| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2023/00843/И |
| Дугаар | 101/ШШ2023/01432 |
| Огноо | 2023-03-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2023/01432
| 2023 03 21 | 101/ШШ2023/01432 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0000 тоотод оршин байрлах, Т б ХК /рд:0000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин суух, Б.Д /рд:0000/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин суух, Б.Б /рд:0000/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 22,008,196 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, хариуцагч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
Хариуцагч Б.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Б.Д нь Т бны Харилцагчийн үйлчилгээний албанд Мэдээлэл үйлчилгээний ажилтанаар ажиллаж байх хугацаандаа 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Т б ХХК-тай №102100666295 тоот Барьцаат зээлийн гэрээ-г байгуулж, 18,000,000.00 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 14,4%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар ахуйн хэрэглээндээ зориулан авсаы. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлийг зээлдэгчийн NN170034103100321363 тоот цалингийн харилцах дансанд олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №102100666295 тоот "Барьцаат зээлийн гэрээ-ний хавсралт-2-т Б.Д нь цалингийн ирээдүйд орж ирэх орлого болон өөрийн өмчлөлийн зурагт, хөргөгч, плитка зэрэг хөдлөх эд хөрөнгүүдийг жагсаалтаар гарган өгч барьцаалуулсан. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлээ авсаны дараа сараас нь эхлэн сар бүрийн 10, 25-ны өдөр зээлийн эргэн төлөлт хийх гэрээтэй байсан. Зээлдэгч Б.Д нь 2018 оны 11 сард ажлаасаа гарсан. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Улмаар 2019 оны 12 сарын 10-ны өдрөөс хойш гэрээний дагуу төлбөр төлөлт огт хийгдээгүй бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 1.138 хоног хугацаа хэтэрсэн байна. Өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 3,143,861.42 төгрөг, хүүнд 2,767,642.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,903.19 төгрөг, нийт 5,914.407.40 төгрөг төлсөн. Зээлдэгч болон хамтран зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, фэйсбүүк чатаар холбогдох, банкны нэгж дээр 2022.08.29-ний өдөр биечлэн уулзалт хийн, хаяган дээрх гэрт 2022.02.08-ны өдөр очин, 2020.06.23. 2020.08.25, 2020.09.29, 2022.02.28, 2022.04.15-ны өдрүүдэд нийт 6 удаагийн албан мэдэгдэл хүргүүлж зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай удаа дараа сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх нэмэл г хугацаа олгож байсан.
Мөн банкны зүгээс Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн хүнд байдлыг даван туулах боломж бололцоо олгон санхүүгийнхээ боломжид тулгуурлан бага дүнгээр хэсэгчилэн төлөх, нэмэлт хугацаа олгох, зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах зэрэг боломжит бүхий л хувилбаруудыг санал болгон харилцан зөвшилцсөн боловч огт биелэгдээгүй өнөөдрийг хүрсэн нь бидний зүгээс зээлдэгч Б.Д болон хамтран зээлдэгч эхнэр Б.Б нар нь зээл төлөх сонирхолгүй гэж үзэж байна. Иймд зээлдэгч Б.Д, хамтран зээлдэгч Б.Б нараас үндсэн зээлийн үлдэгдэл 14,856.138.58 төгрөг, үндсэн хүү 6,752,625.03 төгрөг. нэмэгдүүлсэн хүү 378,433.09 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг, нийт 22,008,196 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Зээлийн төлбөрт 22,008,196 төгрөгийг төлнө. Манай эхнэр Б.Бийг зээл төлөх үүргээс чөлөөлж өгнө үү. Зээл авах үед банкны зүгээс заавал хамтран зээлдэгчтэй байх ёстой гэдэг шаардлага тавьсан болохоор эхнэр Б.Б хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан юм гэв.
3. Хариуцагч Б.Б нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
4.1 нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, нотариатын төлбөр төлсөн баримт, зээлдэгчийн анкет, мемориалын баримт, барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Б.Доос банкинд гаргасан хүсэлт,
4.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т б ХК нь хариуцагч Б.Д, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,008,196 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Д бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагч Б.Б нь хариу тайлбар гаргаагүй байна.
2. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Т б ХХК болон хариуцагч Б.Д, Б.Б нар 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Т б ХХК нь 18,000,000 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар жилийн 14.40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэх, Б.Д, Б.Б нар нь тохирсон хугацаанд хуваарийн дагуу зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 19-22 дугаар тал/
3.1 Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.
3.2 Зохигчид зээлийн гэрээний зүйл болох 18,000,000 төгрөгийг зээлдэгч нарт зээлдүүлэгчээс хүлээлгэн өгсөн эсэх талаар маргаагүй ба хэргийн 18 дугаар талд авагдсан мемориалын баримтаар зээлдэгч Б.Дийн эзэмшлийн 103100321363 тоот дансанд 18,000,000 төгрөгийг зээл олгов гэх гүйлгээний утгаар нэхэмжлэгч Т б ХХК-иас шилжүүлжээ.
4. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагч Б.Д, Б.Б нар нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг ашигласан хугацааны хүүгийн хамт 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд сар бүр 412,262 төгрөгөөр төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 20-21 дүгээр тал/
4.2 Хариуцагч буюу зээлдэгч Б.Д, Б.Б нар нь зээлийн төлбөр төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, зээл, хүүгийн төлбөрт нийт 5,914,407 төгрөгийг төлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн үйл баримтад талуудын хэн аль нь маргаагүй. Уг үйл баримт нь зээлдэгчийн дансны хуулга, зээл, хүүгийн тооцооллын хүснэгтээр тогтоогдсон. /хх-ийн 10, 12-17 дугаар тал/
4.3 Нэхэмжлэгч Т б ХХК-иас зээлдэгч нарыг зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгч, мэдэгдэж байсан болох нь зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдээр тогтоогдсон. Мөн зээлдэгч Б.Доос Т б ХХК-д бичгээр ...зээлийн хугацаа хэтрэлттэй байгаа. 9 сараас эхлэн төлөлтөө хийнэ. 35 төгрөгийн авлагатай байгаа, тус авлагаа энэ онд авбал зээлээ бүрэн төлж дуусгана гэх хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан байна. /хх-48 дугаар тал/
4.4 Гэвч Т б ХК-иас хугацаа олгосон байх боловч үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаанаас өмнө гэрээг цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрх үүссэн байна.
5. Хариуцагч Б.Д нь зээлийн гэрээний үндсэн үүрэг 14,856,138 төгрөг үлдсэн, төлвөл зохих үндсэн хүүгийн төлбөр 6,752,625 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 378,433 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг, нийт 22,008,196 төгрөгийн хэмжээнд маргаагүй, төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
5.1 Харин хамтран зээлдэгч Б.Бийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлүүлэх агуулга бүхий тайлбарыг гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Зээлийн гэрээнд хариуцагч Б.Б нь хамтран зээлдэгчийн хувиар гарын үсэг зурж, гэрээ байгуулсан байна. Тэрээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид байна. Иймд нэхэмжлэгч Т б ХК нь хамтран хариуцагч Б.Бт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахгүй байгаа тохиолдолд шүүх түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөх үндэслэлгүй байна.
5.2 Хариуцагч Б.Б нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
5.3 Иймд хариуцагч Б.Д, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 22,008,196 төгрөгийг гаргуулж, Т б ХК-иас олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ гэж үзлээ.
6. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж тус тус заасан.
6.1 Хариуцагч Б.Д нь барьцаат зээлийн гэрээгээр өөрийн өмчлөлийн Samsung маркийн зурагт, Samsung маркийн хөргөгч, Beko маркийн плитка зэргийг барьцаалсан байна. Талуудын байгуулсан дээрх барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр байх тул дээрх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 338,190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
8. Зохигчидыг гэрээ байгуулах үед нэхэмжлэгч Т б нь хязгаарлагдмал хариуцлагатай компани байсан байх ба нэхэмжлэл гаргах үед хувьцаат компани болсон байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Д, Б.Б нараас 22,008,196 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т б ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Samsung маркийн зурагт, Samsung маркийн хөргөгч, Beko маркийн плиткаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 338,190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ