Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2023/01963

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 18

101/ШШ2023/01963

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0000 Р к хотхонд байрлах, Р к сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Э.А /рд:0000/-д холбогдох, 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 9,420,000 төгрөг, хохиролд 70,200 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай Р к СӨХ нь 2006 онд байгуулагдаж, 2014 онд Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлийн гэрчилгээ авсан. Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах Зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн УЗ/02 дугаар хурлын тогтоолоор Р.Б гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. 2006 онд Сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн анхдугаар хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал буюу сууц өмчллөгчдийн төлбөрт айл тус бүр, сар тутам 170,000 төгрөг төлж байхаар тогтоосныг өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж байгаа билээ. 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/04 тоот Удирдах зөвлөлийн шийдвэрээр гэрийн тэжээвэр амьтантай оршин суугчаас сард 20,000 төгрөг авч байхаар тогтоосон. Мөн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн БГ/03 тоот Бүх гишүүдийн хурлын тогтоолоор сар бүр авто зогсоолын төлбөр нэг зогсоолоос 20,000 төгрөг авч байхаар тус тус тогтоосон. Гэтэл 101 дүгээр байр 402 тоотод орон сууцыг өмчлөгч Э.А нь 2018 оны 08 сараас 2022 оны 11 сар хүртэл хугацаанд удаа дараа мэдэгдсэн боловч СӨХ-ны төлбөрийг төлөхгүй одоо хүртэл хохироож байна.

Э.А нь -2018 оны 9, 10, 11, 12 дугаар сарын төлбөр нийт 810,000 төгрөг,

-2019 оны 1-12 дугаар сар хүртэл нэг сарыг 170,000 төгрөгөөр тооцож 2,040,000 төгрөг дээр, тэжээвэр амьтаны төлбөр 1 сарын 20,000 төгрөг буюу 1-12 дугаар сарын 240,000 төгрөг, нийт 2,280,000 төгрөг,

-2020 оны 1-12 дугаар сар хүртэл нэг сарын 170,000 төгрөгөөр тооцож, 2,040,000 төгрөг дээр, тэжээвэр амьтаны төлбөр 1 сарын 20,000 төгрөг буюу 1-9 дүгээр сарын 180,000 төгрөг, нийт 2,220,000 төгрөг,

-2021 оны 1-12 дугаар сар хүртэл нэг сарыг 170,000 төгрөгөөр тооцож 2,040,000 төгрөг,

-2022 оны 1-11 сар хүртэл нэг сарыг 170,000 төгрөгөөр тооцож 1,870,000 төгрөг, 2 ширхэг автозогсоолын төлбөрт 1 зогсоолыг 20,000 төгрөгөөр тооцож 7-11 сарын 200,000 төгрөг, нийт 2,070,000 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд Э.Агээс Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт нийт 9,420,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн манай СӨХ нь 2021 оны 07 сард хариуцагч Э.А-ээс СӨХ-ны төлбөр авахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад оршин суух хаягтаа байхгүй байсан тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2022/0000 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн. Эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахын тулд улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлж хохирсон тул уг мөнгийг мөн гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа:

Сууц өмчлөгдийн холбооны төлбөр нь гэрээний эрх зүйн харилцаа бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байгаа юм. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлд холбооны дүрэмд зайлшгүй тусгах шаардлагатай зүйлсийг тусгасан байна. Гэтэл тус Сууц өмчлөгдийн холбооноос гаргаж өгсөн дүрэмд тус хуулийн 6.1.6-т ... зардлыг санхүүжүүлэхэд оролцох журмыг огт тусгаагүй мөн тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-т заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбоотой зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлээгүй тул дээрх нэхэмжлэл нь хуульд заасан үндэслэл бүхий биш байна. Э.А нь хэзээ ч гэртээ амьтан байлгаж байгаагүй байхад тэжээвэр амьтаны төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Мөн 2 авто гараашгүй, нэг л авто гарааш эзэмшдэг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 Нэхэмжлэгчээс гаргасан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг, тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/0000 дүгээр шийдвэр, гэрчилгээ, дүрэм, гүйцэтгэх захирал томилох тухай тушаал, оршин суугчдын анхдугаар хурлын тэмдэглэл, Бүх гишүүдийн хурлын тогтоол, хавсралт, мэдэгдэл, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, гараар бичсэн бичвэр, төлбөрийн тооцоо, Удирдах зөвлөлийн тогтоол, кассын орлогын ордерын баримтууд,

3.2 Хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р к сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Э.Ад холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 9,420,000 төгрөг, хохиролд 70,200 төгрөг тус тус тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

2. Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

3. Р к сууц өмчлөгчдийн холбоо нь 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа болох нь Оршин суугчдын анхдугаар хурлын 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 тоот тэмдэглэлээр тогтоогдож байна.

3.1 Дээрх хуралдаанаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээнд зориулан 1 айл өрхөөс сарын 170,000 төгрөгийн хураамж авахаар тогтоосон байна. 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд дээрх хураамжид өөрчлөлт ороогүй, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, жижүүр, хогны төлбөр, нийтийн эзэмшлийн цахилгааны төлбөрт нийт 1 сард 170,000 төгрөгийг төлж ирсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.

3.2 Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

3.2.1 Дээрх хуульд заасанд нийцүүлэн нийт оршин суугчдын 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн анхдугаар хурлаар 1 сард 170,000 төгрөг төлж байхаар тогтоож хуралдааны тэмдэглэл гарсан байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тогтоол гарах ёстой, зардал хуваариласан тогтоол гаргаагүй тул дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг шаардах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй.

Бүх гишүүдийн хуралдаанаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг хуралдааны тогтоол хэлбэрээр биш тэмдэглэлээр гаргасан нь шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Мөн хариуцагч нь сард 170,000 төгрөгөөр тооцож дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг төлж ирсэн байна.

4. Хариуцагч Э.А нь Р к хотхон 101 дүгээр байр, 402 тоотод байрлах орон сууцны өмчлөгч мөн болох үйл баримтад маргаагүй, өөрөө уг орон сууцанд амьдардаг болох нь түүний шүүхэд гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг, нэхэмжлэлийн хувь гардан авсан баримтад түүний мэдүүлсэн хаяг зэргээр тогтоогдож байна.

4.1 Нэхэмжлэлээр шаардсан 2018 оны 09 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг төлсөн болохоо хариуцагч Э.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримт гаргаж нотлоогүй.

4.2 Хариуцагч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын нэг үндэслэлээ болгон маргасан.

4.2.1 Нэхэмжлэгч Р к сууц өмчлөгчдийн холбоо нь анх шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Э.Ад холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардал шаардаж нэхэмжлэл гаргасан болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2021/0000 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. /хх-29-30/

Тус шүүгчийн захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/0989 дүгээр шийдвэрээр Э.Аг эрэн сурвалжилж, түүний оршин суух хаягийг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэжээ. /хх-7/

Цагдаагийн байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Э.Агийн оршин суух хаягийг тогтоосон байна. /хх-5/

4.2.2 Нэхэмжлэгч анх 2021 оны 12 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаснаар үүнээс хойшхи хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дугаар зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар тасалдсан байна. Иймд 2021 оны 12 дугаар сараас хойшхи төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй бөгөөд үүнээс өмнө хугацааны төлбөрийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ.

4.3 Иймд нэхэмжлэгчийн 2018 оны 09, 10, 11 дүгээр сарын төлбөр нэхэмжилсэн хэсгийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2018 оны 12 дугаар сараас хойшхи төлбөрийг гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

4.4 Р к сууц өмчлөгчдийн холбооны Бүх гишүүдийн хурлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн БГ/03 тоот тогтоолоор нэг автомашины зогсоолоос сард 20,000 төгрөгийг төлбөр авахаар, мөн холбооны Удирдах зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/04 тоот тогтоолоор тэжээвэр амьтантай оршин суугаас сард 20,000 төгрөгийн төлбөр авахаар тус тус шийдвэрлэсэн байна. /хх-15, 67/

4.4.1 Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Аг тэмжээвэр амьтан буюу нохойтой байсан гэж тэжээвэр амьтаны төлбөрийг шаардсан боловч хариуцагч нь тэжээвэр амьтантай хэзээ ч байгаагүй гэж маргасан. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчийг тэжээвэр амьтантай байсан болохыг нотлох шаардлагатай ба хэрэгт энэ талаар баримт гаргаж өгөөгүй. Сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчдын тэжээвэр амьтаны бүртгэлийг хөтөлж байгаагүй болохоо шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан.

4.4.2 Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг 2 ширхэг авто зогсоол эзэмшдэг гэж зогсоолын төлбөр нэхэмжилсэн боловч үүнтэй холбоотой баримтаа хэрэгт цуглуулж өгөөгүй. Зогсоолын бүртгэл хөтөлдөггүй болохоо мөн шүүх хуралдаанд тайлбарласан. Хариуцагч нь шүүх хуралдаанд 1 авто зогсоол эзэмшдэг болохоо тайлбарлаж байх тул зогсоолын төлбөрийг хариуцагчийн тайлбарласнаар 1 авто зогсоолын үнээр тооцох үндэслэлтэй байна.

5. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Э.Агийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд нийт төлвөл зохих төлбөрийг тооцож үзвэл:

-2018 оны 12 сарын төлбөрт 170,000 төгрөг,

-2019 оны 1-12 сар хүртэл 2,040,000 /170,000 х 12 сар/ төгрөг,

-2020 оны 1-12 сар хүртэл 2,040,000 /170,000 х 12 сар/ төгрөг,

-2021 оны 1-12 сар хүртэл 2,040,000 /170,000 х 12 сар/ төгрөг,

-2022 оны 1-11 сар хүртэл 1,870,000 төгрөг, 1 авто зогсоолын төлбөр 7-11 сар хүртэл 100,000 төгрөг /20,000 х 5 сар/, нийт 8,260,000 төгрөг байна.

 

5.1 Хариуцагчийг дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлаа төлөх үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүний оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахын тулд улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/0989 дүгээр шийдвэрээр тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

5.2 Иймд хариуцагч Э.Агээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 8,260,000 төгрөг, хохирол 70,200 төгрөг, нийт 8,330,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р к сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэв.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Р.Б нь Р к сууц өмчлөгчдийн холбооны даргаар хууль бусаар томилогдсон тул сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөхгүй гэх тайлбар гаргасан нь үндэслэлгүй байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга Р к сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар Р.Б-г даргаар үргэлжлүүлэн ажиллуулах тогтоолыг бүртгэж гэрчилгээ олгосон байна. /хх-8/

6.1 Нөгөө талаар, сууц өмчлөгчдийн холбооны даргаар хууль бусаар томилогдсон эсэх асуудал энэ хэрэгт хамааралгүй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8,330,200 төгрөгт ногдох 148,233 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Агээс 8,330,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р к сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,160,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 165,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 148,233 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ