Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч Ш.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ш Эод холбогдох эрүүгийн 2417000780094 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 04-нд Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын цэцэрлэгт манаач ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн ......... сумын ....... дугаар баг, .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/1019 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан Т овогт Ш Э /РД:.........../,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Т нар овогт Ш Э нь 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, ........... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх Ө.Птай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгой, нүүр хэсэгт цохиж, улмаар эрүүл мэндэд нь “...бүсэлхийн 4-р нугалмын шахагдсан хугарал, нурууны баруун доод хэсэгт цус хуралт, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Эод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2517000780094 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Ш.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хүү 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн өдрөө тэмдэглэнэ гээд ирсэн. Миний машиныг ээж, Э. хоёр ломбарданд тавиад үрчихсэн. Би мөнгийг нь авч чадахгүй нилээн олон жил болж байна. Би банкны зээл төлдөг. Хүү төрсөн бдбр болж байна. Төрсөн өдрөө тэмдэглэнэ гэхээр нь би мөнгө муутай байсан болохоор эмээгээс нь асууя гэж хэлсэн. Хүүхдийн төрсөн өдөр болж байна 20, 30 мянган төгрөг байна уу гэж асуухад өөдөөс шоронгийн хулгайчийн төрсөн өдрийг тэмдэглэсэн ч яалаа, байсан ч яалаа гэж хэлэхээр нь би уурласан нь үнэн. Тэр миний буруу байсан. 0.33 граммын архи байсныг уусан. Би 3 өнчин хүүхэдтэй үлдсэн. Намайг худлаа гүтгэж байна. Э гэдэг нь өөрөө аймар хүүхэн. Хүний өмч хөрөнгийг зальдаж авдаг. Э, ээж хоёр нийлээд намайг гүтгээд байна. Би яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй. Би тийм үйлдэл хийгээгүй. Согтуу орсон нь миний буруу. Би 2 жил архи уугаагүй. Надад хийсэн зүйл юу ч байхгүй. 05 дугаар сарын 17-ны өдөр ээждээ гомдсондоо архи уусан гэв.

2. Хохирогч Ө.П мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Би 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Шивээговь сум 2 дугаар баг ....... тоот гэртээ зээ охин Н /5 настай/-ын хамт байж байсан. Орой 20 цагт манай төрсөн хүү Ш.Э гаднаас ганцаараа согтуу орж ирсэн. Манай гэрт ирэхээсээ өмнө над руу утсаар залгаж “хөдөө байгаа хүү чинь галзуурч байна, чи хүүхдээ мэдсэнгүй, тэнэг минь” гэж утсаар хэрүүл өдөж надтай ярьсан. Тухайн үед нь “одоо яахав дээ би өгөх юмаа өгсөн” гэж хэлсэн. Манай хөдөө байдаг хүүхэд Э одоо Дундговь аймгийн Говь-Угтаал суманд амьдарч байгаа. Өчигдрийн хувьд согтуу сумын төв дээр явж байсан юм шиг байна лээ. Тэрийг л Э над руу ярьж хэрүүл хийсэн. Тэгээд би орой хашаанаас аргал оруулах гээд хашаандаа байж байхад Э согтуу ирсэн. Тэгээд намайг “хөгшин алны хойноос явж байхаар тэр хүүхдээ хардаггүй юм уу, тэнэг банзал гичий минь” гээд намайг харааж эхэлсэн. Тэгж харааж байснаа галын дэгээ төмрөөр миний нуруу, чихний ар хэсэг, гар гээд зөндөө газар цохисон. Мөн гараараа толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан. Тэр үед бага охин “эмээг минь аллаа ш дээ” гээд чанга орилсон. Тэгсэн Э арагшаа болоод баруун орон дээр суусан. Тэр үед нь би гэрээс мөлхөж гараад, зүүн талын эзгүй хашаа руу ороод харж байхад Э согтуу машинаа унаад гараад явсан. Тэгэхээр нь би согтуу машинтай явж байна гээд цагдаад хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 29, 95-96 дугаар хуудас/,

3. Иргэний нэхэмжлэгч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Ө.П нь 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хойш эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 140,616 төгрөгийн зардал гарсаныг буруутай этгээдээс нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,

            4. Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Би тухайн асуудлыг Н гэх дүүгээсээ мэдсэн. П нь зодуулчихаад манайд ирж байх хугацаанд нь эмнэлгээр үзүүлж явж байгаад гэмтэж зодуулсныг нь мэдсэн. Н дүү надад хэлэхдээ манай эмээг хүүхэд Э нь гэрийн хаалгыг түгжиж байгаад галын хайчаар чих рүү нь цохиж, бөөр нуруу руу нь олон удаа цохиж зодсон гэсэн. Пын чихний ар хэсэгт цус хуралттай, нуруу хэсэгт хөхөрч хавдсан байдалтай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ЕГ0525/910 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

- Ө.Пын биед бүсэлхийн 4-р нугалмын шахагдсан хугарал, нурууны баруун доод хэсэгт цус хуралт, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар үүсгэгдэнэ.

- Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

- 2025.06.18-ны өдрийн бүсэлхий нурууны соронзон резонанс томографикийн зургийг дүрс оношилгооны эмчээр давтан уншуулахад бүсэлхийн 4-р нугаламын их биеийн дээд хэсгээр хэмт эдэд хавантай, хурцавтар шахагдсан хугаралтай, иймд дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Ц.Энхцолмон гэжээ /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

6. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

7. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

8. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-24 дүгээр хуудас/,

9. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 25 дугаар хуудас/,

10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/

- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/1019 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-70 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч Ш.Эод холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Ш.Э нь 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, .......... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх Ө.Птай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгой, нүүр хэсэгт цохиж, улмаар эрүүл мэндэд нь “...бүсэлхийн 4-р нугалмын шахагдсан хугарал, нурууны баруун доод хэсэгт цус хуралт, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ш.Э гэм буруугийн шүүх хуралдаанд “Архи ууж очсон нь миний буруу. Би ээжийгээ зодоогүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Ш.Э нь 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Урсахын 2-4 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх Ө.Птай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгой, нүүр хэсэгт цохиж, улмаар эрүүл мэндэд нь “...бүсэлхийн 4-р нугалмын шахагдсан хугарал, нурууны баруун доод хэсэгт цус хуралт, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна гэж үзлээ.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.

Гэр бүлийн гишүүн гэдэг нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасан “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг;”, харин Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг;” ойлгохоор хуульчлан зохицуулжээ.

Шүүгдэгч Ш.Э нь хохирогч Ө.Птай эх, хүүгийн харилцаатай болох нь тэдний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3, 5 дугаар зүйлүүдэд гэр бүлийн хүчирхийлэл гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдүүдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчлан зохицуулжээ.

Хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Ш.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Ө.Пын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж иш татаж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” гэж заасан байна.

Түүнчлэн шүүгдэгч Ш.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Ө.Пын толгой, нүүр хэсэгт цохиж, улмаар эрүүл мэндэд нь “...бүсэлхийн 4-р нугалмын шахагдсан хугарал, нурууны баруун доод хэсэгт цус хуралт, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ө.П, иргэний нэхэмжлэгч Г.Ц, гэрч Т.А нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ЕГ0525/910 дугаар шинжээчийн дүгнэлт, Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.

Мөн шүүгдэгч Ш.Э нь шүүх хуралдаанд “Архи ууж очсон нь миний буруу. Би ээжийгээ зодоогүй” гэх дүгнэлтийг гаргасан боловч хохирогч Ө.Пын “...Тэгээд би орой хашаанаас аргал оруулах гээд хашаандаа байж байхад Э согтуу ирсэн. Тэгээд намайг “хөгшин алны хойноос явж байхаар тэр хүүхдээ хардаггүй юм уу, тэнэг банзал гичий минь” гээд намайг харааж эхэлсэн. Тэгж харааж байснаа галын дэгээ төмрөөр миний нуруу, чихний ар хэсэг, гар гээд зөндөө газар цохисон. Мөн гараараа толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг,

гэрч Т.А “...галын хайчаар чих рүү нь цохиж, бөөр нуруу руу нь олон удаа цохиж зодсон гэсэн. Пын чихний ар хэсэгт цус хуралттай, нуруу хэсэгт хөхөрч хавдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ЕГ0525/910 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл хохирогч Ө.П, гэрч Т.А нарын мэдүүлэгт дурдсан Ө.Пын бие махбодид учирсан гэмтлүүд нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ЕГ0525/910 дугаар шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан “Ө.Пын биед бүсэлхийн 4-р нугалмын шахагдсан хугарал, нурууны баруун доод хэсэгт цус хуралт, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэх гэмтлүүдтэй тохирч байх тул шүүгдэгч Ш.Эоос гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ш.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Э нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Иймд шүүгдэгч Ш.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Пын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь “надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн. Мөн шүүгдэгч Ш.Э нь шүүх хуралдааны явцад Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох 140 616 төгрөгийг нөхөн төлсөн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Ш.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ш.Э эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Ш.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ш.Эын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймд, шүүгдэгч Ш.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эыг 1 жилийн хугацаанд Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.

Шүүгдэгч Ш.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ш.Э нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ дэгээ төмөр ашигласан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дэгээ төмрийг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комиссд шилжүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Ш Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т овогт Ш Эыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эыг 1 /нэг/ жилийн хугацаанд Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ш.Эод оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ял оногдуулсан шүүхийн шийдвэрт хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дэгээ төмрийг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгч Ш.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

               

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЦОГЗОЛМАА