Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2023/01831

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 11

101/ШШ2023/01831

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0000 тоотод оршин байрлах, Т б ХХК /рд:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Л.О /рд:0000/,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 0000 тоотод оршин суух, Л.Г /рд:0000/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 35,376,534 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тилеген, хариуцагчЛ.О, Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ЗээлдэгчЛ.О, Л.Г нар нь Т бтай 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 105400321881 тоот зээлийн гэрээ байгуулан, 30,000,000 төгрөгийн авто машины лизингийн зээлийг жилийи 21,6 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатайгаар авсан. Банк зээлийн гэрээний дагуу 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зээлдэгчЛ.Оийн 105400321881 тоот зээлийн дансанд 30,000,000 төгрөгийн зээлийн олголт хийж, зээлийн гэрээний 2.1.2-д заасны дагуу Т б дахь 104800259796 тоотЛ.Оийн харилцах дансанд 30,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. 105400321881 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч нар нь зээл, хүүгийн гөлбөрийг сар бүр бүрэн толох үүрэгтэй боловч 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн тул банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөх тухай Мэдэгдэл-ийг зээлдэгчид өгч, мөн удаа дараа биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Т б ХХК-д хохирол учруулж байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 8,061,196 төгрөг, хүүнээс 10,546.447 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 582,763 төгрөг, нийт 19,190,107 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэнээр үндсэн зээлийн төлбөр 21,938.803 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 12,595,966 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 831,264 төгрөг, нийт 35,366,034 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд үндсэн зээлд 21,938,803 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 12,595,966 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 83 1,264 төгрөг, нотариатын зардалд 10,500 төгрөг нийт 35,376,534.37 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслээр хангуулж өгнө үү гэв.

 

2. ХариуцагчЛ.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие тус банкнаас 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 0000 тоот зээлийн гэрээ байгуулан, 30,000,000 төгрөг авто машин лизингийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй 50 сарын хугацаатай авсан нь үнэн болно. 2018 оны 6 сарын 29-ний өдөр Т бин дахь миний 104800259796 тоот дансанд 30,000,000 сая төгрөгийн зээлийн олголт хийгдэж банкны журмын дагуу шимтгэл төлөн зээлээ авсан. Зээлийн гэрээний дагуу сар бүр хуваарийн дагуу зээлээ төлж байсан боловч 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн улс орон даяар КОВИД-19 цар тахал дэгдэж, хөл хорио тавигдаж эхэлсэн үеэс эхлэн ажил хийх үйл ажиллагаа явуулах, бүх ажил маань зогссон бөгөөд орлогогүй болж гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн. Энэ үеэр санхүүгийн хүнд байдалтай тулгарсанаас болж, 9 ангид сурдаг хүүхдийнхээ сургалтын төлбөрийг ч өгч чадахгүй, сургуулиас завсардуулж, орон сууцны зээл банкны кредитын зээл бүгдийг төлж чадахгүй хүнд байдалд орсон. Ээж хүний хувьд хүүхдийнхээ боловсролд хүртэл анхаарал хандуулж чадахгүй, зээлийн орон сууцны төлбөрөө төлж чадахгүй байраа хураалгах дээрээ тулсан гэх мэт аргаа бараад ийм байдалд орсон байгаагаа та бүхнийг ямар хүнд байдалд орсоныг ойлгоосой гэсэндээ хувийн амьдралын асуудлаа хариу хүсэлт дээрээ орууллаа. 3 хүүхдээ тэжээдэг ганц бие ээж хүний хувьд маш олон төлбөрийн дарамтууд ирсэн ч өртэй гээд үхэлтэй биш дээ гэдгээр өөрийгөө тайвшируулж, үр хүүхдүүдийнхээ төлөө энэ байдлаас гарахыг хичээж, байгууллагууд дээр харилцааны сургалтууд хийх, өөрийн авлагатай газраас мөнгөө нэхэмжилж бараа аван түүнийгээ өр зээлтэй газрууддаа болон банкиндаа санал болгож зүгээр суулгүй асуудлыг шийдэх гээд явж байна. Зүгээр суулгүй ажил бизнес хийж байгаа хүний хувьд ийм асуудлыг даван туулах шаардлага гардаг тул тогтмол цалин аваад өөр ажил бизнес хийж үзээгүй хүний хувьд энэ асуудлыг ойлгох ч үгүй санхүүгийн сахилга батгүй л гэж харах бизээ. Сургалтын төлбөр болох багахан мөнгөөрөө зээлтэй газрууддаа бага гэлтгүй төлбөр хийж байсан бөгөөд Т бнаас авсан 30,000,000 төгрөгийн зээлээс үндсэн зээлээс 8,061,196 төгрөг, хүүнээс 10,546,447 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 582,763 төгрөг буюу нийт 19,190,407 төгрөгийг 2023 оны 3 сарын 23-ны өдрийг хүртэл төлсөн. Хугацаандаа төлбөрөө төлж чадаагүйгээс болоод Т бинд төлсөн болон төлөх ёстой нийт төлбөр 54,566,941 төгрөг болсон байна. Тус банк миний төлсөн 19,190,407 төгрөгийг хасаад надаас нийт 35,376,534 төгрөг нэхэмжилжээ. Үүнээс 22,000,000 төгрөгийн үндсэн төлбөр, 3,000,000 төгрөгийн хүү нийт 25,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу барьцаа хөрөнгө болох ВМW Х6 загварын 2008 онд үйлдвэрлэсэн миний автомашиныг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Энэ автомашиныг би 2017 онд 92,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Энэ машин нь өнөөдрийн байдлаар 15,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатайгаар хөдөлгөөнд оролцох боломжгүй байгаа бөгөөд үнэхээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тохиолдолд үнэлгээг гаргуулан үнийн дүн дээр тохиролцон ажиллах ёстой гэж бодож байна. Мөн тухайн банк нийгмийн хариуцлагын хүрээнд хэдийгээр зээлдэгч нараас зээлийн төлбөрийг хүү алдангитай нь тооцох нь зөв боловч давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үеийн төлбөр тооцоог мөн олон хүүхэдтэй амьдралын төлөө зүтгэж яваа ганц бие ээж хүн, бизнес эрхлэгч хүн, харилцагч байгууллагуудаас болж яаж өр зээлд орж хэрхэн тэр асуудлаа зохицуулах гэж амьдарч байгаа талаараа банкиндаа тухайн үед дор бүр нь хэлж байсаныг харгалзан үзэж, харилцагч нартаа өндөр хүү алданги авч санхүүгийн дарамтыг нэмэж өгөх бус, өөрсдийн төлөвлөгөө ажлын үзүүлэлтийг чухалчилахаасаа илүүтэйгээр хүн ёсны боловсрол хүний мөн чанар гаргаж байгаасай гэдгийг харилцдаг банкиндаа хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Гэрээ хууль дүрэм гэж байдаг ч гэсэн та бүхний энэ их өндөр хүүтэй зээлийн санхүүгийн асуудал зээлдэгч нараа хүнд байдалд оруулсанаас болоод, амь насаа хохироох хүртэл эрсдлэлд оруулж байгааг цаашдаа анхаармаар санагдсан тул заавал хэлэх хэрэгтэй гэж үзлээ. Мөн тус зээлийг би өөрөө дангаар зарцуулан ашигласан бөгөөд энэхүү зээл төлбөртэй холбоотой асуудлаас хамтран зээлдэгч буюу хариуцагч Л.Г-г холбогдолгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Л.Г шүүхэд хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би дүүдээ туслахын тулд л зээлийн гэрээнд гарын үсэг зурж өгсөн. Зээлийн гэрээний дагуу мөнгийг би авч ашиглаагүй.Л.О нь 100 хувь авч хэрэглэсэн тул би зээлийг төлөхгүй. Энэ зээлийн асуудлаас болж би Монгол банкны хар дансанд орж өөрөө банкнаас зээл авч чадахгүйд хүрч банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авч байна. Иймд надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

4.1 нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, нотариатын төлбөр төлсөн баримт, зээлдэгчийн анкет, мемориалын баримт, барьцаат зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээ,Л.Оээс банкинд гаргасан хүсэлт, зээлийн дансны үлдэгдлийн баталгаа, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд,

4.2 хариуцагч нараас гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т б ХХК нь хариуцагчЛ.О, Л.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,366,034 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчЛ.О 25,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, хариуцагч Л.Г нь бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

2. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Т б ХХК болон хариуцагчЛ.О, Л.Г нар 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Т б ХХК нь 30,000,000 төгрөгийг авто машины зээлийн зориулалтаар жилийн 21.60 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлдүүлэх,Л.О, Л.Г нар нь тохирсон хугацаанд хуваарийн дагуу зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 12-14 дугаар тал/

 

3.1 Мөн талууд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, зээлдэгчЛ.О нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 0000 УБО улсын дугаартай, ВМW Х6 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж, Т б ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бичгээр байгуулсан гэрээ, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон.

 

3.2 Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т заасан фидуцийн гэрээний харилцаа тус тус үүсчээ.

 

3.3 Зохигчид зээлийн гэрээний зүйл болох 30,000,000 төгрөгийг зээлдэгч нарт зээлдүүлэгчээс хүлээлгэн өгсөн эсэх талаар маргаагүй ба хэргийн 4 дүгээр талд авагдсан мемориалын баримтаар зээлдэгчЛ.Оийн эзэмшлийн дансанд 30,000,000 төгрөгийг орлого гэх гүйлгээний утгаар нэхэмжлэгч Т б ХХК-иас шилжүүлжээ.

 

4. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагчЛ.О, Л.Г нар нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг ашигласан хугацааны хүүгийн хамт 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд сар бүр 910,623 төгрөгөөр төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна.

 

4.1 Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

4.2 Хариуцагч буюу зээлдэгчЛ.О, Л.Г нар нь зээлийн төлбөр төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, зээл, хүүгийн төлбөрт нийт 19,190,407 төгрөгийг төлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 01 дүгээр сараас хойш зөрчсөн үйл баримтад талуудын хэн аль нь маргаагүй. Уг үйл баримт нь зээлдэгчийн дансны хуулга, зээл, хүүгийн тооцооллын хүснэгтээр тогтоогдсон. /хх-ийн 17-23, 31-33 дугаар тал/

 

4.3 Нэхэмжлэгч Т б ХХК-иас зээлдэгч нарыг зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийгЛ.От удаа дараа өгч, мэдэгдэж байсан болох нь зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдээр тогтоогдсон. Мөн зээлдэгчЛ.Оээс Т б ХХК-д бичгээр ...бусдаас авах авлагаа аваад зээлээ бүрэн төлж дуусгана. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл шүүхэд шилжүүлэхгүй хүлээж туслана уу гэх хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан байна. /хх-29 дугаар тал/

 

4.4 Гэвч Т б ХК-иас хугацаа олгосон байх боловч үр дүн гараагүй, гэрээний хугацаа нэгэнт дууссан байх тул нэхэмжлэгч нь гэрээний хугацааны хүү болон гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн байна.

 

5. ХариуцагчЛ.О нь зээлийн гэрээний үндсэн үүрэг 21,938,803 төгрөг үлдсэн үйл баримтад маргаагүй. Харин зээлийн хүүд нийт 3,000,000 төгрөгийг төлнө, ингээд нийт 25,000,000 төгрөгийг төлнө гэж маргаж байна. Уг тайлбарын үндэслэлээ ...ковидын улмаас хөл хорио тогтоож, бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлийн төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Ковидын үед зээлийн хүүгээс чөлөөлөгдөх ёстой. Ганц бие ээж тул банк нийгмийн хариуцлагын хүрээнд өрх толгойлсон эмэгтэйг зээлийн хүүгээс чөлөөлөх ёстой гэж тайлбарласан.

 

5.1 Гэвч хариуцагч нарыг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна өрх толгойлсон эмэгтэйг зээлийн төлбөрөөс чөлөөлөх тухай хууль, журам гараагүй тул шүүх энэ үндэслэлээр зээлийн төлбөрөөс хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Мөн хариуцагч нарын авсан зээлийн гэрээний зориулалт нь авто машины зээл байх тул Ковидын үеийн хугацааны хүү зогсоох зээлийн төрөлд хамаарахгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

6. Хамтран зээлдэгч Л.Г зээлийн гэрээний үүргээс чөлөөлүүлэх агуулга бүхий тайлбарыг гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Зээлийн гэрээнд хариуцагч Л.Г нь хамтран зээлдэгчийн хувиар гарын үсэг зурж, гэрээ байгуулсан байна. Тэрээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид байна. Иймд нэхэмжлэгч Т б ХХК нь хамтран хариуцагч Л.Гд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахгүй байгаа тохиолдолд шүүх түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

7. Иймд хариуцагчЛ.О, Л.Г нараас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 21,938,803 төгрөг, хүүд 12,595,966 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 831,264 төгрөг, нотариатын зардалд 10,500 төгрөг нийт 35,376,534 төгрөгийг гаргуулж, Т б ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1,453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ гэж үзлээ.

 

6. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

6.1 Фидуцийн гэрээний агуулга нь зээлийн мөнгөн хөрөнгийг шаардахгүй тохиолдолд өмчлөлийн зүйлээр хангуулах эсхүл автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч өөрөө худалдан борлуулахаар шаардлага гаргаж болно. Дээрх хоёр шаардлагыг нэг дор гаргах боломжгүй бөгөөд мөнгөн хөрөнгийг гаргуулах шийдвэр гаргаж байгаа учраас фидуцийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзнэ.

 

6.2 Фидуцийн гэрээний дагуу 0000 УБО улсын дугаартай, ВМW Х6 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрх нэхэмжлэгч Т б ХХК-д бүртгэгдсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчээс гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

6.3 Нэхэмжлэгч нь барьцаат зээлийн гэрээний зүйл болох зурагт, хөргөгчөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй, шүүх хуралдаанд энэ талаар тодруулахад зураг, хөргөгчөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 35,376,534 төгрөгт ногдох 334,781 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

7.1 Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагадаа төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар дутуу төлсөн 70,200 төгрөгийг Т б ХХК-иас нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 235 дугаар зүйлийн 235.1-д заасныг тус тус баримтлан хариуцагчЛ.О, Л.Г нараас 35,376,534 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т б ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 334,781 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ