Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/568

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0338/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунцэцэг,

Улсын яллагч Г.Уянга,

Хохирогч*******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******т холбогдох эрүүгийн 2518003190470 дугаартай хэргийг 2025 оны 07 сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 2002 оны 04 сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* ” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “******* ” ХХК-д нярав ажилтай, ам бүл 3, эцэг, ахын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 02 дугаар баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг согтуурсан үедээ 2025 оны 04 сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 21 дүгээр байрны гадна хохирогч*******ийг “найзууд болон өөрийг нь доромжилсон” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд, доод зовхи, хамар, баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******ын: Хохирогчтой ямар шалтгааны улмаас муудалцсанаа санахгүй байна. Хохирогчийг зодсон, хохирлыг төлсөн. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг ямар дансанд төлөхийг мэдэхгүй байсан тул төлөөгүй гэх мэдүүлэг,

Хохирогч*******ийн: 2025 оны 04 сарын 19-ний өдөр хоёр найзтайгаа “******* ” гэх бааранд сууж байсан. Харих гээд явж байгаад замд шүүгдэгч хүмүүстэй бөөнөөрөө байсан бөгөөд хоорондоо зодолдох гээд байхаар нь “хөөе болиоч” гээд зогсож байхад бөөнөөрөө ирсэн. Тэгээд цааш нь юу болсныг мэдэхгүй байгаа. Шүүгдэгчээс хамар болон шүдээ эмчлүүлэх зардлыг нэхэмжилнэ. Хамар далийж, шүд хугарсан. Хамрын хагалгааны зардал ойролцоогоор 10,000,000 төгрөг болно. Эмнэлэгт хэвтсэн зардал 360,000 төгрөг болсныг шүүгдэгчээс авсан гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч*******ийн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4-5/,

Гэрчн: ...баарны үүдэнд зогсож байтал нэг ах цаанаас “гомо банди нараа хараад байна уу хүрээд ир” гэж доромжлоод өдөөд байсан. Тэгэхэд ******* тэр ахад “яасан гэнэ ээ, хэн гомо юм” гэхэд тэр ах шууд бид хэд дээр ирээд *******ын нүүр лүү цохихоор нь бид хэд салгасан. Тэгээд тэр ах байрны харанхуй хэсэгт очоод бид нарыг дуудаад байсан бөгөөд ******* тэр ахын нүүр лүү цохиод тэр ах бас зөрүүлээд цохиод харилцан зодолдсон... гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Гэрчы: ...бид нар баарны үүдэнд инээлдээд зогсож байтал 30 гаруй насны ах “гомо бацаан нар минь зайл” гэж хэлсэн. Тэгэхэд ******* “та хэнийг гомо гэж хэлээд байгаа юм бэ” гэхэд тэр ах бид нар луу ирээд *******ын нүүр лүү цохисон. Тэр ахтай ******* л зодолдсон ба бусад найзууд маань тэднийг салгасан. Би гүйж байгаад унаад босоод ирэхэд ******* тэр ах хоёр салчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Гэрчийн: ...баарны үүдэнд тамхи татаад зогсож байтал танихгүй ах “гомо бацаануудаа яасан” гээд доромжлоод өдөөд байсан, манай найз ******* “яасан гэнэ ээ, хэнийг гомо гээд байгаа юм” гэхэд нөгөө ах хүрч ирээд шууд *******ыг цохиод авсан. Тэгээд цагдаа нар ирээд салгаад тэр танихгүй ахыг аваад явсан. Тэгтэл нөгөө ах дахиад “бацаануудаа нааш ир” гээд орилоход ******* яваад очиход тэр ах дахиад *******ыг цохисон. Тэгэхэд ******* тэр ахыг зөрүүлээд цохиод тэр хоёр барьцалдаад авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрчын: ...эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад******* баарны үүдэнд 30 гаруй насны залуутай 21-22 насны 4-5 залуучууд маргалдсан байдалтай байхаар нь очиход 30 гаруй насны залуу нь эхэлж 21-22 насны залуучуудын нэгийг нь цохисон гэж байсан. Дэд ахлагч бид хоёр тэдгээр хүмүүсийг тараасан боловч цохиулсан гэх 21-22 насны залуу нөгөө 30 гаруй насны эрэгтэйн араас очиж хэрүүл хийгээд тэд барьцалдаж аваад зодолдоод эхлэхэд 21-22 насны залуутай хамт явж байсан бусад залуучууд нь очиж салгаад зугтаагаад явцгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн*******-23/,

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 сарын 09-ний өдрийн дугаартай:*******ийн биед тархи доргилт, баруун дээд, доод зовхи, хамар баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31/,

“Хэсэг газрын үзлэгээр баруун нүд, хамраар тэмтрэхэд өвчин эмзэглэлтэй хөдөлгөөн хязгаарлагдаагүй, хаван хавдартай ил шархгүй хөхөрч няцарсан” гэх хохирогч*******ийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32/,

“...тархи их хавантай, хамар ясны хугаралтай Type IIIs...” гэх хохирогч*******ийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийлгэсэн гавал тархины тодосгогч бодисгүй компьютер томографын дүгнэлт /хх-ийн 33/,

          Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 сарын 19-ны өдрийн 594 дугаартай: *******ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38/,

          “******* нь 2025 оны 05 сарын 28-нд “ ” ХХК-ийн “ ” шүдний эмнэлгээр үйлчлүүлж #46 шүдийг босоо хугарлын улмаас авхуулсан болно...” гэх “ ” ХХК-ийн 2025 оны 09 сарын 19-ний өдрийн 03 дугаартай албан бичиг /хх-ийн 125/,

          Гэрчын: Манай эмнэлэгт******* гэх хүн шүдээ авхуулсан ба би өөрөө шүдийг нь авсан. Тухайн хүний шүд нь эргэн сэргээх боломжгүй, ломбо тогтохооргүй, босоо хугарсан заавал авах ёстой шүд байсан. Хэрвээ тухай хүн “би цохиулаад шүд хугарсан” гэж хэлсэн бол би шүдийг нь шууд авахгүй байсан. Үнэхээр гэмтлийн улмаас шүд хугарсан бол эхлээд шүдний болон түүшэн ясны хугарал байгаа эсэх талаар нарийвчилсан зураг авхуулна, хугарсан шүдийг нөхөн сэргээх талаас нь тайлбарлаж зөвлөгөө өгнө, тодорхойлолт гаргаж өгдөг. Тийм зүйл ажиглагдаагүй, өөрөө хэлээгүй учраас хугарсан шүдийг нь авсан. Тухайн хүний шүд гэмтлийн улмаас хугарсан шүд байсан эсэхийг мэдэх боломжгүй. Тухайн хүний асуумжаар, бодит үзлэгээр мэдэх боломжтой. Намайг үзэх үед гэмтлийн улмаас хугарсан шинж тэмдэг байгаагүй, шүдний эргэн тойрны буйл гэмтээгүй, салст хэвийн, нүүрний зөөлөн эдэд хаван хавдаргүй байсан. Шүдний хугарсан хэсэг унаагүй шүд нь нэлээн гүн хугарсан байсан. Бусдад зодуулсны улмаас хугарсан гэж хэлээгүй учраас шүдний хугарал нь шинэ, хуучин хугарал гэдгийг нь үзэж хараагүй. Надаас бичиг авна гээд ирэхдээ “гэмтлийн улмаас миний шүдийг авсан гээд бичиг өгөөч” гэхээр нь “би шүдийг чинь авсан гэсэн бичиг л өгч болно, ямар шалтгааны улмаас гэмтсэнийг чинь мэдэхгүй учраас боломжгүй” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 131/,

          Хохирогч*******ийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх 7092 дугаартай өвчний түүх /хх-ийн 138-154/,

          Хохирогч*******ийн шүдээ авхуулсан байдлын гэрэл зураг /хх-ийн 155/,

          Шинжээч П.Одмаагийн: Хамар ясны хугарлыг Дархан Нэгдсэн эмнэлгийн КТГ-д шинэ хуучныг ялгаж бичээгүй. Мөн хамарт гарсан өөрчлөлтөөс харахад хуучин хугарал байх боломжтой байна. Шүдний гэмтлийн талаар эмнэлгийн бичиг баримт, рентген зураг байхгүй тул дүгнэлт гаргах боломжгүй байна. Үзлэг хийж дүгнэлт гаргахад тухайн өдрийн шүдний эмчийн үзлэг, шүдний рентген зураг хэрэгтэй байна. Шүдний рентген зургаар харж байж хугарал байгаа үгүйг мэднэ. Нүдээр харж оношлох боломжгүй. Тэгэхээр тухайн эмнэлэгт үзүүлж тусламж үйлчилгээ авсан бол рентген зураг байх л ёстой. Шүдний рентген зураг байхгүй бол дүгнэлт гаргахгүй гэх мэдүүлэг /хх-ийн 158/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 04 сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 21 дүгээр байрны гадна хохирогч*******ийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, дээд, доод зовхи, хамар, баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг мөн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.

          Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2025 оны 04 сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 01:00 цагийн үед шүүгдэгч ******* нь хэсэг найзуудын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* ” баарны гадна зогсож байхад хохирогч******* нь тэднийг “гомо бацаанууд” гэх зэргээр дуудахад шүүгдэгч ******* нь “юу гэнэ ээ, хэн гомо бацаан юм” гэхэд хохирогч******* нь *******ыг цохисон, улмаар эргүүлийн цагдаагийн алба хаагчид тэднийг салгаж явуулсан боловч Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 21 дүгээр байрны гадна шүүгдэгч, хохирогч нар дахин маргалдаж, шүүгдэгч ******* нь хохирогч*******ийг цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд, доод зовхи, хамар, баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

          Хохирогч******* нь шүүгдэгч *******т зодуулсны улмаас хамар мурийж, шүд хугарсан гэж мэтгэлцэх боловч энэ байдал нь хэрэгт авагдсан хохирогч*******ийн эрүүл мэндэд учирсан гэмтэл, хохирлын зэргийг тогтоосон Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 сарын 09-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31/, хохирогч*******ийн шүдээ авхуулсан эмнэлгийн эмч, гэрчын “...Хэрвээ тухай хүн “би цохиулаад шүд хугарсан” гэж хэлсэн бол би шүдийг нь шууд авахгүй байсан. Үнэхээр гэмтлийн улмаас шүд хугарсан бол эхлээд шүдний болон түүшэн ясны хугарал байгаа эсэх талаар нарийвчилсан зураг авхуулна, хугарсан шүдийг нөхөн сэргээх талаас нь тайлбарлаж зөвлөгөө өгнө, тодорхойлолт гаргаж өгдөг. Намайг үзэх үед гэмтлийн улмаас хугарсан шинж тэмдэг байгаагүй, шүдний эргэн тойрны буйл гэмтээгүй, салст хэвийн, нүүрний зөөлөн эдэд хаван хавдаргүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 131/ зэрэг баримтаар үгүйсгэгдэж байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

          Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

          2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

          Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******ийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун дээд, доод зовхи, хамар, баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирч, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,681,762 төгрөгийн зардал гарчээ.

          Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу шүүгдэгч ******* нь хохирогч*******ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 1,681,762 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй байна.

          Хохирогч нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд 360,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсныг шүүгдэгч нөхөн төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба хохирогч******* нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хамар мурийж, шүд хугарсан, хамар, шүдээ эмчлүүлэхэд шаардагдах зардал 10,000,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна.

          Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн хамар, шүдэнд гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хохирогчийн 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна.

          Иймд шүүгдэгч *******аас 1,681,762 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд олгож, хохирогчийн 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

          3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

          Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

          Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 3, эцэг, ахын хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

          Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба хохирогч болон шүүгдэгчээс улсын яллагчийн саналтай холбоотойгоор тусгайлан санал хүсэлт гаргаагүй болно.

          Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

          Шүүгдэгчийн сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

          Шүүгдэгчийг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 1,681,762 /нэг сая зургаан зуун наян нэгэн мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд олгож, хохирогчийн 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР