| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдорж Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/0107/э |
| Дугаар | 2025/ШЦТ/108 |
| Огноо | 2025-09-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан
улсын яллагч Б.Ануужин
шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. овогт Д-ын Уд холбогдох эрүүгийн 2517000000107 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн нөхөн сэргээлт чиглэлийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав ээжийн хамт Говьсүмбэр аймгийн ....... сумын .......дүгээр баг, ..... байранд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Б овогтой Д-ын У /РД:............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Б овогт Д У /РД:........../ нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дрийм” гэх нэртэй үйлилгээний газрын гадна машины зогсоолд хохирогч Э.Атэй үл ялиг зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогчийг үсдэх, гараараа цохих зэргээр зодож биед нь зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Шүүгдэгч Д.Угийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/
2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/
3. Хохирогч Э.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
3.1. “...Би 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр миний сурдаг Политехник коллежийн намрын спартикад зохион байгуулагдсан ба тэмцээнд оролцож дуусаад орой 22:00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Дрийм” гэх нэртэй газар руу хамт сурдаг хүүхдүүд болох У, М., Н. нарын хамт бид 4 орсон. Бид нар 0,5 литрийн савлагаатай 8 лааз пиво худалдан авч ууцгаасан ба оройн 23:00 цагийн орчимд У гэртээ харихаар болж, би түүнийг дагуулан тухайн газраас гарсан. Д.У согтуу байсан болохоор надтай хэрүүл маргаан хийж, “Чи манай найз залууг юу гээд байгаа юм” гэж хэлээд миний үснээс 2 гараараа ээлжлэн зулгааж, миний нүүр рүү гараараа 3-5 удаа цохисон, машин дотроос найз залуу нь гарч ирээд Уг машинд суулган авч явсан, би зодуулсандаа гомдолтой байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/
3.1. “...Би 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр оройн 23:00 цагийн үед найз охин болох Д.Уг авахаар Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байх Дрийм гэх нэртэй рестораны гадаа очсон. Манай найз охин У, түүний найз Э.А нар гарч ирсэн ба миний машинд сууж байгаад тэр хоёр хоорондоо маргалдаж, улмаар машинаас бууж, Д.У нь Э.Аийн үснээс нь гараараа цохиж надад харагдсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
4. Гэрч Э.М. мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
4.1. “... У, А хоёр гараад ойролцоогоор 5 орчим минутын дараа А уйлчихсан байдалтай Нинж бид хоёрын сууж байсан газар руу орж ирсэн. Тухайн үед Аийн зүүн нүд болон нүүр нь хавдчихсан байсан, үс нь арзайчихсан байсан. Тухайн газраас гарахад гадаа машины хажууд Уг найз залуу болох Э. нь тэвэрчихсэн зогсож байсан. Д.У бид нар луу дайрч орилоод байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
5. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ГОС0725/201 дугаар дүгнэлтэд:
Э.Аийн биед зүүн нүдний зовхинд, баруун гарын бугуйнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
Зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
Баруун гарын бугуйнд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 21-22 дугаар хуудас/
6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/
7. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Д.Уг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.У нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, тухайн гэмт хэргийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Прокуророос шүүгдэгч Д.Угийн гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч нь шүүх хуралдаанд оролцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.У нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Угийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд, шүүгдэгч Д.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогтой Д У /РД:......../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б. овогтой Д У /РД:......./-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА