Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/105

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч ....нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .... овогт .... .... холбогдох эрүүгийн 2517000000103 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-нд ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хамт ...аймгийн ...сумын ... дугаар баг... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх .... овогт .... .... /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч ....нь 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр хасуулсан байх хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дахин согтуугаар .... аймгийн ... сумын... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дэнжийн андууд дэлгүүрийн замын орчимд ....улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг 2.94 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ....нь 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр хасуулсан байх хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дахин согтуугаар ... аймгийн .. сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дэнжийн андууд дэлгүүрийн замын орчимд “Тоёота Приус-20” маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.94 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

2. Гэрч ... “...2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би 09 цагаас 17 цагийн хооронд замын цагдаагийн эргүүлийн үүргийг цагдаагийн дэд ахлагч ... хамт гүйцэтгэж байсан юм. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ... сумын 3 дугаар баг Дэнжийн андууд орчим зам уулзварын тэнд, ертөнцийн зүгээр хойд талаас ....улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгсэл шороон замаар явж байсныг очиж зогсооход тухайн тээврийн хэрэгслийг эрэгтэй хүн барьж байсан ба ганцаараа явж байсан. Тус эрэгтэй жолоочийг гаднаас нь харахад илт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан.

Тэгээд ....улсын дугаартай хар өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг тандагч багаж руу үлээлгэж үзэхэд тандагч багаж улайж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэсэн дохио өгсөн. Тухайн үед жолооч эрэгтэй машиндаа ганцаараа явж байсан бөгөөд тус эрэгтэйг цагдаагийн хэлтэс дээр авч ирж согтолтын зэрэг тогтоодог тусгай багаж руу үлээлгэж үзэхэд 2,94 гэсэн тоон үзүүлэлт гарсан. Мөн жолоочийг цагдаагийн хэлтэс дээр авч ирээд ....гэдэг нэртэй болохыг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, цагдаагийн рапорт, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 2, 3, 8 дугаар хуудас/,

4. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ЗШ/1412 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 21-24 дүгээр хуудас/,

5. Шүүгдэгч Д.....ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 14 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрч .. мэдүүлэг, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, цагдаагийн дэд ахлагч ... рапорт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ЗШ/1412 дугаартай шийтгэврийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ....нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч Д..... эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн прокуророос шүүгдэгч Д.....ын гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг нь түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч ....нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч Д.....ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.....ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч ....нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгч Д..... эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д..... оногдуулсан 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3000000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Шүүгдэгч ....нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д..... оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ....нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт ........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Д.....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д..... оногдуулсан 3 000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч ....нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д..... оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

            6. Шүүгдэгч ....нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д..... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ЭНХМАНДАХ