Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 79

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 

Улсын яллагчаар орлогч прокурор Н.Эрдэмбилэг,

Хохирогч С.Батсайхан,

Шүүгдэгч Ш.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Ц холбогдох эрүүгийн 1730000650038 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, 1978 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эхнэр хүүхдийн хамт Нисэхийн задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЛЖ78092812, Баяр овгийн Ш.Ц

 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Ш.Ц нь Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр эхнэр С.Батсайхантай маргалдаж түүний эрүүл мэндэд баруун гарын шуу ясны цууралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

  - Шүүгдэгч Ш.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 08 сарын 31-ний өдөр би хөдөө яваад 13 цагийн үед хөдөөнөөс ирэхэд эхнэр ажлынхаа хүмүүстэй халамцуу ирсэн. Би ажил төрөл амжихгүй байхад архи ууж явлаа гээд түлхсэн. Эхнэр газар унасан. Тэгээд би хөдөө явсан. Эхнэр ахынх руугаа явсан. Эхнэрийн гар гэмтсэнийг 09 сарын 02-ны өдөр мэдсэн. Түүний биед учирсан гэмтлийг би учруулсан. Би эхнэртэйгээ сайн дураараа эвлэрсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байна... гэв. 

 

- Хохирогч С.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Бид эвлэрсэн гомдолгүй ... гэв.

 

- Хохирогч С.Батсайханы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ээлжийн жижүүрийн ажлаасаа буугаад цалингийн зээл хийх мөнгө хайж байгаад нэг газар ажилладаг Золжаргал, Гэрлээ нараас мөнгө зээлээд Төрийн банкинд очиж зээлээ төлсөн. Тэндээс гараад ажлынхаа газрын Ганчимэг, Гэрлээ, Золжаргал нартай цайны газарт очиж хоол идчихээд тэндээ 0.75 литрийн Ерөөл нэртэй архи нэг шилийг хувааж уугаад ажлынхаа газрын Лхагва гэдэг залууг дуудаж гэртээ хүргүүлэх үед манай нөхөр Ш.Цоггэрэл нь хөдөөнөөс Боролзой, Баярсайхан ах нартай хамт ирж таарсан. Тэгээд манай нөхөр Ш.Цоггэрэл нь намайг ажлаа тараад архи ууж явлаа гэж загнаад байхаар нь “би ажлаа амжуулж л яваад ирлээ” гэж маргалдсан. Тэгээд Цоггэрэл нь надтай цуг явж байсан хүмүүсийг наад новшийгоо аваад зайл, ахынд нь хүргэж өг гээд миний гар цүнхийг булаагаад авахаар нь би цүнхээ авах гээд очиход намайг түлхээд унагаасан. Тэр үеэр Боролзой ах бидний голоор орж салгасан. Би газарт ойчихдоо гараараа газарт хүчтэй тулаад унасан. Босоод ирэхэд гар янгинаж өвдөж байсан. Тухайн үед би гараа тулгачихсан гэж бодоод өнгөрсөн. Тэгээд цуг явсан хүмүүсээрээ төрсөн ах Гантулгынд хүргүүлээд тэднийд амралтын 2 өдөр байсан. 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө эмнэлэгт ажилдаа ирээд гараа үзүүлэхэд цуурсан хугарсан байна гэсэн. Сүүлд аймагт ирээд рентген зураг авахуулахад цуурсан байна гэсэн онош гарсан. Манай нөхөр Цоггэрэл нь намайг өмнө нь зодож байгаагүй. Харин 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр намайг түлхэж унагаагаад миний гарыг гэмтээсэн асуудал болсон.  Миний баруун гар шуу ясны цууралттай байна. Надад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-04/, 

 

- Гэрч Д.Боролзойгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 04:00 цагийн орчимд Баярсайхан, Цоггэрэл бид 3 малжуулах төслийн мал цуглуулах ажилтай Портер маркийн машинтай Онгон сумын 3 дугаар багийн айл өрхөөр яваад өдөр 13:00 цагийн орчимд сумын төвд ирсэн. Сумын төвд ирээд Цоггэрэлийн хашаанд ирэх үед урдаасаа жижиг цагаан машинтай хүмүүс мөн тэдний хашаанд ирсэн. Тэр машин дотроос Цоггэрэлийн эхнэр Батсайхан нь хамт ажилладаг хүмүүсийн хамтаар нилээн халамцуу бууж ирэхэд Цоггэрэл нь Батсайханыг чи муу архи уучихсан байна гээд загнаж байсан. Цоггэрэл нь Батсайханаас цүнх авах гээд байгаа бололтой маргалдаад хэрэлдэж байснаа түлхээд унагаасан. Тэр үед нь би голоор нь орж та нар чинь яаж байгаа хүмүүс бэ больцгоо гэж хэлэхэд Цоггэрэл нь Батсайхантай цуг яваа хүмүүст архичингаа аваад зайл гэж хэлсэн. Тэгээд жижиг цагаан машинтай хүмүүс явцгаасан. Түүний дараа бид 3 машинд ачсан малаа хөдөө айлд буулгах гээд явсан” ...гэх мэдүүлэг / хх- 09/,

 

- Гэрч У.Лхагвын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үдийн амралтаар гэртээ хоолоо идчихээд ажил руугаа явах гэж байхад манай ажлын Гэрлээ эгч над руу залгаж хуушуурын гуанзанд хүрч ирээд биднийг гэр лүү хүргэж өгөөч гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө 58-68 СҮА улсын дугаартай Марк-2 маркийн машинтай ирээд Батсайхан эгч, Гэрлээ эгч, Золжаргал эгч, Ганчимэг эгч нарыг аваад Батсайхан эгчийг гэрт нь буулгаж өгөх гээд явсан. Биднийг Батсайхан эгчийн гэрийн гадаа очиход түүний нөхөр нь ирчихсэн байсан. Тэгээд машинд байсан хүмүүс буухад Ш.Цоггэрэл ах Батсайхан эгчийн цүнхийг булааж авах гээд хэрэлдэж маргалдаад байсан. Би машинаас буугаагүй учраас яг юунаас болж хэрэлдэж маргалдсан талаар мэдэхгүй байна. Ш.Цоггэрэл ах Батсайхан эгчийг түлхэж байсан”...гэх мэдүүлэг / хх-08 /,

 

- Гэрч С.Ганчимэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 11:00 цагийн орчим эмнэлэгт цуг ажилладаг Батсайхан, Золжаргал, Гэрлээ нартай банкны үүдэнд таараад бид нар цуг хуушуур идэх гэж цайны газар луу явсан. Цайны газарт очоод 2 хуушуур идсэний дараа Батсайхан нь архи уух уу гээд 1 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи аваад 4-үүлээ уусан. Тэгээд гуанзнаас гарахдаа ажлынхаа нярав Лхагваагаар хүргүүлэхээр болсон. Лхагва ирээд бид бүгдээрээ Батсайханыг гэрт нь буулгаж өгөх гээд тэднийд очиход нөхөр нь ирж таарсан. Машинд цуг ирсэн хүмүүс машинаас буусан. Би машинд үлдээд утсаар ярьчихаад гарч ирэхэд Ш.Цоггэрэл нь Батсайханыг түлхээд унагааж байсан. Тэгээд би буцаад машинд суугаад гараагүй. Тэгтэл нэг их удаагүй машинд цуг ирсэн хүмүүс бүгдээрээ машинд суугаад Батсайханыг Гантулга ахынд нь хүргэж өгсөн” ...гэх мэдүүлэг / хх- 07/,

 

- Гэрч Х.Золжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 08 сарын 31-ний өдөр 11:00 цагийн орчим эмнэлэгт цуг ажилладаг Батсайхан над руу ярьж би үдээс хойш банкнаас зээл авна. Үдийн өмнө надад мөнгө хэрэгтэй байна туслаач гэхээр нь би Төрийн банкны АТМ-аас өөрийнхөө данснаас 500.000 төгрөг авч өгчихөөд явах гэтэл манай ажлын Гэрлээ, Ганчимэг хоёртой банкны гадаа таараад бид нар цуг хуушуур идэх гэж хуушуурын гуанзруу явсан. Тэгэхэд Батсайхан ажил бүтээж өгсөн эгч нартаа баярлалаа гээд 1 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи авч дөрвүүлээ уусан. Тэгээд гуанзнаас гарахдаа ажлынхаа нярав Лхагвааг дуудаж хүргүүлэхээр болсон. Лхагва ирээд бид бүгдээрээ Батсайханыг гэрт нь буулгаж өгөх гээд тэднийд очиход нөхөр нь ирж таарсан. Тэгээд биднийг машинаас буухад Ш.Цоггэрэл нь Батсайханыг ажлаа тараад гэртээ ирсэнгүй архи уугаад явлаа гээд загнахад Батсайхан нь өөдөөс нь би хүүхэд рүүгээ мөнгө шилжүүлээд ажлаа бүтээж яваад ирсэн гээд хоорондоо маргалдаад хэрэлдсээд байж байхад Ш.Цоггэрэл нь Батсайханыг мөр дал хавьцаа 1 удаа цохисон. Цоггэрэл нь Батсайханаас цүнхийг нь булаагаад авсан байсан бөгөөд Батсайхан нь цүнхээ авна гээд ойртоод очиход нь түлхээд унагаасан. Тэгээд Цоггэрэл нь та нар наад новшийгоо аваад зайл ах нарт нь хүргэж өг гэхээр нь бид нар Батсайханыг аваад Гантулга ахынд нь хүргэж өгөөд харьцгаасан”...гэх мэдүүлэг / хх-06 /,

 

- Гэрч Ш.Ц хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би Онгон сумын 3 дугаар багийн иргэн С.Батсайхан гэдэг хүнтэй гэр бүл болоод 18 жил болж байгаа юм аа. 2017 оны 08 дугаар сарын 31-нд би Онгон сумын малжуулах төслийн мал цуглуулах ажилтай Боролзой ах болон Баярсайхан /Боргил гэж дууддаг /ах нарын хамтаар 2017 оны 08 дугаар сарын 31-ний өглөө үүрээр 04:00 цагт хөдөөгүүр яваад өдөр 13:00 цагийн орчимд сумын төвд гэртээ ирэхэд манай руу жижиг цагаан өнгийн суудлын автомашин ирж байсан. Дотроос нь эмнэлгийн ажилчид гарч ирсэн ба манай эхнэр С.Батсайхан нь эмнэлэгт цуг ажилладаг гэх 3 эмэгтэйгийн хамтаар халамцуу ирсэн. Тэгэхээр нь би чи муу ер нь өр ширээ дийлэхгүй байж хажуугаар нь бас архи ууж явлаа гэж хэлээд машинаас гаргаж ирээд цүнхийг нь булааж авсан. Гэтэл манай эхнэр цүнхээ надаас авах гээд гүйгээд ирэхээр нь өөдөөс нь түлхчихсэн юм. Тэгэхэд манай эхнэр газар унаад босож ирээд бид 2 хоорондоо хэрэлдсэн. Тэгээд би авч ирсэн хүмүүст нь наад новшоо аваад зайл ах нарт нь аваачиж өг гэж хэлээд явуулсан. ...Түүнээс хойш уулзаагүй байж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө гэртээ хувцсаа солих гээд ирэхэд нь уулзахад гар хугарсан гэж яриагүй байж байгаад ажилдаа ирсэн хойноо миний баруун гар хугарсан байна шохойдоод боолгож байна гэж хэлсэн. ...Би өмнө нь эхнэрээ зодож байгаагүй ээ. Хэл амаар доромжилж байсан асуудал байгаа. Гэхдээ би ганцаараа доромжилдоггүй намайг бас удам судраар минь орж доромжилдог. ...Сүүлд 2017 оны 09 сарын 02-нд буюу өнөөдөр манай эхнэр эмнэлэгт ирээд гар хугарсан байна боолт хийлгэж байна гэснээр гар нь хугарсан талаар нь мэдсэн. 2017 оны 08 сарын 31-ны өдөр хэрүүл хийж байгаад цүнх булаацалдаад түлхэхэд манай эхнэр ойчсон. Тухайн үед гэмтэл авсан байх” ...гэх мэдүүлэг / хх-10-11 /,

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 325 дугаартай “1. С.Батсайханы биед баруун гарын шуу ясны цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-14/,  

 

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-1/

 

- Хүний их эмч У.Баатарын 2017.09.02-ны өдрийн тодорхойлолт /хх-15/

 

- Сүхбаатар аймгийн Онгон сумын 3-р багийн Засаг даргын 2017.09.07-ны өдрийн 145 дугаартай тодорхойлолт /хх-24/

 

- Ш.Ц Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/ 

 

- Ш.Ц иргэний үнэмлэхийн хуулбар /хх-25/

 

- Шүүгдэгч Ш.Ц Сүхбаатар аймгийн Прокурорын газарт 2017.09.07-нд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-31 / 

 

- Хохирогч С.Батсайханы Сүхбаатар аймгийн Прокурорын газарт 2017.09.07-нд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-30/

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017.09.08-ны өдрийн 5/04 дугаартай Прокурорын тогтоол /хх- 35/ зэргийг шинжлэн судлав.

 

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Цоггэрэлд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

  Шүүгдэгч Ш.Ц-нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 13.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэрийн гадна гэр бүлийн маргаан улмаас эхнэр С.Батсайханыг түлхэн унагаж “ баруун гарын шуу ясны цуралт “ бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ш.Цоггэрэлийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Х.Золжаргал, С.Ганчимэг, У.Лхагва, Д.Боролзой нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 325 дугаартай дүгнэлт, Хүний эмч У.Баатарын 2017.09.02-ны өдрийн тодорхойлолт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүх Ш.Ц гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. 

Тэрээр бусдыг түлхэж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнийг түлхэснээр унаж бэртэх, гэмтэл авахыг ухамсарлаж ойлгосон атлаа санаатай түлхэж унагасан болох нь хохирогч С.Батсайханы “ Би цүнхээ авах гээд очиход өөдөөс хүчтэй түлхэж унагасан. Би газар ойчихдоо баруун гараараа тулаад унасан, босоод ирхэд баруун гар янгинаж өвдөөд байсан “ гэх, гэрч Х.Золжаргалын “ Ш.Цоггэрэл Батсайханы мөр дал хавьцаа нэг удаа цохисон. Цоггэрэл Батсайханаас цүнхийг нь булааж авсан бөгөөд Батсайхан цүнхээ авна гээд ойртоод очиход нь түлхээд унагасан. Машинд суусны дараа Батсайхан миний баруун гар өвдөж байна гэж ярьж байсан” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдоно. 

Шүүгдэгч Ш.Ц холбогдох хэргийг зүйлчлэл тохирсон, түүнд холбогдох хэргийн байдлыг нотолж буй нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Ш.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ. 

 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэв.

  

Шүүгдэгч Ш.Ц үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч С.Батсайхан  шүүгдэгчтэй эвлэрсэн, хохирлын талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хохирогч С.Батсайханы хүсэлт/ хх- 30/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул хуульд заасны дагуу прокуророос сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Ш.Цоггэрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

    Шүүгдэгч Ш.Ц энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч С.Батсайхан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй болно.

 

 

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Баяр овогт Шаарийбуугийн Цоггэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ц 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ш.Ц хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ш.Ц оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Ялтан Ш.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч С.Батсайхан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ш.Цоггэрэлд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН