| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 174/2021/0057/э |
| Дугаар | 2021/ДШМ/13 |
| Огноо | 2021-05-11 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Д.Хорлоо |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2021/ДШМ/13
Б.Б, Т.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
прокурор Д.Хорлоо /цахимаар/,
нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 91 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Т.Б нарт холбогдох эрүүгийн 2130000000027 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1974 онд Сүхбаатар аймгийн Э суманд төрсөн, .... настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ...., эхнэр, .... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Э сумын 5 дугаар баг, “Б”-ийн задгайд оршин суух, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгийн торгох ялаар, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Б.Б /РД:................/,
Монгол Улсын иргэн, 1980 онд Сүхбаатар аймгийн Э суманд төрсөн, .... настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл ...., эхнэр, ..... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Э сумын 4 дүгээр баг “Х” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатгин овгийн Т.Б /РД:................/.
Шүүгдэгч Б.Б, Т.Б нар бүлэглэж, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны орой 18 цагийн үед Сүхбаатар аймгийн Э сумын 1 дүгээр багийн нутаг дахь “Б” авто замын шалган нэвтрүүлэх боомтын зүүн хойд талд хураалттай өнжмөл өвсөн дундаас иргэн У.Б-н соёолон насны эр үхрийг ............. улсын дугаартай, Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, 1044000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоо нь тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, энэ хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Т.Б нарт холбогдох эрүүгийн 2130000000027 дугаартай хэргийг Сүхбаатар аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Д.Хорлоо бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Б, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Тус хэрэгт Б.Б, Т.Б нар нь гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан болох нь хэрэгт авагдсан хохирогч У.Б, гэрч Ч.Б, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад баримтуудаар нотлогдсон. Тус хэрэгт гэрч Т.Б “тус тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн машин” гэж мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж мэдүүлэг авсан. Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд нэг бүрчлэн тогтоож, зохих журмын дагуу битүүмжилсэн, мөн хураан авсан, үнэлгээг хийлгэсэн. Энэ нь шүүх уг хуулийн заалтыг хэрэглэх, биелүүлэх нөхцөлийн үндэслэл юм. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа этгээд нь бусдын өмчлөл ашиглалтад байгаа эд зүйл хөрөнгийг түүний эрхийг бүрэн захиран зарцуулах, өөрөө шилжүүлэн авснаар буюу шунахайн сэдэлттэй өөрт ашиг хонжоо бий болсон захиран зарцуулах боломжтой нөхцөл байдал үүссэн байхыг шаардана. Харин тус хэргийн хувьд үхрийг нядалж авч явж хүнсэндээ хэрэглэх зорилготой байсан боловч гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсон байна. Учир нь үхрийг нядалсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг төгссөн гэж үзэх үйлдэл биш юм. Дээрх хэрэгт хохирогч У.Б-н үхрийг нядалж, хохирогчийн эд хөрөнгөд бодит хохирол учирсан гэх үйлдэл нь гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувьд хулгайлах эд зүйлээ авч явахад хялбарчлах зорилготой үйлдэл болохоос хулгайн гэмт хэргийн төгссөн үйлдэл биш бөгөөд хулгайлах үйлдэл нь таслан зогсоогдож, гэмт этгээдүүд эцсийн зорилгодоо хүрч чадаагүй болох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасан завдалтын шинжтэй байна. Харин хохирогчийн үхрийг нядлах үйлдэл гаргасан нь төгссөн завдалтын шинжтэй үйлдэл гэж үзэхээр байна. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 91 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Б, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Б.Б, Т.Б нар бүлэглэж, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны орой 18 цагийн үед Сүхбаатар аймгийн Э сумын 1 дүгээр багийн нутаг Б авто зам шалган нэвтрүүлэх боомтын зүүн хойд талд хураалттай өнжмөл өвсөн дундаас иргэн У.Б-н соёолон насны эр үхрийг ............. улсын дугаартай, Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, 1044000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсоныг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан энэ хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, үнэлгээний дүгнэлт, хохирогч, гэрч Ч.Б, яллагдагч Б.Б, Т.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нарын мал хулгайлахдаа ашигласан гэх тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг болон энэ хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан арга, хэрэгсэл, журмын дагуу хэрэгт аваагүй, тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч тодорхой бус, мөн мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн зүгээс бусдын малыг зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах боломж буй болгосноор төгсдөг. Б.Б, Т.Б нар нь бэлчээрт байсан бусдын үхрийг нядалж, хохирол, хор уршиг зориуд учруулан гэмт хэрэг үйлдэж, төгссөний дараа машинтай хүн ирснээр хэргийн газраас зугтсан үйл явдал хэргийн баримтад тусгагдсан, үүнийг тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй гэж үзэх нь учир дутагдалтай хийгээд эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна. /хх 3-9, 11-13, 33-39, 62/
Ийнхүү анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 91 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Б, Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
О.БААТАРСҮХ