагч Э ХХК-ийн нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Манай компани 2021 оны 11 дүгээр сард Т.Г тай ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. Бүх зүйл процессын дагуу явагдаж байсан боловч Т.Г  ажлаа гүйцэт хийж чадаагүй. Манай компанийг маш их алдагдал оруулсан. Т.Г ын хийсэн ажлаас ийм дутуу байна, үүнийг хийгээгүй байна гэж хэлж байсан. Бетон зуурмаг асгасан, бетон цутгалт дутуу хийсэн ажлыг үзүүлж зургийг авч өгсөн боловч Т.Г  ажлаа хаяад явсан. Ажлаа хаяж явсны улмаас манайх үлдэгдэл хөлсөөр өөр мэргэжилтэн ажилтнаар дутуу хаясан ажлыг хийлгэсэн. Гэрээнд ажлаа дутуу хаясан болон доголдол гаргасан тохиолдолд өөрөө засах буюу хөлснөөс хасаж тооцно гэж заасан. Т.Г  гэрээний үүргээ биелүүлээгүй. Г ыг ажлаа дутуу хаяад явсан учир үлдэгдэл хөлсийг өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4.Хариуцагч Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга: Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Т.Г ын хийсэн ажил нь шинжээчийн дүгнэлтээр доголдолтой гэж гарсан. Бетон зуурмаг асгаж, хийсэн ажил нь доголдолтой байсан учир өөр хүн хөлсөөр ажиллуулж засварлуулсан. Мөн дутуу хийсэн ажлын хохирол 8,850,000 төгрөг гарч байна. Т.Г ын дутуу хийсэн ажлыг өөр хүнээр хийлгэхэд зардал гарсан. Бусдаар гүйцэтгүүлсэн ажлын зардал, дутуу доголдолтой хийсэн ажлын зардал, барилгын ажилд ашиглахаар түрээсэлсэн хэв хашмалыг эвдэлсэн бөгөөд эвдсэн хэв хашмалын панер сольж зассан. Эвдсэн хэв хашмалын панер сольж зассан зардал 3,507,700 төгрөг, 8куб бетон зуурмаг 1,840,000 төгрөг, 9 өдөр 11 хүн ажлуулсан ажлын хөлс 6,930,000 төгрөг, дутуу үлдээсэн нүхийг бөглөсөн 3 ширхэг HILTI цавууны үнэ 540,000 төгрөг, н.Бын бригад ажлын хөлс 4,501,800 төгрөг бүгд 17,319,500 төгрөг болсон тул Т.Г аас нэхэмжилж байна гэжээ.

 

5.Хэрэгт нэхэмжлэгчээс Т.Г ын иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 3/, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 4-6/, хариуцагчаас Э ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 12/, Э ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 30/, гүйцэтгэл олгох хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 31/, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 32/, хэв хашмалын эвдэрлийн акт тогтоосон баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 33/, орон сууцны план зургийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 34/, С блок Т.Г ын ажлын гологдол гаргасан ажлуудын хуулбар зургууд /хх-ийн 35-39/, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 40/, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хөлсөөр ажиллуулах гэрээ /хх-ийн 42/, Д.Г-ын иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 43/, Д.Г-ийн  гаргасан тодорхойлолт /хх-ийн 44/, Д.Г-ийн Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 45/, Т.Г ын Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 47-49/, Х.Д, Д.Г нарын гаргасан тодорхойлолт /хх-ийн 50/, Д.Г гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51/, Х.Д-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52/, Х.Дын Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 53-55/, хэвлэмэл зургууд /хх-ийн 56/, Х банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 57-59/, Б.М-ын Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 60-62/, шүүхээс үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 69/, Х ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 113-126/, Д.Г-ийн ын гэрчийн мэдүүлэг /хх-ийн 158-161/, Х.Дын гэрчийн мэдүүлэг /хх-ийн 162-166/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч Т.Г ын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2021оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Б дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 давхар барилга угсралтын 1, 2 давхрын 336 м.кв мужааны ажлыг 1 м.кв талбайг 40,000 төгрөгөөр, нийт ажлын хөлсийг 15,120,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Тус ажлаас 233 м.кв талбайн 9,320,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Мөн бетон арчилгааны ажлын хөлс 1,000,000 төгрөг болсон бөгөөд нийт 10,320,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Үүнээс хариуцагч 5,500,000 төгрөгийн ажлын хөлсийг төлсөн боловч үлдэгдэх 4,820,000 төгрөгийг төлөхгүй байна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...Манай компани 2021 оны 11 дүгээр сард Т.Г тай ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. Т.Г  ажлаа бүрэн гүйцэт хийгээгүй бөгөөд хийсэн ажил нь дутуу, доголдолтой байсан. Ажлаа гүйцээж, засахыг шаардсан ч хийлгүй хаяж явснаас их хэмжээний хохирол учирсан. Ажлаа хаяж явсан учир манайх үлдэгдэл хөлсөөр өөр ажилтнаар дутуу хаясан ажлыг хийлгэсэн. Гэрээнд ажлаа дутуу хаясан болон доголдол гаргасан тохиолдолд өөрөө засах буюу хөлснөөс хасаж тооцно гэж заасан. Т.Г  гэрээний үүргээ биелүүлээгүй учир үлдэгдэл хөлсийг өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Т.Г ын хийсэн ажил нь шинжээчийн дүгнэлтээр доголдолтой нь тогтоогдсон. Мөн ажил гүйцэтгэхдээ бетон зуурмаг асгаж, барилгын ажилд ашиглахаар түрээсэлсэн хэв хашмалыг эвдэж хохирол учруулсан. Эвдсэн хэв хашмалын панер сольж зассан зардал 3,507,700 төгрөг, 8куб бетон зуурмаг 1,840,000 төгрөг, 9 өдөр 11 хүн ажлуулсан ажлын хөлс 6,930,000 төгрөг, дутуу үлдээсэн нүхийг бөглөхөд ашигласан 3 ширхэг HILTI цавууны үнэ 540,000 төгрөг, н.Бын бригад ажлын хөлс 4,501,800 төгрөг бүгд 17,319,500 төгрөгийн зардал гарч хохирсон тул Т.Г аас нэхэмжилж байна гэж тайлбарласан.

 

5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...Бетон зуурмагийн үнэ 1,840,000 төгрөг шаардсан. Ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч тал бараа материалаа хангасан. Энэ бараа материалтай холбоотой шинжээчийн дүгнэлт дээр бетон зуурмаг захиалагчийн үүрэг учир хохиролд тооцохгүй гэж дүгнэсэн. ...9 өдөр 11 хүн тус бүр 70,000 төгрөгөөр нийт 6,930,000 төгрөгийг ажлын хөлс төлсөн баримтгүй. Т.Г ын дутуу гүйцэтгэсэн ажлыг засаж залруулж хийсэн юм уу, эсвэл 2 давхрын ажлыг хийж гүйцэтгээд нийт гүйцэтгэсэн ажлын цалин олгосон юм уу гэдэг нь тодорхойгүй. ...Нүх бөглөхөд 540,000 төгрөг зарцуулсан нь баримтаар тогтоогдохгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээ болон шинжээчийн дүгнэлтээр арматур зангидах барилгын зураг төслийн ажлыг захиалагч өрөө хариуцна гэж заасан. Арматур зангидахдаа хоёр нүх үлдээсэн байсан. Хоёр нүх зургийн дагуу үлдэж хийсэн. Сүүлд нь нэг нүх байх ёстой гэж шаардлага гаргаж байгаа. ...н.Бын бригадад ажил давхар гүйцэтгүүлсэн цалин 4,501,800 төгрөг шаардсан. н.Б ямар ажил хийж гүйцэтгүүлсэнтэй холбоотой баримт байхгүй. Ажлын хөлс давхардуулж олгоод байгаа харагддаг. ...Ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 22-оос 12 дугаар сарын 8-ны өдөр хүртэл ажил хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Хэв хашмалд төлсөн төлбөрийн баримт нь 2022 оны 2 дугаар сарын баримт байна. Хэв хашмалыг хэн эвдсэн нь тогтоогдохгүй байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлох үүрэгтэй. Нотлох баримтуудаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна гэж тайлбарласан.

 

Үндсэн нэхэмжлэл:

 

6.Нэхэмжлэгч Т.Г , хариуцагч Э ХХК-ийн хооронд 2021оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр нэхэмжлэгч Т.Г Б дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 давхар барилга угсралтын 1, 2 давхрын 336м.кв талбайд мужааны ажлыг 1 м.кв талбайг 40,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, хариуцагч ажлын хөлс нийт 15,120,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

7.Дээрх гэрээний агуулга, зохигчдын тайлбараар талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр гэж байна гэж үзэв.

 

8.Зохигчид Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу нэхэмжлэгч Т.Г ын хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, хийсэн ажил доголдолтой байсан эсэх талаар маргасан. Шүүх хариуцагчийн хүсэлтээр Т.Г ын хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, доголдол гаргасан эсэхийг тогтоолгохоор шинжээчээр Х ХХК-ийг томилсон. Шинжээч 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан дүгнэлтдээ 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч Т.Г Б дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оторлох сууц хаусны барилгад хийж гүйцэтгэсэн ажлын талбайн хэмжээ 238.95м.кв болно. Барилгын ажил нь хана тэгш бус цатгасан доголдолтой байна. Энэ доголдлоос болж хана тэгшилж, шавардах, хөөс наах, 2 дугаар давхрын ханыг цутгахдаа догол гарган дахин арматурчилж, шилжүүлсэн мөн нүх бөглөх зэрэгт нэмэлт зардал гарчээ гэж дүгнэсэн байна.

 

9.Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Т.Г нь гэрээний дагуу 238.95м.кв талбайн ажил хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна. Хариуцагч нь Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 3.1-т 1м.кв ажлын хөлс 40,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон, ажлын хөлс 5,500,000 төрөг нэхэмжлэгчид өгсөн талаар маргаагүй.

 

10.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

11.Хууль болон гэрээгээр тохиролцсоны дагуу захиалагч Э ХХК нь гүйцэтгэгч Т.Г т 233м.кв тайлд хийсэн мужааны ажлын хөлс 3,820,000 төгрөг төлөх үүрэгтэй.

 

12.Харин хэрэгт авагдсан нотлох баримтаар гүйцэтгэгч нь бетон арчилгааны ажлын хөлс 1,000,000 төгрөгийг авахаар харилцан тохиролцсон, уг ажил гэрээгээр тохиролцсон ажлаас тусдаа үнэлгээтэй байсан болох нь тогтоогдохгүй байна.

 

13.Гэрээний 5.3-т Гүйцэтгэгч тухайн ажил гүйцэтгэсэн талбайн цэвэрлэгээг хийх ба хийгээгүй тохиолдолд төлбөрийг тухайн ажлын хөлснөөс 5 хувь суутгана гэж тусгасан байна. Гэрээнд зааснаар нэхэмжлэгч ажил гүйцэтгэсэн талбайг цэвэрлээгүй учир хариуцагч гүйцэтгэсэн ажлын 5 хувь болох 756,000 төгрөгийг суутгах эрхтэй.

 

14.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Э ХХК-аас 3,064,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Г т олгож, нэхэмжлэлээс 1,756,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэл:

 

15.Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэж, нэхэмжлэгч Оторлох сууц хаусны барилгад 238.95м.кв талбайн ажил хийж гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон.

 

16.Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний дагуу барилгын мужааны ажил гүйцэтгэсэн боловч пум задарч, хана цүлхийсэн доголдол гаргасантай холбоотой засаж доголдлыг арилгах шаардлага тавьсан ч биелүүлээгүй, ажлаа хаяж явсан гэж тайлбарласан. Нэхэмжлэгч хана цүлхийсэн нь өөрийн буруугаас болоогүй, доголдол гараагүй, бага хэмжээний цүлхэн үүссэнийг засварласан гэж тайлбарласан боловч гэрч Д.Г-ийн Х.Д, Ц.О нар хана цүлхийсэн доголдол гаргасан талаар мэдүүлсэн.

 

17.Мөн шинжээч Х ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтээр ...Т.Г нь барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу мужааны ажил хийж гүйцэтгэхдээ хана тэгш бус цатгасан доголдол гаргасан нь тогтоогдсон байна.

 

18.Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй.

 

19.Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан доголдлыг засварлуулсантай холбоотой Х.Бт 4,501,800 төгрөгийг 2021 оны 12 сарын 12-17-ны хооронд 3 удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн нь тогтоогдохгүй байна. Учир нь Х банкны дансны хуулга нотлох баримтаар Х.Бт хаана, ямар ажил хийж гүйцэтгэсэнтэй холбоотой мөнгө шилжүүлсэн болох нь тодорхой бус байна.

 

20.Мөн гэрээний дагуу хийсэн ажлын доголдлыг арилгахад нэхэмжлэгч 9 өдөр 11 хүн ажиллуулж, ажлын хөлс 6,930,000 төгрөг, нүх бөглөхөд 540,000 төгрөгийн цавуу, хана тэгшлэхэд 1,840,000 төгрөгийн бетон зуурмаг зарцуулсан зардал гаргасан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

21.Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээгээр үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

 

22.Хариуцагч Э ХХК нь Монкон канстракшн ХХК-тай 2022 оны 01 сарын 25-ны өдөр пумын панерь сольсон акт үйлдэж, 3,507,700 төгрөгийн акт үйлдсэн байна. /хх-ийн 32-33/

 

23.Нэхэмжлэгч Т.Г нь гэрээний дагуу хариуцагчийн барьж буй барилгын тодорхой хэсэг буюу 238м.кв талбайн мужааны ажлыг хийсэн бөгөөд хариуцагч бусад хэсгийг өөр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлсэн талаар маргаагүй. Нэхэмжлэгч ажил гүйцэтгэхдээ хэдэн хэв хашмал эвдсэн талаар баримтгүй учир хариуцагчид пумын панерь солих 3,507,700 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

24.Иймд нэхэмжлэгч Т.Г т холбогдох хохирол 17,319,500 төгрөг гаргуулах тухай хариуцагч Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

25.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,070 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,048 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 63,974 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Э ХХК-аас 3,064,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Г-т олгож, нэхэмжлэлээс 1,756,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1, 352.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Т.Г т холбогдох хохирол 17,319,500 төгрөг гаргуулах тухай хариуцагч Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Т.Г аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,070 төгрөг, хариуцагч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,048 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 63,974 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР