Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2023/01721

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 05

101/ШШ2023/01721

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Э.М-О /рд:0000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Г.Э /рд:0000/-д холбогдох

 

1,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.М-О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б хариуцагч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний эцэг Г.Э эх А.Г нар нь 2002 онд гэрлэж, би 2003 оны 07-р сарын 10-ны өдөр төрсөн. Аав ээж хоёр маань хувийн таарамжгүй харилцааны улмаас Баянзүрх дүүргийн шүүхийн 2009.03.11-ний өдрийн 68 тоот шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, шүүхээс дүү, бид хоёрыг эцгийн асрамжид үлдээсэн юм. Ээж тухайн үед бид хоёрыг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байсан ч өөрийн гэсэн хашаа байшинтай гэж эцэгт маань бидний асрамжийг үлдээсэн шийдвэрийг шүүхээс гаргасан байдаг. Дүү Э.М бид хоёр аав, ээж хоёрыг гэрлэлтээ цуцалснаас хойш жил гаруй хугацаанд л аавтайгаа амьдарч байсан. Биднийг эцэг маань өөрийнхөө дүүгийнд орхиод явсан байсныг ээж очиж авснаар бид багаасаа хойш одоог хүртэл зөвхөн ээжтэйгээ л амьдарч байгаа. Би 2021 оны 7-р сарын 10-нд 18 насанд хүрсэн. Харин дүү маань насанд хүрээгүй байгаа болохоор ээж төлөөлөн нэхэмжлэл гаргаж, дүүд олгогдсон хүүхдийн мөнгийг эцгээс гаргуулж, мөн асрамжийг нь өөрчлүүлж, хүүхдийн тэтгэлэг эцгээр төлүүлэхээр шүүхийн шийдвэр гаргуулсан. Тус нэхэмжлэлийг ээж гаргахдаа аавын дансаар дамжин төрөөс олгогдож байгаа хүүхдийн мөнгийг маань хамт нэхэмжилсэн боловч намайг насанд хүрсэн тул өөрөө нэхэмжлэх эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт заасан тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Аав маань 2018 оны 08-р сараас гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаад 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Би ааваас бүүр өмнөх багаасаа өдийг хүртэлх бүх хүүхдийн мөнгөө нэхэмжилж болох боловч зөвхөн түүний хоригдож эхэлсэн 2018 оны 08-р сарын 01-ний өдрөөс эхлэн намайг насанд хүрэх хүртэл буюу 2021 оны 07-р сарын 10-ны өдрийг хүртэлх төрөөс надад зориулагдан аавын дансаар дамжин ордог байсан, надад огт зарцуулагдаж байгаагүй хүүхдийн мөнгө болох /2018 оны 08 сараас 2020 оны 04-р сарыг хүртэлх хугацаанд төрөөс олгогдож байсан хүүхдийн мөнгө 20,000 төг байсан тул 1 жил 8 сар буюу нийт 20 сар х 20000=400000 төгрөг, түүнээс хойш Засгийн газрын 2020-05-06-ны өдрийн 167-р тогтоолын 5.1 дэхь хэсэгт зааснаар 2020 оны 04-р сарын 1-ээс 100,000 төгрөг болгож шийдвэрлэсний дагуу насанд хүрэх хүртэл буюу 2021 оны 07 сарын хүүхдийн мөнгийг тооцоход 1 жил 3 сар буюу 15 сарХ100000=1500000 төгрөг болж байгаа бөгөөд нийт 400,000+1,500,000=1,900,000 төгрөгийг Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасны дагуу эцэг Г.Эын ХААН банкны 5018374540 тоот данснаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 1,900,000 төгрөгийг өгөхгүй. Миний данснаас 2 сая төгрөг болон 4,5 сая төгрөг гарсан талаар мэдээлэл надад ирсэн. Энэ мөнгийг хэн аваад байгаа юм гэдгийг би ялаа эдэлж дуусаад гарч байгаад учрыг нь олж байж болно. Хүүхдүүдийн ээж Ганчимэг авсан. Миний дансанд хүүхдийн мөнгө орж ирээгүй, дансанд байхгүй. Г хүүхдүүд болох Э.М-О, Э.М нарт мөнгө гаргуулсан шүүхийн шийдвэртэй байхад дахиад мөнгө нэхээд байна гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 Нэхэмжлэгчээс гаргасан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/00000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 00000 дүгээр магадлал, гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Монголын хуульчдын холбооны тодорхойлолт, ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны тодорхойлолт, ,

3.2 Шүүхийн журмаар бүрдүүлсэн Хаан банкны лавлагаа, дансны хуулга, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн тодорхойлолт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.М-О нь хариуцагч Г.Эт холбогдуулан 1,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч Э.М-О нь хариуцагч Г.Эын төрсөн хүү болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбараар тус тус тогтоогдсон.

 

3.1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/00000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 00000 дүгээр магадлалд ...Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 468 дугаар шийдвэрээр Г.Э, А.Г нарын гэрлэлтийг цуцалж, 2003 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.М-О, 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Э.М нарыг эцэг Г.Эын асрамжид үлдээж шийдвэрлэсэн болохыг дүгнэжээ.

 

3.2 Г.Э, А.Г нарын гэрлэлтийг цуцлах үед насанд хүрээгүй хүүхдүүдийг эцгийн асрамжид үлдээж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хүүхдэд сар бүр олгодог тэтгэмж эцэг Г.Эын эзэмшлийн данс руу ордог байсан байна.

 

3.3 Хожим А.Г нь охин Э.М-ийг өөрийн асрамжид авах, хүүхдийн мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Г.Эт холбогдуулан гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/0000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0000 дүгээр магадлалаар хангаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

3.3.1 Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалаар ...хүү Э.М-О 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 18 насанд хүрч иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болсон байна. Иймд уг этгээд өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох насанд хүрсэн байх тул энэ хэргийн нэхэмжлэгч А.Г нь хүү Э.М-Оын өмнөөс нийгмийн халамжийн тэтгэмжийг хариуцагчаас буюу эцгээс нь шаардах эрхгүй байна. Энэ шийдвэр Э.М-От ногдох улсаас олгосон тэтгэмжийн мөнгөн хөрөнгийг эцэг Г.Эаас гаргуулахаар шаардах эрхийг хөндөөгүй болно гэж дүгнэсэн байна.

 

4. Хариуцагч Г.Э нь ...хүү Э.М-От төрөөс олгогдох тэтгэмжийн мөнгийг эх А.Г нь гаргуулж авахаар шүүхийн шийдвэртэй, Э.М-От олгох мөнгө миний дансанд орж ирээгүй, байхгүй гэж тайлбарлаж, маргасан нь үндэслэлгүй байна.

 

4.1 Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр охин Э.Мөнхцэцэгт төрөөс олгогдох мөнгөн хөрөнгийг Г.Эаас гаргуулж, хүү Э.М-О нь насанд хүрсэн тул өөрөө эцэг Г.Эаас өөрт олгосон тэтгэмжийг жичдээ шаардах эрхтэй болохыг дүгнэж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон.

 

4.2 Хаан банк ХХК-иас ирүүлсэн лавлагаагаар Г.Эын эзэмшлийн 5018374540 тоот дансанд 2018 оны 08 дугаар сараас 2021 оны 07 дугаар сар хүртэл сар бүр ...0000 М-О гэх гүйлгээний утгаар улсаас олгогдох тэтгэмжийн мөнгөн хөрөнгө орсон, уг орлогоос зарлага хийгдээгүй, нийт үлдэгдэл 6,583,443 төгрөг байгаа болох нь тогтоогдож байна. /хх-34-35/

 

5. Нийгмийн халамжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийг эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно гэж заасан. Хүүхдэд олгох тэтгэмж нь зөвхөн тухайн хүүхдэд өөрт нь зориулагдсан, хүүхдийн наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ юм. Нэхэмжлэгч Э.М-О нь түүнийг насанд хүрээгүй байх үед түүнд улсаас олгосон тэтгэмжийг эцэг Г.Эаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

 

6. Улсаас хүү Э.М-От 2018 оны 08 дугаар сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл сар бүр 20,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сараас түүнийг 18 насанд хүрсэн өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 10 хүртэл сар бүр 100,000 төгрөгийг тус тус олгосон болох нь Хаан банк ХХК-ийн дансны хуулгаар тогтоогдсон.

 

6.1 Иймд хариуцагч Г.Эаас нийт 1,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.М-От олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

7. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2022/26189 дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул 1,900,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 45,350 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийгмийн халамжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Эаас 1,900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.М-От олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45,350 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ