Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/01821

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, .............. тоотод оршин суух хаягтай, З ургийн овогтой Л.У,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, .............. тоотод оршин суух хаягтай, Д.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ............тоотод оршин суух хаягтай, Л.Х

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ..............тоотод оршин суух хаягтай, Б ургийн овогтой Д.Х нарт холбогдох, 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Д.Х ээс 9,390,400 төгрөг, Л.Хгаас 2,670,000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.

 

Шүүх хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.Уа, Д.А нар нь Д.Х ээс 9,390,400 төгрөг, Л.Хгаас 2,670,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: Хариуцагч Л.Хгаас орон сууц хөлслөх үед үүрссэн орон сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 620,000 төгрөгөөс 300,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Одоо үлдэгдэл төлбөр болох 320,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

3.Хариуцагч Л.Х нэхэмжлэлд гаргасан тайлбар: Би нэхэмжлэгч Л.Уд төлөх ёстой 320,000 төгрөгийг 2023 оны 05 сарын 10-ны дотор төлж барагдуулна гэжээ.

 

4.Хариуцагч Д.Х нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Атай 15,000,000 төгрөг зээлдүүлж, хүүд нь Баянгол дүүрэгт байрлах байранд оршин суухаар тохиролцоод 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрээ хийсэн. Миний бие уг байранд 2 хоног амьдраад ам бүл олуулаа буюу 3 хүүхэд, аав, ээж, эхнэрийн хамт амьдардаг тул уг байрыг түрээслүүлж мөнгөөр нь том м.кв талбай бүхий байр түрээсэлж орсон. Үүнээс сарын дараа Л.У тог, СӨХ-ны асуудлаар тухайн байранд очоод мэдсэн байсан. 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Төмөр замын эмнэлгийн урд байрны асуудлаар уулзахад түрээслүүлж байгаад дургүйцсэн тул би гэрээгээ цуцалж, мөнгөө авмаар байгаагаа хэлсэн. Тухайн үед мөнгө байхгүй, мөнгө олоод уулзана гээд салсан. Энэ өдрөөс хойш 7 хоноод залгахад мөнгө олдохгүй байна, байраа зараад өгнө, хүлээж бай гэсэн. Мөнгөө өгөхгүй яваад байсан тул байраа түрээслэхийг зөвшөөрч байна гэж ойлгосон. 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Л.У залгаад 1,000,000 төгрөг зээлээч гэхэд нь би бөгж, гинжээ ломбардаад шилжүүлсэн. Үүнээс 14 хоногийн дараа залгахад Л.У, Д.А хоёр утсаа авахгүй салгаад байсан тул зуслан дээр нь очоод уулзахад би Л.Хтай тохироод 4 сарын гэрээ хийгээд мөнгө авчихсан, одоо манай байр чамд хамааралгүй, байраа зараад мөнгийг чинь өгнө гэсэн. 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 13,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цувуулж өгөөд тооцоо дууссан. Л.У нь гэрээ дуусаагүй, зээлсэн мөнгөө өгөөгүй байж байраа түрээслүүлсэн. Түрээслүүлсэн өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зээлсэн мөнгөө өгөх байтал 3 сар хэтрүүлж өгсөн. Анх гэрээ хийхдээ 15,000,000 төгрөгийн хүүд байранд суухаар тохиролцсон тул түрээсийн мөнгө нэхэмжилж байгаа бол би Л.Уд зээлсэн 15,000,000 төгрөгийн хүүг 5 хувиар бодоод 14 сар нийт 11,200,000 төгрөг нэхэмжилнэ. Гэрээнд зааснаар бусдад түрээслүүлбэл цуцлуулна гэсний дагуу цуцлуулах хүсэлтэй байхад минь мөнгө байхгүй шалтгаанаар цуцлаагүй. Миний хувьд адилхан олон нялх хүүхэдтэй залуу гэр бүл гээд зээлсэн мөнгөний хугацаа хэтэрсэн сарын хүүг тооцолгүй, мөнгө зээлээч гэхэд нь боломжгүй байсан ч юмаа ломбардад өгч байсан. Л.Уаг эд мөнгө бараа материалаар хохироогоогүй байхад мөнгө нэхэмжилж байгаа нь ямар их ашиг сонирхлын зөрчилтэй хүн гэж харж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5.Хэрэгт нэхэмжлэгчээс Баянгол дүүрэг хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 4/, Л.Уийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 5/, Д.Х , Д.А, Л.У нарын иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 6/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 7/, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 8,9/, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээний хуулбар /хх-ийн 10,11/, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 13/, гадаад, дотоод худалдааны Б ХХК-ийн мэдэгдэлийн хуулбар /хх-ийн 14/, Ю ХХК-ийн нэхэмжлэхийн хуулбар /хх-ийн 15/, Ю ХХК-ийн төлбөрийн мэдээлэл /хх-ийн 59-69/8 нэхэмжлэх /хх-ийн 74/, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хх-ийн 75/, гурвалсан үйлчилгээний гэрээ /хх-ийн 82/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Л.У, Д.А нар нь Д.Х ээс 9,390,400 төгрөг, Л.Хгаас 2,670,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.А нь Д.Х ээс 9,390,400 төгрөг, Л.Хаас 2,670,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлээс, нэхэмжлэгч Л.У нь Д.Х холбогдох нэхэмжлэлээс бүхэлд нь хариуцагч Л.Хд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, орон сууц хөлслөх гэрээний явцад үүссэн ашиглалтын зардал 320,000 төгрөг гаргуулахаар н нэхэмжилсэн байна.

 

3.Нэхэмжлэгч Л.У нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч Л.Хгаас орон сууц хөлслөх үед үүрссэн орон сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 620,000 төгрөгөөс 300,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Одоо үлдэгдэл төлбөр болох 320,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарласан.

 

  4.Хариуцагч Л.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...Би нэхэмжлэгч Л.Уд төлөх ёстой 320,000 төгрөгийг 2023 оны 05 сарын 10-ны дотор төлж барагдуулна гэж тайлбарлажээ.

 

5.Нэхэмжлэгч Л.У нь хариуцагч Д.Х тэй 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Чингүнжавын гудамж, 33/1 байр 33 тоот орон сууцыг 1 жилийн хугацаатай хөлслөхөөр харилцан тохиролцож Орон сууц хөлслөх тухай гэрээ-г байгуулсан байна.

 

6.Гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч Д.Х орон сууцыг хариуцагч Л.Хд дамжуулан хөлсөлсөн байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч Л.У мэдсэн байна. Харин гэрээний хугацаа дуусахад хариуцагч гэрээг сунгахаас татгалзжээ.

 

7.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

 

8.Мөн Иргэний хуулийн 469 дугаар зүйлийн 496.1.-д эн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн буюу ашиглалтын зардлаа төлөөгүй бол зардал гаргасан этгээдэд буцаан төлөх үүрэгтэй.

 

9.Иймд хариуцагч Л.Хгаас 320,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Уд олгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныд дагуу нэхэмжлэгч Д.А нь Д.Х ээс 9,390,400 төгрөг, Л.Хгаас 2,670,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс, нэхэмжлэгч Л.У нь Д.Х д холбогдох нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Л.Хаас 10,250 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Хаас 320,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Уд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныд дагуу нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Д.Х ээс 9,390,400 төгрөг, хариуцагч Л.Хаас 2,670,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс, нэхэмжлэгч Л.У нь хариуцагч Д.Х д холбогдох нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.У улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Л.Хаас 10,250 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР