| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2022/07932/И |
| Дугаар | 101/ШШ2023/01830 |
| Огноо | 2023-04-11 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2023/01830
| 2023 04 11 | 101/ШШ2023/01830 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0000 тоотод оршин суух, Д.Б /рд:0000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин байрлах, Б ц ХХК /рд:0000/-д холбогдох,
Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 49,107,142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие танилын хүрээгээр дамжиж Э.Б гэх хүний хүсэлт гаргасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Э.Бтай Таван толгой-Ханги чиглэлийн 477 км авто замын ажилд хүнд даацын автомашин ажиллуулахаар харилцан тохиролцож 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ Э.Бгийн компани болох Б ц ХХК-тай байгуулсан. Уг гэрээгээр Нуundai Robex 300LС маркийн 0000 УР улсын дугаартай экскаватарыг сарын 25.000.000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон. Би өөрийн танил ах Д.Цын техникийг түрээслүүлсэн. Учир нь тухайн үед миний техник өөр газар байсан болохоор Д.Ц ахын техникийг өгөөд, Д.Ц ах дараа нь миний техникийг оронд нь авч ажилласан. Би гэрээний дагуу 2022 оны 04 сарын 21-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 58 хоног техникээ түрээслүүлсэн. Улмаар Б ц ХХК-ийн захирал Э.Б нь шатахуун, техникийн операторчины цалин бусад төлбөрийг өгч чадахгүй болж цаашид гэрээний дагуу хийгдэх ажиллагаа үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ хугацаанд Б ц ХХК-ийн захирал Э.Б нь янз бүрийн шалтгаан тоочиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй олон тооны хүмүүсийг хохироосоор байсан. Миний зүгээс ажилд гарсан бүх өдрийн тооцоог гаргаад тооцоо нийлсэн ба өөрөө ч тооцоогоо нягтлаад удахгүй төлбөрийг чинь өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй. Иймд Э.Бгаас Тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ-ний дагуу 58 хоног ажиллуулсан төлбөрт 49.107.142 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар бичгээр гаргаагүй болно.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2022/00000 дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, гүйцэтгэсэн ажлын бүртгэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зээлийн болон барьцааны гэрээ,
3.2 хариуцагчаас гаргасан итгэмжлэл зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э.Бд холбогдуулан 49,107,142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг Б ц ХХК-иар сольсон.
2. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан баримтаар Д.Б болон хариуцагч Б ц ХХК нар 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.Б нь экскаватор түрээслүүлэх, Б ц ХХК нь нэг сарын 25,000,000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 8-12 дугаар тал/
3.1 Дээрх гэрээний дагуу Нуundai Robex 300LС маркийн 0000 УР улсын дугаартай экскаваторыг түрээслүүлжээ. Тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Голомт банк ХХК бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон ба Д.Ц гэх иргэн зээлийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийг эзэмшдэг болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдсон.
3.1.1 Нэхэмжлэгч нь эзэмшигч Д.Цын зөвшөөрлийн дагуу гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг бусдад түрээслүүлэх гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон ба уг байдал нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
3.2 Талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.
4. Хариуцагчаар анх Б ц ХХК-ийн захирал буюу иргэн Э.Бг тодорхойлон гаргасан нэхэмжлэлийн хувийг тэрээр 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гардан авсан боловч шүүхэд хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй. Үүнээс хойш шүүх хариуцагчийн хүсэлтээр 2023 оны 02 дугаар сарын 01-ний шүүх хуралдаан хойшилсон ба 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шатгаангүйгээр ирээгүй.
4.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг сольсоны дагуу хариуцагч Б ц ХХК-д 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан ба хариу тайлбар гаргах хугацаа 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дууссан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хариу тайлбар болон нотлох баримт гаргаагүй байна.
4.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
4.2.2 Мөн хариуцагч Б ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б нь шүүх хуралдааны товыг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.
4.3 Иймд хариуцагч Б ц ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдсэн атлаа ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, гэрээний зүйлийг ашигласан байдал, хугацаанд маргаагүй гэж үзнэ.
5. Хэргийн 13-14 дүгээр талд авагдсан механизмаар гүйцэтгэсэн ажлын бүртгэл гэх баримтаас үзэхэд 2022 оны 04 сарын 21-ний өдрөөс 2022 оны 06 сарын 16-ны өдөр хүртэл нийт 57 хоногийн хугацаанд Нуundai Robex 300LС маркийн 0000 УР улсын дугаартай экскаваторыг хариуцагч Б ц ХХК нь ашигласан болох нь тогтоогдож байна.
5.1 Нэхэмжлэгч нь нийт ашигласан хугацааг 58 хоногоор тооцон нэхэмжилсэн боловч дээрх гүйцэтгэсэн ажлын бүртгэлийн баримтаар 57 хоног байх тул уг хоногоор тооцон эд хөрөнгө ашигласны хөлсийг гаргуулах нь зүйтэй.
5.2. Талуудын байгуулсан гэрээгээр 1 сарын 25,000,000 төгрөгийг төлөхөөр тохирсон ба нэг өдрийн төлбөрийг тооцож үзвэл 833,333 төгрөг / 25,000,000 : 30 хоног/ байна. Иймд хариуцагч Б ц ХХК-иас нийт 57 хоног эд хөрөнгө ашигласны хөлс 47,499,981 /57 хоног х 833,333 төгрөг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул 47,499,981 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 395,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх заасныг баримтлан хариуцагч Б ц ХХК-иас 47,499,981 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,607,161 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 395,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ