Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/14

 

П.М-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа,  О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв. 

 

Шүүх хуралдаанд:

                        прокурор Г.Лхагвасүрэн,

                        яллагдагчийн өмгөөлөгч Ч.Э,

                        нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.М-д холбогдох эрүүгийн 2030002930335 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19.... онд Сүхбаатар аймгийн БУ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., аав, ээжийн хамт Сүхбаатар аймгийн БУ сумын .... дүгээр баг, .......... тоотод амьдарч байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нас барсан П.М /РД:............./.

 

Яллагдагч П.М нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн үед Сүхбаатар аймгийн БУ сумын ..... дүгээр багийн .............. тоотод М.Б-г хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хутгаар хатгах, зүсэх зэргээр биед нь цээжний хөндийн зүүн 3, 4, 5  дугаар хавирганы завсраар нэвтэрч, зүүн уушгины доод дэлбэнгийн урд хажуу ирмэгийг нэвт хатгаж, үнхэлцгийн хөндийг зүүн дээд хэсгээр нэвтэрч, зүрхний зүүн чихэнцэрийн урд хэсгээр зүүн тосгуур руу нэвтэрч, зүүн ховдлыг нэвт хатгаж гэмтээсэн, цээжний зүүн хэсгийн олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий рүү нэвтэрч, өрц болон элэгний  зүүн дэлбэн, бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг, чацархай хэсгийг нэвт хатгаж гэмтээсэн, хэвлийн хэсгийн олон тооны хатгагдаж зүдэгдсэн шарх, хурц цус алдалт, цээж, хэвлий, үнхэлцгийн хөндий дэх цус хуралдалт, зүрх чихэлдэлт, зүүн гарын дунд хурууны зүсэгдсэн шарх бүхий олон тооны шарх үүсгэж, онц хэрцгийгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэн нь түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр шүүхийн тогтоолоор: Яллагдагч П.М-д холбогдох эрүүгийн 2030002930335 дугаартай хэргийг Сүхбаатар аймгийн Прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ

 

Хяналтын прокурор Г.Лхагвасүрэн бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгээс дүгнэхэд яллагдагч П.М нь өс хонзонгийн сэдэлтээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн байх боломжтой нөхцөл байдал тогтоогдсон. Мөн амь хохирогч М.Б-г дуудахад М гэрт нь яваад орох нь битгий хэл, нэг нүдээрээ ч үзэж чаддаггүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтад П.М нь өөрөө өөрийгөө хутгалж, өөртөө гэмтэл учруулах боломжтой гэж дүгнэсэн. Амь хохирогч М.Б нь тасарч унасан газартаа хутгалуулсан байдалтай нас барсан болох нь гэрч, шинжээч нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогддог. Харин яллагдагч П.М-н мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч Г.Г, С.Н, М.Б нарын мэдүүлгүүдээр няцаагддаг бөгөөд хэрэг болох үеийн 10-15 минутад төдийлөн анзаарах боломжгүй нөхцөлд “модон иштэй 2 ширхэг хутга” гэж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутганы тоо, хэв загварыг маш тодорхой дурдаж мэдүүлдэг зэргээр хутгыг амь хохирогч М.Б бус, харин яллагдагч М авч орж ирсэн болох нь тогтоогддог. Амь хохирогч М.Б нь М-г хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан гэх үйл баримтыг дан ганц яллагдагч мэдүүлдэг бөгөөд “прокурорт нэмэлт ажиллагаа хийлгэх, зүйлчлэл өөрчлүүлэх, хохирогчоор тооцуулах тухай” яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад мөн оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай тогтоолоор хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэсэн. Харин хэргийн зүйлчлэл өөрчлөх, П.М-г хохирогчоор тогтоох нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж прокуророос албан ёсны хариу хүргүүлсэн. Амь хохирогч М.Б нь 6.5 промилл спиртийн агуулга бүхий согтолтын хүнд зэрэгтэй, унтаад үлдсэн газартаа нас барсан, гадаа гарч хүн дуудах үйлдэл хийгээгүй, хутга өөртөө авч яваагүй болох нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдсон учраас яллагдагч П.М нь өөрийн амийг хороох зорилгоор өөртөө гэмтэл учруулсан байх магадлалтай байна. Амь хохирогч нь яллагдагч П.М-г хутгалсан болохыг гэрчилсэн баримт байхгүй, хангалттай нотлогдоогүй, энэ тухай хэрэгт шинэ нөхцөл байдал илрээгүй тул яллагдагчийг хохирогчоор тогтоогоогүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчоор тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ нь шүүхэд байсан болно. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой байхад прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн 04 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэнээ дэмжиж байна гэв.

           

Яллагдагчийн өмгөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн хэрэг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гарсан. Энэ хэргийн улмаас шүүгдэгч М нь 3 сар эмнэлэгт хэвтсэн. Түүнийг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан боловч  яллагдагчтай холбоотой ажиллагаа бага явагдсан. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар татсан тогтоол үйлдэгдсэн. Яллагдагчаар тогтоогдсон үеэс П.М-г хохирогчоор тогтоолгох хүсэлтийг мөрдөн байцаагчид удаа дараа өгөхөд прокурортой ярьж байж шийднэ гээд хохироогчоор тогтоох ажиллагаа хийгдэхгүй байсан.  2021 оны  01 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн прокурорт П.М-н хохирогчоор тогтоолгох хүсэлт гаргасан. 2021 оны 02 дүгээр сарын 01-ний өдөр Г.Лхагвасүрэн прокурор хүсэлтийн хариу өгөхдөө мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа дууссаны хохирогчоор тогтоох ажиллагаа хийгдэнэ гэж хэлсэн. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дахин аймгийн прокурорт гомдол гаргасан боловч улсын яллагч яллах дүгнэлт үйлдсэн тул хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. 2021 оны 03 дугаар сарын 01-ний яллах дүгнэлт гардуулсан байдаг. Тэгэхээр намайг гомдол гаргасны дараа яллах дүгнэлт гарсан. 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр П.М-г хохирогчоор тогтоолгох гэж шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт өгсөн. Тухайн өдөр шүүгдэгч П.М амиа хорлосон байдаг. Шүүх хуралдаанаас 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот шүүхийн  тогтоол гарсан. Шүүхийн тогтоол дээр П.М-г хохирогчоор тогтоох үндэслэлийг тодорхой тайлбарлаж өгсөн. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна.  Прокурор эсэргүүцэл дээрээ өс хонзонгийн сэдэлтээр хүн алсан, П.М нь өөрөө өөртөө гэмтэл учруулсан байх магадлалтай гэж нотлох баримтгүй ярьж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтад дээр үндэслэж тухайн үйлдлийг дүгнэж шийдвэр гаргах ёстой. Шүүгдэгч П.М нас барахад прокурорын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж байгаа. Хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчилсэн. Тухайн хэргийг хөнгөрүүлэх боломжтой байсан. Яллагдагчаар татсан тогтоолтой танилцаад шүүгдэгч П.М нь шоконд орсон. Би хүнд хутгалуулаад амь нас хохирохын даваан дээр босож ирээд байхад намайг хохирогчоор яагаад тогтоохгүй байгаа юм бэ? Би хүн шүү дээ гэж байсан. Эмнэлгээс дөнгөж гарч байхад амиа хорлох магадлалтай гэж таслан сэргийлэх арга хэмжээ авна гэж байсан. Прокурор хуульд заасан үүргээ биелүүлж, ядаж эрхийг нь эдлүүлсэн бол шүүгдэгч өнөөдөр амьд байх байсан. Прокурор хүнлэг бус, сэтгэлгүй хандсан учраас хүний амь хохирсон. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр яллагдагч П.М-д  холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

 

Яллагдагч П.М нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн үед Сүхбаатар аймгийн БУ сумын 4 дүгээр багийн .............. тоотод М.Б-г хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хутгаар хатгах, зүсэх зэргээр биед нь олон тооны шарх үүсгэж, онц хэрцгийгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдож, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэрэгт авагдсан яллагдагчийн нас барсны гэрчилгээ, Сүхбаатар аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1/152 дугаар албан бичиг, улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбаруудаас үзэхэд яллагдагч П.М нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэртээ, өөрийгөө боомилж нас барсан байхад анхан шатны шүүх түүнийг хохирогчоор тогтоох нэмэлт ажиллагаа явуулахаар тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. /2-р хх 177-178, 183-188, 198-201/

Тодруулбал: Яллагдагч П.М нь нас барсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан түүнийг хохирогчоор тогтоох зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй тохиолдол үүссэн, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэж дүгнэлт хийх боломжгүй байна.

Мөн давж заалдах шатны шүүх дээрх хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд прокурорын эсэргүүцлийн “шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэсгийг хангаж, яллагдагч П.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон бариултай, бариулыг нь тойруулаад тунгалаг наалдамхай туузаар ороосон, 2.9 см өргөнтэй, 13.5 см ажлын хэсэгтэй, 10.5 см бариултай хутга 2 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын цамц 1 ш, улбар шар өнгийн цамц 1 ш, ногоон өнгийн футволк 1 ш, ягаан эрээн цамц 1 ш, “Mongolian Vodka” нэртэй 0.5 л архины шил 1 ш, “Mongolian Vodka” нэртэй 0.5 л цэнхэр шошготой архины шил 1 ш, “Самсунг маркийн S6” гар утас 1 ш, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан 5 минут 30 сек, гэрч Б.Б-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан 6 минут 23 сек, яллагдагч П.М-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан 10 минут 30 сек, мөрдөн шалгах туршилт хийсэн 5 минутын дүрс бичлэг зэрэг эд мөрийн баримтыг магадлал хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Прокурорын эсэргүүцлийн “Шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэсгийг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.М-д холбогдох эрүүгийн 2030002930335 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт хавсаргагдаж ирүүлсэн хүрэн өнгийн модон бариултай, бариулыг нь тойруулаад тунгалаг наалдамхай туузаар ороосон, 2.9 см өргөнтэй, 13.5 см ажлын хэсэгтэй, 10.5 см бариултай хутга 2 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын цамц 1 ш, улбар шар өнгийн цамц 1 ш, ногоон өнгийн футволк 1 ш, ягаан эрээн цамц 1 ш, “Mongolian Vodka” нэртэй 0.5 л архины шил 1 ш, “Mongolian Vodka” нэртэй 0.5 л цэнхэр шошготой архины шил 1 ш, “Самсунг маркийн S6” гар утас 1 ш, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан 5 минут 30 сек, гэрч Б.Б-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан 6 минут 23 сек, яллагдагч П.М-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан 10 минут 30 сек, мөрдөн шалгах туршилт хийсэн 5 минутын дүрс бичлэг зэрэг эд мөрийн баримтыг магадлал хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.

 

          3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                     Д.БАЙГАЛМАА

 

                                                                        О.БААТАРСҮХ