Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2023/0199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Б                  

Хариуцагч: Улсын б

Гуравдагч этгээд: Ж.М 

Гуравдагч этгээд: Г.О  нарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н, нэхэмжлэгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, Б.Э нар оролцов.

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Т.Боос тус шүүхэд хандан “Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын ******* гудамжны 6А тоотод байршилтай гараж, хувийн сууцны зориулалттай 260 м/кв /1-р давхар/ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Ж.Мыг бүртгэсэн бүртгэл болон эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын ******* гудамжны ******* тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 260 м/кв /2-р давхар/ бүхий ул хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Г.Оийг бүртгэсэн бүртгэл болон эрхийн улсын бүртгэлийн ******* гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах,

Т.Бийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Орбитын ******* гудамжны 6А тоотод байршилтай 303 м/кв талбай бүхий авто гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Т.Б 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэн Р.Атай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбит 2 гудамж, 6а тоот, 340.32 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн газрыг худалдан авсан.[1]

2.2. Тухайн газрыг худалдан авахад газар дээр ямар нэг объект байгаагүй бөгөөд нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр авто гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьсан.

2.3. Улмаар тухайн газрын өмчлөх эрхийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ******* дугаар бүхий газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн/-ний үндсэн дээр өөрийн нэр дээр шилжүүлж авсан.[2]

2.4. Түүний дараа 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан, өөрийн газар дээр барьсан авто гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж хандсан.[3]

2.5. Гэвч С******* улсын бүртгэгч түүнийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бөгөөд татгалзлын үндэслэлд “эрх түдгэлзүүлсэн байна” гэдэг үндэслэлийг дурдсан.[4]

2.6. Тодруулахад, нэхэмжлэгч Т.Бийн өмчлөх эрхтэй газар дээр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын ******* гудамжны 6А тоотод байршилтай гараж, хувийн сууцны зориулалттай 260 м/кв /1-р давхар/ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Ж.Мыг бүртгэсэн бүртгэл болон эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын ******* гудамжны ******* тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 260 м/кв /2-р давхар/ бүхий ул хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Г.Оийг бүртгэсэн бүртгэл болон эрхийн улсын бүртгэлийн ******* гэрчилгээ олгогдсон байсан бөгөөд Ж.Мын өмчлөлд бүртгэсэн байсан эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 94к/4-584 тоот[5] албан бичгээр, Г.Оийн өмчлөлд бүртгэсэн байсан эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2/10644 тоот[6] албан бичгээр тус тус түдгэлзүүлсэн байна.

2.7. Нэхэмжлэгчийн зүгээс “... 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэн Р.Агаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах маргаан бүхий газрыг худалдаж авсан. Энэ газрыг худалдаж авахад ямар нэг асуудал байхгүй, миний нэр дээр шилжиж, өмчлөлийн гэрчилгээ гарсан. Банкнаас зээл авч, авто гаражийн зориулалттай барилга барьсан. Барилгыг барьж дуусгачхаад өнгөрсөн жил үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах гээд С*******т хандахад тухайн газар дээр урьд нь барилга байсан байна гээд бүртгэх боломжгүй гэсэн. Үүний дагуу худалдаж авсан Р.А гэдэг  хүнээс тодруулсан. Анх авахад байшингийн суурьтай газар байсан гэсэн.  Одоо уг газар дээр Г.О, Ж.М нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байхгүй, устсан тул миний барьсан авто гаражийн барилгыг миний нэр дээр бүртгэх ёстой ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.8. Хариуцагчийн зүгээс “... Иргэн Ж.М, Г.О нар нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7-д зааснаар өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устаж үгүй болсноор хувийн хэрэг бүртгэлийг хаахаар манай байгууллагад хандаж байгаагүй бөгөөд өнөөдрийн байдлаар нэг давхрын хэсгийн эрхийн улсын бүртгэлийн Y- дугаартай бүртгэлд Х*******гын дэргэдэх цагдаагийн хэлтсийн 2008 оны 94к/4-584 дугаартай албан бичгээр, 2 давхрын хэсгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэлд Н*******ны 2013 оны 2/4159, 2014 оны 2/4789, 2/10644 дугаартай албан бичгээр тус тус тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8 дахь хэсэгт “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно" гэж заасны дагуу иргэн Т.Бийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын ******* гудамжны 6а тоот хаягт байрлах 303 м.кв талбайтай авто гараашийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.9. Гуравдагч этгээд Ж.Мын зүгээс “Миний нэр дээр бүртгэлтэй байшин одоо байхгүй. Тийм учраас иргэн Т.Бийн нэхэмжлэлийг дэмжиж байгаа болно. Гэрчилгээг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй” гэж тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэн Р.Агаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах маргаан бүхий газрыг худалдаж авсан. Энэ газрыг худалдаж авахад ямар нэг асуудал байхгүй, миний нэр дээр шилжиж, өмчлөлийн гэрчилгээ гарсан. Банкнаас зээл авч, авто гаражийн зориулалттай барилга барьсан. Барилгыг барьж дуусгачхаад өнгөрсөн жил үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах гээд С*******т хандахад тухайн газар дээр урьд нь барилга байсан байна, хаягийн давхцалтай байна гээд бүртгэх боломжгүй гэсэн. Үүний дагуу худалдаж авсан Р.А гэдэг  хүнээс тодруулсан. Анх авахад  байшингийн суурьтай газар байсан. Асуухад шүүхийн шийдвэрийн бүртгэлтэй юм байна, боломжгүй гээд үүнээс хойш холбогдох төрийн байгууллагад хандаад явж байна. Уг нь хоосон газар авсан. Үүн дээрээ барилгыг барьсан. Үүнийг бүртгүүлэх гэсэн боловч асуудалтай байна, бүртгэх боломжгүй гэхэд нь харьяа дээд шатны байгууллага болох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандсан боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй гээд шүүхэд хандсан. н.Э байцаагч дээр очоод харж байсан. Процессын хувьд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын буруу биш байсан. Учир нь тухайн эзэмшигч, өмчлөгч нар нь нураасан гэдгээ мэдэгдэж, тухайн үедээ протокол хөтлүүлж, хаалгах ёстой байсан. Таны хэлж байгаагаар энгийн логикоор бодож үзсэн ч гэсэн тэр байшин агаар дээр байхгүй. Нотлох баримтаар устсан гэдэг нь харагддаг. Гэтэл хариуцагч байгууллагаас бүртгэчихье гэсэн ч процессын хувьд боломжгүй байдаг. Р.А ч гэсэн надад зарахаасаа өмнө үүнийг мэдчихсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан болов уу. Цагдаагийн байгууллагад хандана гэдгээ Р.Ад илэрхийлсэн бөгөөд нөхрийнх нь дүү нь н.М, н.О нартай хамтран ганц энэ ч биш олон эрүүгийн хэрэгт татагдсан байдаг. Залилан хийсний дараагаар н.О тухайн үед Америкийн нэгдсэн улс руу гараад явчихсан учраас эрүүгийн хэрэг үүсээгүй. Би жил гаруй хугацаанд хувийн шугамаар хөөцөлдөж байсан. 2013 онд барилга нь устаж, дүнзээр барьсан байшингаа нурааж аваад явчихсан юм байна лээ. Би нураасан хүмүүсийг нь ч олсон. Эцэст нь өөрийн зүйлийг бүртгүүлэхийн тулд би өөрөө л явж байгаа ... Та энэ хүмүүсээ олоод ир, устсан гээд зар өгүүлээд, устчихсан юм чинь бүртгүүлэх боломжтой гэж байсан. Эдгээр хүмүүсийг хайсан. н.Мт яагаад эрүүгийн хэрэг үүссэн гэхээр гэрчилгээ дээр регистрийн орныг өөрчилсөн, н.Отэй хамтран бүлэг залилан тухайн үед хийсэн хүмүүс байдаг. н.М н.Оийн хэргийг дааж, энэ хэрэгт холбогдолгүй гээд хэлчихсэн байдаг. Үүнээс өмнө 2010 онд н.О энэ асуудлыг шийдвэрлэчхээд хилээр гараад явчихсан. 2019 онд Сан-Францискод зураг авхуулсан байдаг. н.Мт хуурамч бичиг баримт үйлдсэн гэдэг үйлдлээр эрүүгийн хэрэг үүсэж явж байгаад үүний хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байдаг учраас эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон байдаг. Барилга нь ч 10 гаруй жилийн өмнө устчихсан байдаг. Хувийн шугамаар өөрийн минь зүйл болохоор араас нь явсан. Оруулсан мөнгөө гаргаж авъя гэхээр бүртгэхгүй гээд байдаг. Цар тахалтай холбоотойгоор цаг хугацаа ч их алдсан. Энэ асуудлыг шүүхийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.”  гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэн Т.Бийн нэхэмжлэлтэй Улсын бт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-, Y- дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын ******* гудамжны 6А тоот хаягт байршилтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, 303 м.кв талбайтай авто гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын ******* гудамжны 6А тоот хаягт байршилтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх анх 2004 оны 1******* сарын 15-ны өдөр иргэн Д.Т, Т.Д, Т.Л, Ш.Н нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт анх бүртгэгдэж, 2007 оны 5 дугаар сарын 14-ний өдөр худалдах худалдан авах гэрээгээр иргэн Ц.Аийн өмчлөлд, 2007 оны 6 дугаар харын 15-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр 260 м.кв талбайтай 1 дүгээр давхрын өмчлөх эрхийг салгаж иргэн Ж.Мын өмчлөлд шилжин, 260м.кв талбайтай ******* давхрын хэсгийг өмчлөгчийн хүсэлт болон гэрээ хэлцлээр бүртгэл салснаар шинэ бүртгэл үүсэж иргэн Г.Оийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт салж бүртгэгдсэн. Иргэн Ж.М, Г.О нарын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг түүнд хавсаргасан нотлох баримтууд нь өмчлөгчөөр бүртгэх хуульд заасан шаардлага хангасан байх бөгөөд 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй тул Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын ******* гудамжны 6а тоот хаягт байршилтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дээрх иргэдийн өмчлөлд мэдүүлэг, өргөдөл, үйлчилгээний төлбөр төлсөн баримт, бэлэглэлийн гэрээ, газрын кадастрын зураг, эд хөрөнгийн фото болон палан зургийг үндэслэн тус тус бүртгэсэн байна. Эрхийн улсын бүртгэлийн Ү-, Y- дугаарт бүртгэлтэй иргэн Ж.М, Г.О нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дүгээр зүйлд зааснаар хууль эрх зүйн шаардлага хангасан байх тул бүртгэл хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иргэн Ж.М, Г.О нар нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7-д зааснаар өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устаж үгүй болсноор хувийн хэрэг бүртгэлийг хаахаар манай байгууллагад хандаж байгаагүй бөгөөд өнөөдрийн байдлаар нэг давхрын хэсгийн эрхийн улсын бүртгэлийн Y- дугаартай бүртгэлд Х*******гын дэргэдэх цагдаагийн хэлтсийн 2008 оны 94к/4-584 дугаартай албан бичгээр, 2 давхрын хэсгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэлд Н*******ны 2013 оны 2/4159, 2014 оны 2/4789, 2/10644 дугаартай албан бичгээр тус тус тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8 дахь хэсэгт “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно" гэж заасны дагуу иргэн Т.Бийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын ******* гудамжны 6а тоот хаягт байрлах 303 м.кв талбайтай авто гараашийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. Дээрх үл хөлдөх эд хөрөнгүүд бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын ******* гудамжны 6а тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрх 2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Д.Т, Т.Д, Т.Л, Ш.Н нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт анх бүртгэгдэж, 2007 оны 05 дугаар сарын 14-ний худалдах худалдан авах гэрээгээр иргэн Ц.Аийн өмчлөлд, 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Ж.Мын өмчлөлд, 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр иргэн Д.Баясгалангийн өмчлөлд, 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн Р.Агийн өмчлөлд, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр иргэн Т.Б, Л.Цэрэндорж нарын өмчлөлд, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өмчлөгч өөрт ногдох хэсгээ худалдах гэрээгээр иргэн Л.Цэрэндорж хасагдаж иргэн Т.Бийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2 дахь хэсэгт зааснаар “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно" гэж заасан байна. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-, Y- дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулж, 303 м.кв талбайтай авто гаражийн зориулалттай үл хөдлөх эд\ хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”  гэжээ.

3.3.  Гуравдагч этгээд Ж.М шүүхэд бичгээр өгсөн тайлбартаа: “... Миний нэр дээр бүртгэлтэй байшин одоо байхгүй. Тийм учраас иргэн Т.Бийн нэхэмжлэлийг дэмжиж байгаа болно. Гэрчилгээг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй. Шүүх хуралдааныг эзгүйд хийж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын ******* гудамжны тоотод байршилтай гараж, хувийн сууцны зориулалттай 260 м/кв /1-р давхар/ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Ж.Мыг бүртгэсэн бүртгэл болон эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын ******* гудамжны ******* тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 260 м/кв /2-р давхар/ бүхий ул хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Г.Оийг бүртгэсэн бүртгэл болон эрхийн улсын бүртгэлийн ******* гэрчилгээг тус тус хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэг. Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийн тухайд:

1.1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана:” гээд, мөн зүйлийн 29.1.1 дэх заалтад “бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа;” гэжээ.

1.2. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Эрхийн улсын бүртгэлд дараах тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ:” гээд, мөн зүйлийн 30.1.4 дэх заалтад “шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан;” гэж заажээ.

1.3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, иргэнээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэхэд тухайн мэдүүлсэн эрх нь тусгай тэмдэглэлээр хориг тавигдсан буюу шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан тохиолдолд эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэх эрх хэмжээг улсын бүртгэгчид олгожээ.

1.4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн талуудын тайлбар зэргээс үйл баримтуудыг дүгнэхэд дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо. Тодруулахад:

1.5. Нэхэмжлэгч Т.Б нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэн Р.Атай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбит 2 гудамж, 6а тоот, 340.32 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн газрыг худалдан авч, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ******* дугаар бүхий газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн/-ний үндсэн дээр өөрийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгүүлсэн байна.

1.6. Нэхэмжлэгч Т.Б иргэн Р.Агаас газрыг худалдан авах үед тухайн газар дээр ямар нэг үл хөдлөх хөрөнгө байгаагүй болох нь Р.Аг гэрчээр асуусан мэдүүлэгт “Би тухайн үед байшин барина гээд дээр нь байсан үл хөдлөх хөрөнгийг 2012, 2013 онд нураасан ...” гэх мэдүүлгээр[7] болон шүүхэд ирүүлсэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 0******* сарын 27-ны өдрийн 1/308 тоот албан бичгийн 4, 5, 6 дугаар хавсралтад[8] авагдсан газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээллийг сансрын зурагтай давхцуулан үзүүлсэн зургуудаар тус тус нотлогдож байна.

1.7. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн тайлбарлаад буй эрхийн улсын бүртгэлийн Ү-, Y- дугаарт бүртгэлтэй иргэн Ж.М, Г.О нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь Р.Агийн нураасан гэх барилга болох нь тогтоогдож байна.

1.8. Мөн шүүхээс хийсэн газрын үзлэгээр[9] одоогийн байдлаар нэхэмжлэгч Т.Бийн өмчлөлийн газар дээр иргэн Ж.М, Г.О нарын барилга байхгүй, харин нэхэмжлэгчийн барьсан авто гаражийн зориулалттай барилга байгаа болох нь тогтоогдлоо.

1.9. Хэдийгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр өнөөдрийн байдлаар гуравдагч этгээд Ж.М, Г.О нарын өмчлөлийн барилга байхгүй буюу устсан байгаа боловч тухайн барилга нь газар дээр байх цаг хугацаанд Ж.Мын өмчлөлд бүртгэсэн байсан эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 94к/4-584 тоот[10] албан бичгээр, Г.Оийн өмчлөлд бүртгэсэн байсан эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2/10644 тоот[11] албан бичгээр тус тус түдгэлзүүлсэн байсан, тэдгээр бүртгэл нь хариуцагчийн мэдээллийн санд бүртгэгдсэн хэвээр байгаа энэ нөхцөлд нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан, өөрийн газар дээр барьсан авто гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад зааснаар бүртгэхээс татгалзсаныг буруутгах үндэслэлгүй байна.

Хоёр. Маргаж буй бүртгэлүүд болон гэрчилгээг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлэх үндэслэлийн талаар:

2.1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох нотлох баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хаана:” гээд, мөн зүйлийн 14.1.7 дахь заалтад “өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан.” гэж заажээ.

2.2. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Эрхийн улсын бүртгэлийг хаахтай холбогдох баримт бичгийг хувийн хэрэгт хавсаргаж, улсын бүртгэлийн дугаарыг хүчингүй болгосноор эрхийн улсын бүртгэл хаагдана.” гэж зохицуулжээ.

2.3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан тохиолдолд мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох нотлох баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хаах эрх хэмжээг улсын бүртгэгчид олгожээ.

2.4. Дээр дурдсан хуулийн заалт дахь “... мэдүүлэг гаргагч ...” гэдэгт зөвхөн устсан барилгын өмчлөгч болох гуравдагч этгээд Г.О, Ж.М нар хамаарна гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ. Тухайлан тайлбарлавал:

2.5. Эд юмсын эрх зүйн онолд, аливаа үл хөдлөх эд хөрөнгийн тухайд үүсэх өмчлөх эрх, барьцааны эрх зэрэг нь субъектыг бус, харин тухайн өмчлөлийн зүйл /эд хөрөнгө/-ээ дагаж үүсэж, өөрчлөгдөж, дуусгавар болдог гэж үздэг бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Ү-, Y- дугаарт бүртгэлтэй иргэн Ж.М, Г.О нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь одоогийн байдлаар устаж үгүй болсон нь тогтоогдож байх тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үүссэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хаах үндэслэл бүрдсэн гэж үзэхээр байна.

2.6. Мөн нэхэмжлэгчийн зүгээс өөрийн өмчлөлийн газарт тухайн устсан үл хөдлөх эд хөрөнгийн оронд үл хөдлөх эд хөрөнгө /авто гаражийн зориулалттай/ барьсан байгаа энэ тохиолдолд тэрхүү үл хөдлөх эд хөрөнгөд өөрийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг субъектив эрхийн хувьд хамааралтай буюу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан “мэдүүлэг гаргагч” гэдэгт хамааруулж ойлгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2.7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргахдаа гуравдагч этгээдийн устсан барилгад хамаарах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хаалгах тухай өргөдлийг холбогдох нотлох баримтуудын хамт гаргах эрхтэй этгээд гэж үзнэ.

2.8.  Түүнчлэн, улсын бүртгэлийн байгууллага нь мэдүүлэг гаргагчаас гаргасан мэдүүлэг, өргөдөл, холбогдох баримтуудыг хүлээн авч судлахаас гадна улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулах замаар асуудлыг шийдвэрлэх боломжийг хуулиар олгосон байна.

2.9. Иймд шүүхээс дээр дурдсан хуулийн зохицуулалт, үйл баримтуудад тулгуурлан цаашид хариуцагч эрх бүхий албан тушаалтан хуульд заасан ажиллагааг хийх замаар нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой буюу шинжлэн судлах асуудлын цар хүрээ нь шүүхэд хамааралгүй бөгөөд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж үзэж, маргаан бүхий улсын бүртгэлийн , ******* дугаартай гэрчилгээг тус тус түдгэлзүүлж, хариуцагчийг 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргахаар тогтоож шийдвэрлэлээ.

2.10. Шүүхээс тогтоосон дээрх хугацаанд хариуцагч нь энэ шийдвэрийн Үндэслэх хэсгийн “Хоёр”-т дурдсан асуудлуудыг шийдвэрлэж, дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй улсын бүртгэлийн , ******* дугаартай гэрчилгээ тус тус хүчингүй болохыг дурдаж байна.

2.11. Шүүхээс тогтоосон 3 сарын хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш тоолох болохыг тэмдэглэж байна.

Гурав. Гуравдагч этгээдүүдийн тухайд:

3.1. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2168 дугаартай захирамжаар уг захиргааны хэрэгт иргэн Ж.М, Г.О нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

3.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Ж.Маас “Миний нэр дээр бүртгэлтэй байшин одоо байхгүй. Тийм учраас иргэн Т.Бийн нэхэмжлэлийг дэмжиж байгаа болно. Гэрчилгээг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй” гэсэн тайлбарыг бичгээр[12] өгсөн тул түүнийг байлцуулах шаардлагагүй гэж үзэн хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

3.3. Харин гуравдагч этгээд Г.О нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Одонт гудамжны 5 тоот хаягт бүртгэлтэй боловч тухайн хаягтаа амьдардаггүй тухай хорооны Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 259 дугаартай тодорхойлолт[13] ирсэн.

3.4. Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг түр оршин суух гэнэ.” гээд, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Иргэн шилжин суурьшихдаа дараах баримт бичгийг бүрдүүлж, оршин суух газрынхаа /сум, хорооны/ улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлнэ:” гэж зааснаар байнга оршин суугаа хаягаасаа өөр газарт шилжин суурьшсан тохиолдолд шилжин суурьшсан газрынхаа хаягийг өөрийн биеэр бүртгүүлэх үүргийг хүлээсэн байна.

3.5. Дээрх хуулиар оногдуулсан иргэний үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагавар, эрсдэлийг шүүх хариуцахгүй тул гуравдагч этгээд Г.Оийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх нь хуульд харшлахгүй гэж үзсэний зэрэгцээ хожим нь гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын үндэслэлээр дахин хянуулах хүсэлт гаргах эрхийг нь энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, 14.1.7 дахь заалт, 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Боос гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын ******* гудамжны 6А тоотод байршилтай гараж, хувийн сууцны зориулалттай 260 м/кв /1-р давхар/ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Ж.Мыг бүртгэсэн бүртгэл болон эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын ******* гудамжны ******* тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 260 м/кв /2-р давхар/ бүхий ул хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Г.Оийг бүртгэсэн бүртгэл болон эрхийн улсын бүртгэлийн ******* гэрчилгээг тус тус хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий улсын бүртгэлийн , ******* дугаартай гэрчилгээ тус тус хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 10 дахь тал

[2] Хх 9 дэх тал

[3] Хх 13 дахь тал

[4] Хх 12 дахь тал

[5] Хх 68 дахь тал

[6] Хх 129 дэх тал

[7] Хх 168 дахь тал

[8] Хх 144-146 дахь тал

[9] Хх 147-158 дахь тал

[10] Хх 68 дахь тал

[11] Хх 129 дэх тал

[12] Хх 174 дэх тал

[13] Хх 171 дэх тал