| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/06722/И |
| Дугаар | 101/ШШ2023/00349 |
| Огноо | 2023-01-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2023/00349
| 2023 01 11 | 101/ШШ2023/00349 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.М холбогдох
2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэлийн 0 дугаартай Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 0 тоот хаягт байрлах 119,33 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М,
Хариуцагч Б.М,
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун,
Гэрч Л.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ж.М нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 0тоот хаягт байрлах 119.33 м.кв талбайтай 4 өрөө байрны өмчлөгч бөгөөд уг байраа зарж борлуулах сонирхолтой байсан. Улмаар түүний хүргэн Ж.М нь уг байрыг зарж борлуулахаар зар тавьж, ойр дотны найз нөхөддөө хэлэхэд түүний багын найз Д.Г нь Прайм Повер технологи ХХК-ийн захирал Л.Т, туслах н.Н гэх 2 хүнтэй танилцуулж манайх бартераар нилээн олон машин авч байгаа, байрыг чинь 150,000,000 төгрөгөөр бодоод авая гэж ярьсан. Тухайн үед дээрх байр нь Н ББСБ ХХК-д 18,388.5 доллар буюу 46,000,000 төгрөгийн барьцаанд байсан бөгөөд чөлөөлөөд авья гэхэд нь зөвшөөрсөн. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Л.Т нь өдрийн хүүтэй зээл чөлөөлдөг хүнээр дээр дурдсан банк бусын зээлийг хааж үл хөдлөхийг чөлөөлсөн бөгөөд мөн өдөр эрэгтэй, эмэгтэй 2 хүн дагуулж ирээд Ж.Мд энэ 2 хүнд чамаас авч байгаа байрны тооцоо байхгүй гэж хэлээрэй найз нь энэ хоёроос 95,000,000 төгрөгт Ланд-200 аваад түр чиний байрыг барьцаалчихья, байрны чинь мөнгийг 2 сарын дараа гаргаад өгчихье гэсэн. Тэгэхэд нь Л.Тыг сайн мэдэхгүй тул найз Д.Гаас энэ хүнд итгэж болох уу гэхэд итгэж болноо гэсэн учир асуудалгүй гэж итгээд ээж буюу нэхэмжлэгч Ж.Мт хэлж гэрээнд гарын үсэг зуруулж баталгаа гэх зүйл бичүүлсэн. Улмаар уг орон сууцаа Л.Тын шилжүүлээд өгчих гэсэн хүн буюу хариуцагч Б.Мд шилжүүлж, Цайз-16-ийн Асио худалдааны төв дотор байрлах тойргийн нотариатчаар 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 54 минутад бүртгэлийн 0 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч төлбөр тооцоо хийгдээгүй өнөөдрийг хүржээ. Харин хэрэгт авагдсан тайлбар, баримтуудаар Б.М нь 0 УБН улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркын автомашиныг 95,000,000 төгрөгөөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Л.Тт шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Дээрх маргааны үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Ж.М нь огт танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй Б.Мтэй 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зах зээлийн ханшнаас хямд үнээр өөрийн өмчлөлийн 4 өрөө байрыг 95,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж шилжүүлсэн, өөрийн биеээр биш хүргэн Ж.Мын ярилцсан Л.Тын гуйлтаар хариуцагчид орон сууцаа шилжүүлсэн /нэхэмжлэгч нь Л.Ттай огт уулзаж байгаагүй/, хариуцагч нь Л.Тт зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасан 95,000,000 төгрөгөөр үнэлсэн машинаа шилжүүлсэн, нэхэмжпэгчид огт хариу төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдлууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1,3-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм.
Иймд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэлийн 0 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 0тоот хаягт байрлах 119.33 м.кв талбайтай 4 өрөө байрыг нэхэмжлэгч Ж.Мийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нэхэмжлэгчтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 0 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг /4 өрөө орон сууц/ Худалдах худалдан гэрээ байгуулж, нотариатаар батлуулан, улмаар улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авснаар Ж.Мийн өмчлөх эрх дуусгавар болж, улмаар миний бие өмчлөгч болсон. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх гэрээний үндсэн дээр надад шилжиж ирсэн тул уг хөрөнгийг хуулийн дагуу миний бие захиран зарцуулж, гуравдагч этгээдэд шилжүүлсэн. Эдгээр гэрээ байгуулсан болон эрхээ хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууд ямар нэг байдлаар хууль зөрчсөн, тэр тусмаа дүр үзүүлсэн хэлцэл биш юм. Нэхэмжлэгч Ж.М нь өөрийн биеэр нотариат дээр хүрэлцэн ирж хэлцэлд гарын үсгээ зурж баталгаажуулсан. Түүнчлэн байрны төлбөрийг Л.Тт бартераар (ланд круйзер 200 маркын 0 УБН улсын дугаартай) автомашинаар гүйцэтгэсэн болохыг өөрөө хүлээн зөвшөөрч, Батламж гэх бичгийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн гараар бичиж өгсөнөөс гадна худалдах, худалдан авах гэрээнд гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн талаар гэрээний 3.3-т тодорхой тусгаж, оруулсан юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.М болон бидний хооронд хийгдсэн Худалдах, худалдан авах гэрээ нь ямар нэг байдлаар хууль зөрчөөгүй тэгш эрхийн зарчимд үндэслэж, сайн дураар байгуулагдсан гэрээ болно. Гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан биелүүлж, гэрээний үүрэг нэгэнт дуусгавар болсныг зориуд тэмдэглэж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монголын нотариатчдын танхимын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 345 дугаартай албан бичиг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/,0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ж.М болон Б.М нарын иргэний үнэмлэх, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н ББСБ ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 118/19 дугаартай Барьцаа чөлөөлүүлэх тухай албан бичиг, 11-1450875 дугаартай барьцаалбар, Luuzan Tuvshin фэйсбүүк чатны харилцан мессежийг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагчийн хариу тайлбар, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Ж.Мийн Батламж, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/, Б.М болон Л.Т нарын иргэний үнэмлэх, тоёота ланд круйзер 200 маркийн машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Тээврийн хэрэгслийн бүртгэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариуцагчийн хариу тайлбарыг хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрч Д.Гаас авсан мэдүүлэг, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрч Л.Таас авсан мэдүүлэгийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Б.Мд холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэлийн 0 дугаартай Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 0 тоот хаягт байрлах 119,33 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгуулах-аар өөрчилжээ.
2. Хариуцагч Б.М нь бидний хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ нь ямар нэг байдлаар хууль зөрчөөгүй тэгш эрхийн зарчимд үндэслэж, сайн дурын үндсэн дээр байгуулагдсан, гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан биелүүлж, гэрээний үүрэг нэгэнт дуусгавар болсон, дүр үзүүлж хийсэн хэлцэл биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 0 тоот, 119,33 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ж.М нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр бүртгэгдэж,0 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.
3б. Ж.М нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дээрх орон сууцыг Б.Мд худалдахаар Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/ байгуулж, 95,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, гэрээний 3.3-т зааснаар төлбөрийг бүрэн төлж дууссан гэжээ.
3в. Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/ байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ж.М нь Миний бие өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 15 дугаар хорооллын 47в байрны 2 тоот орон сууцыг Б.Мд 95,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд байрны төлбөр 95,000,000 төгрөгийн үнэд 0 УБН улсын дугаартай тоёота ланд круйзер 200 автомашин иргэн Б.Мгөөс авч Л.Т нэр дээр шилжүүлэн авч болно, орон сууцны төлбөр бүрэн дууссан болно гэсэн батламжийг үйлдсэн байна.
3г. Б.М нь Л.Ттай 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 0 арлын дугаартай 0 УБН улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг 95,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, Зээлээр худалдах, худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/-г байгуулж, төлбөрийг Л.Т нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төлж дуусгахаар тохирсон байна.
Эдгээрээс үзвэл Ж.М болон Б.М нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний төлбөр нь Ж.Мийн өөрийн бичсэн батламжийн дагуу Б.М нь өөрийн эзэмшлийн автомашиныг Л.Тт шилжүүлснээр бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
3д. Б.М нь орон сууцыг гуравдагч этгээдэд худалдсан гэх тайлбарыг гаргаж байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.
4. Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардаж байна.
Дээрх хуулийн дүр үзүүлэн хийсэн хэлцлийн хувьд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг бол өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн хувьд тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-г дүр үзүүлэн болон өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 54 минутад, харин тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь мөн өдрийн 14 цаг 21 минутад хийгдсэн буюу цаг хугацааны хувьд өмнө байгаа, Б.Мд орон сууцыг худалдах зорилгогүй байсан гэх тайлбарын хувьд зохигчид болон Л.Т нар нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хэн хэн нь өөрийн хүсэл зоригийг илэрхийлж, гэрээ байгуулсан байна.
Мөн маргаан бүхий орон сууцны тухайн үеийн зах зээлийн ханш нь 180,000,000 төгрөгийн үнэтэй байсан гэх тайлбарыг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн үндэслэл, шаардлагаа нотлох үүрэгтэй, нөгөөтэйгүүр энэхүү тайлбарын хувьд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий үйл баримт гэж үзэж, холбогдох мэдээллийг шүүх өөрөө олж авч, үнэлэх зохицуулалтгүй юм.
Ж.М нь Н ББСБ ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 18,388.5 ам.доллар буюу 46,000,000 төгрөгийн барьцаанд Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 0 тоот, 119,33 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 4 өрөө орон сууцыг барьцаалсан байсан байх ба уг зээл бүрэн төлөгдсөн үндэслэлээр зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ББСБ-иас барьцаа чөлөөлүүлж, барьцаалбарыг хүчингүй болгох хүсэлтийг Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст явуулсан байна.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Г, Л.Т нараас гэрчийн мэдүүлэг авахад нэхэмжлэгч Ж.Мийн хүргэн н.Мөнхзул гэгч нь Л.Ттай тохирч орон сууц, автомашиныг худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулагдсан гэх мэдүүлэг, мөн хариуцагчийн тайлбараар орон сууц нь гуравдагч этгээдэд худалдагдсан байх тул Ж.М нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 773,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Мд холбогдуулан гаргасан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэлийн 0 дугаартай Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 0 тоот хаягт байрлах 119,33 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Ж.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 773,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ