Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2023/01336

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 15

101/ШШ2023/01336

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0 тоотод байрлах, Э х х ХХК /рд:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин суух, Б.Г /рд:00/-д холбогдох,

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 4,714,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, хариуцагчийн өмгөөлөгч М.Хулангоо, гэрч М.Н, О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э х х ХХК болон Б.Г нар нь 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр барилгын хэв хашмал, дагалдах хэрэгслийн түрээсийн гэрээг 31 хоногийн хугацаатай байгуулсан. Гэрээний дагуу манай компани нь 265 ширхэг барилгын хэв хашмал, гадна булан болон дагалдах хэрэгслийг хүлээлгэж өгөх, Б.Г нь дээрх эд хөрөнгийн түрээсийн төлбөрийг хоног тутамд тооцож төлөх, хугацаанд нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үүнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг үндсэн төлбөр дээр нэмж төлөх үүргийг тус тус хүлээсэн. Мөн түрээслэгч нь гэрээний хугацаанд төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 1,300,000 төгрөгийг урьдчилж төлсөн. Манай компанийн зүгээс гэрээгээр тохиролцсон үүргээ зохих ёсоор гүйцэтгэж хоног тутамд төлөх түрээсийн төлбөр нь 79,500 төгрөгт тооцогдох 265 ширхэг хэв хашмалыг Б.Год гэрээ байгуулсан өдөр хүлээлгэж өгсөн. Хариуцагчийн зүгээс 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэрээг дуусгавар болгон, эд зүйлсийг буцаан хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан боловч гэрээний хугацааг тухай бүр сунгаж явсаар 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр буцаан хүлээлгэж өгсөн. Өөрөөр хэлбэл хариуцагч нь анхны гэрээний хугацаа дууссанаас хойш, сунгасан хугацааны төлбөр төлөлгүйгээр гэрээгээр шилжүүлэн авсан 265 ширхэг эд хөрөнгийг 105 хоног ашигласан ба дээрх хугацааны нийт төлбөр нь 8,347,500 төгрөг байна. Талуудын тохиролцсоноор гэрээний 3.3, 3.5-д зааснаар түрээслэгч нь түрээсийн эд зүйлийг хүлээлгэн өгөх үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд мөн гэрээний 6.5-д зааснаар түрээслүүлэгчид эд хөрөнгийн эвдрэл гэмтлийг засварлах төлбөрийг төлөх үүрэгтэй ба түрээсийн зүйлийг буцаан авахад зарим эд зүйлсийг гэмтээсэн тул засварийн зардал 411,800 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн болно. Бидний зүгээс сунгасан хугацаан болон үлдэгдэл төлбөр 8,759,300 төгрөгийг удаа дараа шаардсан боловч 3,316,000 төгрөг төлж, үлдэгдэл 4,443,300 төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Талуудын байгуулсан гэрээнд заасны дагуу дээр дурдсан үлдэгдэл төлбөрөөс барьцаа хөрөнгө болох 1,300,000 төгрөгийг хасч үлдэгдэл 3,143,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 5.8-д зааснаар төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,3 хувиар алдангий тооцож авахаар тохиролцсон ба төлбөр төлөх үүрэг үүссэн буюу 2021.08.14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны үлдэгдэл төлбөрт ногдох алданги нь үндсэн төлбөрийн 50 хувиаас хэтэрч байх тул алданги 1,571,650 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд хариуцагчаас түрээсийн төлбөр 3,143,300 төгрөг, алданги 1,571,650 төгрөг нийт 4,714,950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбартаа:

Э х х ХХК болон Б.Г нарын хооронд байгуулсан гэх түрээсийн гэрээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2021 оны 7 дугаар сарын 14-ны өдөр байгуулсан №80 тоот гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Миний бие нь 2021.07.14-ний өдөр энэ №80 дугаартай гэрээг байгуулаагүй болно. Мөн энэ компаниас миний бие хэв хашмалыг хүлээж ч аваагүй тийм нотлох баримт ч байхгүй. Нэхэмжлэлтэй холбоотой түрээсийн гэрээг та бүхэн харвал он сар байхгүй, №80 гэсэн дугаар ч байхгүй, барилгын хэв хашмал хүлээн авсан акт дээр гарын үсэг ч байхгүй байгаа болно. Харин миний бие нь К Р ХХКомпанитай барилгын цутгалтын ажлыг хийхээр гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд энэхүү барилга дээр ашиглагдаж байгаа түрээсийн материаллын үнийг тус захиалагч К Р ХХК компани нь тус тус төлж байхаар тохиролцсон байсан юм. Ингээд манай дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан М.Н нь өөрийн санаачлагаар тэр №80 дугаартай гэрээг 2021 оны 07 сарын 04 өдөр хийсэн байдаг бөгөөд, хэв хашмалыг ч М.Н хүлээж авсан байдаг юм. Миний барьж байсан барилгын К Р ХХК компани санхүүжилтгүй болсоны улмаас 2021 оны 08 сард зогсож, надтай хийсэн барилгын ажлын гэрээгээ гэнэт цуцалж миний бие нь гүйцэтгэсэн ажлын хөлсөө авч чадалгүй 300,000,000 гаруй төгрөгний хохиролд орсон юм. М.Н нь энэхүү ажлыг орхин явахад миний бие хэв хашмалыг энэхүү компанид хүлээлгэн өгсөн. Төлбөрөө төлөөгүй учир Э х хХХК төлбөрөө надаас нэхэж байнга утасдаад байсан учир би арга буюу төлбөрийг төлүүлэх үүднээс Э х х ХХК-ийн хүмүүсийг К Р ХХК барилгын компанитай уулзуулсан, захиалагч тал төлбөрийг хүлээн зөвшөөрч, ашигласан хэв хашмалынхаа түрээсийн мөнгийг Э х хХХК-д өгхөөр тохиролцож 2 талт график, албан бичиг хүртэл хийж өгч байсан юм. Харин ч миний бие нь нэхэмжлэгч талтай байнга холбоотой байж, түрээсийн төлбөрийг нь барагдуулах талаар санаачлага гарган бусдын өмнөөс 4 сая орчим төгрөгийг төлбөрөөс төлж барагдуулж байсан болно. Иймд 2021 оны 2021 оны 7 дугаар сарын 14-ны өдөр байгуулсан №80 дугаар гэрээг би хийгээгүй бөгөөд энэхүү гэрээнээс үүдэлтэй аливаа хохирлыг би барагдуулах ундэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 Нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түрээсийн гэрээ, бараа материал хүлээлгэн өгсөн тухай, иргэний үнэмлэхийн лавлагаа, зарлагын баримт, орлогын баримт,

3.2 Хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, түрээсийн гэрээ,

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э х х ХХК нь хариуцагч Б.Год холбогдуулан 4,714,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Зохигчид 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр түрээсийн гэрээ гэх нэртэй №80 дугаартай гэрээг байгуулж, уг гэрээгээр Э х х ХХК нь нийт 13,374,000 төгрөгийн үнэ бүхий 265 ширхэг барилгын хэв хашмал, дагалдах хэрэгслийг түрээлүүлэх, Б.Г нь 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 31 хоногийн хугацаанд түрээслэх, түрээсийн төлбөрт 2,464,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-7-9/

 

3.1 Хариуцагч Б.Г нь дээрх гэрээг байгуулсан үйл баримтад маргаагүй. Харин гэрээний дагуу түрээслэсэн 265 ширхэг барилгын хэв хашмал, дагалдах хэрэгслийг К р к ХХК-ийн захиалсан бариулсан барилгын ажилд хэрэглэсэн. Би К р к ХХК-ийн өмнөөс Э х х ХХК-тай гэрээ байгуулсан. Хэв хашмалыг надад хүлээлгэж өгөөгүй. М.Н-тай яг адилхан он сар, нөхцөлтэй гэрээ байгуулсан. Иймд түрээсийн төлбөрийг би төлөх үндэслэлгүй, К р к ХХК нь төлөх үүрэгтэй гэж маргасан нь гэрч нарын мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэлээр тус тус няцаагдсан. Тодруулбал,

 

3.1.1 Гэрч М.Н-аас ...Б.Г нь К р к ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 3 дугаар сургуулийн баруун талд байрлах барилгын карказ, арматурын ажил гүйцэтгэхээр тохиролцсон байсан. Би Б.Гтой тохиролцож энэ барилга дээр нь ажиллаж, цалингаа Б.Гоос авсан. Барилгын ажлын явцад хэв хашмал хэрэгтэй болоход Б.Г намайг Э х х ХХК-тай очиж уулзаад аваад ир гэж хэлсэн. Би очиж уулзаад урьдчилгаа төлбөр төлсөн тохиолдолд өгнө гэж байна гэхэд Б.Г урьдчилгаа төлбөрийг нь шилжүүлсэн. Э х х ХХК нь эд зүйлээ хүлээлгэн өгөхдөө намайг гэрээнд гарын үсэг зуруулсан. Б.Г дараа нь ирээд өөрөө гэрээндээ гарын үсгээ зурна гэж байсан гэж,

Гэрч О.Д-аас ...Би К р к ХХК-д борлуулалт менежментийн албаны даргын ажлыг гүйцэтгэж байгаад 2022 оны 09 дүгээр сард ажлаасаа гарсан. Намайг ажиллаж байх хугацаанд манай компани 3 дугаар сургуулийн баруун талд барилга бариулахаар болж гүйцэтгэгчээр Б.Гтой гэрээ байгуулсан. Б.Г нь барилгын ажлыг гүйцэтгэхдээ шаардагдах бараа материалын үнийг ажлын хөлсөндөө хамт тооцуулж авахаар тохирсон. К р к ХХК барилгын ажилд шаардагдах материалын төлбөрийг төлөх үүрэггүй байсан. К р к ХХК-ийн санхүүжилт зогсож, Б.Год хөлсөө бүрэн төлж чадаагүй байхад Б.Г нь Э х х ХХК-иас төлбөрөө нэхээд байна гэхэд нь К р к ХХК, Э х х ХХК, Б.Г нар уулзсан. Уг уулзалтаар К р к ХХК санхүүжилтгүй болсоноос үүдэн Б.Год ажлын хөлсийг төлөөгүйгээс төлбөр төлөгдөөгүй талаар бичиг үйлдсэн гэж тус тус мэдүүлсэн.

 

3.1.2 Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Э х х ХХК-ийн нягтлан бодогч С.Б, хариуцагч Б.Г нарын хооронд утсаар харилцсан захидалд үзлэг хийсэн. Уг үзлэгээр Б.Г нь 265 ширхэг хэв хашмалыг хүлээн авсан, санхүүжилт орохоор төлбөрөө төлөх талаараа илэрхийлж байсан үйл баримт илэрсэн. /хх-42-43, 50-51/

 

3.2 Дээрх нотолгооны хэрэгслүүдээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ нь хүчин төгөлдөр болох нь тогтоогдож байна.

 

4. Хариуцагч Б.Г нь гэрээний зүйл болох 265 ширхэг хэв хашмал, дагалдах хэрэгслийг М.Н-р дамжуулан хүлээн авсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон, энэ нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т заасантай нийцэж байх ба тэрээр барьцаа төлбөрт 1,300,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

 

4.1 Түүнчлэн Б.Г нь гэрээний хугацаа дууссанаас хойш 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрээний зүйлийг Э х х ХХК-д хүлээлгэн өгч, нийт 3,316,000 төгрөгийг гэрээний төлбөрт төлсөн үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан, уг үйл баримтад маргаагүй.

 

5. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

5.1 Хариуцагч Б.Гоос гаргасан ...К р к ХХК нь санхүүжилт өгөхгүй байсны улмаас барилгын ажил 80 хоног зогссон. Энэ хугацаанд хэв хашмалууд барилгын талбайд хураалттай байсан, ашиглаагүй. Барилгын ажил зогсоход миний буруутай үйлдэл байгаагүй тул төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

5.1.1 Талуудын байгуулсан гэрээний 3.3-т түрээслэгч түрээсийн хугацаа дууссан даруй буюу 1 хоногийн дотор түрээслэсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид зохих баглаа боодолтойгоор техникийн баримт бичгийн хамт иж бүрнээр нь хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай актаар хүлээлгэн өгнө гэж, 2.5-д түрээслэгч түрээсийн эд зүйлсийг хугацаандаа буцаан хүлээлгэн өгөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд уг хугацаанд өмнөх нөхцөлөөр гэрээг сунгагдсанд тооцож төлбөрийг түрээслүүлэгчид төлнө гэж тус тус заасан байна.

 

5.1.2 Гэрээний зүйл болох хэв хашмалыг гэрээний 3.3-т заасны дагуу хүлээлгэж өгөөгүй тохиолдолд тухайн эд зүйлийг барилгын ажилд хэрэглэсэн эсэхээс үл хамааран хариуцагч нь өөрийн эзэмшилд байлгасан хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй. Барилгын ажил зогссонтой холбоотойгоор гэрээний зүйлийг хөлслөгчид тэр даруй буцаан хүлээлгэн өгөх боломжтой байсан байхад хариуцагч Б.Г нь үүнийг хэрэгжүүлээгүй байна.

 

5.1.3 Түүнчлэн хариуцагч Б.Г нь К р к ХХК-иас санхүүжилт өгөөгүйгээс хугацаандаа төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн гэж тайлбарлах боловч энэ нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Энэ талаараа жичдээ буруутай этгээдээс шаардахад энэ шийдвэр нөлөөлөхгүй болно. К р к ХХК болон Б.Г нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд Э х х ХХК хамааралгүй байна.

 

5.2 Талуудын байгуулсан гэрээний 2.5-д зааснаар гэрээг өмнөх нөхцөлөөр сунгагдсанд тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг нийт 105 хоног ашигласан хугацааны үндсэн төлбөрийг шаардсан нь үндэслэлтэй байна.

 

5.2.1 Талууд түрээсийн гэрээгээр 265 ширхэг хэв хашмал, дагалдах зүйлийг өдрийн 79,500 төгрөгөөр түрээслэхээр тохирсон байх ба нийт 105 хоногийн хөлс 8,347,500 төгрөгийг үндсэн төлбөрт төлөх үүрэгтэйгээс Б.Г нь 3,316,000 төгрөгийг эд зүйлийг хүлээлгэн өгөх үедээ төлсөн болох нь талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон. Нэхэмжлэгч нь үлдэх 4,443,300 төгрөгөөс барьцаанд төлсөн 1,300,000 төгрөгийг хасч 3,143,300 төгрөгийг үндсэн төлбөрт гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

 

5.2.2 Харин нэхэмжлэгч нь дээрх төлөгдөөгүй үндсэн төлбөр 3,143,300 төгрөгөөс алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасантай нийцэхгүй байна. Учир нь дээрх төлөгдөөгүй байгаа үндсэн төлбөр нь талуудын бичгээр байгуулсан гэрээний хугацаа дуусч, талууд гэрээг бичгээр бус амаар сунгасан хугацааны төлбөрт хамаарч байна.

 

Талуудын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бичгээр байгуулсан гэрээний 5.8-д түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцон гэж заажээ. Гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээний сунгалтыг бичгээр байгуулаагүй байх тул бичгээр байгуулсан гэрээний хугацаа дууссанаас хойшхи төлөгдөөгүй төлбөрөөс алданги шаардах эрхгүй. Хэдийгээр талуудын байгуулсан гэрээний 2.5-д зааснаар гэрээг өмнөх нөхцөлөөр сунгагдсанд тооцохоор зохицуулсан байх боловч энэ нь үндсэн төлбөрт хамааралтай гэж үзэхээр байна.

 

5.2.3 Талуудын бичгээр байгуулсан гэрээний хугацаа 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дуусахад 2,464,000 төгрөг төлөх үүргээ тухайн цаг хугацаанд биелүүлээгүй байсан байх тул уг 2,464,000 төгрөгөөс барьцаа 1,300,000 төгрөгийг хасч 1,164,500 төгрөгөөс алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцнэ. Иймд 1,164,500 төгрөгт ногдох 582,250 төгрөгийг алдангид төлөх үүрэгтэй байна.

 

5.3 Иймд дээрхийг нэгтгэвэл хариуцагч Б.Г-оос үндсэн төлбөрт 3,143,300 төгрөг, алдангид 582,250 төгрөг, нийт 3,725,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э х х ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 989,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай тус тус нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас 3,725,550 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 74,559 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Г-оос 3,725,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э х х ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 989,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 74,559 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ