Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2023/01595

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 29

101/ШШ2023/01595

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0000 тоотод оршин байрлах А и ХХК /рд:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин байрлах, Т д ө к ХХК /рд:0000/-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ цуцалсантай холбоотой учирсан хохирол 139,936,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Алданги 74,035,250 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Т д ө к ХХК-тай 2016/15 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж дотор цахилгаан угсралт, холбоо дохиолол, домофон систем зэрэг ажил гүйцэтгүүлэхээр тохиролцсон ба 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцон гэрээнд өөрчлөлт оруулж, нэмэлт гэрээ байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэх ажлын хэмжээг багасган нийт үнийн дүн 339,957,258 төгрөг, үүний 20 хувийг бэлэн мөнгөөр, 80 хувийг орон сууцаар бартер хийхээр тохиролцсон. Нэхэмжлэгч нь хариуцагч компанид нийт төлбөрийн 20 хувь буюу бэлнээр 67,991,451.6 төгрөгийг гэрээт ажил эхлэх үед, бартераар 2018 онд 134,211,000 төгрөгийн үнэтэй 2 орон сууц буюу Т д ө к ХХК-тай байгуулсан Захиалгын гэрээг шилжүүлсний дагуу иргэн н.Чинбатад 40.67 м.кв орон сууцыг, Б.Энхболдод 40.67 м.кв орон сууц, Т д ө к ХХК-д 1-р орцны 5-р давхар, 44.14 м.кв тоот , 6-р давхар, 40.67 м.кв орон сууцнууд буюу 139,936,500 үнэлгээтэй орон сууцнуудыг шилжүүлэн өгч нийт гэрээний дагуу 342,138,951.6 төгрөгийг төлсөн. Гэвч Т д ө к ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, дутуу ажлаа хийж дуусгаагүй орхисон, гэрээний үүргийг шаардсаар байсан ч гүйцэтгээгүй тул 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2016/15 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн, нэмэлт гэрээг тус тус үүргийн зөрчлийн улмаас 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 99/2019 дугаартай албан тоотоор мэдэгдэж, Иргэний хуулийн 355.1-д заасан журмын дагуу цуцалсан. Нэхэмжлэгч компани нь хариуцагч компанийн өмнөөс ажлыг өөрөө гүйцэтгэж, мөн дутуу, доголдолтой ажлыг өөрийн зардлаар Зэт хөсөг ХХК-иар гүйцэтгүүлж барилгыг Улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг. Энэ талаар хариуцагч Т д ө к ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 29- ний өдрийн 19/30 тоот албан бичгээр ...захиалагч компапи өөрсдөөсөө хоронго гаргаж ажлыг үрг/лжлүүлэн хийюп болно. Захиалагчаас гаргасан материалын зардлыг хүлээн зовшоорнө, ажлыг захиалагч хийсэн болно..., ажлын гүйцэтгэлийн 80 хувь хийгдсэн, үлдэгдэл ажлыг 14 хоногт багтаан хийж дуусгах болно гэж мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгч компани нь хариуцагчийн өмнөөс гүйцэтгэсэн ажил, түүний материал, ажлын хөлсөнд 147,356,394 төгрөг зарцуулсан. Тодруулбал захиалагчаас өөрөө зардлыг гаргаж хийсэн ажлын гүйцэтгэлтэй холбоотой материал худалдан авах, ажиллах хүчний зардал нь 73,180,770 төгрөг болсон. Хариуцагчийн дутуу үлдээсэн 20 хувийн ажил, ажлын доголдлыг засварлах ажил буюу 301-р байрны 1-р орцны 134 айлын орон сууцны домофон систем, галын системийн тоноглол суурилуулах, 39 айлын орон сууцны цахилгаан, холбоо, дохиололын утас дахин сүвлэх, засварлах ажлыг Зэт хөсөг ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгүүлсэн ба зардал 74,175,624 төгрөгийн хөлс төлж хийлгэсэн. Энэ гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т д ө к ХХК нь орон сууцны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулах талаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байсан ба уг нэхэмжлэл нь гэрээг цуцалсан хохиролтой хамааралгүй болно. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20- ны өдрийн 01112 дугаартай шивдвэрийн 7 дахь талд ...Т д ө к ХХК нь 147,356,394 төгрөгийг А и ХХК-д төлөх үүрэгтэй гэдэг нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч компани энэ талаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлээгүй болно гэж дүгнэж, энэ талаар тусдаа нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх талаар тайлбарласан. Хариуцагч нь 147,356,394 төгрөгөөс тоолуурын 7,419,894 төгрөгийг төлөхөө зөвшөөрдөг ба үлдэгдэл төлбөр нь 139,936,500 төгрөг зөвшөөрдөггүй тул хариуцагч Т д ө к ХХК-тай байгуулсан 2016/15 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээг цуцалсантай холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирол, гарсан зардал 139,936,500 төгрөгийг хариуцагч Т д ө кХХК-иас гаргуулжөгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талууд ажил гүйцэтгэх гэрээ хийж, Сүхбаатар дүүргийн 0000 бүх орцны цахилгаан, холбоот дохиолол зэргийг хийхээр болсон ч 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өөрчлөлт оруулсан. Ингээд зөвхөн 1-р орцны ажлыг хийхээр тохиролцсон. Тус гэрээгээр тухайн орцны цахилгааны ажил, цахилгаан холболт, газардуулагч, аянга зайлуулагч, галын дохиолол, хяналтын систем зэргийг хийж ажлын хөлсний 80 хувьд нь 4 байр, 20 хувийг нь бэлнээр авахаар тохирсон. Манай зүгээс тухайн ажлыг урт хугацааны турш хийсэн. 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр цахилгаан, 10 дугаар сарын 12-ны өдөр тоног төхөөрөмж цахилгаан холболт, 10 дугаар сарын 22-ны өдөр аянга зайлуулагч, 11 дүгээр сарын 20-ны өдөр галын дохиолол зэргийг тус тус гүйцэтгэгч хүлээлгэж өгсөн. Үүнийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр дүгнэсэн. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт барилгыг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн нь тодорхой болсон. Ажил гүйцэтгэгч ажлын дийлэнх хувийг гүйцэтгэсэн тул авч чадаагүй хөлсөө авах нь зүйтэй. Шийдвэр хүчин төгөлдөр болсон. Шүүх биднийг ажлаа бүрэн гүйцэтгэсэн гэдгийг дүгнэсэн. Мөн ажлыг гүйцэтгээд комисс авахаас өмнө бид ажлыг актаар хүлээлгэн өгсөн. 8 сая төгрөгийн тоолуурыг нэхэмжлэгч гаргасан тул бид зөвшөөрсөн. Барилга ашиглалтад оруулсан актад ажил бүрэн хийгдсэн тул барилгыг улсын комисс авах нь зүйтэй гээд захиалагч, гүйцэтгэгч нарын гарын үсэг зурагдсан. Энэ гэрээтэй холбоотой ажлын үр дүнг захиалагчид шилжүүлж өгсөн, комиссоор баталгаажсан байхад захиалагч их хэмжээний төлбөрийн асуудал гаргаад доголдолтой хийсэн гээд дөрөвхөн сарын дараа өөр компаниар хийлгүүлсэн гээд байдаг. Комисс авсан байхад яагаад энэ хэмжээний доголдлын асуудал гарч ирж байна вэ. Талууд олон албан бичиг солилцож байсан. Гаргасан зардал нь ч зөрүүтэй байдаг. 20 хувь дутуу хийсэн гэх бичиг өгсөн гэлээ. Гэтэл 20 хувийн гүйцэтгэл удааширсан гэдэг л бичиг байдаг. Үүнийг өгснөөс хойш комисс ажиллуулаад, барилгыг аваад байна гэдэг нь хариуцагч хийх ёстой зүйлээ хийсэн болохоор л авч байгаа. Дутуу ажил байсан бол улсын комисс авахгүй шүү дээ. Ийм нөхцөлд их зардал гарсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нотлох баримтад үндэслэж дүгнэлт хийх ёстой. Шүүх хуралдаанд өнөөдөр гаргасан баримтаа яагаад өмнө гаргаагүй вэ? И баримтын огноо нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр худалдан авалт хийсэн гэж байна. Гэтэл өмнө шүүхэд өгсөн баримтын огноо 2018, 2019 оных байдаг. Энэ бол нотлох баримтын шаардлага хангахгүй. Тоолуурыг бид зөвшөөрсөн шүү дээ. Шаардлагагүй төмөр зам гэх мэтийн зүйлийн баримтуудыг өгсөн байна. Чингэлтэй дүүргийн шүүх хэргийг шийдэхэд энэ гэрээ, төлбөрийн баримтуудыг шүүхэд өгсөн. Тус шүүхээс хариуцагч тал нэхэмжлэгчийг ажил дутуу хийсэн, доголдол гаргасан гэдэг ч яг ямар ажлыг дутуу, доголдолтой хийсэн эсэхийг тодорхойлж чадахгүй байна гэж дүгнэсэн. Уг шүүхийн шийдвэрийг магадлалаар хэвээр үлдээж, улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 3.6-д зааснаар алданги тохирсон. Гэрээ нь нэмэлт өөрчлөлтөөр 4 өрөө орон сууц авахаар болсон боловч 2 орон сууцынх нь өмчлөх эрхийг одоог хүртэл манайд шилжүүлж өгөөгүй. Улсын бүртгэлд бүртгэгдсэнээр гэрээнд заасан зүйл биелэгдсэн гэж үзнэ. Бид өмчлөх эрхээ Чингэлтэй дүүргийн шүүхээр тогтоолгосон учраас бидэнд орон сууцыг шилжүүлж өгөх ёстой. Гэтэл үүргээ санаатайгаар зөрчөөд байгаа. Манай зүгээс комисст ажлаа хүлээлгэн өгсөн, шүүхээр дүгнүүлсэн тул алдангийг авах эрхтэй. Нийт 141,070,000 төгрөг болж байгаа. Үүнийг үүрэг гүйцэтгээгүй хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор хоногийн 740,352 төгрөг болно. Үүнийг хуульд зааснаар 50 хувиар бодож, 74,035,25 төгрөгийг шаардаж байна.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:

Алдангийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Үүргийн зөрчил гаргасан тал хэн гэдгийг дүгнэх ёстой. Манай зүгээс өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй ч худалдан авсан н.Б, н.Л нарын эзэмшил, ашиглалтад нь шилжүүлсэн нь шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн. Хэзээ тэд хүлээн авсан нь тэдэнд холбогдох хэрэгт дүгнэгдсэн. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчаас орон сууцыг тэдгээрт шилжүүлэх хүсэлт өгсөн. 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр орон сууц шилжүүлэн авах гэрээгээр төлбөрийг бүрэн авсан, дансны хуулга болон хүлээн авсан баримт зэргийг өгсөн. н.Б-ээс урьдчилан төлбөрийг хүлээн авсан гэх баримт мөн байдаг. Нэхэмжлэгчээс авах ёстой байсан орон сууцыг хариуцагч аль хэдийн бусдад худалдан, төлбөрийг бүрэн авсан нөхцөл байдал тогтоогдсон. Орон сууц ашиглалтад орсноос хойш энэ хүмүүс амьдарч байгаа байдал нь шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн. Бид хариуцагчийг дутуу болон доголдолтой ажлаа гүйцээх, үүний дараа орон сууцыг шилжүүлж болно гэдэг. Шаардлагуудыг удаа дараа хүргүүлсэн боловч ажлыг хариуцагч огт хийгээгүй тул бид зөвшөөрөхгүй. Улсын комиссын актыг хариуцагч үндэслэл болгодог. Гэтэл уг акт нь байнгын ашиглалтад оруулах боломжтой талаарх баримт болохоос хариуцагч тал тэдгээр ажлыг гүйцэтгэсэн гэдэг баримт биш. Дутуу гүйцэтгэлтэй ажлыг нэхэмжлэгч өөрсдөө гүйцэтгүүлсэн, энэ нь баримтаар нотлогддог. 2018 оноос эхлээд бид албан шаардлага хүргүүлсэн. Улсын комисс ажиллах гээд байгаа учраас дутуу ажлаа гүйцэтгээд өгөөч гэсэн утгатай бичиж байсан. Энэ хугацаанд хийгээгүй учраас нэхэмжлэгч өөрсдөө зардал болон ажиллах хүчээ гаргаж гүйцэтгүүлсэн. Улсын комисс ажилласнаас хойш 20 хувь хэсгийг яаралтай дуусга гэж шаардаж эхэлсэн. Байнга шаардлага тавьж байсан нь баримтуудаар нотлогддог. Үүнийг хүлээн зөвшөөрч 2019 онд өөрсдөө албан тоот өгсөн. Удааширсан гэдэг бол ажлыг хийгээгүй гэсэн үг. Тодорхой ажил гүйцэтгэгдээгүй гэдгийг гүйцэтгэх захирал нь зөвшөөрсөн. 14 хоногийн хугацаанд ямар ажил хийх боломжтой эсэхийг тогтоох боломжгүй ч хариуцагчийн өөрсдийнх нь албан тоотод энэ хугацаа дурдагддаг. Улсын комисс ажиллахаас өмнө захиалагч компани өөрсдөө ажлыг хийлгэсэн талаар хариуцагч дурдсан байдаг. Хууль ёсны төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зөрүүтэй ярианы аль нь арай үнэнд ойрхон байх вэ? аль нь баримтын хувьд үнэлэгдэх боломжтой эсэх нь тодорхой харагдаж байна. Баримтуудын огноо, утгуудаас ажлын гүйцэтгэлийг дутуу орхисон, доголдолтой гүйцэтгэсэн талаар тодорхой ойлгож болно. 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0000 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт ажлын гүйцэтгэлийн доголдолтой холбоотой хэсгийг шүүх дүгнээгүй болохыг 7 дахь талд дүгнээгүй гэдгээ бичсэн. Гэтэл үүнийг хариуцагч мушгин тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Үүргийн зөрчлийг бид гаргаагүй учраас хариуцагч тал алданги нэхэмжлэх эрхгүй гэв.

 

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

4.1 нэхэмжлэгчээс гаргасан Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн албан бичиг, төлбөрийн баримтууд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Т д ө к ХХК-ийн албан бичиг, А и ХХК-ийн албан бичиг, мэдэгдлүүд, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/00000 дугаар шийдвэр, ажил гүйцэтгэх гэрээ, гэрээт ажлын төсөв, зарлагын баримтууд, кассын орлогын ордерууд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/00000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 818 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/00000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 878 дугаар магадлал, захиалгаар орон сууц барих тухай гэрээнүүд, гэрээ дүгнэсэн акт,орон сууц бариулах гэрээг шилжүүлэн авах тухай гэрээ, Капитрон банкны дансны хуулга,

4.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 000 дүгээр гүйцэтгэх хуудас зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А и ХХК нь хариуцагч Т д ө к ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ цуцалсантай холбоотой учирсан хохирол 139,936,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч 74,035,250 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

3. Зохигчид 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2015/15 тоот Дотор цахилгаан угсралт газардуулга аянга зайлуулагч, холбоо дохиолол, домофон систем дохиолол хамгаалалт, галын дохиолол угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр захиалагч А и ХХК нь гүйцэтгэгч Т д ө к ХХК-иар Сүхбаатар дүүргийн 0000 орцны цахилгаан угсралт газардуулга аянга зайлуулагч, холбоо дохиоллын ажлыг гүйцэтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/00000 дугаар шийдвэрээр тус тус тогтоогдсон. /хх-19-25/

 

3.1 Захиалагч А и ХХК нь дээрх ажлыг нийт 339,957,258 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохирч, үүнээс 20 хувийг бэлэн мөнгөөр, 80 хувийг 5 болон 6 давхарт байрлах нийт 2 орон сууцаар төлөхөөр харилцан тохиролцсон байна.

3.1.1 Ингээд ажил гүйцэтгэгч Т д ө к ХХК нь гэрээгээр тохирсон ажлаа бүрэн гүйцэтгэсэн байхад ажлын хөлс болох 2 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй буюу ажлын хөлс төлөх үүргээ биелүүлэхгүй гэх үндэслэлээр захиалагч А и ХХК-д холбогдуулан орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/00000 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Тодруулбал,

Уг шүүхийн шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 0000 тоот орон сууц болон мөн байрны 6 давхрын 40.67 м.кв талбайтай 39 тоот орон сууцуудын өмчлөгчөөр Т д ө к ХХК-ийг тогтоож, орон сууцуудыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг Т д ө к ХХК-д хүлээлгэн өгөхийг А и ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.

 

3.2 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх хэргийг хянан шийдвэрлэх явцад А и ХХК нь Т д ө к ХХК-ийг ажлаа дутуу гүйцэтгэсэн, уг дутуу гүйцэтгэсэн ажлыг нь өөрөөсөө зардал гаргаж нийт 147,356,394 төгрөгөөр гүйцэтгүүлсэн. Уг гаргасан зардал болох 147,356,394 төгрөгөөс 2 орон сууцуудын үнэ 139,936,500 төгрөгийг хасч тооцуулна буюу орон сууцны өмчлөх эрхийг өгөхгүй гэж тайлбарлаж, маргаж оролцсон байна.

 

3.2.1 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/00000 дугаар шийдвэрээр ...Т д ө к ХХК нь 147,356,394 төгрөгийг хариуцагчид/А и ХХК-д/ төлөх үүрэгтэй гэдэг нь тогтоогдоогүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүх гүйцэтгэгч Т д ө к ХХК-ийг гүйцэтгэвэл зохих ажлаа гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон учраас ажлын хөлсөнд төлөх орон сууцуудын өмчлөгчөөр тогтоож, захиалагч А и ХХК нь ажлын үр дүнг дутуу гүйцэтгэсэн буюу доголдолтой хийснийг тодорхойлж гаргаагүй ажлын үр дүнг хүлээн авсан байна гэж дүгнэж, гүйцэтгэгчийг 139,936,500 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдоогүй гэж дүгнэжээ.

 

3.2.2 Уг шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 000 дүгээр гүйцэтгэх хуудсаар тогтоогдсон.

 

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Нэхэмжлэгчийн одоо нэхэмжилж байгаа ажлыг дутуу, доголдолтой гүйцэтгэснийг дахин 139,936,500 төгрөгийн зардал гаргаж бусдаар гүйцэтгүүлсэн гэх агуулга бүхий маргааныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/00000 дугаар шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

4. Түүнчлэн нэхэмжлэгч А и ХХК нь Т д ө к ХХК-ийн дутуу гүйцэтгэсэн ажлыг З хХХК-иар гүйцэтгүүлж, материалын зардалд 73,180,770 төгрөг, ажлын хөлс 74,175,624 төгрөг, нийт 139,936,500 төгрөгийн зардал гаргасан гэж нэхэмжилсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

4.1 Нэхэмжлэгчээс хэрэгт З х ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, төлбөрийн баримтууд, зарлагын баримтуудыг нотлох баримтаар цуглуулж өгсөн. З хХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 14-ний ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 301 дүгээр байр, 1 дүгээр орцны 134 айлын орон сууцны домофон систем, галын системийн тоноглол суурилуулах 39 айлын орон сууцны цахилгаан холбоо, дохиоллын утас дахин сүвлэх, засварлах ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцож, гэрээт ажлын төсвийг материалын зардал болон ажлын хөлс нийт 74,000,000 төгрөг байхаар тогтоожээ. /хх-26-28/

 

4.1.1 Гэтэл нэхэмжлэгч нь З х ХХК-иар материал болон ажлын хөлс нийт 74,000,000 төгрөгөөр дутуу, доголдолтой гүйцэтгэсэн гэх ажлыг гүйцэтгүүлэхээр бичгийн гэрээ байгуулсан байх атлаа З х ХХК-иар гүйцэтгүүлж, материалын зардалд 73,180,770 төгрөг, ажлын хөлс 74,175,624 төгрөг, нийт 139,936,500 төгрөгийн зардал гаргасан гэж нэхэмжилж байгаа нь яагаад ийм зөрүүтэй байгаа болохоо шүүх хуралдаанд үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй.

 

4.1.2 З х ХХК-д ажлын хөлсийг бэлнээр төлсөн гэж хэрэгт кассын орлогын ордеруудыг баримтаар гаргаж өгсөн. Уг кассын орлогын ордеруудаас үзэхэд гэрээт ажлын төлбөрт гэх гүйлгээний утгаар мөнгөн хөрөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн байх ба ямар гэрээт ажлын төлбөр болох нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгч нь ажлын хөлс 74,175,624 төгрөгийг яагаад З хХХК-д бэлнээр өгөх болсон шалтгаан ойлгомжгүй, учир дутагдалтай байна. Уг ажлын хөлсийг өгсөн болохоо компанийн санхүүгийн тайландаа тусгасан талаарх баримтгүй байна.

 

4.2 Мөн нэхэмжлэгч нь З хХХК-иар дутуу, доголдолтой гүйцэтгэсэн гэх ажлыг гүйцэтгүүлж ажлын үр дүнг хүлээн авсан гэж тайлбарлах боловч ямар хэмжээний ажлыг гүйцэтгүүлсэн болох нь тодорхойгүй, ажил хүлээлцсэн акт үйлдээгүй, энэ талаарх баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй.

 

4.2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...дутуу, доголдолтой ажлыг өөрийн зардлаар Зэт хөсөг ХХК-иар гүйцэтгүүлж барилгыг Улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг гэж дурдсан ба Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээс үзэхэд Зэт хөсөг ХХК нь барилгын ажлын гүйцэтгэгчээр бичигдээгүй байгаа нь зөрүүтэй тайлбар гаргаж байна.

 

4.2.2 Үүнээс гадна нэхэмжлэгч А и ХХК нь хариуцагч Т д ө к ХХК-ийн гүйцэтгэсэн ажлаас нийт хэдий хэмжээний ямар ажил дутуу байгаа болох, гүйцэтгэсэн ажлаас аль нь ямар хэмжээгээр доголдолтой байгаа болохыг энэ талаар тусгай мэдлэгтэй этгээдээр шалгуулж, тогтоосон зүйлгүй байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Т д ө к ХХК-ийн гүйцэтгэсэн ажлаас домофон эвдэрсэн, дутуу гүйцэтгэгдсэн гэж тайлбарласан. Шүүх хуралдаанд домофоны ажилтай холбоотой доголдлыг тогтоосон баримт байгаа эсэхийг нэхэмжлэгчээс тодруулахад ...байхгүй, энэ нь манай компаниас хүргүүлсэн албан шаардлагуудаар тогтоогдоно гэж тайлбарласан. /хх-12-18/

 

4.2.2а Нэхэмжлэгч А и ХХК-иас Т д ө к ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл, албан бичгүүдээс үзэхэд барилгад улсын комисс ажиллуулахаар болсон тул ажлаа яаралтай хийж дуусгах-ыг мэдэгдсэн агуулгатай байхаас бус хэдий хэмжээний ямар ажил дутуу, юу доголдолтой байгаа талаарх үйл баримт агуулагдаагүй байна. Маргаан бүхий барилгыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2019/62 тоот дүгнэлтээр улсын комисс хүлээн авсан байна. /хх-80-81/

 

4.3 Нөгөө талаар, нэхэмжлэгч А и ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ...ажлын хөлсөнд төлөх төлбөрөөс 2 орон сууцуудын зах зээлийн үнэ нийт 139,936,500 төгрөгийг хасч тооцуулна гэж тайлбарлаж байсан. Одоо энэ хэргийн нэхэмжлэлээр ...Т д ө к ХХК-ийн дутуу гүйцэтгэсэн ажлыг бусдаар гүйцэтгүүлж материал, ажлын хөлс 139,936,500 төгрөг гарсан гэж шаардаж байгаа. Үүнээс үзэхэд яагаад бусдаар гүйцэтгүүлсэн гэх материал, ажлын хөлсний үнийн дүн нь 2 орон сууцны үнийн дүнтэй яг тохирч байгаа болох нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг байдлыг тодруулахад ...тохиолдлоор яг адилхан үнийн дүн гарсан байна гэж тайлбарласан нь учир дутагдалтай, үндэслэл бүхий тайлбарлахгүй байна.

 

4.4 Нэхэмжлэгч нь дутуу, доголдолтой гүйцэтгэсэн ажлыг засварлахын тулд Д ХХК-иас барилгын материал худалдан авсан гэж зарлагын баримтууд болон төлбөрийн баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Зарлагын баримтуудаас үзэхэд интернэт утас, цагаан таг, төгсөвч, төмөр зам, унтраалга, тоолуур, утас далдлагч гэх зэрэг эд зүйлийг худалдан авсан байгаа нь нэхэмжлэгчийн тайлбарласнаар домофон системийн дутуу, доголдолтой гүйцэтгэсэн гэх ажилд хамаарах материалууд эсэх нь эргэлзээтэй байна. Төлбөрийн баримтуудаас үзэхэд 2021 оны 11 дүгээр сарын 25-30-ны өдрийн баримтууд байх ба дутуу, доголдолтой ажлыг гүйцэтгүүлсэн гэх он, сар зөрүүтэйн дээр уг төлбөрийн баримтаас үзэхэд бараа үйлчилгээ гэх нэрээр шивигдсэн нь юунд зориулсан, ямар барааны үнэ болох нь тодорхойгүй байна.

 

5. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т захиалагч нь доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасан. Гэвч нэхэмжлэгч А и ХХК нь хариуцагч Т д ө к ХХК-ийн гүйцэтгэсэн ажлаас дутуу, доголдолтой үлдсэн ажил байсан болохыг баримтаар нотлоогүй, бусдаар гүйцэтгүүлсэн гэх ажилтай холбоотойгоор хэрэгт цуглуулж өгсөн баримтууд нь эргэлзээтэй, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ талаарх маргааныг эцэслэн хянан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчээс гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

6. Хариуцагч Т д ө к ХХК нь нэхэмжлэгч А и ХХК-д холбогдуулан ажлын хөлс болох 2 орон сууцны өмчлөх эрхийг одоо болтол шилжүүлж өгөөгүй, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/00000 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудас гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Гэрээнд заасан хугацаанд орон сууцны өмчлөхийг эрхийг шилжүүлж өгөөгүй тул 2 орон сууцны үнээс алданги тооцож, 74,035,250 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж, нэхэмжилсэн.

 

6.1 Хариуцагч Т д ө к ХХК нь нэхэмжлэгч А и ХХК-иас ажлын хөлсөнд авах Сүхбаатар дүүргийн 0000 тоот орон сууц болон мөн байрны 6 давхрын 40.67 м.кв талбайтай 39 тоот орон сууцуудын өмчлөх эрхийг улсын бүртгэлээр шилжүүлж аваагүй байгаа боловч дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг иргэн Т.Лд 55,000,000 төгрөгөөр, О.Бд 50,000,000 төгрөгөөр тус тус худалдахаар тохирсон.

Дээрх мөнгөн хөрөнгүүдийг иргэн Т.Л, О.Б нараас бүрэн хүлээн авсан болон улсын комисс орон сууцыг хүлээн авснаас хойш дээрх орон сууцыг одоог хүртэл хугацаанд иргэн Т.Л, О.Б нар Т д ө к ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа болох нь талуудын тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/0000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 818 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/00000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 878 дугаар магадлалаар тус тус тогтоогдсон.

 

6.1.1 Үүнээс үзэхэд хариуцагч Т д ө к ХХК нь ажлын хөлсөндөө авах орон сууцыг бусдад худалдах замаар мөнгөн хөрөнгийг бодитоор өөртөө шилжүүлэн авсан байгаа атлаа алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

6.2 Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/01112 дугаар шийдвэрээр дээрх 2 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх үедээ үндсэн үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйгээс улбаатай алданги шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Үндсэн үүргийг шийдвэрлэх явцад түүнийг дагалдах нэмэлт үүрэгтэй холбоотой асуудлаа тухайн үедээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байжээ.

 

6.3 Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Т д ө к ХХК-ийн алдангийн төлбөрт нэхэмжилсэн 74,035,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид өөрсдөө хариуцах тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 857,630 төгрөг, хариуцагчаас төлсөн 528,127 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т д ө к ХХК-д холбогдох 139,936,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А и ХХК-ийн үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч А и ХХК-д холбогдох 74,035,250 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т д ө к ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 857,630 төгрөг, хариуцагчаас төлсөн 528,127 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ